Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­18       

 

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Г.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Г.Ш холбогдох 2129000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Ханги мандал чиглэлийн сайжруулсан шороон зам дээр Toyota Land Cruiser-70 маркийн 75-16 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.1-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.2 дугаар зүйлд “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Болдбаатарын биед өвчүү яс, баруун дал яс, сээрний 7-12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 7, 11-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун талын 3, 5-р хавирганы зөрөө бүхий хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш мэдүүлэхдээ: “Би 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Болдбаатартай цуг Өмнөговь аймаг руу 60 дахь километрт ажилладаг ажил дээрээ сэлбэг хүргэж өгөхөөр гарсан. Хоёулаа өдөржин явж байгаад 7 цаг өнгөрч байхад манай компани бас нэг ажлын хэсэг төмөр замын 0 дахь километр ажиллаж байсан. Тэндээс багаж авна гээд зогсоод, цаашаа хөдлөх гэсэн Болдбаатар найз нь нойр хүрээд байна, одоо гайгүй хөдөө зам байгаа чи бариад явчих юм уу гэхээр нь ядраад байгаа бол тэгье гээд бариад явж байгаад 40 км яваад харанхуй болсон.  Цааш явж байгаад замын гүвээ давсан чинь огцом эргэлт гараад ирсэн. Огцом эргэлт дээр дарсан чинь бөгсөө шидэхээр нь шарвасан тал руугаа дараад тэгшлэх үед буцааж хариулж амжилгүй эргэлт дээр очоод зогссон. Тэгээд юу болсон нь мэдэгдэхгүй, машин дээшээ харсан байсан. Э.Болдбаатарыг гайгүй юу гэсэн хөдлөх гэхээр цээжээр хөндүүр оргиод гарч болохгүй байна гэхээр нь би бүсээ тайлаад гарах гэтэл миний талаар хаданд тулсан байсан. Тэгээд хойно замаар явж байсан машин зогсоод хүрч ирээд найзыгаа татуулаад гаргасан. Тэр өдөр хүйтэн өдөр байсан. Хотоос гарахдаа нимгэн хувцастай байсан. Машины шалавчаа доор нь дэвсүүлсэн. Болдбаатар даараад байна цүнхнээс куртик аваад ир дотор нь ганц юм байгаа гэсэн. Куртикийг нөмрүүлээд цээжээр өвдөөд болохгүй байна гэхээр нь архийг нь задалж өгөөд  2, 3 тасалж балгуулсан. Мөн би бүсээ тайлахдаа газар унасан. Толгой хүзүү өвдөөд, хүйтэн байсан болохоор архинаас балгасан. Машинтай хүмүүсээр манай найзын бие өвдөөд байна эмнэлэг дуудаад өгөөч гэсэн. Тэгээд 2 цагийн дараа эмнэлэг ирээд найзыг маань аваад явсан. Цагдаа ирээд хэмжилт хийсэн гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-31-р хуудаст/,

Хохирогч Б.Болдбаатарын: “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ш хамт Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг нүүрс тээврийн 60 дахь километрт байдаг туслан гүйцэтгэгч компанид сэлбэг, хэрэгсэл аваачиж өгөхөөр Toyota Land Cruiser-70 маркийн 75-16 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан... гэтэл нойр хүрээд байсан болохоор хамт явж байсан Ш жолоогоо шилжүүлээд өгөөд Хангимандалын зам руу ороод явж байхад нь би зүүрмэглээд гэнэт замын хажуу руу унасан... би Ш эрхээ хасуулсан гэдгийг мэдэж байсан. 09 сард эрхээ сэргээлгэнэ гэж ярьж байсан болохоор жолооны эрхээ сэргээлгэсэн байх гэж бодсон... намайг Ш жолоо шилжүүлж өгөх үед архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан... миний нурууны 3 үе хугарсан, 2 хавирга, баруун талын дал хугарсан байсан... эмчилгээний зардалд 2,000,000 гаруй төгрөг гарсан. Ш энэ хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг

Хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвжалын: “...Toyota Land Cruiser-70 маркийн 75-16 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл... надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг

Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “... Toyota Land Cruiser-70 маркийн 75-16 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Ш нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.1-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.2 дугаар зүйлд “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх магадалгаа

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13009 дугаартай 1. Болдбаатарын биед өвчүү яс, баруун дал яс, сээрний 7-12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 7, 11-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун талын 3, 5-р хавирганы зөрөө бүхий хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 43-45-р хуудаст/,

Шүүгдэгч Г.Ш хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 59, 67-70, 76-77, 81, 92-98, 103-р хуудаст/,

Г.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 75-р хуудас/,

Г.Ш-ын арван хурууны дардас /хх-н 102-р хуудас/,

Г.Ш-ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 71-74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг Ханги мандал чиглэлийн сайжруулсан шороон зам дээр Toyota Land Cruiser-70 маркийн 75-16 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.2 дугаар зүйлд “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Болдбаатарын биед өвчүү яс, баруун дал яс, сээрний 7-12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 7, 11-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун талын 3, 5-р хавирганы зөрөө бүхий хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна. Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Б.Болдбаатарын биед хүндэвтэр гэмтэл учирсан байна.

Шүүгдэгч Г.Ш үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.

Шүүгдэгч Г.Ш нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж зааснаар гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч Г.Ш нь  Toyota Land Cruiser-70 маркийн 75-16 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.1, 12.2 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Б.Болдбаатарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Ш нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Болдбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирогч Б.Болдбаатарын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13009 дугаартай 1. “Болдбаатарын биед өвчүү яс, баруун дал яс, сээрний 7-12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 7, 11-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун талын 3, 5-р хавирганы зөрөө бүхий хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй” /хх-н 43-45-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Б.Болдбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал болон бусад зардлуудыг Ш төлсөн” /хх-ийн 24-26 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон улсын яллагчаас иргэний нэхэмжлэгчийн хохирол төлбөрийн асуудлын талаар тодруулж асуусан болно. Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... миний зүгээс ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Авто машины эвдрэл гэмтэлд нэхэмжлэх зүйл байхгүй манай өөрөө хариуцаж байгаа.” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Г.Ш бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч Г.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Г.Ш үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ш нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 75 дугаар хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Г.Ш тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч Г.Ш тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулав.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Болдбаатар болон иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжал нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ш иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.    

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Ш Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Г.Ш тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар шүүгдэгч Г.Ш тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Болдбаатар болон иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжал нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ш иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Ш урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ