Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/05

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Д.Гүен нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овогт Даваадоржийн Гүенд холбогдох эрүүгийн 2005032811729 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Энержи ресурс” ХХК-д инженер ажилтай,  ам бүл ганцаараа Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү-2222 хороолол 101 дүгээр байрны 1504 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УИ94012731/ Хариад овогт Даваадоржийн Гүен.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Д.Гүен 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны гүүрэн дээр хохирогч Г.Ган-Эрдэнийг гараараа цохиж зодон биед нь халдаж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун чамархайн хуйх, баруун хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Гүен шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчид 1.200.000 төгрөг өгсөн. Дахин ийм үйлдэл гаргахгүй ” гэв.      

Хавтаст хэргээс хохирогч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтад “Би 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө найзуудаа гэрт нь хүргэж өгчихөөд өлсөөд ТБД андуудын “Шөлөндөө” хоолны газарт шөнө 3 цагийн үед хоол идчихээд гэр рүүгээ харих гээд найзынхаа 59-60 УНЛ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн машинтай явж байхад нэг хүн гар өргөөд Маршил таун орно гэхээр нь суулгаад Нарны гүүрэн дээр явж байхад уг залуу 19 орно пизда минь гэхээр нь 19 одоо орох гэж байна буулгаад өгье гэхэд гэнэт араас гар нь орж ирээд хоолой боосон. Тэгээд би машинаа зогсоогоод машинаасаа буугаад хоолой эвгүй болчихоод хахаж цацаад зогсож байхад уг залуу бууж ирээд араас хавсарч унагаагаад толгой дээр дэвссэн. Тэгээд би хөдөлж чадахгүй дэвслүүлээд байж байхад хажуугаар явж байсан залуучууд зогсоод уг залууг салгаад, би босож ирээд 102-т дуудлага өгсөн. Би тэр шөнөдөө гэмтлийн эмнэлэг дээр очиж баруун хөмсгөндөө 3 оёдол тавиулсан. Би гомдолтой байна. Уг залуу над руу холбогдоод миний данс руу 1.200.000 төгрөг өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/,            

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12974 дугаартай “Г.Ган-Эрдэнийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйх, баруун хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18/,

Д.Гүен мөрдөн байцаалтанд “Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хохирогч Г.Ган-Эрдэнээс уучлалт гуйж, эвлэрсэн ба эмчилгээний зардал 1.200.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/  зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

Шүүгдэгч Д.Гүен 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны гүүрэн дээр хохирогч Г.Ган-Эрдэнийг гараараа цохиж зодож биед нь халдаж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун чамархайн хуйх, баруун хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Уг залуу бууж ирээд намайг уруул руу цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

хохирогч Г.Ган-Эрдэнийн “...гэнэт араас гар нь орж ирээд хоолой боосон. Тэгээд би машинаа зогсоогоод машинаасаа буугаад хоолой эвгүй болчихоод хахаж цацаад зогсож байхад уг залуу бууж ирээд араас хавсарч унагаагаад толгой дээр дэвссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас Д.Гүенг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Д.Гүен, хохирогч Г.Ган-Эрдэнийн бие махбодид халдаж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун чамархайн хуйх, баруун хөмсөгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

Иймд шүүгдэгч Д.Гүенг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Гүенд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

 Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Хавтаст хэргийн 59 дүгээр талд хохирогч Г.Ган-Эрдэнэ “1.200.000 төгрөг авсан...одоо 2.800.000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ. Хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй ч шүүгдэгч Д.Гүен хохирогч Г.Ган-Эрдэнэд 1.200.000 төгрөг өгсөн нь мөрдөн байцаалтанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. 

Хохирогч Г.Ган-Эрдэнийн нэхэмжилж буй 2.800.000 төгрөгийн нэхэмжлэл нь холбогдох  нотлох баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхив. Иймд  хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, шүүгдэгч Д.Гүен цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Хариад овогт Даваадоржийн Гүенг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Даваадоржийн Гүенг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Гүен цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

5. Хохирогч хохиролтой холбогдох нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гүенд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ