Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

 

                            

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Г.Намжил

шүүгдэгч Б.Лхагважаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005031701704 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 18-нд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Техник технологийн дээд сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч. дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овоогийн 14 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:АВ97061819/ Боржигон овогт Батмөнхийн Лхагважаргал.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:   

Б.Лхагважаргал нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр таксины үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх-Оньч” эмнэлгийн гадна хүргүүлсэн Б.Дэлгэрмаагийн орхиж буусан Самсунг Эс-8 маркийн гар утсыг бусдын эзэмшлийн эд зүйл болохыг мэдсээр байж буцаан өгөлгүй, түүнд 360.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:        

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Лхагважаргал шүүх хуралдаанд “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй” гэв.

 Хавтаст хэргээс хохирогч Б.Дэлгэрмаа мөрдөн байцаалтанд "2020 оны 10-р сарын 29-ний өдөр би хүүхдээ тэврээд эгч Одмандахын хамт Цамбагаравын замын урд талын автобусны буудал дээрээс такси барих гээд гар өргөн зогсож байсан чинь саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод хаа хүрэх вэ гэж асуухаар нь Мөнх-Оньч эмнэлэг орно гээд суусан. Тэгээд эмнэлэгийн гадаа ирээд тооцоо 5500 төгрөг гарсан гэхээр нь манай эгч Одмандах өөрийнхөө дансаар жолоочийн 5925171185 гэсэн хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Би буухаасаа өмнө нөхөртэйгээ утсаар яриад буухдаа гар утсаа арын сандал дээр тавиад хүүхдийнхээ малгайг өмсүүлээд эргээд утсаа авалгүй мартаж буусан. Тэгээд би эмнэлэг дотор ороод 10 орчим  минут дуудаж байснаа дунд нэг миний дуудлагыг салгасан. Тэгэхээр нь дахиад залгаад байсан чинь дуудаж байснаа унтарсан. Тухайн үед миний гар утас 98 хувийн цэнэгтэй байсан. Миний утас унтарчихаар нь би цагдаад өргөдөл гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг / хх-ийн 7-8/

Гэрч Ж.Цэндсүрэн мөрдөн байцаалтанд “Би өдрийг нь сайн санахгүй байна. Манай ах Лхагважаргал хэд хоногийн өмнө  ажилдаа явахдаа надад самсунг эс8 палас загварын гар утас өгөөд энэ гар утсыг хадгалаад  байж байгаарай гэж хэлсэн.  Тэгэхээр нь би аваад цүнхэндээ хийгээд аваад явж байсан. Энэ гар утас одоо надад байна. Ах Лхагважаргал надад энэ утасны талаар ямар нэгэн зүйл яриагүй зүгээр л хадгалаад байж бай гэж хэлсэн. Надад өгсөн гар утас нь гадуураа кейсгүй, дэлгэц нь кодгүй дотроо ямар нэгэн зураггүй гар утас  байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

Дамно” ХХК-ний үнэлгээгээр “...Самсунг эс-8 палас маркийн гар утасны зах зээлийн үнийг одоогийн байдлаар 360.500 /гурван зуун жаран мянга таван зуун төгрөг/-өөр тогтоолоо...”  гэжээ. /хх-ийн 17/

Яллагдагчаар Б.Лхагважаргал мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн эзэмшлийн 41-37 УАЕ улсын дугаартай приус-20 маркийн автомашинаар өглөө 9 цагийн үед таксинд явах гэж гарсан. Таксинд явж байгаад Баянгол дүүргийн 5-р хороо Цамбагаравын автобусны буудал дээр хоёр эмэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод авсан. Тэр хоёр эмэгтэй хүн Мөнгөн гүүр эмнэлгийн эсрэг талд байдаг Мөнх-Оньч нэртэй эмнэлгийн гадаа буусан. Таксины тооцоо 5500 төгрөгийг нэг эмэгтэй нь мобайл банкаар хийсэн. Би буцаад машиндаа суугаад хорооллын чиглэлд явсан. Явж байсан чинь зам дагуу нэг хүн гар өргөхөөр нь зогсоод тэр хүнийг авах гэсэн чинь  миний машины хойд суудал дээр самсунг эс-8 маркийн хар хөх өнгийн гар утас байсан. Энэ гар утсыг миний буулгасан хоёр эмэгтэйн нэг нь үлдээгээд буусан байсан. Тэр гар утасны дэлгэц нь кодтой байхаар нь би хажуудаа тавиад явсан. Би гэртээ шөнө 23 цагийн үед ирсэн тэр гар утсанд дуудлага ирсэн байсан. Би дугаарыг нь хараагүй, тэр гар утсыг оролдож байгаад унтраасан. Маргааш нь хамаатны Цэндсүрэн гэдэг дүүдээ өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/

Яллагдагч Б.Лхагважаргалын “миний бие нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа сайн дураар хүлээж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-ийн 45/

Хохирогч Б.Дэлгэрмаагийн “хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 40/

Шүүгдэгч Б.Лхагважаргалын хувийн байдалтай холбоотой  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 23/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                                                                                                                     

Шүүгдэгч Б.Лхагважаргал 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр такси үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх-Оньч” эмнэлгийн гадна хүргүүлсэн зорчигч Б.Дэлгэрмаагийн мартаж буусан Самсунг Эс-8 палас маркийн гар утсыг бусдын эзэмшлийн эд зүйл болохыг мэдсээр байж буцаан өгөлгүй, түүнд 360.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Лхагважаргалын“...миний машины хойд суудал дээр самсунг эс-8 маркийн хар хөх өнгийн гар утас байсан. Энэ гар утсыг миний буулгасан хоёр эмэгтэйн нэг нь үлдээгээд буусан байсан. Тэр гар утасны дэлгэц нь кодтой байхаар нь би хажуудаа тавиад явсан. Би гэртээ шөнө 23 цагийн үед гэртээ ирсэн тэр гар утсанд дуудлага ирсэн байсан. Би дугаарыг нь хараагүй, тэр гар утсыг оролдож байгаад унтраасан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/, хохирогч Б.Дэлгэрмаагийн “...Би буухаасаа өмнө нөхөртэйгээ утсаар яриад буухдаа гар утсаа арын сандал дээр тавиад хүүхдийнхээ малгайг өмсүүлээд эргээд утсаа авалгүй мартаж буусан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч Ж.Цэндсүрэнгийн “...Лхагважаргал ах хэд хоногийн өмнө  ажилдаа явахдаа надад самсунг эс-8 палас загварын гар утас өгөөд гар утсыг хадгалаад байж байгаарай гэж хэлсэн.  Тэгэхээр нь би аваад цүнхэндээ хийгээд аваад явж байсан. Энэ гар утас одоо надад байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/ болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас Б.Лхагважаргалыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 360.500 төгрөгийг хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Б.Лхагважаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Лхагважаргалыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж” бусдад 360.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Лхагважаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Лхагважаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх саналыг Б.Лхагважаргалд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Лхагважаргал нь хохирогч Б.Дэлгэрмаагийн эзэмшлийн “Самсунг эс-8 палас” загварын 360.500 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Батмөнхийн Лхагважаргалыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.                                                                                         

2. Шүүгдэгч Б.Лхагважаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагважаргалд оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Б.Лхагважаргал цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Лхагважаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ