Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/146

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Д-ийн Э-д холбогдох эрүүгийн 2105000000049 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дэвшилтийн байрны 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт Д-ийн Э /РД:ЧЕ60062472/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сутай” ХХК-ийн хашаанаас иргэн Ч.Д-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай саарал өнгийн “Соната 7” маркийн автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “...Тэр өдөр очиход Д, Т хоёр крантайгаа ажилд гарсан байсан. Тэгээд орой дахиж ирэхэд ирээгүй байхаар нь ирэхийг нь хүлээж байгаад гадаа машиных нь хаалгыг татахад онгорхой байсан тул дотор нь орж суусан. Тэгтэл машиных нь түлхүүр зоолттой байсан тэгэхээр нь асаагаад сууж байсан. Улмаар тухайн үед миний гар утас цэнэггүй байсан болохоор Тахилт руу найзындаа очъё гэж бодоод очихоор машиныг нь унаад явтал зам дээр зогсож байсан цагдаа замаар баруун эргүүлээгүй зүүн тийш эргүүлсэн цаашаагаа 500 орчим метр яваад машины түлш тасалдаад байхаар нь шатахуун түгээх газар руу оруулж тавьчхаад цаашаагаа найзындаа очиж хоноод маргааш өглөө нь автобусанд суугаад хүнс тээвэр дээр буугаад алхаж байсан чинь цагдаа нарт баригдаад машин байгаа газрыг нь зааж өгсөн. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Ч-Д-гийн:

“...Би нөхөр Б хоёр хүүхдийн хамт 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн цагаан саарал өнгийн “Соната 7” маркийн машинаа унаад 14 цаг өнгөрч байх үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сутай” ХХК-ийн хашаанд байх нөхөр Б-ийн жолооддог том оврын кран машиныг асаах гээд ирсэн. Д ах манай нөхөр Б-ийн хамт ажил хийх гээд том машинаа асаагаад 17 цагийн үед явсан. Би манаач эгч Э, охин Б-ийн хамт гэрт нь үлдсэн. Тэгээд Э эгч бид хоёрыг юм яриад сууж байхад 17 цаг 30 минутын үед гаднаас Т гэх согтуу хүн орж ирээд архи нэхээд байхаар нь архи байхгүй гэж хэлэхэд өөрөө гараад явсан. ...Гэрийн зүүн талд би өөрийн эзэмшлийн саарал өнгөтэй Соната 7 маркийн автомашиныг түлхүүртэй нь онгорхой үлдээсэн байсан ба 18 цаг 30 минутын үед Э эгчийн гэрт сууж байх үед гадаа байсан машин асаах чимээ гарахаар нь би гутлаа өмсөх хооронд хойшоо ухраад хашааны хаалгаар гараад явчихаар нь гүйгээд очиход хашаанаас гараад хойшоо ухарсан ба хурдаа сааруулаад зогсохоор нь хажуу талд нь очиход хаазлаад хойд зүг рүү яваад өгсөн. Араас нь би хашааны булан хүртэл гүйгээд гүйцээгүй. ...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би авто машинаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

Гэрч О.Э-ийн:

“...2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед манай нөхрийн хуурай дүү Б, эхнэрийн хамт саарал өнгийн Соната 7 маркийн автомашинтай ирсэн юм. Б манай хашаанд том оврын крантай автомашинаа тавьсан байсан ба машинаа асаах гээд ирсэн. Тэгээд 17 цагийн үед Б машинаа асаагаад ажилтай гээд явсан. Манайд Б-ийн эхнэр Д үлдсэн. Тэгээд 17 цаг өнгөрч байх үед манай нөхрийн найз Т согтуу орж ирээд 5-10 минут болоод гараад явсан. Ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд 18 цаг өнгөрч байх үед Д, манай охин Б бид 3 гэртээ байж байхад гадаа байгаа машиныг асаагаад хөдөлж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд би гэрийн хаалга онгойлгоод харахад Д-ийн машин хойшоо ухраад хашаанаас гарч байгаа гэрэл нь харагдахаар нь Д-д машин чинь явлаа гэж хэлсэн. Тэгэхэд Д гутлаа өмсөөд гэрээс гүйгээд гарсан. Тэгээд удалгүй орж ирээд машиныхаа араас очоод гүйцсэнгүй, та утсаа өгчих гэхээр нь би Д-д утсаа өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 23/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний БГ2-21-078 дугаар:

“...Монгол улсад 2 жил орчим явсан ******* улсын дугаартай Huyndai Sonata-7 маркийн автомашиныг 12.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт /хх 29/,

Шүүгдэгч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Б-ийн ******* улсын дугаартай Соната 7 маркийн автомашин байхаар нь хаалгыг нь татсан чинь онгорхой байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгсэлд сууж Д, Б хоёрыг хүлээгээд сууж байхад уг тээврийн хэрэгслийн түлхүүр зоолттой байхаар нь асааж үзэхэд ассан. Тэгэхээр нь хөдөлгөж тухайн хашаанаас гарч Тахилтад байдаг найз руу явсан. Моносын уулзвар дээр ирэхэд цагдаа байсан бөгөөд намайг баруун гар тийш эргүүлэхгүй зүүн гар тийшээ иргэ гэсэн. Тэгэхээр нь зүүн гар тийш эргээд Моносын уулзвараас 500 метр орчим газар яваад Петровис кпонкийн зогсоол дээр зогсож тээврийн хэрэгслийг цоожлоод Тахилт руу явганаар алхаж найзындаа очиж тэнд хоол унд идээд амарсан. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 28-ны өглөө автобусанд сууж орхисон тээврийн хэрэгсэл дээр очих гэж явж байгаад цагдаад баригдсан. Тэгээд тээврийн хэрэгсэл хаана байгааг зааж өгсөн. ...Миний буруу өөрийн гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг гэдгийг мэднэ. Тухайн үед Тахилтад байдаг найз дээрээ очоод ирнэ гэж унасан юм. ...Замдаа түлш нь тасалдаад 1 угзрахаар нь зам дээр зогсоож байхаар гэж бодоод ойрхон байсан. Петровис шатахуун түгээх газрын талбай дээр орхисон...” гэсэн мэдүүлэг /хх 5-11/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Э нь хохирогч Ч-Д-гийн автомашиныг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Э-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Э нь: 2020 оны 12 дугаар сарын өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сутай” ХХК-ийн хашаанаас иргэн Ч-Д-гийн эзэмшлийн ******* улсын дугаартай саарал өнгийн “Соната 7” маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

- Хохирогч Ч-Д-гийн “...гадаа байсан машин асаах чимээ гарахаар нь би гутлаа өмсөх хооронд хойшоо ухраад хашааны хаалгаар гараад явчихаар нь гүйгээд очиход хашаанаас гараад хойшоо ухарсан ба хурдаа сааруулаад зогсохоор нь хажуу талд нь очиход хаазлаад хойд зүг рүү яваад өгсөн. Араас нь би хашааны булан хүртэл гүйгээд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.Э-ийн “...Төрөө согтуу орж ирээд 5-10 минут болоод гараад явсан. Ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд 18 цаг өнгөрч байх үед Д, манай охин Б бид 3 гэртээ байж байхад гадаа байгаа машиныг асаагаад хөдөлж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд би гэрийн хаалга онгойлгоод харахад Д-ийн машин хойшоо ухраад хашаанаас гарч байгаа гэрэл нь харагдахаар нь Дуламсүрэнд машин чинь явлаа гэж хэлсэн. Тэгэхэд Д гутлаа өмсөөд гэрээс гүйгээд гарсан. Тэгээд удалгүй орж ирээд машиныхаа араас очоод гүйцсэнгүй...” гэсэн мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний БГ2-21-078 дугаар “...Монгол улсад 2 жил орчим явсан ******* улсын дугаартай Huyndai Sonata-7 маркийн автомашиныг 12.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Э нь бусдын тээврийн хэрэгслийг нууцаар авч явахдаа өөрийн эзэмшил өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байгаагүй, хөл дайх зорилгоор бусдын эзэмшлийн автомашиныг согтуурсан үедээ нууцаар авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар тус гэмт хэрэг төгсдөг онцлогтой ба, шүүгдэгч Д.Э-ийн дээрх үйлдэл нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Э-ийг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Ч-Д нь “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй, авто машинаа бүрэн бүтэн хүлээж авсан” гэсэн байх тул шүүгдэгч Д.Э-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Д.Э-д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Түүнчлэн улсын яллагчаас “шүүгдэгч Д.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалттай.

Шүүгдэгч Д.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал болон нэхэмжлэх зүйл, авто машинаа бүрэн бүтэн хүлээж авсан нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал буюу насны байдалд дүгнэлт хийж, шүүхээс торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Э-ийг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 21050000000049 хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Д-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ