Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

 

 

 

        Б.Бд холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Эрдэнэбаатар,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Бд холбогдох 1706039180165 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яргай овгийн Б.Б, Ховд аймгийн Дөргөн суманд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хятад хэлний орчуулагчаар ажиллдаг гэх, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Ногоочны 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ::::::::::::::::::

 

Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ногоочин 1-2 тоотод хадам эх Б.Хг “архи уусан гэж хэллээ” хэмээн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Болдбаатарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Х нь учирсан хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаатар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Болдбаатарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялыг 3 хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна. Тогтоолын 1, 2, 4 дэх заалтаас үзэхэд шүүх Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулан, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг заажээ. Гэтэл шийтгэх тогтоолын 3 дахь заалтаас үзэхэд Д.Болдбаатарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Түүнчлэн Д.Болдбаатарт оногдуулсан торгох ялыг 3 ... хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасан байна. Мөн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгчид торгох ял оногдуулах үндэслэлийн талаар дүгнэж бичээгүй. Шийтгэх тогтоолын дээрх заалтуудаас үзэхэд шүүх хэн гэдэг шүүгдэгчид торгох ял оногдуулсан, тус торгох ялыг хэдий хугацаанд хэсэгчлэн төлөх нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Б.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчснөөс шийтгэх тогтоол нь үндэслэлтэй болж чадаагүй байна. 

 

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад шүүгдэгч Б.Бийн нэрийг “... Д.Болдбаатар...” гэж буруу бичснээс гадна торгох ялыг биелүүлэх хугацааг “... 3 /гурван/ хугацаанд ...” гэж хоног, сар, жилээр тогтоосны аль болох нь тодорхойгүй бичснээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээгүй байх шаардлагыг зөрчсөн гэж үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний үндэслэлээ шийтгэх тогтоолд дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын шаардлагад нийцэхгүй.

 

            Дээрх үндэслэлээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл зөв боловч давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, “шийтгэх тогтоолд өөрлөлт оруулж өгнө үү” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг дахин хэллэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 33 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН