Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа,

Хохирогч Э /онлайнаар/

Иргэний нэхэмжлэгч Б /онлайнаар/

Шүүгдэгч Т

Шинжээч ******* /онлайнаар/

Гэрч ******* /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Т-д холбогдох эрүүгийн 1921001430282 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ....., эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Т. /РД: ..................../

 

Шүүгдэгч Т нь 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “...........................” ХХК-ийн 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын 19-93 дугаар цооногуудын орчмоос ******* ДОР улсын дугаартай “Исүзү” маркийн кран тоноглолтой тээврийн хэрэгсэл ашиглан “....................” ХХК-ийн эзэмшлийн “Lead go” брендийн RS/S11 маркийн 125-160 КВа-ийн 9 ширхэг трансформаторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 53.160.114 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2019 онд санхүүгийн хувьд хүнд байдалд байсан. Ингээд би “....................” ХХК-ийн орчимд явж байгаад трансформатор байхыг хараад авсан нь үнэн. Би тухайн трансформаторуудыг авахаасаа өмнө ******* гэдэг хүнтэй холбоотой байсан. Би *******д авах гэж байгаа трансформаторуудынхаа зургийг явуулаад худалдаж авах эсэх талаар асуухад “чи аваад ирж чадвал би трансформаторуудыг чинь худалдаж авах болно” гэж хэлэхээр нь би тухайн трансформаторуудыг аваад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатарт очоод *******тай утсаар ярихад “Чи Б гэдэг хүнтэй утсаар яриад трансформаторуудаа өгчих. Миний таньдаг хүн юм аа” гэж хэлэхээр нь Б-н хашаанд трансформаторуудаа буулгасан. *******, Б нар миний авчирсан трансформаторуудыг хэлсэн үнээсээ хямд үнээр худалдаж авна гэхээр нь би 100 айлаар трансформатор худалдаж авах хүн хайж явсан. Тэр үед ******* над руу утсаар яриад “чи хулгайн трансформатор авч ирчихээд яагаад хүн хүнд зарна гээд хэлээд яваад байгаа юм бэ. Манай найзын хашаа руу хүн дагуулж очиж болохгүй. Зүгээр л Б ахынхаа хэлсэн үнээр трансформаторуудаа өгөөд явах хэрэгтэй. Улаанбаатарт трансформатор худалдаж авдаг хүн ховор байдаг юм шүү. Би л наад трансформаторуудыг чинь нааш цааш нь болгож чадна” гэж хэлэхээр нь би Б ахтай утсаар яриад хэлсэн үнээр нь трансформаторуудаа өгсөн...гэв.

 

            Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “............” ХХК-ийн 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборолтын хэлтсийн дэд менежер ажилтай бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “...............” ХХК-ийн цооног болон тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах даалгавар авч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө тоног төөрөмж болон трансформаторууд бүрэн бүтэн байсан. ...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр БНХАУ-ын иргэн Лүпин тус тоног төхөөрөмжүүдийг шалгаж үзээд тус өдрийн 17 цагийн хурал дээр 5 ширхэг трансформатор алдагдсан талаар мэдэгдсэн. Ингээд маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр очиж шалгахад 9 ширхэг трансформатор алдагдсан байсан. “..................” ХХК-ийн 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын 19-93 дугаар цооногийн орчмоос 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 21-ний хооронд “Lead go” брендийн RS/S11 маркийн 125-160 Ква-ийн 9 ширхэг трансформаторууд алдагдсан. Тус трансформаторууд нь 3 төрөлтэй бөгөөд 63 Ква-365 кг, 125 Ква-615 кг, 160 Ква-715 кг нийт 5585 кг жинтэй. Өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй. ...нийт 9 ширхэг трансформатор хүлээн авсан. Уг трансформаторын үйлдвэрийн марк, хүчин чадлын пайз солигдсон байсан. Уг трансформаторыг хүлээн авахдаа ямар нэгэн тэмдэглэл үйлдэлгүй хүлээн авсан юм. Уг 9 ширхэг трансформатор хэвийн ажиллаж байгаа бөгөөд одоо хүртэл цооног дээр ажиллуулж байгаа. Гэхдээ яг хаана гэдгийг нь олох боломжгүй юм. Тухайн аль аль цооног дээр тавьсан талаар бүртгэл хийгээгүй байна. Одоо манай байгууллагаас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 34-36, 2-р хх-ийн 34 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна. Намайг зах дээр сууж байхад манай найз ******* утасдаад “хөдөөнөөс 9 ширхэг трансформатор орж ирж байна, хоёулаа авах уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Төд удалгүй нэг эрэгтэй хүн над руу залгаад уулзсан. Тэгээд тэр оройдоо манай хашаанд авчирж буулгасан. Тэгж байгаад “та үүнийг худалдаад авчих л даа” гээд гуйгаад байхаар нь 9 ширхэг трансформаторыг худалдаж авсан. Миний хувьд хүнээс хүүтэй мөнгө зээлж надтай анх холбогдсон хүний дансанд хийсэн. Тэр залуугаас 11.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Би уг трансформаторыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. ...Т гэх залуу надад хулгайн зүйл биш гээд бичиг баримт нь араас нь ирнэ гэж хэлж байсныг санаж байна. Би Дорнод аймгийн Цагдаагийн дэд хурандаа Энхтөр гэх хүнд 9 ширхэг трансформаторыг хүлээлгэж өгсөн. ...Би тухайн трансформаторуудыг Тас 11.100.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэжээ. /1-р хх-ийн 38-39, 155-156, 2-р хх-ийн 32-33 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Шинжээч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн трансформаторуудыг үнэлэхдээ цагдаагийн газраас ирүүлсэн мөрдөгчийн тогтоолын үндсэн дээр холбогдох нотлох баримтын хүрээнд дүгнэлтээ гаргасан...гэв.

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг Сүхбаатар аймагт явж байхад Т гэх хүн над руу залгаад “9 ширхэг трансформатор байна, авах уу” гэхээр нь би өөрийн найз Б руу залгаад “трансформатор байна гэж байна, чи үзэж байгаад авах уу” гээд найздаа түүний утасны дугаарыг өгсөн. Тэгээд тэр хоёр хоорондоо ярьж байгаад тухайн трансформаторуудыг Б худалдаж авсан байсан. Б хэлэхдээ 5.000.000 төгрөг дутуу өгсөн байгаа гэхээр нь би 5.000.000 төгрөгийг нь өгөөд Б-с 3 ширхэг трансформатор худалдаж авсан. Би Т гэх хүнийг танихгүй. Би интернет цахим орчинд трансформатор тоног төхөөрөмж авна гэсэн зар оруулсан байсан ба тухайн зарыг харж байгаад надтай холбогдож байсан. Би өөрөө тоног төхөөрөмжийн наймаа эрхэлдэг бөгөөд интернет цахим орчин болон Фейсбүүк хуудсанд “трансформатор болон тоног төхөрөөмж худалдаж авна” гэсэн зарыг байнга оруулдаг. ...бид хоёр трансформаторуудыг худалдаж аваад цааш зарж чадаагүй цагдаагийн байгууллагад хураалгасан. Би Цагдаагийн байгууллагад нийт 9 ширхэг трансформатор хүлээлгэн өгч байсан. Хулгайн эд зүйл гэдэг талаар мэдэхгүй байсан. ...би шошгыг өөрөө сольж байсан. Тухайн трансформаторууд нь Улаанбаатар хотод зарагдаж байгаагүй трансформатор байсан болохоор хүн авахгүй байх гэж бодоод уг трансформаторын нэр, хаяг шошгыг нь өөрчилсөн юм...” гэжээ. /1-р хх-ийн 55, 2-р хх-ийн 36-38 тал, шүүх хуралдаан тэмдэглэлээс/

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сард байх гэж бодож байна. Манай байгууллагад нийт 9 ширхэг трансформатор хүлээлгэн өгч байсан. Одоо хэн хүлээлгэн өгсөн талаар санахгүй байна. Дээрх трансформаторын үйлдвэрлэлийн шошгийг сольсон байсан. Дээрх трансформаторууд нь хэвийн ажиллаж байгаа...” гэжээ. /2-р хх-ийн 35 тал/

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад ******* ДОР улсын дугаартай “Эсүзү порворд” маркийн тоноглолтой, крантай тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд 2019 оны 01 дүгээр сард над руу яриад “найз нь хашаандаа юм хийх гэсэн юм, чи машинаа түр өгчих үү” гэхээр нь зөвшөөрч хашаанаас очоод авчих гэж хэлсэн. Тэгсэн удалгүй аваад явсан байсан. ...******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 1993 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2000 онд Монгол Улсад орж ирсэн машин байсан. 2020 оны 07 дугаар сард яаралтай мөнгөний хэрэг болоод машинаа зарсан. Ер нь жоохон муудсан байсан учраас 2.000.000 төгрөгөөр зарсан юм...” гэжээ. /1-р хх-ийн 70-71, 163 тал/

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд намайг хашааны гадаа зогсоогоод тэр машин дотор талаасаа миний машин дээр цахилгааны трансформатор ачсан. Тэр трансформатор нь том, жижиг харьцангүй 9 ширхгийг ачих үед манай туслах байсан Мөнхтуяа гэдэг ах “юун трансформатор юм бэ” гэж асуусан чинь эвдэрсэн трансформатор цуглуулаад аваад явж байна гэсэн. Тэгээд би ачаа үзчихээд Дэхтээс шууд баруун тийшээ гараад баруун цементэн гүүрний урд талаар засмал замд ороод явсан. ...Улаанбаатар хотод очоод надтай анх уулзсан залуу намайг тосч аваад Улиастайгаар хойшоо эргээд Хужирбуланд нэг айлын хашаанд аваачиж буулгасан...” гэжээ. /1-р хх-ийн 61-62 тал/

 

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазаас ертөнцийн зүгээр зүүн хойш зүгт алслагдсан газарт байрлалтай газрын гүнээс тос сордог 20-оод тооны ажиллахгүй болсон донконууд байсан. Тэндээс буюу донконы хажууд ойрхон байрлалтай байсан эрчим хүчний агаарын шугамд холбоотой зэрэгцээ хоёр шонгийн дунд хэсэг төмөр тавиур дээр байсан трансформаторуудаас хоёр ширхэг трансформаторыг аваад анги дээр авчирч буулгасан. Мөн ажиллахгүй болсон донконуудын дэргэдэх шон дээр байдаг трансформаторуудыг аваад шинээр ажиллуулж байгаа донконуудад сольж тавьдаг. Миний мэдэж байгаагаар 7-8 трансформаторуудыг хооронд нь сольж тавьсан...” гэжээ. /1-р хх-ийн 47-48 тал/

             

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-инй 15 тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-22 тал/

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24, 26-28, 29 тал/

- Эд зүйлийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 30 тал/

- “ISUZU FORWARD” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 72 тал/

- Т, Б нарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 75-80, 157-161 тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 182-187 тал/

- “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 40-47/

- “Вендо” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 49 тал/

- Б.Тэгштулгын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 64-69, 182 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ..... овогт Т нь 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “................” ХХК-ийн 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын олборлолтын 19-93 дугаар цооногуудын орчмоос ******* ДОР улсын дугаартай “ISUZU FORWARD” маркийн кран тоноглолтой тээврийн хэрэгсэл ашиглан “......................” ХХК-ийн эзэмшлийн “Lead go” брендийн RS/S11 маркийн 125-160 КВа-ийн 9 ширхэг трансформаторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 53.160.114 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э, иргэний нэхэмжлэгч Б, гэрч *******, *******, *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээнүүд, “ISUZU FORWARD” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээ, Т, Б нарын дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, автомашин техникийн үнэлгээний тайлангууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Т-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлж, бусдад 53.160.114 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлж, бусдад 53.160.114 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “...мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч томилохдоо дарга нь гарын үсэг зураагүй байхад шинжээч дүгнэлт гаргасан, “Вендо” ХХК нь үнэлгээг буруу хийсэн тул дахин шинжилгээ хийлгэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн саналыг гаргаж байгаа боловч

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар,...шинжээч томилно” гэж,

2. шүүгдэгчийн өмгөөлөгч машины үнэлгээг зөвшөөрч байгаа талаараа санал гаргасан /2-р хх-ийн 50 тал/, трансформаторын үнэлгээг зөвшөөрөхгүй гэсэн боловч прокурорын тогтоолд гомдол гаргаагүй /2-р хх-ийн 62 тал/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч байгууллага болох “................” ХХК-д “Lead go” брендийн RS/S11 маркийн 125-160 КВа-ийн 9 ширхэг трансформатор буюу нийт 53.160.114 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б-т 11.100.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба хохирогч байгууллагын төлөөлөгч Э нь “Lead go” брендийн RS/S11 маркийн 125-160 КВа-ийн 9 ширхэг трансформаторыг буцааж авсан тул шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогч байгууллага болох “..............” ХХК-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Б-т учруулсан 11.100.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 11.100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б-т олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “ISUZU FORWARD” маркийн кран тоноглолтой ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т-н .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........... овогт Т-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлж, бусдад 53.160.114 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д зааснаар шүүгдэгч Т-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “ISUZU FORWARD” маркийн кран тоноглолтой ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т-ас бусдад учруулсын хохиролд нийт 11.100.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б-т олгож, хохирогч байгууллага болох “..............” ХХК-ийн төлөөлөгч Э нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг “.....................” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ