Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А, 

орчуулагч, хэлмэрч Б.А,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгч М.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.А-д холбогдох 2013003940018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, О овогт М-гийн А-, 1991 оны 07 сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр баг, Хд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЛ....................          

Шүүгдэгч М.А-гийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А- нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн ****БӨҮ улсын дугаартай НАRRIER маркийн машинтай Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үед явган хүний гарцаар зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч Б.Г-ын баруун хөлөн дээгүүр тээврийн хэрэгслээр дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж бА-, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Эрүүгийн 2013003940018 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/,

2. 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/

3. Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан: “...Жолооч М- овогтой А- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэснийг, мөн дүрмийн 16.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байх ба энэ нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон. Б- овогтой Г- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчийн үүргийг биелүүлсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.” гэх магадалгаа /хх-ийн 19-20/,

4. Насанд хүрээгүй хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 цагийн үед хичээлээ тараад “Ю” үйлчилгээний төв орохоор Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, цагдаагийн газрын доод талд Улсын бүртгэлийн хэлтсээс гарах гарцын хажууд явж байх үед миний хажуугаар өнгөрсөн хар өнгийн машины жолооч миний хөл рүү мөргөх үед миний бие газарт унахад миний баруун талын хөлийн дээгүүр машины дугуй нь гарсан юм. Энэ үед уг машины жолооч зогсоод үл таних эмэгтэй бууж ирээд “юу болсон бэ, машинд суу” гэж хэлээд машиндаа суулгаад явсан. Энэ үед би хөл өвдөж байна гэж хэлээд уйлсан юм. Тэрээр уг эмэгтэй намайг авч яваад аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж, яаралтай тусламжийн хэсэгт оруулаад эмч нарт миний хөлийг үзүүлэхэд, уг эмч нар миний хөлийг боож өгсөн. Миний хөл маш их өвдөж байсан болохоор би уйлаад байсан. Тэрээр миний хөлийг боож дууссаны дараа намайг дагуулж гараад машиндаа суулгаад гэр чинь хаана байгаа вэ гэж асуухад миний бие гүүрийн цаана байгаа гэж хэлсэн. Тэрээр машинтайгаа явж байгаад замаараа эмийн сан дээр зогсоод надад 4 ширхэг эм өгөөд 2 ширхэг эмийг нь уучих өвчин намдаах эм гэж хэлсэн юм. Тэгээд Ө сумын 10 дугаар багт байрлах авга ах Б-ийн гэрт буулгаад авга ахын гэрт оруулж өгөөд явсан юм. Тухайн үед авга ахын гэрийн хүмүүс надаас юу болсон талаар асуухад болсон асуудлын талаар бүгдийг нь хэлсэн юм. Хар өнгийн машин байсан, машины марк, улсын дугаарыг нь мэдэхгүй. Танихгүй эмэгтэй хүн байсан, надад нэрээ хэлээгүй. Миний баруун талын хөлийн ул хэсгээр гэмтсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31, 34/,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний охины эрүүл мэндэд учирсан хохиролд 2.500.000 орчим төгрөг гарсан ба надад байгаа 2.110.060 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Миний охин Б.Г- нь Улаанбаатар хот руу яваад ирсний дараагаар 1.000.000 төгрөг өгсөн, дараагаар нь 500.000 төгрөг өгсөн юм. М.А- нь 600.000 төгрөгийг төлж барагдуулж өгөхөөр баримт гаргаж өгсөн ба түүнээс 200.000 төгрөгийг өгчихсөн. Одоо 400.000 төгрөг дутуу байгаа юм. Гэхдээ хохирлыг бүрэн барагдуулж өгөх талаар баримт гаргаж өгсөн юм. Надад өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-40/,

6. Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би Б- овогтой Г-ыг танина. Миний нөхөр болох Б-ийн хамаатан болох Р.Б-ийн охин юм. Б.Г- нь Ө сумын 6 дугаар ахлах сургуульд сурдаг, 2019 оноос хойш суралцаж байгаа юм. Б.Г- нь 2019 онд аймгийн төвд сургуульд орсон цагаас эхэлж манай гэрт байж байгаа юм. Б.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн Ө сумын 10 дугаар багт байрлах манай гэрээс гарч явсан юм. Тэрээр орой 18-19 цагийн үед миний бие Ө сумын 10 дугаар багт байрлах гэртээ ганцаараа байсан юм. Энэ үед Б.Г- нь үл таних эмэгтэйн хамт гэрт орж ирсэн ба уг үл таних эмэгтэй нь Б.Г-ыг хажуу талаас нь дэмнэж барьсан Б.Г- нь нэг хөлөө дээш нь өргөж нэг хөл дээрээ үсэрч яваад манай гэрийн унтлагын өрөөнд ороод орон дээр хэвтсэн юм. Энэ үед нь би тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад уг эмэгтэй нь “аймгийн Улсын бүртгэлтийн ур талын зам дээр төв зам руу нийлэх гэж байгаад энэ охины хөлийг нь дайраад гэмтээчихлээ, тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод хөлд нь боолт хийгээд ирлээ, хөл нь өвдөх юм бол надад хэлээрэй, энэ охины ав ээжид нь бас хэлээрэй” гэж хэлээд надад гар утасны дугаараа үлдээгээд явсан юм. Тэрээр би Б.Г-аас юу болсон талаар асуухад хичээлдээ явж байгаад машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн өөр ямар нэг зүйл хэлээгүй ба миний бие Улаанхус сумын Хөх хөтөл гэх газарт байдаг Б.Г-ын аав Р.Б- рүү гар утсаар холбогдож мэдэгдсэн юм. Б.Г- нь тухайн өдөр гэрээс гарах үед хөл нь зүгээр байсан ямар нэгэн гэмтэл байгаагүй юм. Хар өнгийн машинтай ирсэн машины марк, улсын дугаарыг мэдэхгүй юм. Тухайн эмэгтэйг танихгүй урд өмнө нь харж байгаагүй юм. Б.Г-ын баруун талын хөлийн шагайнаас доош хэсгийг марлаар ороосон байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

7. Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт гэмтлийн эмчээр ажилладаг юм. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би жижүүр эмч байсан юм. Тухайн өдөр үдээс хойш байсан цагийг нь сайн санахгүй байна, тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт Б.Г- гэх охин ирсэн ба уг охины баруун хөлийн тавхайн ясны хугаралттай байсан. Рентген зураг авхуулаад тавхайн “У” хэлбэрийн гипс тавьж боож өгөөд явуулсан юм. Жолооч нь гэх эмэгтэй авч ирсэн ба уг эмэгтэйг зүс танина, нэрийг нь мэдэхгүй. Тухайн охиныг авч ирсэн гэх жолооч нь надад хэлэхдээ би машинтайгаа явж байгаад хөлийг нь дайрчихсан гэж хэлсэн юм. Би тухайн жолооч эмэгтэйд цагдаагийн байгууллагад ханд гэж хэлээд явуулсан юм. Уг жолооч эмэгтэй ямар нэгэн бичиг баримтаа үзүүлж бүртгүүлээгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-78/,

8. Иргэн Б.Г-ын эрүүл мэндэд учирсан хохиролд гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийсэн тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №498 дугаартай ” ...Иргэн Б.Г-ын биед баруун талын хөлийн 2,3 дугаар шивнүүрийн ясны толгой хэсэгт зөрүүтэй хугаралттай, CALCANEUM /Өсгийний яс-CUBOID куб хэлбэрийн яс/ үений зай холдсон, CALCANEUM яс үзүүр хэсгээр сэтэрч хугарсан зэрэг гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б.Г-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/,

9. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн Автотээврийн хяналтын мэргэжилтэн Е.Жы 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58/,

10. Шүүгдэгч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн үед миний бие ****бөү улсын дугаартай ТОҮОТА НАRRIER маркийн машинтайгаа гадуур явж байсан ба Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны урдуур яваад Улсын бүртгэлийн хажуу талын гарц хэсгээр төв зам руу орох гэж явж байгаад төв замтай нийлсэн уулзвар хэсэгт ирэхэд миний баруун гар талд явган хүний замаар нэг охин алхаад ирж явсан, энэ үеэр миний урд талд улаан өнгийн нэг машин төв зам руу нийлж байсан, тухайн машин төв зам руу ороод явсны дараа миний бие машинтайгаа хөдлөх гэхэд миний баруун гар талд машины урд хэсэгт үл таних охин зам гарах гээд зогсож байсанд би түүнийг явган хүний гарцаар гарахаар нь машинаа хөдөлгөе гэж дотроо бодоод зогсож байхад уг охин явахгүй байхаар нь миний бие машинаа хөдөлгөөд явахад миний машины урд хэсэг рүү уг охин алхаад орох шиг болоход машиныхаа тоормосыг дараад зогсох үед уг охин газарт суучихсан байсан. Тэрээр би машинаа унтраагаад машинаасаа буугаад уг охины хажууд очиход “хөл минь, хөл минь” гэж дуу алдаж байсанд уг охиныг босгоод машиндаа суулгаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт очиж эмч нарт үзүүлээд рентген зураг авхуулж, хөлийг нь боож өгсөн юм. Явган хүний гарцан дээр мөргөсөн байсан юм. Миний машинд эвдэрч, гэмтсэн зүйл байхгүй. Тухайн үед би ганцаараа явж байсан ба болсон асуудлын талаар үзэж харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй байсан. Түүний баруун талын хөлийн доод хэсэг нь хөхөрч хавдсан байсан юм. Тухайн үед төв зам руу нийлэхээр зогсож байсан ба уг охин миний машины хажууд ирээд зам гарахаар зогсож байсанд миний бие түүнийг зам гаргачхаад хөдөлье гэж бодож байсан ч уг охин хөдлөхгүй байхаар нь машинаараа хөдөлсөн юм. Үзэгдэх орчин сайн байсан өдрийн цагаар байсан. Хэвийн ажиллаж байгаа. Тухайн үед би хохирогчийг нэн даруй эмнэлэгт үзүүлэхээр авч яваад, эмч нарт үзүүлж боолт хийлгээд тухайн охиныг дагуулаад цагдаагийн газарт очих гэсэн боловч миний хөл зүгээр бА- та намайг гэрт хүргээд өгчих гэж хэлсэн юм. Тэрээр би уг охиныг гэрт нь хүргэж өгсөн юм. Хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хохирол учирч эмчилгээний зардалд гарсан 2200000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан юм. Өөр ямар нэгэн нэхэмжилсэн зүйл байхгүй юм. Би Б.Г-аас уучлалт гуйсан юм. Би огт архи хэрэглэдэггүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бА-.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/118 дугаартай “М.А- БЛ..................../ өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд Баян-Өлгий аймгийн Ө сумын 1-р баг, Хуст-Арал, Баянзүрх дүүргийн 15-р гудамж,1217 тоот хаягт байрлах 90 м.кв талбайтай V-*********улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй бА-.” гэх албан бичиг /хх-ийн 56/,

- Шүүгдэгч М.А болон иргэн А.Б нарын гэрлэлийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77/,

- 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:БЛ...................., овог:О, эцэг /эх/-ийн нэр:М-, нэр:А-, яс үндэс:Казах, хүйс:Эмэгтэй, төрсөн огноо: 1991/07/31, төрсөн газар:Баян-Өлгий, Ө, хаяг:Баян-Өлгий, Ө, 1-р баг, Х, 18 гудамж, 23 тоот, улсын бүртгэлийн дугаар:833790690966, хүчинтэй хугацаа:2036/07/31 хэд дэх:3” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78/,

- Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн “Улсын дугаар-****БӨҮ, марк-TOYOTA, модель-Harrier, аралын дугаар-MCU150015336, үйлдвэрлэсэн он-1998, өнгө-Хар, Овог-М-, Нэр-А-, регистр-БЛ...................., Хаяг- Баян-Өлгий, Ө, 1-р баг, Х, 18-23, утас-*********”, гэх тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 81/,

- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

  1. Шүүгдэгч М.А-гийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байсан- гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авалгүй, хүнийг дайрч осол гаргахдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуульд заасанчлан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн байсан- гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад Замын хөдөлгөөний тухай хууль дүрмийг үл биелүүлсэн шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг шалгах,  уг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 28-35/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 117-128/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51/, эмнэлгийн магадалгаа /хх-ийн 111/,  эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 112/, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 710 дугаар тодорхойлолт /хх-ийн 113/, “Med trauma hospital” эмнэлэгт хийлгэсэн томографийн шинжилгээ /хх-ийн 114/ зэргийг үндэслэн Б.Г-ын биед баруун талын хөлийн 2,3 дугаар шивнүүрийн ясны толгой хэсэгт зөрүүтэй хугаралттай, CALCANEUM /Өсгийний яс-CUBOID куб хэлбэрийн яс/ үений зай холдсон, CALCANEUM яс үзүүр хэсгээр сэтэрч хугарсан зэрэг гэмтлүүд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т зааснаар “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” зэргээр хүндэвтэр зэргийн гэмтлийн шалгуур шинжүүдэд хамаарч байх тул түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэс хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, хохирогчид хохирол гэж 1700.0000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл 400.000 төгрөгийг төлж барагдуулахаар бичиж өгсөн баримт /хх-ийн 85/, хохирлын мөнгө барагдуулах тухай баримт /хх-ийн 86-87/, мөн “Ямар нэгэн гомдол саналгүй, хохирол 1700.000 төгрөг төлж өгсөн, одоо үлдэгдэл 400.000 төгрөгийг төлүүлж өнгө үү” гэх хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч М.А-гаас 400.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Г-т олгох нь зүйтэй.

Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.А-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй бА-.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн учруулсан аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг болон шүүх хуралдаанд талуудын гаргасан саналууд зэргийг тус тус харгалзан харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно...” гэснийг баримтлан шүүгдэгч М.А-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг рентген зургийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт М-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-г 500 “таван зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-гаас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.Г-т олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч М.А нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг рентген зургийг хэргийн хамт хадгалсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК