| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0054/э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Х-т холбогдох эрүүгийн 2121000000002 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг биелүүлсэн, ....... овогт Х. /РД: ....................../
Шүүгдэгч Х нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг, “Алаг морьтын шил” гэх газарт хохирогч Э-тэй “машинд ачсан өвсийг буулгана” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар зодолдож “...биед нь зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын баруун угалзны зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, сэтэрсэн шарх, дотор салстын цус хуралт, баруун дээд 2-р шүдний булгарал, баруун 1-р шүдний цөгц хэсгийн хүзүүвч хэсгийн хугарал, зүүн дээд 1,2-р шүдний паалангийн эмтрэл...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн үед өвснөөс болж Э-тэй маргалдсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1900.000 төгрөг хохиролд төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэв.
Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр намайг хадлан дээр байж байхад орой 20 цагийн орчимд байх Х, Есүй гэх залуугийн хамтаар ирэхэд Х, Е гэх хоёр залуу өвс ачна гээд том машинтай ирчихсэн байсан юм. Ингээд намайг машинд нь ороод суухад Х надад хандаж “Би чиний машин дээр ачсан байгаа өвсийг чинь буулгана” гэж хэлэхээр нь би “яахаараа чамд тийм их өвс өгдөг юм бэ, харин би чамд Матад сумын фондонд өгөх 200 боодол өвсийг нь өгнө” гэж хэлэхэд Х уурлаад машин дотор миний толгой руу барьж байсан шилэн стаканаараа нэг удаа цохисон. ...машинаас бууж гадаа Хтой маргалдаж байхад шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би нүүрээ дараад доош суухад мөн миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. ...миний хувьд эмчилгээний зардлаа тодорхой хэмжээгээр нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 8-10 тал/
Гэрч Э.Есүхэй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой...Э, Лувсанцэрэн ах нар ирээд бид нар Эрдэнэ-Очир ахын машинд Э ахтай уулзаад “Матад сумын фондны өвсийг өгөх хэрэгтэй байна машин дээр ачсан байгаа өвсийг чинь Матад сумын фондны өвсөнд буулгаж өгье” гэж хэлсэн чинь Э ах “та нар өөрсдөө Матад сумын өвсийг аваачиж өг, машин дээр байгаа өвсийг өгөхгүй би лав машин хөдөлгөхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Х нь Э ахад хандаж “Бид нар машин тэрэггүй байж өвсийг нь яаж аваачиж өгөх юм, та өөрөө машинаараа аваачиж өг” гэж хэлсэн. Үүнээс болж маргаан эхлээд Х, Э ах хоёр машин дотор хоорондоо маргаж бие биенээ хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би Э ахын хойноос хоолойноос нь боож татаж салгасан. Тэгэхэд Оогий ах “та нар машин тэрэг эвдлээ машинаас буу” гэж хэлсэн. Мөн Лувсанцэрэн ах жолооч талын хаалган дээр ирээд “та нар бууж учраа ол” гэж хэлээд Х-ыг машинаас буулгасан. Гэтэл Э ах машинаас бууж ирээд өмсөж байсан куртик, цамцаа тайлаад Х руу дайрч давшлаад байхад нь би дундуур нь орж Э ахыг холдуулсан. ...Э ах болихгүй дахин Х руу дайрахад нь Х Э ахыг нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон...” гэжээ. /хх-ийн 18-19 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 883 тоот дүгнэлтэд:
1. Э-гийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын баруун угалзны зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, сэтэрсэн шарх, дотор салстын цус хуралт, баруун дээд 2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний цөгц хэсгийн хүзүүвч хэсгийн хугарал, зүүн дээд 1, 2-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи дээд уруулын зөөлөн эдийн няцрал, сэтэрсэн шарх, дотор салстын цус хуралт, баруун дээд 2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний цөгц хэсгийн хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид баруун дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэжээ. /хх-ийн 24-25 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
- Х-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-17, 30-36 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч .............. овогт Х нь 2020 оны 11 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг, “Алаг морьтын шил” гэх газарт хохирогч Э-тэй “машинд ачсан өвсийг буулгана” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар зодолдож “...биед нь зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын баруун угалзны зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, сэтэрсэн шарх, дотор салстын цус хуралт, баруун дээд 2-р шүдний булгарал, баруун 1-р шүдний цөгц хэсгийн хүзүүвч хэсгийн хугарал, зүүн дээд 1,2-р шүдний паалангийн эмтрэл...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э, гэрч Э.Есүхэй нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 883 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1.900.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Э нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч Х нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Х-ын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт Х-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-т оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /шүүгдэгч нь хохирогчид 1.900.000 төгрөг төлсөн/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Х-ын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Хохирогч Э нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ