Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1155

 

В.Ганзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00859 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч В.Ганзоригийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Санал болгох хурлын мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Ганзоригийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр В.Ганзориг надаас 270 010 000 төгрөг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол, 170 байр 120 тоот орон сууц, Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачуурт тосгон 70/а тоот хувийн сууцыг санал болгох хуралд бага үнээр үнэлж байгаа тул санал болгох хурлын мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонгын хариу тайлбарт: Дээрх шийдвэрийн дагуу В.Ганзоригийн төлбөрт хураагдсан, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байр, 49 тоот 66 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж 170 дугаар байрны 120 тоот 54,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамж, 70/а тоот 384 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй байна. Иймд хөндлөнгийн шинжээч "Итгэл эстимэйт” ХХК-иар үнэлүүлэхэд Баянзүрх 25 дугаар хороо 13 дугаар хороолол 66 дугаар байрны 49 тоот орон сууц нь 121 812 500 төгрөг, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол Намьяанжүгийн 170 дугаар байрны 120 тоот орон сууц нь 98 744 600 төгрөг, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоот хувийн сууц, газрыг 221 436 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний 70 хувиар тооцож төлбөр авагчид санал болгосон. Дуудлага худалдаанд оруулсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол Намьяанжүгийн гудамж 170 дугаар байрны 120 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/01155 дугаар шийдвэрээр Б.Баасанжаргалыг тогтоож шийдвэрлэсэн.

Төлбөр авагч С.Отгоннямд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д заасны дагуу 2017 оны 02 дугаар 02-ны өдөр төлбөрт тооцон санал болгох үнийг анхны албадан дуудлага худалдааны үнийн 70 хувиар тооцож Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байр, 49 тоот орон сууцыг 85 268 750 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол, Намьяанжүгийн гудамж, 170 дугаар байр, 120 тоот орон сууцыг төлбөр төлөгчид ногдох төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоот хувийн сууц, газрыг 155 005 200 төгрөгөөр тус тус төлбөр авагч С.Отгонням нь зөрүү төлөхөөр шийдвэрлэсэн, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: В.Ганзориг нь шүүх хуралдаан хойшлуулах арга хэрэглэж, төлбөр төлөхгүй байх үүднээс маш их хохирол учруулж байгаа. В.Ганзориг нь мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан үнэлгээг зөвшөөрөхгүй, өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлийн ханшнаас багаар үнэлсэн гэж тайлбарладаг. Гэхдээ өмнө нь 2 удаа нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр маргааныг шийдвэрлэсэн байсан. Нэхэмжлэлд дурдаж байгаа үйл баримтын хүрээнд шүүхээс хэргийг шийдвэрлэсэн байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3/1375 тоот мэдэгдэл, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3672 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч В.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: В.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр авагч С.Отгоннямд санал болгосон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны "Санал болгох хурлын мэдэгдлийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тус хэрэгт би өөрийн өвчтэй тухай нотлох баримтаа өгч, шүүх хурал хойшлуулах тухай хүсэлт өгсөн байхад шүүх хурлыг явуулж нэхэмжлэгч талын мэтгэлцэх, шүүх хуралд оролцох эрхээр хангаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд тус 2017.03.24-ний өдрийн 181/ШШ2017/00859 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,  зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч В.Ганзориг нь үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох хурлын мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаартай В.Ганзоригоос 270 010 000 төгрөгийг гаргуулж, С.Отгоннямд олгох тухай шийдвэр, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2123 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжинд байрлах 384 м.кв талбайтай хувийн сууц, 30 м.кв талбайтай гараж, 700 м.кв талбайтай газрыг төлбөрт битүүмжлэн хурааж, үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоох, талуудын тохиролцон тогтоосон үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох журмыг мэдэгдсэн байх / хх 73-76 / ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

   

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасан журмын дагуу хөндлөнгийн шинжээч “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 170с-120 тоот, 2 өрөө, 54.6 м.кв талбайтай орон сууцыг 98 774 600 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66-49 тоот, 2 өрөө өрөө орон сууцыг 121 812 500 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гацуурт тосгоны төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоот, 384 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг 221 436 000 төгрөгөөр тус тус үнэлснийг 70 хувиар бууруулж анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг, хоёрдахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 50 хувиар бууруулж оруулсан боловч үнийн санал ирээгүй тул хуульд зааснаар төлбөр авагчид санал болгох мэдэгдлийг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.  

 

            Нэхэмжлэгч В.Ганзоригийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гаргасан гомдлыг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн /хх.63-71/ байна.

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгох хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 11, 30-ны өдрүүдэд явуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэгчийн энэ ажиллагаа нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

       

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “өвчтэй тухайгаа нотолсон баримтаа өгч, шүүх хурал хойшлуулах тухай хүсэлт гаргасан байхад шүүх хуралдаанд биеэр оролцох эрхийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд өөрийгөө төлөөлүүлэхээр Б.Нандинцэцэг, С.Номин, Д.Мөнхзул, Д.Нарантуяа нарт итгэмжлэл олгосон байх бөгөөд нэхэмжлэгч М.Ганзоригоос аль төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар асууж тодруулахад “эргээд хариу хэлье” гээд хариу өгөөгүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэгч В.Ганзоригт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ажиллагаа хууль зөрчөөгүй. Шүүх хариуцагч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

  

            Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Ц..ИЧИНХОРЛОО

 

                               ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                                Б.НАРМАНДАХ