Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Л.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Л-ийн Ж-д холбогдох эрүүгийн 2105000000145 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 06 дугаар сарын 22-ны өдөр ********* төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр охины хамт ******** ************ оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ********* овогт ********ийн Ж /РД: ****************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” зочид буудлын 503 тоот өрөөнд маргааны улмаас С.Ж-ы нүүрэн тус газарт гараар цохиж болон түлхэж унаган биед баруун зулайд шарх, баруун дээд зовхи, хамар баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Ж:

“...яг юунаас болж маргасан юм мэдэхгүй нэг мэдэхэд Л.Ж-тай маргаж байсан. Тэгтэл Л.Ж миний нүүрний баруун хэсэг рүү гараараа цохисон миний нүдэнд оч манараад явсан. Тэгээд яаж байгаа юм гээд найз байж нэгнээ яаж байгаа юм гээд босоход Л.Ж намайг түлхсэн тэгээд би газар унасан юм. Газар шалан дээр унахдаа толгой хэсгээрээ юм мөргөж унасан. ...Надад нэгэн гомдол нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

2. Гэрч С.М:

“...Тэгээд Л.Ж ах голоор орж ирээд болиулаад С.Ж-ы нүүр лүү нь 1 удаа цохисон тэгээд С.Ж-ы нүд нь хавдсан...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,

З. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1110 дугаартай шинжээчийн:

“...С.Ж-ы биед баруун зулайд шарх, баруун дээд зовхи, хамар баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 28-29/,

4. Шүүгдэгч Л.Ж-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...С.Ж гаднаас орж ирээд агсамнаад чи юу юм гээд над руу дайрахаар нь нүүрний баруун хэсэг рүү нэг удаа цохисон. С.Ж чи намайг цохиж байгаа юм уу гээд ахиад орилоод байхаар нь түлхээд газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх 54-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Ж-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Л.Ж нь хохирогч С.Ж-ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Ж-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” зочид буудлын 503 тоот өрөөнд маргааны улмаас С.Ж-ы нүүрэн тус газарт гараар цохиж болон түлхэж унаган биед баруун зулайд шарх, баруун дээд зовхи, хамар баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч С.Ж-ы мэдүүлэг,

- Гэрч С.М-ын мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1110 дугаартай шинжээчийн дүгнэлт,

- Шүүгдэгч Л.Ж-ы мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Л.Ж нь хохирогч С.Ж-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ж-ы биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Л.Ж-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Л.Ж-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Л.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Л.Ж нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос түүнд 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

Шүүгдэгч Л.Ж нь гэм буруугаа болон прокурорын ялын саналыг тус тус  зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Л.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105000000145 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Л.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-ыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Л.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ДАЛАЙХҮҮ