Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1156

 

Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Хүрэлбаатарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргил,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Дарьжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Баярмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилын тайлбарт: 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Хүрэлбаатарт Б.Баярмаа өөрийн эзэмшлийн 90 000 000 төгрөгийн үнэтэй “Ландкрузер 200” маркийн автомашиныг шилжүүлэн өгч, 20 хоногийн дараа 90 000 000 төгрөгийг авахаар болон уг мөнгөний дүнгээр зээлийн гэрээг хийсэн. Б Хүрэлбаатар нь манай нөхрийн найз учир найдвартай хэмээн бодож зээлээр өөрийн машинаа өгч машины үнийг 90 000 000 төгрөгөөр тохиролцсон. Гэтэл Б.Хүрэлбаатар гэрээнд заасан хугацаанд машины үнийг төлөөгүй атлаа нэг сарын дараа машиныг маань Б.Ганбаатар гэдэг хүнд шилжүүлсэн байсан. 2014 оны 6 сарын сүүл 7 сарын эхэн хүртэлх хугацаанд 25 000 000 төгрөгийг 2-3 хувааж өгсөн. Энэ үед машины эвдрэлтэй талаар огт юм яриагүй атлаа 2014 оны 08 дугаар сарын 27-нд 45 000 000 төгрөг авахад машин чинь эвдрэлтэй байсан гэж үндэслэлгүй зүйлийг хэлээд үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй өдийг хүрч хохироож байна. Миний машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан ба Тоёота компанийн 60 жилийн ойгоор үйлдвэрлэсэн "60 жилтэй хар өнгийн Ландкрузер 200" тул үнэ ханш ч өндөртэй 90 000 000 төгрөг болж, энэ нь уг машины тухайн үеийн зах зээлийн дундаж ханш юм. Б.Хүрэлбаатар нь машиныг өөрөө үзэж шалгаж авчихаад зуны 2-3 cap хэрэглэж, бусдад шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө өгөхгүй арга хайж, эвдрэлтэй байсан мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Б.Хүрэлбаатараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Хүрэлбаатарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие 2014 оны 06 сарын 02-ны өдөр иргэн Б.Баярмаатай зээлийн гэрээ хийсэн боловч ямар нэгэн хэлбэрээр бэлэн болон бэлэн бус мөнгө аваагүй болно. Иргэний хуулийн 282.4-т "...мөнгө зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан бөгөөд Б.Баярмаатай байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Миний бие өөрийн ажлын байр болох СБД-н 9-р хороо Алтайн 428 тоотод байрлах өөрийн оффисийн байранд 2014 оны 05 сарын 26-ны өдөр буюу лхагва гаригт иргэн Б.Баярмаа, Б.Оргил нарын хамт байсан бөгөөд миний бие Б.Хүрэлбаатар найз н.Мөнхбаатараас “Ландкрузер 200” машиныг 95 000 000 төгрөгөөр хэлцэл хийж авч, өөр хүнд зарах талаар утсаар ярилцахыг сонсоод өөрсдийн “Ландкрузер 200” автомашиныг 90 саяар дамжуулан өгөх талаар санал тавьсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан бөгөөд үүнээс илүү борлуулах боломж байсан болохоор хэн хэндээ хэрэгтэй байдлаар машиныг үзэхээр хэлэлцэн тохиролцсон. Мөн худалдан авах хүн шууд авахгүй тул хэсэг хугацааны дараа борлуулахаар хэлэлцэн автомашиныг бусдад борлуулах итгэмжлэл хийлгэн Хан-Уул дүүргийн 15-р хороо Хурд хороолол 6а байрны доод гаражид борлуулах хүртэл хадгалсан. Энэ талаар тэд мэдэж байсан бөгөөд энэ хугацаанд нөхөр Б.Оргилд 25 000 000 төгрөг /10 сая, 15 сая/ 2 хувааж өгсөн. Ингээд худалдан авахаар тохирсон хүнд 7 сарын эхээр машиныг үзүүлэн мөн 3 долоо хоногийн дараа мөнгийг авахаар тохироод машиныг шилжүүлэн өгсөн. Гэвч 7 хоногийн дараа хийсэн хэлцлийг цуцлахаар ирсэн бөгөөд машин зүүн урд талаараа мөргөлдсөн мөн жалганд унасан байж магадгүй, урд жолоочийн болон панилын ослын бүх дэр задарсан, зүүн урд лонжром тахийсан, өөрийн биш чанар муутай хятад, урд копуд, 2 крыло, гупер засвартайг үзүүлэн буцааж өгсөн. Б.Оргилтой 2014 оны 07 сарын 28-ны өдөр ХУД-н 11-р хороо Оргил худалдааны урд байрлах машин угаалгын газар уулзаж “ослын дэрнүүд задарсан, Б.Оргилын санал болгосон үнээр борлуулах боломжгүй”-г хэлээд 25 000 000 төгрөгөө авч буцааж өгье гэсэн. Харин Б.Оргил мөнгийг буцааж өгөх боломжгүй талаар хэлээд “машинаа зар, харин 25 000 000 төгрөг өгөх хүртлээ манай гаражид хадгалагдаж байг, хүнд үзүүлбэл нээлттэй, би ч зар мэдээ болон сайтуудад мэдээлэл оруулъя, зарагдвал би 25 000 000 төгрөгөө гаргаж авъя, чи өөрөө үнээ тавиад ярилцаад зар” гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа Б.Оргилын эхнэр Б.Баярмаа ирээд “чи 45 000 000 төгрөг нэмээд өгчих 70 000 000 төгрөгөөр тооцоогоо дуусгая, бид байрны лизингтэй” гэсэн. Тэгээд би эхнэртэйгээ зөвлөлдөн зээл аваад ярихад Б.Баярмаа нь хөдөө явж байна миний данс руу хийчих, найз нь буцаж очоод гарын үсэг зурна гэсэн.

Би уг машиныг хэлцэл хийж авсан, одоо хүртэл хэрэглээд явж байна. Би Б.Баярмаатай аман хэлцэл хийсэн гэж үзэж байна. Б.Баярмаа, н.Оргил хоёроос би огт мөнгө аваагүй ба Б.Баярмаа зовлонгоо тоочоод байхаар нь би 45 000 000 төгрөг өгөөд бүх асуудал болчихлоо гэж бодож байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Хүрэлбаатарт холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Баярмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Б.Хүрэлбаатар нь 90 000 000 төгрөгөөр биднээс автомашин зээлээр худалдах, худалдан авах тохиролцоо хийгдсэн болох нь хариуцагч Б.Хүрэлбаатар болон нэхэмжлэгч Б.Баярмаа, итгэмжлэгдсэн   төлөөлөгч Б.Оргил бидний тайлбараар нотлогдсон болно. Энэхүү тохиролцоогоо баталгаажуулахын тулд зээлийн гэрээ байгуулсан талаар зохигчид аль аль нь хэлж байгаа тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан бэлэн мөнгөний зээлийн гэрээ биш байсан гэдэг нь тодорхой байна. Миний бие Б.Хүрэлбаатарт өөрийн эзэмшлийн “Ландкрузер 200” маркийн автомашиныг 90 000 000 төгрөгөөр бодож зээлээр худалдаж, Б.Хүрэлбаатар нь мөнгийг 20 хоногийн дараа өгнө гэдэг аман тохиролцоо хийж бидний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй. Автомашин зээлээр худалдан авах талаар Б.Хүрэлбаатар нь хүсэл зорилгоо илэрхийлснийг миний бие нөхөр Б.Оргилын хамт хүлээн авч тохиролцсоноор Иргэний хуулийн 40.1-д заасанчлан Б.Хүрэлбаатарын хүсэл зорилгын   илэрхийлэл   хүчин   төгөлдөр   болсон   бөгөөд   би   автомашинаа түүнд шилжүүлэн өгөх, Б.Хүрэлбаатар нь 20 хоногийн дараа автомашины үнэ болох 90 000 000 төгрөгийг надад өгөх үүрэг үүссэн болно. Миний хувьд үүргээ биелүүлж ямар ч доголдол, эвдрэлгүй автомашиныг шилжүүлэн өгсөн боловч Б.Хүрэлбаатар нь 90 000 000 төгрөг өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 20 000 000 төгрөг дутуу байхад 45 сая төгрөг шилжүүлэхдээ "тооцоо дуусав" гэж намайг зөвшөөрөөгүй байхад өөрөө дураараа бичээд үлдэгдэл 20 000 000 төгрөгийг өгөхгүй байх арга болгон машин эвдрэлтэй байсан гэх үндэслэлгүй зүйл ярьж эхэлсэн.

Б.Хүрэлбаатар миний автомашиныг 90 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон болох нь машиныг худалдах, худалдан авахыг тохиролцсон үнийг баталгаажуулсан "Зээлийн гэрээ" гэх баримтаар нотлогдож байхад шүүх бэлэн мөнгөний зээлийн гэрээ байгуулаагүй, зохигчдын хооронд мөнгө шилжүүлсэн нь нотлогдохгүй хэмээн өрөөсгөлөөр дүгнэж хэт нэг талыг баримтлан хандсан болно.            Шүүх шийдвэрийг үндэслэх хэсэгт “Ландкрузер 200” маркийн автомашиныг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар зээлээр тохиролцсон төлбөртэй байдлаа баталгаажуулсан зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдов” хэмээн дүгнэсэн атлаа машины үнийн үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул хэргийг хянаж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн  эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтыг  зөв тодорхойлж дүгнээгүйгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч залруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Баярмаа нь хариуцагч Б.Хүрэлбаатарт холбогдуулан  “Ландкрузер 200” маркийн автомашины үнийн үлдэгдэл  төлбөр 20 000 000 төгрөг гаргуулахыг  шаардсныг хариуцагч эс зөвшөөрч автомашины үнийг сүүлд 70 000 000 төгрөгөөр өөрчлөн тохирч, төлбөрийг төлж дуусгасан гэж маргасан байна.

 

Талууд 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Ланд Крузер 200”  маркын автомашиныг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, тухайн 90 000 000 төгрөгийн төлбөртэй байдлаа зээлийн гэрээ гэх баримтаар баталгаажуулсан, 70 000 000 төгрөгийг /25 000 000+45 000 000/ өгч авалцсан  үйл баримт тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад шүүх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Тэд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх, буцаан өгөх талаар тохиролцоогүй. Харин автомашины үнийг тодорхой хугацааны дараа өгөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.  

 

Түүнчлэн зохигчдын харилцаа нь зээлээр худалдах худалдан авах гэрээний зарим шинжийг агуулж байгаа хэдий ч талууд хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэргийг тохироогүй, худалдаж буй эд хөрөнгийн төлбөрийг тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авсны дараа төлөх тохиролцоо бүр зээлээр худалдах худалдан авах гэрээ болдоггүй тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй юм.

 

Хариуцагч өөрийн татгалзлалын үндэслэлээ “автомашин эвдрэлтэй байснаас үнийг 70 000 000 төгрөг болгож төлбөрийг барагдуулсан, 45 000 000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар нотлогдоно”  гэж тайлбарлаж байгаа боловч зөвхөн гэрээний нэг талын мөнгө шилжүүлсэн баримт дээр “төлбөр төлж дуусгав” гэж бичсэн байгааг талуудын хоорондын тохиролцоо, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

Худалдан авагч эд хөрөнгө эвдрэлтэй байсан буюу доголдолтой болох нь тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасны дагуу хуульд заасан хугацааны дотор мөн хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байдаг. Харин худалдан авагч буюу хариуцагч нь гомдлын шаардлага гаргасан, үнийг бууруулсан гэх байдал нотлогдоогүй байна.  

 

Худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авагч нь худалдаж авсан хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээдэг ба энэ үүргээ зохих ёсоор  биелүүлээгүй байгаа тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон үнийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Иймээс  хариуцагчаас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/00460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хүрэлбаатараас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгосугай.” гэж,

2 дахь заалтын  “үлдээсүгэй.”  гэснийг “үлдээж, хариуцагчаас 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                                    ШҮҮГЧИД                     Т.ТУЯА

                                                                          

                                                                                          Б.НАРМАНДАХ