Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/49

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт Д-т холбогдох эрүүгийн 2121000000017 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын ..................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....... овогт Д. /РД: ........................./

 

Шүүгдэгч Д нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Үржил” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1,4319м3 хэрэглээний нарс мод бэлтгэж, “Кио Бонго-3” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 282.897 /хоёр зуун наян хоёр мянга намайн зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би түлээний мод бэлтгэхээр явж байгаад шургааг мод байхаар нь өвөлжөөгөө бэлдэхээр шийдээд мод бэлтгэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д-ын байгаль экологид учруулсан 282.897 /хоёр зуун наян хоёр мянга найман зуун ерэн долоо/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баян-Уул сумын Сум дундын ойн ангид ойн инженерийн ажил эрхэлдэг. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд “Нарс мод” ХХК түлээний модны талбай тусгаарлах ажлаар байгаль хамгаалагч *******, экологийн байцаагч ******* нарын хамт сумын төвөөс баруун хойш явсан. Ингээд бид Баян-Уул сумын 6 дугаар баг “Дархинтын даваа” гэх газарт орчиж түлээний мод бэлтгэх талбай тусгаарлаад 20 цагийн орчимд буцаж явах замдаа экологийн байцаагч ******* араас ирж яваа нэг тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Гэтэл ******* УНҮ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор жолоочоос гадна бас өөр нэг хүн хажууд суучихсан нилээн олон нарийн нарс шургааг мод аччихсан явж байсан. Экологийн цагдаа ******* ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг байгаа үгүй талаар асууж тодруулахад тухайн хүнд ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан учир мод болон тээврийн хэрэгслийг нь журамласан...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчимд гэртээ байхад Д ах гаднаас орж ирээд “ах нь түлээнд явах гэсэн юм чи хамт яваад өгөөч ах нь чамд ажлын хөлс болгож 15.000 төрөг өгье” гэхээр нь би хамт явсан. Бид хоёр сумын төвөөс баруун хойш Баян-Уул сумын 6 дугаар баг “Дархинтын даваа” гэх давааг даваад цааш “Үржил” гэх нэртэй ой мод бүхий газарт очоод Д ах түлээний мод бэлтгэх гэж байснаа болиод “ах нь хашаандаа малын хашаа барих гэж байгаа энд хуурай шургааг мод харагдаад байна, хоёулаа хэдэн шургааг бэлдээд ачаад явья” гэхээр нь би хамт тэнд байсан газарт унасан болон босоо байсан хэдэн ширхэг хуурай шургааг мод түүж бэлдэлцээд машинд хамт ачилцсан. Би тухайн үед Д ахыг мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан үгүйг огт мэдээгүй...” гэжээ. /хх-ийн 34-35 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-16 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэлүүд /хх-ийн 17-22 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23-24 тал/

- Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-28 тал/

- Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 тоот дүгнэлт /хх-ийн 41-44 тал/

- “Kia Bongo-3” маркийн ******* УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 57 тал/

- Д-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38, 52-53 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ............. овогт Д нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Үржил” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1,4319м3 хэрэглээний нарс мод бэлтгэж, “Kia Bongo-3” маркийн ******* УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 282.897 /хоёр зуун наян хоёр мянга намайн зуун ерэн долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 тоот дүгнэлт, “Kia Bongo-3” маркийн ******* УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Д-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д-ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Д-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 282.897 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь ойн санд учруулсан хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 282.897 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “KIA BONGO-3” маркийн ******* УНҮ улсын дугаартай 1.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь мөрдөгч ******* 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Пүрэвсүрэн гэх хүний ******* дугаартай утсаар холбогдоход “би тухайн ******* УНҮ улсын дугаартай Вонго-2 маркийн тээврийн хэрэгслийг 2017 онд Дамдинлхагва гэх хүнээс 14.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тухайн тээврийн хэрэгслээ Баян-Уул сумын иргэн Д гэх хүнд 2020 оны 10 сард 1.500.000 төгрөгөөр зарчихсан. Тухайн тээврийн хэрэгслийн холбоотой ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй, харин тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж авч чадаагүй байгаа юм. Одоо уг тээврийн хэрэгсэл надад хамааралгүй болсон”  гэх тэмдэглэл /хх-ийн 26 тал/-ээр тогтоогдож байх тул Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, эд зүйлийн үнэлгээний комисс уг тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,4319м3 хэрэглээний 48 ширхэг мод, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн “YD-98” загварын бензин моторт хөрөө зэргийг тус тус хураан авч, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 282.897 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах ба хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “KIА BONGO-3” маркийн ******* УНҮ улсын дугаартай 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Дт, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,4319м3 хэрэглээний 48 ширхэг нарс 282.897 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .............. овогт Д-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өмчлөлийн “KIА BONGO-3” маркийн ******* УНҮ улсын дугаартай 1.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,4319м3 хэрэглээний 48 ширхэг нарс модыг битүүмжилсэн Мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өмчлөлийн “KIА BONGO-3” маркийн ******* УНҮ улсын дугаартай 1.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,4319м3 хэрэглээний 48 ширхэг нарс мод, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэгдсэн “YD-98” загварын бензин моторт хөрөө зэргийг тус тус хураан авч, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан 282.897 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулах ба хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний өмчлөлийн өмчлөлийн “KIА BONGO-3” маркийн ******* УНҮ улсын дугаартай 1.500.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Дт, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,4319м3 хэрэглээний 48 ширхэг нарс 282.897 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий мод нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газарт тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Д-ын ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ