Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

хохирогч *******

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2005004931020 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 07-нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Архангай аймгийн Эрдэнбулган сумын *******т оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:АЮ*******/ ******* овогт *******ийн *******.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

******* нь 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын ажилчидын өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч *******гийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жи-3 маркийн гар утас, хохирогч *******ын эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Нөт-3 маркийн гар утас, бэлэн 200.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж нийт 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                   

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “******* манай буудалд ирж өрөө авсан. Төлбөрөө бэлэн мөнгөөр хийж байсан. ******* манай буудалд өрөө аваад ойр ойрхон буудлаас гарч ороод байсан. Манай буудалд 3 хоносон байх. Тэгээд манай ажилчдын өрөөнөөс ******* бид хоёрын гар утсыг авч гарсан. Манай буудлын 1 давхрын текний хажуу талд гал тогооны өрөө мөн ажилчдын өрөө байдаг. ******* манай буудлын ажилчдын өрөөнд орж ******* бид хоёрын гар утаснуудыг авсан байсан. Ажилчдын өрөөний гадна талд гадны хүн орохыг хориглоно гэсэн бичиг байдаг бөгөөд *******ыг ажилчдын өрөөнд орохыг хэн ч зөвшөөрөөгүй. ******* бид хоёрын хохиролыг ******* төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”  гэв.

Хавтаст хэргээс хохирогч ******* мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 01 дүгээр сарын дундуур Баянгол дүүргийн 12 дугаар хороо зочид буудалд цагийн ажил хийж байсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ өдөр 12 цагт ирсэн.  Буудлын бүртгэлээ үзсэн чинь 14 тоотын хүн дахиад нэг хоног өрөөгөө сунгасан байсан. Тэгэхээр нь харсан чинь намайг 2020 оны 01 дүгээр сарын 16-нд ажил дээрээ хонох өдөр байсан хүн байсан. Тухайн өдөр 2 давхарт байсан, намайг 19-нд ажил дээрээ ирэх үед нэг давхарт орсон байсан. Уг залуу өдөр нь надаас “би утас авах гэж байгаа юмаа, ойрхон гар утас зардаг газар байгаа юу” гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би “байгаа байхаа, би энэ орчмыг сайн мэдэхгүй, Өргөө дээр байгаа байх” гэж хэлсэн, тэгээд орой болсон. Тэгээд манай үйлчлэгч ******* ажилчдын амралтын өрөөнд орж амрахаар болсон, харин би үүдний хэсэгтээ амарсан. Тэгээд өглөө 05 цаг өнгөрч байхад сэрээд амралтын өрөө ороод гар утсаа авах үед байхгүй байсан. Манай үйлчлэгч ******* сэрээд “миний гар утас бас байхгүй байна” гэсэн. Хажуу 14 дугаарын өрөөний хаалга онгорхой байсан, тэгэхээр нь харсан чинь уг залуу байхгүй байсан...Би 2020 оны 01 сарын 16-нд Тэди худалдааны төвөөс уг гар утсаа 450.000 төгрөгөөр худалдан авч байсан...******* гэх хүнд ажилчдын өрөөнд орох ямар нэгэн зөвшөөрөл гэх зүйл огт өгөөгүй...Хяналтын камерын бичлэгт тухайн хүн нь ажилчдын өрөөнд орчихоод өөрийнхөө амарч байсан өрөөнд буцаж оролгүйгээр шууд зам хөндлөн гараад гүйж яваа бичлэг байсан. Энэ үйл явдал нь манай хяналтын камерын цагаар бол 2020 оны 01 сарын 20-ны 05 цаг 07 минут гэж гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23, 24-26/

Хохирогч ******* мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 01 дүгээр сарын дундуур би өөрийн эгч болох Амарзаяагийн оронд Баянгол дүүргийн 12 дугаар хороо зочид буудалд цагийн ажил хийж байсан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ өдөр 12 цагт ирээд буудлын өрөөнүүдээ цэвэрлээд ажлаа хийж байгаад шөнө 03 цагийн үед ажилчдын амралтын өрөөнд ороод өөрийн Самсунг нөт-3 маркийн гар утсаа ширээн дээрээ тавиад түр амрахаар хэвтсэн юм. Тэгээд би өглөө 06 цагийн үед сэрээд өөрийн гар утсаа ширээн дээрээс авах гэтэл байхгүй байсан. Тухайн өдөр надтай хамт ажиллаж байсан эмэгтэй бас ажилчдын өрөөнд орж ирээд өөрийн гар утсаа хайгаад олохгүй байсан. Тэгэхээр нь бид хажуу өрөөнд байсан залууг авсан байх гэж бодоод өрөөг нь үзэх үед уг залуу байхгүй гараад явсан байсан. Мөн миний гар утасны гэрний ард талд би бэлэн 200,000 төгрөг хийсэн байсан, маргааш өглөө нь манай охин яаралтай хагалгаанд орох байсан болохоор би цагдаад хандаж чадаагүй, өглөө эрт ажлаас гараад явсан юм. Харин тухайн өдөр надтай хамт гар утсаа алдсан эмэгтэй хяналтын камер шүүж харсан, тэгээд мөн цагдаад өргөдөл гаргаж өгсөн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “...Би цагаан өнгийн нөт-3, цэнхэр өнгийн жи-3 маркийн гар утаснуудыг авсан. Тэрнээс биш 200.000 төгрөг байгаагүй, ямар учраас энэ талаар яриад байгааг мэдэхгүй байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас авсан юм. Би 2 гар утсаа нийлүүлээд 120.000 төгрөгөөр монтел худалдааны  төвд зарж борлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85/

Кости Энстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “самсунг брэндийн галакси жи 3 маркийн гар утсыг 250.000 төгрөг, самсунг брэндийн нөт 3 маркийн гар утсыг 120.000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэжээ. /хх-ийн 32/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 7-11/

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /хх-ийн 49/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

******* Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” зочид буудлын 14 тоот өрөөнд байрлаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ажилчидын өрөөнөөс хохирогч *******гийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг жи-3 маркийн гар утас, хохирогч *******ын эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг нөт-3 маркийн гар утас болон бэлнээр 200.000 төгрөгийг хулгайлан авч бусдад нийт 570.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...Би цагаан өнгийн нөт-3, цэнхэр өнгийн жи-3 маркийн гар утаснуудыг авсан...Би 2 гар утсаа нийлүүлээд 120.000 төгрөгөөр монтел худалдааны  төвд зарж борлуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85/, хохирогч *******гийн “…******* гэх хүнд ажилчдын өрөөнд орох ямар нэгэн зөвшөөрөл гэх зүйл огт өгөөгүй... Хяналтын камерын бичлэгт тухайн хүн нь ажилчдын өрөөнд орчихоод өөрийнхөө амарч байсан өрөөнд буцаж оролгүйгээр шууд зам хөндлөн гараад гүйж яваа бичлэг байсан. Энэ үйл явдал нь манай хяналтын камерын цагаар бол 2020 оны 01 сарын 20-ны 05 цаг 07 минут гэж гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23, 24-26/, хохирогч *******ын “...өглөө 06 цагийн үед сэрээд өөрийн гар утсаа ширээн дээрээс авах гэтэл байхгүй байсан, тэгээд тухайн өдөр надтай хамт ажиллаж байсан эмэгтэй бас ажилчдын өрөөнд орж ирээд өөрийн гар утсаа хайгаад олохгүй байсан. Тэгэхээр нь бид хажуу өрөөнд байсан залууг авсан байх гэж бодоод өрөөг нь үзэх үед уг залуу байхгүй гараад явсан байсан. Мөн миний гар утасны гэрний ард талд би бэлэн 200,000 төгрөг хийсэн байсан, маргааш өглөө нь манай охин яаралтай хагалгаанд орох байсан болохоор би цагдаад хандаж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 7-11/, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 32/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******ын “” зочид буудлын ажилчдын өрөөнөөс тус буудлын ажилтан хохирогч *******гийн эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэтэй самсунг жи-3 маркийн гар утас, хохирогч *******ын эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэтэй самсунг нөт-3 маркийн гар утас болон бэлэн 200.000 төгрөг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцогдоно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч ******* зочид буудалд буудаллаж байсан учраас орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн ажилчдын өрөөнд нэвтрэхэд ямар нэгэн саад бэрхшээл тулгараагүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж өгнө үү”  санал дүгнэлт тус тус гаргалаа.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.     

Түүнчлэн орон байр гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал гэх зэргийг хамааруулна.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* “” зочид буудалд хууль ёсоор нэвтэрч тус буудлын 14 тоотод байрлаж байсан боловч, буудлын ажилчдыг амарч байхад нь ажилчдын өрөөнд зөвшөөрөлгүйгээр, сэм нэвтэрч  эд зүйлс хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон. Буудлын ажилчдын өрөөнд нэвтрэх эрх түүнд олгогдоогүй талаар хохирогч нар мэдүүлсэн болно.

Өөрөөр хэлбэл буудлын ажилчдын өрөө буюу албан тасалгаанд зөвшөөрөлгүйгээр, сэм нэвтэрч эд зүйлс хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм. 

Прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхээс шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.        

Шүүгдэгч *******ын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.      

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж байгаа болон урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг нь харгалзан түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролд “хохирогч *******д 250.000 төгрөг, хохирогч *******д 320.000 төгрөг хүлээлгэн өгсөн” баримт шүүх хуралдаан дээр шүүгдэгч талаас гаргасныг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй.   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                          

ТОГТООХ нь:

1.******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын цагдан хоригдсон 35 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.******* бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ