Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Т.З- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.З-т холбогдох 2013003990011 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл-3, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэгдэж байгаагүй, Ж овогт Т-н З-. Регистрийн дугаар БВ................,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.З- нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12-13 цагийн үед тэднийд тоглохоор ирсэн хадам дүүгийнх нь 9 настай хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч Д.Н-ыг сахилгагүйтлээ гэх шалтгаанаар мах хөшиглөж байсан хутгаараа ар нурууны бүсэлхий орчим нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.З- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”  гэв.

Эрүүгийн 2013003990011 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...би гэр лүүгээ харих гээд явж байгаад эмээгийн гурилын модыг унагааж хөшиглөж байсан мах нь шаланд асгарчихсан тэр үед би зугтсан, эмээ босож ирээд хоёр алхаад миний бүсэлхий орчим гарт барьж байсан хутгаараа чичиж хатгачихсан, би гал тогооны босгыг алхаж коридорт очсон байсан. Эмээ гал тогооны хаалганы босгонд зогсож байсан. Миний бүсэлхий орчмоос цус гарчихсан болохоор би байшингаас гүйж гараад хотон тойроод цус гарсан газрыг гараараа бариад зогсож байтал Жексенби ах хүрч ирээд миний цус гарсан газрыг үзээд өөрийнхөө гэрт буцаагаад дагуулж орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-рх/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-11-рх/,

3. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-рх/,

4. Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ы тухайн үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18-рх/,

5. Модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 19-рх/,

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...эхнэр И.Е- хүү Д.Н-ыг дагуулаад ирж байх замдаа бид тааралдсан. Дараа нь шууд эмнэлэгт аваачиж 2 газарт оёдол тавиулж эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэгт 4 хоноод гарсан, биеийн байдал сайжирсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй, хутгаар манай хүүд гэмтэл учруулснаас болж учирсан хохирлыг бүгдийг нь Т.З- өөрөө төлж өгсөн. Бид нараас удаа дараа ирж уучлал гуйсан. Надад одоо бэр эгчдээ ямар нэгэн гомдол санал байхгүй, уурандаа хутгаар чичээд зүсчихсэн байх. Надад болон эхнэрт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рх/,

7. Гэрч Ж.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 12 цаг өнгөрч байсан байх манай авга ах болох Ж.Д-гийн 9 настай хүү Д.Н- нь манай гэрт тоглохоор ирсэн. Хэсэг хугацааны дараа Д.Н- манай гэрээс уйлж гарч ирсэн ба хотон тойроод явж байсан. Тэгээд би Д.Н-ы араас гүйж очоод юу болсон талаар асуухад “миний нуруу хэсгээр өвдөөд байна” гэсэн. Тэгээд би яасан бол гэж гадна өмсөж явсан алаг ягаан өнгийн хантаазыг сөхөж үзэхэд түүний бүсэлхий орчим цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33-рх/,

8. Гэрч И.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Д.Н- намайг гуйж ээж би жоохон тоглоод ирье гээд намайг үнсэж аргалаад гэрээс гарч явсан. 10-20 минут болсон уу хадам ахын дүү Ж.Ж- ирээд та очоод үзээдхээч танай хүүхдийн нуруу нь зүсэгдсэн байна гэсэн. Тэр үед манай нөхөр Ж.Д- хадам ах Х-н гэрт байсан. Хадам ах М-н гэрт очиход эхнэр нь Т.З- манай хүүхдийн ар нурууны бүсэлхий хэсгийг цэнхэр спиртээр арчсан хөвөнгөөр ороосон байсан ба Т.З-ээс өөр хүн байгаагүй. Би яасан гэж тодруулахад танай хүүхдийг хутгаар зүсээд авчихлаа гэхээр нь айгаад хүүхдээ аваад явсан. Дараа нь шууд эмнэлэг рүү аваачсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р х/,

9. Гэрч А.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Бага насны хүүхэд Д.Н- 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр амбулаториор ирж үзүүлэхэд бүсэлхий орчим нурууны баганын зүүн талд хөндлөн 1.5 см орчим урт хатгагдсан шархтай байв, шархыг хэсгийн мэдээ алдуулалтаар шалгахад араас урагшаа чиглэгдсэн 2.5 см орчим гүн хатгагдсан шархтай , шарханд 2 оёдол тавьж, цэвэр боолт хийсэн, дараа нь ЭХО аппаратаар шарх орчмыг болон хэвлийн хөндийг үзэхэд хэвлийн хөндийд нэвтрээгүй, хэвлийн хөндий сул шингэнгүй байв.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-рх/,

10. Шүүх шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай: “...Иргэн Д.Н-ы биед ар нурууны бүсэлхий орчим хөндлөн байрлалтай хатгагдаж зүсэгдсэн шархтай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Д.Н-ы биед үүссэн дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Иргэн Д.Н-ы дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

11. Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ы эмнэлэгт хэвтсэн 1765 дугаартай өвчний түүх /хх-ийн 55-65-рх/

 

12. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон РД:БВ................, овог:Ж-, эцэг /эх/-ийн нэр:Т-, нэр:З-, яс үндэс:Казах, хүйс:Эмэгтэй, төрсөн огноо: 1967/07/01, төрсөн газар:Баян-Өлгий, Баяннуур, хаяг: Баян-Өлгий, Бугат, 4-р баг, Бугын гол, бүртгэлийн дугаар:831347121574, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/,

- “БВ................ регистрийн дугаартай, Ж- овогтой Т-н З- нь Баян-Өлгий, Бугат, 4-р баг, Бугын гол багт оршин суудаг” гэх оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73/,

- “Иргэн Т.З- БВ................-н өмчлөлд эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 74/,

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Тус сумын 4 дүгээр багийн оршин суугч Т- овогтой З- нь хоёр хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Урд нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, нэр цэвэр хүн. Олон нийттэй харьцахад эелдэг, зөөлөн хүний нэг юм” гэх тодорхойлолт /хх-ийн 75/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.З- нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12-13 цагийн үед тэднийд тоглохоор ирсэн хадам дүүгийнх нь 9 настай хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч Д.Н-ыг сахилгагүйтлээ гэх шалтгаанаар мах хөшиглөж байсан хутгаараа ар нурууны бүсэлхий орчим нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “... Эмээ босож ирээд хоёр алхаад миний бүсэлхий орчим гарт барьж байсан хутгаараа чичиж хатгачихсан. ...Миний бүсэлхий орчмоос цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-рх/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07- 11-рх/,

- Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-рх/,

- Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ы тухайн үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-18-рх/,

- Модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 19-рх/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...хутгаар манай хүүд гэмтэл учруулснаас болж учирсан хохирлыг бүгдийг нь Т.З- өөрөө төлж өгсөн. Надад болон эхнэрт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рх/,

- Гэрч Ж.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Тэгээд би яасан бол гэж гадна өмсөж явсан алаг ягаан өнгийн хантаазыг сөхөж үзэхэд түүний бүсэлхий орчим цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33-рх/,

- Гэрч И.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би яасан гэж тодруулахад танай хүүхдийг хутгаар зүсээд авчихлаа гэхээр нь айгаад хүүхдээ аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-рх/,

- Гэрч А.Мажетханы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Бага насны хүүхэд Нуртуган 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр амбулаториор ирж үзүүлэхэд бүсэлхий орчим нурууны баганын зүүн талд хөндлөн 1.5 см орчим урт хатгагдсан шархтай байв, шархыг хэсгийн мэдээ алдуулалтаар шалгахад араас урагшаа чиглэгдсэн 2.5 см орчим гүн хатгагдсан шархтай , шарханд 2 оёдол тавьж, цэвэр боолт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-рх/,

- Шүүх шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай: “... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ы эмнэлэгт хэвтсэн 1765 дугаартай өвчний түүх /хх-ийн 55-65-рх/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, өөрийн уураа барьж чадалгүй дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.З-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.    

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Н-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-н “...Т.З- нь хохирлыг бүрэн барагдуулсан, ямар нэгэн гомдол саналгүй.” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Т.З-ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.З-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.З- нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Т.З-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.З-ийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгж нь 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.З- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 23.5 см, иш нь 10 см хэмжээтэй, гурван хадаастай, модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.З-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Т-н З-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.З-ийг 600 “зургаан зуу” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.З- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан урт нь 23.5 см, иш нь 10 см хэмжээтэй, гурван хадаастай, модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Т.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК