Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 125/2022/0010/З |
Дугаар | 221/МА2022/0653 |
Огноо | 2022-10-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2022/0653
“К” ХХК, “А” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн өмгөөлөгч Л.М,
Нэхэмжлэгч: “К” ХХК,
“А” ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”,
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “К” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч О.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, С.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,
Хэргийн индекс: 125/2022/0010/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “К” ХХК, “А” ХХК-иуд нь Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК, “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/107 дугаар захирамж, мөн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөг, “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д, мөн 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д тус тус олгож, “К” ХХК-ийн илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч Л.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. “Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.2. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг баримтлан “К” ХХК , “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж, мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаартай газрын байршлыг өөрчлүүлэх тухай захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаартай захирамжаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж захиргааны байгууллага буюу хариуцагч нь өөрийн гаргасан актыг хууль бус гэж үзэж өөрөө хүчингүй болгоход хамаарах хуулийн хугацааг таван жилийн дотор байхаар хязгаарлан зааж өгсөн байх тул ...” гэж дүгнэсэн.
3.3. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасныг үндэслэсэн. Газар эзэмшигч “К” ХХК 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128 дугаартай захирамжаар газрын байршлыг өөрчлүүлж “Хөшөөт” 2 дугаар багийн нутаг “Хар ямаатын хөндий”-д болгож эзэмшсэн байдаг, энэ эзэмшүүлсэн газар нь тухайн жилийн буюу 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэж шийдвэрлэсэн, хууль бус алдаатай захирамж учраас хүчингүй болгосон бөгөөд хуулийн үндэслэлтэй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан. Түүнчлэн “К” ХХК-ийн эрх сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаартай захирамжийн хувьд хөндөгдөхгүй, 1000 га газрыг бүхэлд нь “А” ХХК-д шилжүүлсэн, “А” ХХК-д газрыг шилжүүлснээр эрх, үүрэг дуусгавар болсон байхад хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна гэж үзэж хийсвэр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
3.4. Мөн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийн тухайд Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй”, мөн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллагаас гаргасан актыг холбогдох этгээдэд нь мэдэгдэх харилцааг тус тус зохицуулсан. Хуулийн эдгээр зохицуулалт нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, гомдлоо дээд шатны захиргааны байгууллагад гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой харилцаа гэж үзэхгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
3.5. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч нараас гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “К” ХХК, “А” ХХК-иуд нь “Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
3.2. Нэхэмжлэгч нарын “Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
3.2.1. Хэрэгт авагдсан баримтууд, маргааны үйл баримтаас үзвэл Төв аймгийн Баянхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөнд төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх байршлыг заасан, үүнд “Хөшөөт” баг, “Тоосгот” байршилд, 1000 га газар, үр тарианы зориулалтаар олгохоор заасан,
Баянхангай сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/58 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Сумын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөө”-г үндэслэн газрын дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийг томилсон, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дуудлага худалдаагаар “Э.И.А” ХХК тус сумын “Хөшөөт” багийн “Тоосгот”-д байрлах 1000 га газрыг худалдан авах эрхийг авсан,
харин 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дуудлага худалдаагаар “Т.Х” ХХК тус сумын “Хөшөөт” багийн 134 дүгээр поль 543 га газрыг худалдан авах эрхийг авсан, уг газар нь 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.
Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Сумын газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөө”-г тус тус үндэслээд газрын дуудлага худалдааны журмын дагуу “Хөшөөт” багийн нутагт байрлах 12, 13, 14, 15, 16 дугаар польноос “Э.И.А” ХХК-д 1000 га газрыг үр тарианы зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн,
сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/122 дугаар захирамжаар ... Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан “Хөшөөт” багийн нутаг дэвсгэрт байрлах “Тоосгот”-д үр тарианы зориулалтаар газар эзэмшигч “Э.И.А” ХХК нь “12, 13, 14, 15, 16 дугаар польноос эзэмшдэг байсан 1000 га газраа “К” ХХК-д шилжүүлэх” хүсэлт ирүүлсний дагуу 12, 13, 14, 15, 16 дугаар польноос үр тарианы зориулалтаар 1000 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан,
сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/128 дугаар захирамжаар “К” ХХК-ийн хүсэлтийн дагуу “Хөшөөт” багийн нутаг дэвсгэрт байрлах “Тоосгот”-ын 1, 2, 3, 4, 5, 8 дугаар польноос 497 га газрыг, “Хөшөөт” багийн нутагт байрлах “Хар ямаатын хөндий”-н 134 дүгээр польноос 503 га газрыг үр тарианы зориулалтаар тус тус 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн,
сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/183 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус заасныг үндэслээд 2020 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны хүрээнд “Хөшөөт” 2 дугаар багийн нутаг “Тоосгот”-ын ногооны талбайгаас “А” ХХК-д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 1000 га газрыг 40 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн, талууд эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.
3.2.2. Харин маргаан бүхий Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар “... А/128 дугаар захирамжаар “К” ХХК-д 503 га газрыг эзэмшүүлэхдээ хуульд зааснаар газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулаагүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар эрх олгогдоогүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн газар эзэмших эрх олгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хуулийн заалтыг үндэслэн байршил шилжүүлсэн, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт явуулалгүй газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан зэрэг утга найруулгын илт алдаа бүхий захирамж гаргасан гэх үндэслэлээр сумын Засаг даргын 2015 оны “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” А/128 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон” байна.
3.2.3. Анхан шатны шүүх “...6 гаруй жилийн дараа А/163 дугаар захирамжаар А/128 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хариуцагч өөрийн гаргасан актыг хууль бус гэж үзэж өөрөө хүчингүй болгох хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэх дүгнэлтийг хийж А/163 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
3.2.4. Учир нь, анх дуудлага худалдааг “Хөшөөт” баг, “Тоосгот” байршилд, 1000 га газарт үр тарианы зориулалтаар газар олгохоор явуулсан, 119 дүгээр захирамжаар “Э.И.А” ХХК-д “Хөшөөт” багийн нутагт байрлах 12, 13, 14, 15, 16 дугаар польноос 1000 га газрыг эзэмшүүлж, А/122 дугаар захирамжаар “Э.И.А” ХХК-ийн “дээрх газраа “К” ХХК-д шилжүүлэх” хүсэлтийн дагуу 12, 13, 14, 15, 16 дугаар польноос үр тарианы зориулалтаар 1000 га газрыг эзэмшүүлсэн байхад А/128 дугаар захирамжаар “К” ХХК-ийн хүсэлтийн дагуу дээрх газрын байршил, талбайн хэмжээг өөрчилж “Хөшөөт” багийн нутаг дэвсгэрт байрлах “Тоосгот”-ын 1, 2, 3, 4, 5, 8 дугаар польноос 497 га газрыг, “Хөшөөт” багийн нутагт байрлах “Хар ямаатын хөндий”-н 134 дүгээр польноос 503 га газрыг үр тарианы зориулалтаар тус тус эзэмшүүлсэн нь хууль бус байна.
3.2.5. Тодруулбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар, 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газрыг эзэмшүүлэхээр, 33.4-д зааснаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглохоор тус тус заасан. Гэтэл сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Хөшөөт” багийн нутагт байрлах “Хар ямаатын хөндийн 134 дүгээр поль” гэх байршилд газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрын хэмжээ, байршлыг өөрчилж эзэмшүүлэх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд сумын Засаг дарга гагцхүү хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, газрын хэмжээ, байршлыг өөрчлөх боломжтой байна.
3.2.6. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д захиргааны байгууллага актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгоно гэж заасан ч захиргааны байгууллагаас хууль бус үйл ажиллагаагаа зөвтгөж, хууль зөрчсөн актаа хүчингүй болгосныг буруутгах боломжгүй.
3.2.7. Мөн нэхэмжлэгч нараас “... маргаан бүхий актуудыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй” гэж маргах боловч энэ тохиолдолд хариуцагч эдгээр ажиллагааг хийсэн ч дээр заасан хууль бус үйлдлийг зөвтгөх, актыг хүчингүй болгоход нөлөөлөхүйц хэмжээний нөхцөл байдал бий болохгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
3.2.8. Түүнчлэн “К” ХХК, “А” ХХК-д 12, 13, 14, 15, 16 дугаар польноос үр тарианы зориулалтаар 1000 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр, хариуцагчаас “... 1000 га газрыг эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан тул дуудлага худалдаанд оруулсан, 1000 га газрыг хүлээлгэж өгсөн, тариалан эрхлэх боломжгүй, шаардлага хангахгүй байна гэсэн тул байршил өөрчилсөн байсан” гэж тайлбарлаж байх тул уг байршилд газраа эзэмшиж, ашиглах боломжтой байна.
3.3. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн “Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
3.3.1. Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/155 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2016 оны 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Хөшөөт” багийн нутаг “Цавхангай” 3 дугаар хороололд байрлах нөөц газраас 2 га газрыг үйлдвэр үйлчилгээний “Үтрэмийн талбай, гурилын үйлдвэр, оффисын байр/ зориулалтаар “К” ХХК-д 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон,
маргаан бүхий сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзээд “К” ХХК-ийн тус сумын “Хөшөөт” 2-р багийн нутаг дэвсгэрт “Цавхангай 3 дугаар хороолол”-д байрлах үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 2 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, үүнтэй холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/155 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон” байна.
3.3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно.
3.3.3. Анхан шатны шүүх “... маргаан бүхий актын талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар, санал аваагүй, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхээр хангаагүй” гэж үзээд А/107 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь уг газрыг 2016 онд эзэмших эрхтэй болсон бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар “К” ХХК нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн, барилга, байгууламж, зам талбай барьсан, тариалан эрхэлсэн болох нь тогтоогдохгүй, сумын газрын даамлын ирүүлсэн газрын бодит байдлын зургаас үзвэл тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3.3.4. Түүнчлэн нэхэмжлэгчээс “... 2019 оноос эхлэн Ковид-19 цар тахлын улмаас өөрийн эзэмшлийн газраас ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, ингээд татсан хашаагаа буулгасан, 2 га газарт сэндвичэн хашаа, шон, гэр барьсан, манаач байсан, банз нь алга болсон” гэж тайлбарлах бөгөөд шүүх “Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна” гэх дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай. Учир нь нэхэмжлэгч 2016 онд газар эзэмших эрхтэй болсноос хойш газар дээрээ ямар нэгэн байдлаар бага ч болов үйл ажиллагаа явуулж байгаад 2019 онд цар тахал гарсантай холбогдуулан үйл ажиллагаа явуулаагүй бол энэ тайлбарыг хүлээн авч, хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан үзэх боломжтой, гэтэл хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар газар дээрээ үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс дээрх тайлбараас өөрөөр газраа зориулалтын дагуу ашигласан болохоо нотлохоор холбогдох баримтыг ирүүлж хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
3.3.5. Иймд Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК, “А” ХХК-иудын “Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Л.М-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “К” ХХК-иас илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН