Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.М /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Тугалдай овогт Б.М холбогдох 2029002670023 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Б.М нь 2020 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө тус аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, Гашуун сухайт автозамын Ухаа худаг уурхайгаас урагш 2 дахь километрт байрлах “Шанх майнинг” ХХК-ийн талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ё.Оюунсүрэнгийн гэрээс “Redmi k30” маркийн гар утас хулгайлж бусдад 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 2029002670023 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Би 2020 оны 11 сарын 08-ны өдөр манай эхнэр Дундговь аймгаас ирсэн. Тэр орой уурхай руу явж байтал машин эвдрээд аккумлятор ажиллахгүй байсан тул хоёулаа хонох газар олъё гээд 2 дахь километрт очиж айлуудаар хонох газар хайгаад явж байтал нэг айл гэрэлтэй байхаар нь татаад ортол нэг эрэгтэй хүн орон дээр унтаж байсан. Хоёр гурав татсан боловч сэрээгүй. Би тухайн үед согтуу байсан. Айлаас гарах гэж байхад унтаж байсан хүний толгойных нь хажууд утас байхаар нь гар утсыг аваад гарсан. Эхнэр гадаа байсан. Би гарч очоод эхнэрээ эндээс явъя гар утас оллоо гэж хэлсэн” гэв.

Хохирогч Ё.Оюунсүрэнгийн: “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р багийн нутаг нүүрс тээврийн Гашуун сухайт автозамын Ухаа худаг уурхайгаас 2 дахь километрт байрлах Тээвэрчдийн хотхон буюу Шанх майнинг ХХК-ийн эзэмшлийн талбайд дэлгүүр буюу амьдрах гэр барин тухайн газраа түрээсэлж ажиллаж амьдардаг юм. 2020 оны 11 сарын 09-ний орой 23 цагийн үед дэлгүүр дээрээ нөхөр Дэгиддоржийн хамт байж байтал нөхөр маань “түрүүлээд ороод амарч байя би араас дэлгүүрээ хаагаад ороод ирээрэй” гээд амардаг гэрлүүгээ орсон. Тэгээд би араас нь дэлгүүрээ хаагаад орж амарчхаад өглөө 08 цагийн үед дэлгүүрээ онгойлгоод байж байтал нөхөр араас орж ирээд “чи утас авсан уу” гэж асуухаар нь “аваагүй” гээд бид 2 амьдардаг гэрлүүгээ ороод цуг гар утсаа хайсан тэгээд олдохгүй байхаар нь хулгайд алдчихлаа гэж бодоод цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-н 14-16-р хуудаст/,

Гэрч Т.Дэгиддоржийн: “...Би Цогтцэций сумын нүүрс тээврийн 2 дахь километрт эхнэр Оюунсүрэнгийн хамт хувиараа дэлгүүр ажиллуулдаг юм. 2020 оны 11 сарын 09-ний 23 цагийн үед дэлгүүр дээрээ байж байгаад нойр хүрээд байхаар нь эхнэрт “би түрүүлээд орж байя, чи араас дэлгүүрээ хаагаад ороод ирээрэй” гэж хэлээд би түрүүлээд орсон тэгээд гар утсаа цэнэглэнгээ оролдож хэвтэж байгаад утасны цэнэг 100% болчихоор нь хажуудаа тавиад унтсан тэгээд би өглөө сэртэл эхнэр байхгүй би гэртээ ганцаараа сэрсэн тэгээд би утсаа хайтал байхгүй байхаар нь эхнэрийг аваад дэлгүүр орчихлоо гэж бодоод босоод дэлгүүр ороод эхнэрээсээ утас асуутал “би аваагүй” гэхээр нь гайхаад 88215792 дугаар луу залгатал холбогдох боломжгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-н21-22-р хуудаст/,

Гэрч Б.Уранбилэгийн: “...Миний нөхөр Цогтцэций суманд нүүрс тээврийн жолооч ажил хийдэг юм. Би 2020 оны 11 сарын 08-ны орой 16 цагийн үед Цогтцэций суманд нөхөр дээрээ ирсэн юм. Тэгээд би машинд нь суугаад уурхай руу явж байтал машин нь эвдэрчихсэн тэгээд маргааш орой нөхөр бид хоёр хонох газар хайгаад 2 дахь километрт байрлах айлуудаар явж байгаад нэг дэлгүүр орсон тэгээд дэлгүүрт байж байтал нөхөр Мөнхбаатар гарч тамхи татна гээд гараад орж ирээд “би такси дуудчихлаа явъя” гээд тэгээд бид 2 тэр дэлгүүрээс гараад явж байтал Мөнхбаатар би ийм гар утас оллоо гээд надад өгсөн. Тэгээд бид 2 нэг хүний машинд хоносон. Маргааш нь би урагшаа Цагаан хад ороод би нөхрийнхөө компанийнх нь кемп дээр байж байгаад хорио тавигдаад бид 2 Дундговь аймар руу цуг явсан” гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуудаст/,

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 01/56 дугаартай дүгнэлт /хх-н 31-р хуудаст/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 89 -р хуудаст/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 90-р хуудаст/,

Яллагдагч Б.М: “...унтаж байсан хүний толгойны хажууд нь цэнхэр өнгөтэй утас байхаар нь аваад гарчихсан” гэх мэдүүлэг /хх-н 39-41-р хуудаст/,

Шүүгдэгч Б.М хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 43, 45-47, 50-64, 73 -р хуудаст/,

Б.М-ын арван хурууны дардас /хх-н 44-р хуудас/,

Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 48-р  хуудаст/,

Б.М-ын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 66-68-р хуудас/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө тус аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р баг, Гашуун сухайт автозамын Ухаа худаг уурхайгаас урагш 2 дахь километрт байрлах “Шанх майнинг” ХХК-ийн талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг иргэн Ё.Оюунсүрэнгийн гэрээс “Redmi k30” маркийн гар утас хулгайлж бусдад 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд “Redmi k30” маркийн гар утас хулгайлж бусдад 850,000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч Б.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхэнд халдаж эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

 

Шүүгдэгч Б.М нь хохирогч Ё.Оюунсүрэнд 850,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Redmi k30” маркийн гар утсыг буцаан өгсөн тухай тэмдэглэл /хх-н 90-р хуудас/ хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна.

Иргэн Ё.Оюунсүрэнд учирсан хохирлын хэмжээг Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 11 сарын 20-ны өдрийн 01/56 дугаартай дүгнэлтээр “Redmi k30” маркийн гар утасны үнэлгээг 850,000 төгрөгөөр тогтоосон байна. Тухайн хулгайлагдсан “Redmi k30” маркийн гар утсыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 цаг 50 минутад Ё.Оюунсүрэнд хүлээлгэн өгчээ. /хх-ийн 90-р хуудас/

Ё.Оюунсүрэн нь прокурорын шатанд гаргасан хүсэлтдээ “би өөрийн гэрээс утсаа алдсан. Түүнийг Цогтцэций сумын цагдаад бүртгүүлж алдсан эд зүйлээ олсон болно. Алдсан эд зүйлсээ олсон тул Мөнхбаатарт гомдолгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгөхийг хүсье”гэжээ. Иймд шүүгдэгч Б.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ. /хх-ийн 94-р хуудас/

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон тэдний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 48-р хуудас/

Шүүгдэгч Б.М нь хулгайлсан эд зүйлийг хохирогчид буцаан төлсөн, өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул тэдний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналын хүрээнд шийдвэрлэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хулгайлсан 850,000 төгрөгийн эд зүйлийг буцаан төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.М урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.   

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАТМӨНХ