Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Э.З-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Э-н З-д холбогдох эрүүгийн 2105000370082 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ... эцэг, эх, дүүгийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр хэсэг ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дугаар хорооны ... байрны ... тоотод түрээслэн амьдардаг /РД:/,

Урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 664 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Х овогт Э.З..

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.З-нь 2020 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 30Б байрны ...  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн М.Цогзолмаагийн биед халдан зодож, түүний эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал, цус хуралт, зүүн шанаа, эрүү, баруун шуунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Зол-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.З-нь 2020 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 30Б байрны ...  тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас хохирогч М.Ц-н биед халдан зодож, түүний эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал, цус хуралт, зүүн шанаа, эрүү, баруун шуунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүйчүүдийн байрны хажуугийн шинэ баригдсан 16 давхар байрны гарааш руу нь машиныг нь оруулж байрлуулсан. Т- дуудлагын жолооч бид нар З-н гэр рүү 8 давхарт ... тоотод ороод З- архины мөнгө жолоочид өгөөд явуулсан. З- бид хоёр нэг шил архиа задлаад хоёр гурван удаа 40 орчим граммаар уусан. Т- нэг шил пиво уусан. Би баруун талд нь жижиг өрөө байхаар нь орж утсаа цэнэглэсэн. З- араас орж ирээд цэнэглэгч хаана байгааг нь зааж өгөөд надад “500.000 төгрөг өгье, надтай унтчих” гэсэн. Би “юу яриад байгаа юм бэ” гэтэл З- видео чатаар нэг хүнтэй яриад байсан. Эд нар даварсан байна гээд яриад байсан. Би уг жижиг өрөөнөөс гараад гутлаа өмсөх гээд явж байхад З- архинаас нэг удаа татаад эд нар гэрт орж ирж намайг дарамтлаад гээд яриад байсан би юу ярьж байгаа нь ойлгоогүй. Улмаар намайг хавсарч газар унагаагаад үснээс зулгаагаад толгой нүүр хэсэгт дэвссэн. Миний дээр сандал тавиад намайг цохиод байсан. Миний ороолтоор хоолой боосон хутга авч ирээд гартаа ороолтоор боогоод  миний хоолойг зүсэх гэсэн. Би хойшоо болоход миний эрүүний доод хэсэгт зүсэгдсэн. Т- салгах гэтэл З- ална шүү гэтэл Т- айгаад ойртоогүй. Би намайг уучлаарай, би гарлаа гэхэд цагдаад хэлэхгүй бол гаргана гэсэн. Би цагдаад хэлэхгүй гээд Т- бид хоёр гарсан. Би гар утсаа мартаад гарсан байсан Т- буцаж орж авсан тэгэхдээ З-н гар утасны цэнэглэгчийг нь андуураад аваад гараад ирсэн байсан. Гэртээ харихад гар өвдөөд байсан болохоор гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байна гэхээр нь би гипс тавиулаад цагдаагийн газар ирээд өргөдөл гаргасан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, З- надаас уучлалт гуйж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 68-69 тал/,

 

Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З- хүн рүү видео чатаар залгаад хажуугийн өрөө рүү орсон. Араас нь Ц- өөрөө алхаад орсон. Тэгээд Ц- З- хоёр муудалцаад алхаад гараад ирсэн. З- Ц- эгчийг хавсарсан. Ц- нүүрний зүүн талаар газар унаад хэвтсэн. Хөдлөхгүй байхаар нь би Ц- эгчийг татаж босгосон. Ц- эгч босоод З- ахыг алгадсан. Тэгэхэд З-, Ц-г түлхэж унагаахад Ц- эгч тийчлээд байсан. З- модон сандал аваад хөл хэсгийг нь хавсар оруулаад дараад дээр нь сууж байгаад толгой хэсэгт нь алгаараа зүгээр байгаа ч гээд цохисон. Улмаар З- сандлаа аваад цохих гэтэл Ц- эгч сандлын хөлөөс нь зуурахад З- нь гарыг нь өшиглөөд байсан. Сандалаараа Ц-н цээж хэсэгт нь цохисон. Би З-г болио гээд салгаж түлхэхэд цаанаас гал тогооны өрөөнөөс жижиг хутга авч ирээд гартаа ороолтоор ороогоод ална шүү гээд дайрсан. Би З- ахын гараас нь татахад намайг түлхсэн. Би айгаад холдсон. Ц- эгч хутгыг нь гараараа барьсан байсан. Нэг харахад Ц- эгчийн эрүү хэсгээс цус гарч байсан. Тэгээд би салгасан. Ц- эгчийг аваад гарч байхад З- араас гарч ирээд Ц- эгчийг үсдэж гэртээ оруулаад 00-ийн өрөөнөөсөө жижиг аяга таваг угаадаг порлон авч ирээд Ц- эгчийн эрүүнээс гарсан цусыг угаагаад байсан. Ц- эгч яаая гээд орилоход З- алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13417 дугаартай “...М.Ц-н биед зүүн шуу ясны далд хугарал, эрүүнд шарх, үүдэн зүүн дээд 3-р шүдний гэмтэл, духанд зулгаралт, цус хуралт, зүүн, шанаа, эрүү баруун шуунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх эрүүний шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

 

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 71 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 75, 76 тал/

 

Шүүгдэгч Э.З-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би найзынхаа гэрээс гараад явж байхад нэг эмэгтэйтэй байхаар нь би танилцаад манай гэрт очихоор болоод Баянгол дүүргийн 3 дугаар хороо 30-б-...  тоотод уг эмэгтэйн дүү гэх залуу бид гурав ороод хамт нэг шил архи авсан байсан. Уг архиа хувааж уусан. Би бага зэрэг согтолттой байсан. Уг эмэгтэйтэй маргаад зууралдаж цохиж зодсон. Би уг гэмтлийг учруулсан. Хохирлыг бүрэн барагдуулах болно. Гэм буруугаа ухаарч байна. Би гэм буруугаа ухаарч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Прокурортой ял тохиролцсон тул хөнгөн ял оноож өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.З-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 44 тал/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 45 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 46 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 47 тал/, асап сангийн талаарх лавлагаа /хх-ийн 48-50 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 54-58, 59-62 тал/, гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...зан байдлын хувьд төлөв даруу хүнд тусархуу хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.З-эс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 18-19, 20-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч М.Ц-н биед зүүн шуу ясны далд хугарал, эрүүнд шарх, үүдэн зүүн дээд 3-р шүдний гэмтэл, духанд зулгаралт, цус хуралт, зүүн, шанаа, эрүү баруун шуунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт” гэмтэл учирсан, энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь хэргийн 27-28 дахь талд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13417 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч М.Ц-н биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч Э.З-н гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Э.З-нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.З-нь 2020 оны 12 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 30Б байрны ...  тоотод хохирогч М.Ц-н биед халдан зодож, түүний эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал, цус хуралт, зүүн шанаа, эрүү, баруун шуунд зулгаралт, хүзүү, баруун бугалга, шилбэ, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Э.З-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З-нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ц-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох байх ба тэрээр хавтас хэргийн 68-69 дэх талд “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, З- надаас уучлалт гуйж хохирлыг барагдуулсан...” гэж, 76 дахь талд “...З- миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирол төлбөрт тооцож 170.000 төгрөг бэлнээр өгсөн талаар мэдүүлж байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.З-эс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.З-нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.З-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Э.З-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин Т- болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Э.З-д оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.З-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т- болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Э-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-г 1500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т- болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.З-д сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Э.З-нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Ц- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА