| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/0604/и |
| Дугаар | 135 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Нэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь энхэрээсээ салсан гэдгээ надад хэлж хамтран амьдрахыг хүссэн учраас бид 2015 оноос үерхэж эхэлсэн. Энэ хугацаанд хүү *******оо 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрүүлсэн. *******тоо тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хээвээрээ. Нэмж гаргах тайлбаргүй гэв.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.******* нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү *******т хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг шүүх хуралдаан хийхгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г.******* миний бие хөдөө ажилтай байгаа учир шүүх хуралдаанд хүрэлцэн очих боломжгүй байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд надгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэж хүсч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэл, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, “Энхийн хүслэн” Эрүүл мэндийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, Н.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хариу тайлбар, нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлт, хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний мөн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******өд холбогдуулж 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Н.*******т хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Д.*******, Г.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрах хугацаанд 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүү Н.*******ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Өмнөговь аймгийн “Энхийн хүслэн” Эрүүл мэндийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, Н.*******ын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Д.*******гийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Н.*******ыг эцэг Г.******* нь өөрийн хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Г.*******өөс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Н.*******ыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд хүү Н.*******ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Г.*******өд даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Өмнөговь аймгийн “Энхийн хүслэн” Эрүүл мэндийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолтоор зохигчдын хүү Н.******* нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо нэхэмжлэлийн үнийн дүнгээс тооцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн үнийг “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүн”-гээр тодорхойлно. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******ийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тухайн хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар сар бүр төлнө. Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг Үндэсний статистикийн хорооноос тогтоодог бөгөөд тус хорооны 2017 оны тогтоолоор Өмнөговь аймагт хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг 166.200 төгрөг байхаар тогтоожээ. Үүнээс дүгнэвэл хариуцагч Г.******* нь хүү Н.*******т сар бүр 166.200 төгрөгийн 50 хувь болох 83.100 төгрөгийг тэтгэлэгт төлөхөөр байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлвол жилд 997.200 төгрөг төлөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг дүнгээс тооцож 28.483 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлөх бөгөөд хариуцагч Ц Г.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 28.483 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/-аас 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Н.*******ыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
3. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Н.*******ыг хүссэн үед нь уулзаж байхыг эцэг Г.*******өд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 28.483 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******өөс 28.483 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР