| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0060/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Э-д холбогдох эрүүгийн 2121000000028 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2019/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ..... овогт Э. /РД: ................../
Шүүгдэгч Э нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 4-10 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь эрүүний зүүн булангийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр...Тогоо бид хоёр байсан мөнгөө шавхаад архи аваад өөрийн гэр болох Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 4-10 тоотод гэртээ ирээд архиа хувааж уух зуураа өөрсдийн найз Э руу залгаад хүрээд ир гэж яриад 30-40 минутын дараа Э манайд орж ирсэн. Ингээд Б дахин 2 шил архи авч манайх руу орох гэхэд манай гудманд Батсуурь тааралдахаар нь манайд ор л доо гээд бид 4 архиа уугаад би тасарчихсан. Миний санаж байгаагаар Б миний дээр гарчихсан миний хүзүүг боогоод байсан. Ингээд өглөө нь гэртээ ганцаараа 09 цагийн үед сэрэхэд миний зүүн талын шанаа эрүү хэсгээрээ хавдчихсан хөндүүр байсан. Тэгээд гайгүй болчих байлгүй дээ гэж бодоод гэртээ 2 хоноход өвдөөд болохгүй болохоор нь түргэн дуудаж эмнэлэг дээр ирсэн. Эрүүний зураг авахуулахад миний эрүү 2 хугарсан байсан. Би тухайн өдөр Б-тай л муудалцаж зодолдсон. Өөр хүнтэй муудалцаагүй. Тухайн архи уудаг өдөр бид архидаж байхад манай баруун талын айлын хөгшин орж ирээд “энэ намхан шар залуу чинь гэрийн чинь үүдэнд шээгээд байна” гэж хэлсэн. Ингээд л би Б-тай муудсан. ...Надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 11-15 тал/
Гэрч М.Цогдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэрт нь ороход Ц, Э, Тогоо, мөн өөр танихгүй залуу 4 үүлээ архи уугаад сууж байсан. Ингээд Ц, Б хоёр нэг сандал дээр “би сууна, чи сууна” гээд маргалдаж байгаад нэг нэгнийхээ нүүр рүү гараараа цохиод зодолдоод байхаар нь танихгүй залуу гараад явсан. Ингээд Тогоо бид хоёр Б, Ц хоёрыг салгахад Ц хувцсаа тайлаад гэрийн баруун талын орон дээр унтаад өгсөн. Тогоо надаас утсаа аваад эргэж ирээгүй. Тэгээд би явлаа гэхэд Б хамт явна гэж гараад Б-н гэрт очиж хоносон...” гэжээ. /хх-ийн 22-25 тал/
Гэрч Ц.Мөнхтогоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Харин Б, Ц хоёр муудалцаад байхаар нь салгах санаатай очиход Ц үүд рүү гүйж очиж нэг зүйл авах шиг болохоор нь би очоод цээжээр нь тэвэртэл миний толгойны баруун талаас Э нь Ц-ын зүүн шанаа орчимд нэг удаа цохиход нь би Ц-той хамт шалан дээр унасан. Тэгээд би босч уурлаад гэр рүүгээ харьсан...” гэжээ. /хх-ийн 26-29 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 тоот дүгнэлтэд:
1. Ц-ын биед буруу ургалт, цооролт бүхий зүүн доод агт араа /38-р шүд/ дайрсан эрүүний зүүн булангийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Шинжлүүлэгч Ц нь зүүн доод агт араа /38-р/ шүдний буруу ургалт, цооролт архаг өвчтэй байх ба уг өвчин нь эрүүний ясны хугарлын улмаас сэдэрч эрүү болон хүзүүний гүний олон зайн нэвчээс, голтын үрэвсэл үүссэн байна.
5. Цаашид эрүүний зүүн булангийн далд хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 45-47 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 тал/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9 тал/
- Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өвчний түүх /хх-ийн 33-44 тал/
- Э-ы гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-21, 57-59 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ....... овогт Э нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 4-10 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “эрүүний зүүн булангийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буруу ургалт, цооролт бүхий зүүн доод агт араа /38-р шүд/ дайрсан эрүүний зүүн булангийн далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц, гэрч М.Цогдэлгэр, Ц.Мөнхтогоо нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорнод аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өвчний түүх, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Эд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Э-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1.700.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э-ы .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э-ы ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ