Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Г.Намжил

хохирогч Я.Нансалмаа

шүүгдэгч Б.Мандалмаа, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хашин овогт Баярсайханы Мандалмаад холбогдох эрүүгийн 2005002341573 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 01-нд Дорнод аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Олон Улсын Улаанбаатар их сургуулийн оюутан,  ам бүл 7 эцэг, эх, ах, 3 дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг 17 дугаар гудамж 1 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол хороололын 902 дугаар байрны 54 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ЖВ99100108/ Хашин овогт Баярсайханы Мандалмаа.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Мандалмаа нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АСЕ” нэртэй караоке баарны барменаар ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлж байсан иргэн Я.Цогтбаярын тооцооны үлдэгдэл барьцаанд түр орхисон Я.Нансалмаагийн эзэмшлийн iphone X маркийн гар утсыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бусдад 550.000 төгрөгөөр худалдаж хохирогч Я.Нансалмаад 1.634.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Мандалмаа шүүхийн хэлэлцүүлэгт: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй. Би зарсан утасны төлбөрийг ахынхаа эмчилгээнд зарцуулсан. Надад Цогтбаяр 100.000 төгрөгийн төлбөртэй байсан. Цогтбаяр тэр 100.000 төгрөгийг хохирогч Нансалмаад  өгсөн байна.” гэв.

Хохирогч Я.Нансалмаа шүүхийн хэлэлцүүлэгт: Миний iphone X маркийн гар утас үнэлгээний байгууллагаар 1.634.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Манай дүү Цогтбаяр надад 100.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1.534.000 төгрөгийг Мандалмаагаас нэхэмжилж байна” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Я.Нансалмаа мөрдөн байцаалтанд“ Ч.Аззаяа нь миний охин Д.Цогтбаяр нь миний төрсөн дүүгийн том хүүхэд байгаа юм. Д.Цогтбаярын барьцаанд тавьсан утас  нь миний утас байсан юм. Уг утасны талаар ярихад 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай охин Аззаяа нь шинэ утас аваад өөрийнхөө барьж байсан “iphone X” маркийн гар утас нь миний эзэмшилд шилжсэн. Утас алга болсоны хувьд Цогтбаяр нь надад хэлэхгүйгээр миний утсыг 2019 оны 12 дугаар сарын эхээр аваад явсан байсан. Хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Надад хэлэхдээ писи тоглоом тоглоно гэж гараад тэр өдрөө ирээгүй. Маргааш орой 22 цаг өнгөрч байхад орж ирсэн. Тэгээд Цогтбаярыг гарсаны дараа утас байхгүй байгааг мэдсэн. Тэгээд ирэхээр нь утсаа асуухад писи тоглоомын газраас гараад явж байхад хүмүүст зодуулж дээрэмдүүлсэн гэж ярьсан. Тэгээд цагдаад хандсан гэж яваад 2-3 хоногийн дараа ирсэн. Тэгэхээр нь чи утас яасан бэ гэсэн чинь манай байцаагч Багахангай явчихсан 2 хоногийн дараа ирээрэй гэж хэлсэн. Ингээд утсыг маань өгөхгүй байсан. Тэгж байтал манай охин Аззаяаг цагдаагаас дуудаж байна гээд яваад ирсний дараа найз нөхөдтэйгөө гарч яваад баар гэсэн үү, пабад тавьсан гэдгийг мэдсэн...Надад барьцаанд тавих талаар хэлээгүй. Харин утсыг авч зураг авах тухай надад хэлж байсан. Харин надад утсыг барьцаанд тавьсан тухай хэлээгүй болохоор нь би тухайн үед энэ талаар хэлээгүй гэж мэдүүлсэн. Харин утсыг манай гэрээс авахдаа Цогтбаяр нь хулгай хийж авсан зүйл байхгүй. Мөн Цогтбаяр утас авч явж хэрэглэх талаараа манай охин Аззаяад хэлсэн байсан. Харин хэзээ авч явах талаараа хэлээгүй байж байгаад аваад явсан байсан...Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дүү Д.Цогтбаяраас 100.000 төгрөгийг бэлнээр авсан. Д.Цогтбаяр надад тухайн мөнгийг өгөхдөө би таны “ай фон икс” маркийн гар утсыг чинь нэг орой аваад гараад ирнэ гэж хэлээд тухайн оройноо архи уугаад караокед зөөгч эмэгтэй Б.Мандалмаа гэх хүнд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд барьцаанд тавьсан утсыг чинь Б.Мандалмаа хүнд зарчихсан байсан гэж хэлсэн. Мөн Б.Мандалмаа нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “таны утсыг зарсан мөнгийг нь төлж барагдуулж дуусгана” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42, 43-44, 45-46/

Гэрч Д.Цогтбаяр мөрдөн байцаалтанд: “ Үеэл эгч Аззаяа нь 2019 оны 12 дугаар сарын эхээр Макао улс явахдаа өөрийнхөө хуучин барьж байсан. Силвер буюу мөнгөлөг өнгийн 256 гегабайттай “ай фон икс” маркийн Австрали улсаас авч байсан гар утсыг надад өгсөн юм. Уг утсыг хэрэглэж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найзуудынхаа хамт гадуур гарахаар болж хорооллын эс вай нэртэй парадоксын автобусны буудал дээр байдаг бааранд 00 цагийн орчим ороод 03:30 цагийн орчим гарцгаасан. Тэр бааранд  4-лээ ороод нэг хүний 0.33 литрийн хэмжээтэй хайнэкэн нэртэй пиво тэкэлла нэртэй виски авч ууцгаасан. Тэгээд баарнаас гараад хорооллын эцсийн “Би Эс Би” төвийн эсрэг талд байрлах “Эй Си И” центрийн доор байдаг караокед орсон юм. Тэр караокед бид нарыг очиход хаалттай юм шиг байсан. Тэгээд хаалгыг нь татахад доошоо буудаг шат байсан. Шатаар буухад нэг хамгаалагч бололтой залуу яах гэж байгааг асуухаар нь караоке оръё гэсэн чинь оруулсан. Ингээд тэр караокед 1 цаг орчим дуулаад еден нэртэй архитай гээд 140.000 төгрөгийн багц байсан. Уг багцанд 0.75 литрийн еден нэртэй архи, 2-3 шил пиво, чипс мөн 2-3 ундаатай байсан. Уг архи пивоо уугаад 6 цагийн орчим гарахаар тооцоогоо хийх гэтэл 100.000 төгрөг дутсан. Ингээд бид нарын мөнгө дууссан байсан учир гар утас барьцаанд тавихаар болоод би гар утсаа тавихаар болсон. Тухайн үед яагаад би утсаа барьцаанд тавих болсон бэ гэхээр 2 найз маань утасгүй, нэг найз маань борлуулалтад явдаг тул утас зайлшгүй хэрэгтэй байсан. Ингээд би эгчийн надад түр өгсөн  “ай фон икс” маркийн гар утсыг барьцаанд тавьсан. Тухайн үед надад тэр утаснаас гадна “ай фон эс 6” маркийн гар утас байсан ч текен дээр зогсож байсан охин зөвхөн “ай фон икс” маркийн утсыг авна гээд байхаар нь өдөрхөн авчих юм чинь гэж бодоод утсаа барьцаанд тавьсан. Барьцаанд тавихдаа тэр бармен охины дугаарыг авсан. Мөн би барьцаанд үлдээсэн гар утасныхаа түгжээг нь тайлаад өгсөн. Учир нь тэр охин утсаа салгачхаж магадгүй гэж бодоод түгжээг нь тайлж өгсөн. Ингээд тэр өдрөө утсаа авах гээд очиход цуг ажиллаж байсан хүн нь тэр охины ах нь осолд орсон гээд ирээгүй гэсэн. Нөгөөдөр нь залгаж холбогдоход хаана байгааг нь асуухад айлд байна маргааш больё гээд хойшлуулсан. Ингээд энэ мэтчилэн хойшлуулсаар өдийг хүрч байна. Тэр охины фэйсбүүк хаягийг нь цуг ажилладаг хүнээс нь асуухад Б.Мандалмаа гэсэн хаяг өгсөн. Энэ хаягаар мессенжерээр болон өгсөн дугаараар нь мессежээр харьцахаар утас чинь байгаа өгнө гэх боловч хэзээ өгөх нь тодорхойгүй Хэнтий аймагт байна, Налайх дүүрэгт байна, өөр ажилтай байна гэж хэлдэг. Энэ хугацаанд  би нэг удаа ботаникийн жанжин клубын автобусны буудал дээр 2019 оны 12 дугаар сарын 15-ны үеэр нэг удаа уулзсан. Тухайн үед тэр охин чиний утас одоо надад алга байна. Би ажлын эгчид орлогын мөнгө өөрөөсөө өгсөн. Одоо надад мөнгөө өгчих би маргааш утсыг чинь аваад ирье гэсэн. Ингээд өдийг хүртэл хүлээсэн боловч 100.000 төгрөгийг чинь өгье, утсаа авъя гэхээр мөнгөө эхлээд өгчих тэгээд утсаа ав гэж байснаа одоо болохоор утсыг чинь алга болгосон гээд байгаа...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 47-49/

Гэрч Ч.Аззаяа мөрдөн байцаалтанд”...Монгол мөнгөөр 3.478.000 төгрөгөөр худалдан авч байсан утсаа ээждээ түр бариулахаар өгөөд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирээд ээжээс утсаа авах гэтэл ээж Цогтбаяр аваад гарсан гэж хэлсэн. Цогтбаяраас утсаа асуутал ээжийндээ орчихсон гэж байснаа өдөр хоног өнгөрөх тусам дадлага руугаа аваад явсан, хүнд өгсөн энд тэнд орхисон гэж байснаа 2019 оны 12 дугаар сарын 27-ны үеэр утсаа дахиад асуухад манай ангийн хүүхэд эвдэлчихсэн удахгүй төлнө гэсэн боловч бас л утас авч ирээгүй. 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр би утсаа дахиад Цогтбаяраас нэхэхэд би гар утсаа хүнд дээрэмдүүлчихсэн, миний таньдаг цагдаа хүнийг нь олчихсон тэр хүнээр төлүүлэх гээд явж байгаа гэж хэлсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-56/

Б.Мандалмаа мөрдөн байцаалтанд “Би хорооллын эцэст байдаг АСЕ нэртэй караокед 2019 оны 10 сараас 2019 оны 12 сарын эхэн хүртэл барменаар ажилласан. 2019 оны 12 сарын 06-ны өдөр үүрээр 4 цагийн орчим миний ажиллаж байсан АСЕ караокед 3-4 залуу орж ирсэн ба тухайн залуучууд согтуу орж ирсэн. Тэгээд манай караокед хэдэн цаг дууссаныг санахгүй байна. Эдэн нэртэй архины сэт 0.75 литрийн архи, 4 ус, 4 ундаа, 1 чипс авсан. Тэгээд 6 цагийн орчимд гарсан санагдаж байна. Тэгээд тооцоогоо хйих гэтэл тэд нарт 142.000 төгрөгөөс 100.000 төгрөг дутсан. Ингээд нэг залуу “ай фон икс” маркийн гар утсаа барьцаанд тавьсан. Гэхдээ тэр гар утсаа өглөө 10 цагт ирээд авна гэж байсан. Уг нь АСЕ караокены дотоод журамд эд хөрөнгийг тооцооны барьцаанд авахыг хориглосон байдаг. Гэвч би төлбөрт орохгүйн тулд “ай фо икс” маркийн гар утсыг тухайн хүмүүс заавал ирж авна гэж үзээд барьцаанд авсан юм. Утсаа барьцаанд тавьсан залуу 10 цагт ирнэ гэсэн боловч ирээгүй. Нөгөөдөр шөнө 3 цагийн үед над руу залгасан байсан. Тэгээд би нөгөөдөр нь орой юм уу маргааш ирээд авчих гэж хэлсэн. Энэ хугацаанд би өөрөө ажлаасаа гарсан байсан. Ажлаасаа гараад Хэнтий Дорнод аймгаар явсан. Би өөрөө хувийн ажилтай байсан учраас тухайн утасны эзэн залуутай уулзаж чадахгүй байсаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны үеэр барьцаанд тавьсан “айфоне Х” маркийн гар утасыг Чулуун овооноос Улиастай чиглэлийн автобусанд суухдаа хаясан...Захирал Анхбаатар уг нь барьцаанд эд зүйл битгий ав гэж хэлж байсан. Хүмүүсээс өмнө нь барьцаанд авч байсан ч утаснуудаа ирж авахгүй байсан. Тиймээс надад барьцаанд эд зүйл авах эрх байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажилд орох анкет ч бөглөөгүй. Зарын дагуу ажилд орсон...” гэсэн мэдүүлэг /57-59/ 

Гэрч Н.Алтангэрэл мөрдөн байцаалтанд: “2019 оны 12 дугаар сарын дундуур манай нөхөр Отгонбаяр надад гар утас худалдан авсан гээд авчирч өгсөн. Уг утасыг нөхөр маань надад бэлэглээд би тухайн гар утсыг өөрөө худалдсан.  Мандалмаа нь тухайн гар утсыг манай нөхөрт зарахдаа мөнгөний хэрэг гараад зарж байгаа гэж хэлсэн. Манай нөхөр фэйсбүк зараар уг утсыг олоод Өргөө кинотеатрын доод талд байдаг Хөгжил хотхоны гадна ломбарднаас  Мандалмаа гэх эмэгтэйтэй очиж авсан. Мандалмаа гэх эмэгтэй ломбарданд 100 орчим мянган төгрөгөөр тавьсан байсан. Харин манай нөхөр 550.000 төгрөгөөр худалдан авсан.  Би уг утасыг хэрэглэж байгаад 2020 оны 2 сарын 12-ны өдөр мөнгөний хэрэг гараад фейсбүүкээр худалдах зар тавиад Ганболд Хишигдэлгэр гэх хүнээс айфоне 8 утсан дээр 150.000 төгрөгийн зөрүү аваад худалдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/

Яллагдагчаар Б.Мандалмаа мөрдөн байцаалтанд“...Тухайн үед би уг утсыг бусдад зарсанаа нуугаад уг зарсан хүнээсээ өөрөө  эргүүлж худалдан аваад эргүүлээд утасны эзэнд нь өгчихнө гэж бодоод мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “iphone X маркийн мөнгөлөг өнгийн 256gb багтаамжтай гар утас 1.634.000 төгрөгөөр үнэлэгдэнэ”  гэжээ. /хх-ийн 69-70/

Б.Мандалмаагийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Мандалмаа нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АСЕ” нэртэй караоке баарны бармэнаар ажиллаж байхдаа тус газраар үйлчлүүлсэн Я.Цогтбаярын тооцооны үлдэгдэл барьцаанд түр орхисон Я.Нансалмаагийн эзэмшлийн iphone X маркийн гар утсыг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бусдад 550.000 төгрөгөөр худалдаж, хохирогч Я.Нансалмаад 1.634.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Мандалмаагийн “би тэр гар утсыг 550.000 төгрөгөөр зараад мөнгийг нь ахынхаа эмчилгээнд хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Я.Нансалмаагийн“...Би 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дүү Д.Цогтбаяраас 100.000 төгрөгийг бэлнээр авсан. Д.Цогтбаяр надад тухайн мөнгийг өгөхдөө би таны iphone X маркийн гар утсыг чинь нэг орой аваад гараад ирнэ гэж хэлээд тухайн оройноо архи уугаад караокед зөөгч эмэгтэй Б.Мандалмаа гэх хүнд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд барьцаанд тавьсан утсыг чинь Б.Мандалмаа хүнд зарчихсан байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/ гэрчээр Д.Цогтбаярын“...би эгчийн надад түр өгсөн  iphone X маркийн гар утсыг барьцаанд тавьсан...100.000 төгрөгийг чинь өгье, утсаа авья гэхээр...утсыг чинь алга болгосон гээд байгаа...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 47-49/, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний iphone X маркийн  мөнгөлөг өнгийн 256gb багтаамжтай гар утасны 1.634.000 төгрөгийг үнэлгээ” /хх-ийн 69-70/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Б.Мандалмаа “АСЕ” нэртэй караоке баарны бармэнаар ажиллаж байхад тус баараар үйлчлүүлсэн Д.Цогтбаяр нь тооцооны үлдэгдэл 100.000 төгрөгийн төлбөрт эгч Я.Нансалмаагийн өмчлөлийн iphone X маркийн гар утсыг захиран зарцуулах эрхгүйгээр түр хугацаанд итгэмжлэн хариуцуулж үлдээжээ.  Уг гар утсыг Б.Мандалмаа нь дур мэдэн ломбарданд 100.000 төгрөгөнд барьцаалж, бусдад 550.000 төгрөгөөр зарж борлуулж мөнгийг нь өөрийн эзэмшилд авсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Б.Мандалмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Мандалмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан  хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Мандалмаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Мандалмаа завших гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө бичгээр илэрхийлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад “..тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Мандалмаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Б.Мандалмаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Мандалмаагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 1.534.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Нансалмаад олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хашин овогт Баярсайханы Мандалмааг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мандалмааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Б.Мандалмаад тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

5. Б.Мандалмаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

6. Б.Мандалмаа энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Мандалмаагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 1.534.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Нансалмаад олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мандалмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

   

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ