Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Г.Чингис,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2003000000416 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 19-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах их сургуулийн 2-р дамжааны оюутан, ам бүл 5,  эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *******, ******* *******од оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:ПЮ*******/ ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

******* нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГазрын зүүн замд ын эзэмшлийн тоёота маркийн приус загварын УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 16.3-т  заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 61 настай ээг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ээ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “******* машин жолоодож яваад намайг мөргөж гэмтээсэнд би гомдолтой байна. Энэ осолд орсоноос хойш би юм их мартана, нойронд муу  болсон. Би хувиараа дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүрийн өдрийн орлого дунджаар 160.000 төгрөгөөр тооцож 25 хоног дэлгүүрээ ажиллуулж чадаагүй тул 4.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ. Миний эмчилгээнд 905.599 төгрөг дээр 160.800 төгрөгийн эм тарианы үнэ нэмэгдээд нийлээд 1.066.399 төгрөг болсон. Үүнээс 988.000 төгрөгийг ******* төлсөн. Одоо үлдэх 78399 төгрөгийг нэхэмжилнэ”  гэв.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.      

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******  нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ын эзэмшлийн тоёота маркийн приус загварын УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч 61 настай ээг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.   

Хэргийн үйл баримттай холбоотой хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 7-9/

Хохирогч ээ мөрдөн байцаалтанд “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин Од кино театрын ертөнцийн зүгээр зүүн талын замын гарцаар баруунаас зүүн тийш гарчхаад Хаан суудлын бүрээсний газар ороод ьэр газраас удалгүй гараад буцаад зүүнээс баруун чиглэлд явган хүний гарцаар урдаас хойшоо чиглэлтэй явж байсан автомашины 2 эгнээ замыг гарцаараа гараад дараагийн урсгалд ороод /хойноос урагшаа чиглэлд явж байсан/ явж байтал 2,3 дугаар эгнээнд явж байсан саарал өнгийн приус маркийн 2 автомашин намайг хүлээгээд надад зам тавьж өгөхөөр нь явган ганцаараа гарцаар гарах гээд явж байтал 1 дүгээр эгнээнээс их хурдтай автомашин миний биеийн баруун хэсэг болон баруун гар, баруун өвдөгийг мөргөснөөс болж зам дээр гарцны урд үзүүрт унасан. Мөнгөн гүүр эмнэлэгт 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Би хувиасаа эм, тариа авсан боловч баримт байхгүй. Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд төлбөрт 1.000.000 гаран төгрөг болсноос эрүүл мэндийн даатгалаас 769.000 төгрөг төлөгдөөд үлдсэн мөнгийг жолооч ******* төлсөн. Мөн ******* нь тарианы мөнгө гэж 160.000 төгрөгийг дансаар явуулсан байна лээ. Би гэх нэртэй хүнсний дэлгүүр хувиараа ажиллуулдаг 1 өдөрт дунджаар 160.000-200.000 төгрөгийн орлого олдог. Осолд орсноос хойш дэлгүүрээ ажиллуулж чадаагүй байгаа. 1 сарын орлогын мөнгө болох 4.800.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-41/

Яллагдагч ******* мөрдөн байцаалтанд “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би өглөө 10 цаг хүртэл Цамбагаравын Макс. М март худалдааны төвд кассчинаар ажиллах байсан тул манай ээжийн төрсөн дүү Оюунжаргал эгчээс тоёота приус 20 маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйж авсан. Учир нь тэр өдөр Оюунжаргал эгч, нөхрийн хамт ажпынхаа хүмүүстэй Дорноговь аймгийн энергийн төв явахаар болоод надад машинаа үлдээсэн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчим тоёота приус20 маркийн УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Бөмбөгөр худалдааны төвөөс 3, 4-р хороолол орох гэснээ болиод модны -2 орох гээд ертөнцийн зүгээр хойноосоо, урагшаа чиглэлд 1-р эгнээд 10-20 км цагийн хурдтай явж байхад явган хүний гарц ойртож ирэхээр автомашины хурдаа хасаад явж байтал явган хүний гарц дээр хүн харагдахгүй болохоор нь хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад яг гарцан дээр явж байхад ертөнцийн зүгээр зүүн гар талаас 2-р эгнээгээр явж байсан машины урдуур явган хүн гэнэт гарч ирэхээр нь би автомашины тоормосоо гишгэхэд тухайн хүнийг автомашины зүүн талын толь хэсгээр шүргээд зогсоосон. Би машинаасаа буугаад мөргүүлсэн эмэгтэй дээр очиход настай эмэгтэй хүн зам дээр сууж байсан. Мөргүүлсэн эмэгтэйн биед ил харагдах шарх сорви байхгүй байсан тул тухайн хүнийг би түшээд замын баруун талд замын хашлага дээр суулгасан. Замын хажуугаар явсан хүмүүс 102, 103-т дуудлага өгсөн. Би дараа нь дахиж өөрийнхөө утсаар 102, 103-т дуудлага өгөхөд дуудлагыг хүлээн авсан гэж хэлсэн. Эхлээд түргэний машин ирээд мөргүүлсэн эмэгтэй биеийн байдлыг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд машиндаа суулгаад аваад явсан. Би цагдаа нар иртэл хэргийн газарт хэмжилт хийж дууссаны дараа гэмтлийн эмнэлэг ороход мөргүүлсэн эмэгтэйн гар, хөл цээжний рентген зураг авахуулсан байсан. Гэмтлийн эмч нь үзээд ясанд хугарал байхгүй байна гэсэн. Тэр өдрөө толгой, хүзүү, цээжин хэсгийн томографийн зураг авахуулсан. Би зургийн хариуг мэдээгүй тэр өдрөө Азбаяр мөрдөгчтэй ирж уулзсан. Маргааш нь тухайн мөргүүлсэн хүний хүүхэдтэй утсаар яриад биеийн байдлыг асуухад хавирга хугарсан гэсэн онош гарсан талаар хэлсэн. Тухайн хүмүүс Мөнгөн гүүр эмнэлэгт  2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-75/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтанд “...******* нь манай төрсөн эгч Өнөржаргалын хүүхэд нь байгаа юм. Би нөхөртэйгөө хамт Дорноговь аймгийн Хамрын хийд орохоор болоод *******д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өглөө машины түр өгсөн. *******ийн ажил орой тардаг тул машиныг унаж хэрэглүүлэхээр өгсөн. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй гэдгийг мэддэг тул би машины түлхүүрээ өгсөн юм. Машины эвдрэл, гэмтэлтэй холбоотой зардлыг би *******ээс нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12040 дугаартай “*******гийн биед зүүн, баруун талын 4, 5 10-р хавирганы далд хугарал, тархи доргилт, баруун бугуйн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-55 /

Автовээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэг, гэрэл зүргийн үзүүлэлт 888122 дугаартай “...Уг тээврийн хэрэгсэл нь урд гэрлийн хүч, зүүн хойд зогсоолын тоормос, катализатор зэрэг үзүүлэлтүүдээр тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд зүүн хойд зогсоолын тоормос зогсоогүй...авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж, тоормосны ажиллагаа хэвийн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-64/

Өвчний түүх /хх-ийн 93-98/, хохирлын баримтууд /хх-ийн 14-18, 21, 25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.                                                                                                  

 Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд ******* нь  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, мөн дүрмийн 16.3-т хэсэгт заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан оногдуулах нь зүйтэй.

*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо баримтын хүрээнд нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал буюу 20 настай, урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж буй зэргийг харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял оногдуулав.

Хавтаст хэрэгт хохирогчийн эмчилгээнд зарцуулагдсан нийт 905.599 төгрөгийг  шүүгдэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж 988.000 төгрөг өгсөн байна. Хохирогч шүүх хуралдаан дээр эм тарианы зардалтай холбоотойгоор 160.800 төгрөгийн баримт гаргасан нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангаж байх тул (905.599+160.800=1.066.399-988.000=78.399) шүүгдэгч *******ээс 78.399 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.    Харин хохирогч дэлгүүрийн орлогод 4.000.000 төгрөг нэхэмжилсэн нь холбогдох нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, үүнтэй холбогдох болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, жолооны бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                           

                                                                              ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан зүйлгүй, жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 78.399 төгрөг гаргуулж хохирогч ээд олгосугай.

6. Хохирогч ээ цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ