Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Б.Батсайхан

шүүгдэгч С.Анужин, түүний өмгөөлөгч  Б.Баасандорж

шүүгдэгч М.Тэлмэнсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос

 М.Тэлмэнсайханыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

С.Анужинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тэлмэнсайхан, С.Анужин нарт холбогдох эрүүгийн 2002002050203 дугаартай 4 хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын  иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү, 2 настай охины хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 231-б тоотод оршин суух хаягтай, урьд нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр  589 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, /РД:УК96111854/, Дэлдгэр галзууд овогт Мөнхнарангийн Тэлмэнсайхан.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны  7 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны нийтийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 52-143 тоотод оршин хаягтай, ял шийтгэлгүй /РД:УП97071644/, Зэлмэ овогт Сүхбатын Анужин.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Тэлмэнсайхан нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны 143 тоотод оршин суух С.Анужингаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 0,5867 грамм каннабис өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ болон Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11-09 тоот хашааны орчим Тоёота Ланд крузер-78 маркийн 95-78 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан,

2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47а  дугаар байрны орчим саадан дотор  Э.Дөлгөөний өмчлөлийн Huawei Y-6 /Хуа вэй вая-6/ загварын гар утсыг “...утсаар чинь яриад өгье...” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим гудамжинд насанд хүрээгүй хүүхэд болох Б.Сондорын Самсунг эс-8 плас загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн,

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, мөн 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 23-918б тоотод хамтран амьдрагч Х.Хуланг хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, баруун бугалга, тохой, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны-2 уруудах талын автобусны буудал дээр П.Бадамцэцэгийн өмчлөлийн Самсунг эс-8 плас загварын гар утсыг “...Фэйсбүүкийн мессенжер ороод чатаа нэг шалгачихаад өгье...” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ти Жи Ай Си коммуникэшн” ХХК-ийн эзэмшлийн Huawei Y-7 /Хуавэй вая-7/ загварын 669.000 төгрөгийн үнэ бүхий гар утасны дохиоллын утсыг хайчаар тасалж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахыг завдсан,

С.Анужин нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 52 дугаар байрны 143 тоотод оршин суух гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 0,5867 грамм каннабис өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, М.Тэлмэнсайханд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Тэлмэнсайхан “Яллах дүгнэлтэнд бичигдсэн бүх үйлдлийг би хүлээн зөвшөөрч байгаа. Анужин бид хоёр урьд нь үерхдэг хамт амьдардаг байсан. Би мансууруулах бодис Анужингаас аваагүй. Би хороололд явж байгаад үл таних хүнээс мансууруулах бодис авч хэрэглэсэн юм. Гэмт хэргүүд үйлдсэндээ гэмшиж байна” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Анужин мэдүүлэхдээ “Тэлмэнсайхан бид хоёр бол цэцэрлэгээсээ нэг ангид байж байгаад үерхэж хамт амьдарч байсан юм. Тэлмэнсайхан надаас мансууруулах бодис байна уу гэж асуусан. Би байхгүй гэж хэлэхэд дахин дахин асуугаад байхаар нь ээжийнхээ элэг бөөрөнд уудаг эмийг нунтаглаад өгчихсөн юм. Би мансууруулах бодис хэрэглэдэггүй болохоор тийм зүйлийг мэдэхгүй. Би Тэлмэнсайханд мансууруулах бодис өгөөгүй” гэв.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос

-М.Тэлмэнсайханыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт,

мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”  гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахыг завдсан”  гэмт хэрэгт,

-С.Анужинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч С.Анужингийн үйлдэлтэй холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.       

Үүнд: яллагдагчаар М.Тэлмэнсайхан мөрдөн байцаалтанд “... би хэрэг болсон өдөр Анужингийн гэрт нь очиж 5000 төгрөгөөр каннабис өвс худалдаж аваад орой нь Баярсүхийн аавын машинд бөөнөөрөө хэрэглэж байгаад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 126-127/

Гэрч Х.Хулан мөрдөн байцаалтанд“...Тэлмэнсайхан танил дээрээ очиж юм авна гэхээр нь би дагаад хамт явсан. Гэхдээ би тэр айл руу хамт ороогүй, орцонд нь зогсоож хүлээж байсан бөгөөд Тэлмэнсайхан өөрөө ганцаараа уулзаад бууж ирсэн...Цагдаагийн хэлтэс дээр очоод юун өвс хаанаас гараад ирэвээ гээд Тэлмэнсайханаас асуухад надтай хамт очсон айл нь Анужингийн гэр байсан бөгөөд Анужингаас 5000 төгрөг өгөөд худалдаж авсан өвс байгаа юм гэж хэлсэн...Анужин Тэлмэнсайхан нараасаа нэг ангид сурч байсан, үерхэж дотно харилцаатай байсан бөгөөд салаад надтай хамт амьдарч хүүхэдтэй болсон байхад Анужин Тэлмэнсайхан руу залгаад уулзъя гээд байдаг байсан. Ер нь л Анужин завсар зай гарвал Тэлмэнсайхан руу залгаад уулзъя гээд гуйгаад байдаг болохоор их төвөгтэй байдаг. Би Тэлмэнсайхантай хардалт, гэр бүлийн хүчирхийлэл, жижиг сажиг асуудлаас болоод сэтгэл зүйн хэт хөөрөлд автаад 2020 оны 4 сарын 06-ны өдрөөс 5 сарын 15 хүртэлх хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 4 дүгээр тасагт хэвтэн эмчлүүлсэн...Тэлмэнсайханаас  салъя гэхээр салахгүй, тэгсэн мөртлөө Анужин болон өөр хүнтэй уулзаж учраад яваад  өгнө гэх мэт асуудал их  байх болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 55-56/

Гэрч Б.Мөнгөнбаяр мөрдөн байцаалтанд “...Тэлмэнсайхан халааснаасаа нэг жижиг ууттай өвс гаргаж ирээд усны сав цоолоод тугалган цаас тавьж байгаад хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорж хэрэглэсэн. Тэрнээс нь бид нар сонирхоод ээлжилж 2 удаа сорж үзсэн. Хаанаас энийг авсан юм бэ гээд асуутал Анужингаас авсан, уг нь 20000 төгрөгөөр авна гэж ярьсан боловч ёстой ярьсаар байгаад 5000 төгрөгөөр авчихлаа гэж Тэлмэнсайхан өөрөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59/

Гэрч Х.Тэмүүжин мөрдөн байцаалтанд “...Удалгүй Тэлмэнсайхан халааснаасаа нэг жижиг ууттай өвс гаргаж ирээд хуванцар сав ашиглаад сорж хэрэглэсэн. ...Цагдаагийн хэлтэс дээр ирээд тэр өвсөө Анужин гээд охиноос авсан гэж хэлэхэд нь мэдсэн...” гэж  тус тус мэдүүлсэн байна. /1хх-ийн 67/

Гэрчээр С.Анужин 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад  анх мэдүүлэхдээ “ Би Тэлмэнсайхантай цэцэрлэгээсээ эхлэн ерөнхий боловсролын сургуульд ч нэг ангид хамт сурч байгаад 6 дугаар ангиасаа үерхэж эхэлсэн. 2015 онд байх Тэлмэнсайханы ээж нь ирээд Тэлмэнсайхан гэртээ ирэхгүй байна. Комикс нэртэй ханиадны эм байнга уудаг гэж хэлэхэд манай эцэг эх мэдээд бид хоёрыг хүчээр салгасан юм. Тэлмэнсайхан нь цэрэгт явж ирсэнээс хойш над руу залгаж ярьдаг байсан. Миний хувьд уулзахгүй, чи эхнэр хүүхэдтэй болсон биз дээ гэж хэлдэг байсан. Хааяа над руу залгаж ярьдаг байсан. 2020 оны 3 сарын 01-ний орчимд танихгүй дугаараас залгаад Тэмкэ байна гэхээр нь чи над руу битгий залгаад бай, чамтай ярих зүйл байхгүй гэхэд байнга залгаж уулзмаар байна, чамд өвс байна уу гээд байнга залгаад байхаар  нь залхаад өвс байна 20000 төгрөг өгөөд авчих гэж хэлээд гэрт байсан хятадын уламжлалт цөсний цай гэрт байхаар нь гурилын элдүүрээр нүдэж нунтаглаад Тэлмэнсайханыг ирэхээр нь эрээн өнгийн гялгар уутанд хийж өгсөн чинь надад 5000 төгрөг өгсөн. Би Тэлмэнсайханаас залхсандаа ээжийн цайнаас ингэж өгсөн юм. Надад ямар нэгэн өвс, мансууруулах бодис байхгүй.  Манай ээж цөс, толгойнд сайн гээд сүлжээний цай уудаг юм” гэж мэдүүлсэн байна. /1хх-ийн 63-64/

Гэрч Ц.Оюун мөрдөн байцаалтанд “Би Анужингийн төрсөн ээж  нь байгаа юм. Тэлмэнсайхан манай охинтой багаасаа нэг ангид сурч  төгссөн бөгөөд 6,7 дугаар ангиасаа эхэлж найзалж байгаад 12 дугаар ангиасаа манай гэрт хамт амьдрах болсон юм.  Харин охиноос минь  салаад 3 жил гаруй болж байна...Цагдаагийн газрын үүдэнд Тэлмэнсайхантай тааралдаад чи яагаад миний охиныг худал хэрэгт гүтгээд байгаа юм бэ, манай охиноос хар тамхи авсан гэж хэлсэн байна гэхэд би тийм юм яриагүй гэчихээд цаашаа яваад өгсөн. Би охиноо шөнө орой гаргадаггүй, айлын ганц охин болохоор багаас нь хатуу чанга хүмүүжлээр өсгөсөн, ямар нэгэн гаж буруу зуршил байхгүй. Тэлмэнсайхан манай охиноос салсанаасаа хойш байнга уулзъя, учрая гээд гэрийн үүдэнд хүлээгээд зогсоно, танихгүй дугааруудаас залгана, сүүлдээ уулзахгүй гэхээр дарамтлаад муухай үгээр бичсэн мессежийг Анужин надад уншуулдаг байсан.  Хамгийн сүүлд 4 сарын 7-ны орой ажлаа тараад гэрийнхээ гадаа Тэлмэнсайхантай таараад  чи юу хийж яваа юм бэ, хүүхдийг минь хэрэгт гүтгээд яасан муухай хүүхэд вэ гэхэд эгчээ би тэгж хэлээгүй, надтай хамт явж байсан хүүхдүүд буруу ойлгоод тэгж хэлсэн байна лээ. Анужингаас би хар тамхи аваагүй, Анужин надад өвс биш цай өгөхөөр нь би танайхаас гараад хаячихсан. Би арктай байрны тэндээс өвс олж аваад тэрийгээ хэрэглэж байгаад баригдсан гэж хэлсэн. Нөхөр бид хоёр өдрийн цагаар гэртээ байдаггүй болохоор Тэлмэнсайхан хэзээ ирж охинд минь юу хийчих бол гэхээс айдастай байна” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73-74/

2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр С.Анужингаас эд зүйл хураан авсан тэмдэглэлд “Хүрэн бор өнгийн төмөр хайрцагтай ногоон өнгөтэй хатсан өвс, ургамал, ногоон өнгийн цаасан хайрцагтай ногоон өнгөтэй хатсан өвс, ургамал зэрэг тус тус хүлээн авч хэрэгт хавсаргав” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл / 1хх-ийн 34/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2084 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан хүрэн бор өнгийн төмөр хайрцагтай, ногоон өнгөтэй 27.6552 грамм хатсан өвс, ургамал, 2 гэж дугаарласан ногоон өнгийн цаасан хайрцагтай ногоон өнгөтэй 4.4344 грамм хатсан өвс, ургамал мэт зүйлд каффейн /caffeine/ илрэв. Каффейн /caffeine/ нь НҮБ-ын 1961, 1971 оны мансууруулах эм бэлдмэл, сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарахгүй болно. Кофе, ногоон цай гэх мэт зүйлд каффейн /caffeine/ агуулагдана.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 88-89/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2084 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “С.Анужин 2020.4.01” гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэсэн дүгнэлт, шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 105-107/ зэрэг болно.      

 Э.Тэлмэнсайхан нь мөрдөн байцаалтанд “Анужингийн гэрт нь очиж 5000 төгрөгөөр каннабис өвс худалдаж авсан” гэж мэдүүлсэн / 1хх-ийн 126-127/ байх ба Э.Тэлмэнсайханы эхнэр Х.Хулан “ Тэлмэнсайханаас асуухад надтай хамт очсон айл нь Анужингийн гэр байсан бөгөөд Анужингаас 5000 төгрөг өгөөд худалдаж авсан өвс байгаа юм хэлсэн” гэж мэдүүлж /1хх-ийн 55-56/, гэрч Б.Мөнгөнбаяр “...Анужингаас авсан, уг нь 20000 төгрөгөөр авна гэж ярьсан боловч ёстой ярьсаар байгаад 5000 төгрөгөөр авчихлаа гэж Тэлмэнсайхан өөрөө хэлсэн...” гэж мэдүүлсэн /1хх-ийн 58-59/, гэрч Х.Тэмүүжин “...Тэлмэнсайхан...тэр өвсөө Анужин гээд охиноос авсан гэж хэлэхэд нь мэдсэн...” гэж  тус тус мэдүүлжээ.  /1хх-ийн 67/

С.Анужингаас өвс авсан гэж Э.Тэлмэнсайхан мэдүүлсэн нь С.Анужинг сэжиглэх үндэслэл болох боловч  гэрч Х.Хулан, Б.Мөнгөнбаяр, Х.Тэмүүжин нарын мэдүүлэг нь нүдээр үзсэн харсан шууд нотлох баримт биш байх бөгөөд Э.Тэлмэнсайханаас сонссоноо  мөрдөн байцаалтанд мэдүүлсэн дамжмал нотлох баримт юм.

Нөгөөтэйгүүр Э.Тэлмэнсайхан, Б.Анужин нар урьд нь дотно харилцаатай хамт амьдарч байсан байх ба одоо Э.Тэлмэнсайхан, гэрч Х.Хулан нар нь эхнэр, нөхрийн харилцаатай нэг гэр бүлийн хүмүүс болох нь мөрдөн байцаалтанд тэдгээрийн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Иймээс гэрч Х.Хулангийн мэдүүлсэн “ Тэлмэнсайханаас асуухад надтай хамт очсон айл нь Анужингийн гэр байсан бөгөөд Анужингаас 5000 төгрөг өгөөд худалдаж авсан өвс байгаа юм гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин шүүгдэгч С.Анужингийн цагдаагийн байгууллагад “Би Э.Тэлмэнсайханаас залхаад гэрт байсан хятадын уламжлалт цөсний цай гэрт байхаар нь гурилын элдүүрээр нүдэж нунтаглаад ирэхээр нь эрээн өнгийн гялгар уутанд хийж өгсөн чинь надад 5000 төгрөг өгсөн...” гэж удаа дараа тогтвортой  мэдүүлсэн /1хх-ийн 63-64/ байх бөгөөд мөрдөгч 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр С.Анужингаас эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 34/, С.Анужингаас хураан авсан эд зүйлс нь  шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2084 дугаартай “27.6552 грамм хатсан өвс, ургамал, 2 гэж дугаарласан ногоон өнгийн цаасан хайрцагтай ногоон өнгөтэй 4.4344 грамм хатсан өвс, ургамал мэт зүйлд каффейн /caffeine/ илрэв. Каффейн /caffeine/  НҮБ-ын 1961, 1971 оны мансууруулах эм бэлдмэл, сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарахгүй”  гэсэн дүгнэлт /1хх-ийн 88-89/, мөн шинжээчийн 2084 дугаартай “С.Анужин 2020.4.01” гэж хаягласан шээсний дээжнээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэсэн дүгнэлт /1хх-ийн 105-107/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч Э.Тэлмэнсайхан шүүх хуралдаанд “би Анужингаас өвс аваагүй, хороололд үл таних хүнээс авсан” гэж мэдүүлж буй зэрэг нь шүүгдэгч С.Анужинг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд  Шүүхээс, шүүгдэгч С.Анужинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож шүүгдэгч С.Анужинг цагаатгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Тэлмэнсайханы үйлдэл тус бүр шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдсон байдлыг авч үзвэл;     

Нэг. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан гялгар ууттай 0,5867 грамм каннабис өвс гэх нэршилтэй Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ болон Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11-09 тоот хашааны орчим Тоёота Ланд крузер-78 маркийн 95-78 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 3/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Б.Угтахбаярын илтгэх хуудас: “...жолоочийн суудлын бүрээс доороос бөөрөнхий хар цоохор өнгийн уутанд боосон ногоон өнгийн нунтаг ургамал байсныг хураан авч Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Мөнх-Эрдэнэд хүлээлгэн өгөв...” /1хх-ийн 12/, сэжиг бүхий 95-78 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...цагаан өнгийн гялгар зүйлээр ороосон Монгол Улсын 50 төгрөгийн дэвсгэрт, Voyage нэртэй 0,33 литр гэх шошго бүхий цэвэр усны хажуу бөөр болон амсар хэсэгт тус тус 1 цоолсон, дотор талд нь цагаан мөнгөлөг өнгийн цаасыг модонд тусгайлан бэлдэж бэлтгэсэн хэрэглүүр байв...” /1хх-ийн 14-17/, тээврийн хэрэгслийн байрлал болон илэрсэн эд зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал /1хх-ийн 18-20/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 21/, М.Тэлмэнсайханы биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 22/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл “...М.Тэлмэнсайханы дээрх 10 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисноос ТНС илэрсэн нь дельта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх утгыг урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” /1хх-ийн 23-24/,

Эд мөрийн баримтаар бор эрээн өнгийн гялгар ууттай 0,4 грамм жинтэй Каннабис өвс болон хөх өнгийн бариултай хайч, AU0460378 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт хуйлсан, Voyage бичигтэй хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаасыг тооцсон талаарх баримт /1хх-ийн 45-46/,

Гэрч Б.Угтахбаяр мөрдөн байцаалтанд“...ингээд ууттай ургамал мэт зүйлийг илтгэх хуудсаар түр хураан авч мөрдөгч, цагдаагийн дэслэгч Мөнх-Эрдэнийг ирэхэд нь хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагандаа явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 76/

Тээврийн хэрэгслээс хураан авсан өвс нь мансууруулах бодис болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Энхмандахын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1541 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ. Эд мөрийн баримт болох ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйл №1 гэсэн хаягтай хүрэн эрээн гялгар ууттай №1 гэж дугаарласан 0,5867 г ногоон өнгөтэй ургамал мэт зүйлд Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт /1хх-ийн 78-79/

Хураан авсан хэрэглүүр мэт зүйлээс мансууруулах бодис илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Энхмандахын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1540 дугаартай дүгнэлт “ Шинжилгээнд ирүүлсэн цаасан уутанд (БГД Цагдаагийн 1 хэлтэс хайч, 50 төгрөгний дэвсгэрт, усны сав 1 ш) гэж хаягласан AU0460378 серийн дугаартай хуйлсан байдалтай 50 төгрөгний дэвсгэрт, Voyaje гэсэн бичигтэй 0.33 литрийн усны сав, тугалган цаасаар хийсэн бортого зэрэгт дельта-9  тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн хайчны арчдаст мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэх дүгнэлт /1хх-ийн 82-83/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Энхмандахын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1542 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. М.Тэлмэнсайхан УК96111864 гэсэн хаягтай шээснээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрч байна. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /1хх-ийн 92-93/

Гэрч Б.Мөнгөнбаяр мөрдөн байцаалтанд “...Тэлмэнсайхан халааснаасаа нэг жижиг ууттай өвс гаргаж ирээд усны сав цоолоод тугалган цаас тавьж байгаад хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорж хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59/,  Гэрч Б.Баярсүх мөрдөн байцаалтанд “...Тэлмэнсайхан голын хайрцаг дээр тавихаар нь би аваад жолоочийн суудлын доошоо хийсэн. Гэхдээ цагдаа нар ирж илрүүлээд хураан авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-62/, Гэрч Х.Тэмүүжин мөрдөн байцаалтанд “...Удалгүй Тэлмэнсайхан халааснаасаа нэг жижиг ууттай өвс гаргаж ирээд хуванцар сав ашиглаад сорж хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 67/, Яллагдагчаар М.Тэлмэнсайхан мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...Баярсүхийн аавынх нь машинд бөөнөөрөө хэрэглэж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 126-127/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд бодит хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

Хоёр: Шүүгдэгч М.Тэлмэнсайхан 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47а  дугаар байрны орчим саадан дотор  Э.Дөлгөөний өмчлөлийн Huawei Y-6 /Хуа вэй вая-6/ загварын гар утсыг “...утсаар чинь яриад өгье...” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны-2 уруудах талын автобусны буудал дээр П.Бадамцэцэгийн өмчлөлийн Самсунг эс-8 плас загварын гар утсыг “...Фэйсбүүкийн мессенжер ороод чатаа нэг шалгачихаад өгье...” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь: 

Э.Дөлгөөнөөс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 236/, хохирогч Э.Дөлгөөн мөрдөн байцаалтад “2019 оны 9 дүгээр сарын 15-ны орой 21 цаг 30 минутын үед найз Тэлмэнсайхантай Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47Б дугаар байрны гадна саадан дотор яриад сууж байсан. Тэгтэл найз Тэлмэнсайхан намайг утсаа өгчих би утсаар хүнтэй ярьчихаад өгье гэж хэлсэн. Тэгээд миний утсыг аваад босоод утсаар яриад явсан. Тэгэхээр нь би саадан дотор хүлээгээд 20-25 минут орчим болсон. Ирэхгүй болохоор нь би босоод ойр орчим Тэлмэнсайханыг хайхад байхгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө утас руу хүний утсаар залгахад дуудаж байсан. Харин утас авахгүй байсан, тэгж байгаад 22 цаг 13 минутад миний утас унтарсан, тэгээд би цагдаад хандсан. М.Тэлмэнсайхан нь миний гар утсаар ярина гэж хэлээд авсан, тэгээд утсаар ярьж байгаа хүн болоод аваад явсан. Тэлмэнсайхан миний гар утсыг авч явснаас хойш гар утасны дугаарын биллийг авахад миний гар утаснаас гадагшаа болон дотогшоо дуудлага хийгдээгүй байсан. 2019 оны HUAWIE Y-6 загварын гар утас шилэн наалттай хар өнгийн утас emei кодыг одоогоор бол мэдэхгүй байна.  Намайг зодож цохисон заналхийлсэн асуудал бол байхгүй, утсаа өгчих ярьчихаад өгье гэж худал хэлээд миний утсыг аваад явсан. Тэлмэнсайхан цагдаагийн газарт өргөдөл өгснөөс хойш надтай холбогдоод “Z” нэртэй зочид буудалд байна хүрээд ир гээд уулзъя гэхээр нь очсон чинь утсыг чинь 200000 төгрөгөнд ломбарданд тавьчихсан байгаа. Удахгүй авч өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш Тэлмэнсайхан 2019 оны 9 сарын 21-ний өдөр надтай уулзаад Минж плазагийн хажууд гар утсаа авсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдэрч гэмтсэн зүйл байгаагүй. Харин утсан доторх мэдээллийг устгасан байсан.”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 240-241/, Гэрч Г.Тамир мөрдөн байцаалтанд: “Би тухайн үед гар утас авч байсан талаар сайн санахгүй байна. 4227 дугаартай Мөнхнаран овогтой Тэлмэнсайхан гэж хүн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гар утас барьцаалан тавьж байсан байна. Тухайн гар утас нь Huawei Y-6 /Хувэй Вая-6/ маркийн гар утас 200,000 мянган төгрөгөөр барьцаанд өгөөд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр буцаагаад тухайн гар утсаа авсан гэрээ байна. Гэрээн дээрээс харахад ямар нэгэн кодгүй утас барьцаанд өгсөн байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 244-245/,  Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 719/265 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “2019 оны HUAWIE Y-6 загварын гар утас 500.000 мянган төгрөгөөр үнэлэгдсэн байна” /2хх-ийн 1-3/,“Эрх цэцэгс” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 6/, Яллагдагчаар М.Тэлмэнсайхан мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд найз Дөлгөөн, Бадрал ах нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Rio Pizza” нэртэй газрын 2 давхарт 2 пабад цуг архи ууж сууж байгаад тэндээсээ гараад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 47а дугаар байрны гадна Бадрал ахыг хүргэж өгчихөөд гадаа сааданд нь пиво уугаад сууж байгаад өөрийн хуурай дүү Мөнгөнбаяртай гар утсаар холбогдоход Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Dust нэртэй цахим тоглоомын газарт тоглож байна гэж хэлэхээр нь явж очоод тухайн цахим тоглоомын газарт тоглож байна гэж хэлэхээр нь явж очоод тухайн цахим тоглоомын газартаа унтчихсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 17-19/,

П.Бадамцэцэгээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл болон өргөдөл /3хх-ийн 40, 43/, Хохирогч П.Бадамцэцэг мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 22 цаг 30 минутын үед найз Мөнхзолбоо, Мядагмаагийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2 уруудах талын автобусны буудал дээр такси барих гээд зогсож байх үед зүс таних Тэлмэнсайхан ирээд гар утсаараа нэг яриулаач гээд гуйхаар нь надаа нэгж байхгүй байсан болохоор найз Мөнхзолбоогийн гар утсаар нэг утасны дугаар руу залгатал тухайн гар утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд фэйсбүүкийн мессенжер ороод чатаа нэг шалгачаад өгье гэж хэлэхээр нь өөрийнхөө гар утсыг Тэлмэнсайханд өгтөл миний гар утсыг аваад модны хоёрын зам өгсөөд гүйгээд яваад өгсөн. Тэгээд би араас нь гүйсэн боловч гүйцээгүй алдсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 50-53/, Гэрч Б.Мөнхзолбоо мөрдөн байцаалтанд“...Бадамцэцэгийн гар утсыг нэг эрэгтэй хүн фэйсбүүк орчихоод өгье гэж хэлэхээр нь Бадамцэцэг гар утсаа өгтөл Бадамцэцэгийн гар утсыг нь аваад модны хоёроос дээш өгсөөд гүйгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 54-56/, Гэрч Б.Мядагмаа мөрдөн байцаалтанд “Модны хоёрын автобусны буудал дээр такси барих гээд явж байх үед нэг үл таних залуу ирээд гар утсаараа яриулаач гэж хэлтэл Мөнхзолбоо өөрийнхөө гар утсыг тухайн залууд өгөөд нэг дугаар руу залгасан юм. Тэгтэл тухайн дугаар холбогдох боломжгүй байсан, тэгээд Мөнхзолбоод гар утсыг нь буцааж өгөөд фэйсбүүк орох эрх байвал утсаа өгч байгаач гэж бид гуравт хандаж хэлтэл Бадамцэцэгийн гар утас дататай байсан болохоор Бадамцэцэг тухайн залууд өөрийнхөө гар утсыг өгтөл тухайн залуу Бадамцэцэгийн гар утсыг аваад зугтаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 59-60/,  П.Бадамцэцэгээр М.Тэлмэнсайханыг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /3хх-ийн 65-67/,  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон “Кости Эстимейт” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утсыг 300.000 мянган төгрөгөөр үнэлсэн”  /3хх-ийн 72-74/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.Тэлмэнсайхан  нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Э.Дөлгөөний өмчлөлийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei Y-6 /Хуа вэй вая-6/ загварын гар утсыг “...утсаар чинь яриад өгье...” гэж хэлж, хохирогч П.Бадамцэцэгийн өмчлөлийн 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс-8 плас загварын гар утсыг “...Фэйсбүүкийн мессенжер ороод чатаа нэг шалгачихаад өгье...” гэж худал хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан  эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан,  гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Гурав. Шүүгдэгч М.Тэлмэнсайхан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчим гудамжинд насанд хүрээгүй хүүхэд болох Б.Сондорын Самсунг эс-8 плас загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Б.Сондороос Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /2хх-ийн 143/,

Компакт сиди 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон талаарх баримтууд /2хх-ийн 156-160/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“ ...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 07:09:54 цаг минут секундэд хар өнгийн куртиктэй, дотроо саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, Jordan-1 загварын цагаан хар өнгийн пүүз өмссөн эрэгтэй хүн хохирогч гэх эмэгтэйн гар утсыг нь булаан авч зугтан араас нь хохирогч охин хөөж байгаа бичлэгийг харуулав...” гэжээ.  /2хх-ийн 150-154/, Насанд хүрээгүй хохирогч Б.Сондор мөрдөн байцаалтанд “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 07 цагийн үед би Оюуны-Ундраа сургууль руугаа Эрүүл мэндийн 7 дугаар төвийн хажуугийн замаар явж байхад үл таних эрэгтэй хүн миний Самсунг эс-8 палас маркийн гар утсыг шүүрч зугтаасан би ардаас нь хөөгөөд гүйцээгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 168-170/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 719/335 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Самсунг эс-8 палас маркийн гар утсыг 350.000 мянган төгрөгөөр үнэлэгдсэн байна. /2хх-ийн 176-178/, Яллагдагчаар М.Тэлмэнсайхан мөрдөн байцаалтанд “2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны орчимд өглөө 7 цагийн үед би ганцаараа гэртээ орох гээд явж байсан юм. Ингээд яг 41 дүгээр байрны орчимд үл таних арван жилийн сурагч гэхээр нэг охин ганцаараа утсаа оролдоод явж байсан. Тэгэхээр нь би тэр охины гар утсыг булааж аваад мөнгөтэй болох бодол  төрсөн. Ингээд хохирогчийн араас нь дагасан бөгөөд араас нь гүйж очиж оролдож байсан гар утсыг нь шүүрч аваад эргэж зугтаасан. Тэрнээсээ би ард талд байсан, байраа тойроод гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь гэрээс гар утсыг нь зарах бодолтой байсан бөгөөд маргааш над руу Баянгол дүүргийн цагдаагаас залгаад ирж уулзах шаардлагатай  байгаа гэхээр нь за за нэгэнт цагдаа нар мэдсэн юм чинь очиж асуудлаа хөнгөн байдлаар шийдүүлье гэж бодоод өөрийн биеэр авсан утсаа аваад ирсэн юм” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 184-185/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг  салган авч, тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.

Тухайн хэргийн үйл баримт, нотлох баримтаас дүгнэвэл шүүгдэгч М.Тэлмэнсайхан нь насанд хүрээгүй хохирогч Б.Сондорын  бие махбодь, сэтгэл зүйд хүч хэрэглээгүй, мөн хүч хэрэглэхээр заналхийлээгүй, харин хохирогчийн гартаа гар утас барьж явахыг нь хараад араас нь дагаж  350.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс-8 плас загварын гар утсыг нь авч зугтсан энэхүү үйлдэл нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Дөрөв. Шүүгдэгч М.Тэлмэнсайхан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, мөн 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 23-918б тоотод хамтран амьдрагч Х.Хуланг хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, баруун бугалга, тохой, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 234/, хохирогч Х.Хулан мөрдөн байцаалтанд “2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би хүнд сормуус хийгээд охиноо хуурай дүү Д.Мөнгөнбаяраар харуулаад үлдээсэн...Тэлмэнсайхан миний нүүр рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохихоор нь би зөрүүлээд алгадтал миний үснээс зулгаахаар нь би зөрүүлж үснээс нь зулгаатал намайг ор руу шидээд охины хоолны ширээтэй сандлаар миний бие дээр цохиод хагалчихсан...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэр рүүгээ орж чадахгүй байна гээд найз Баяраа гэх залуутай ирээд  тэр хоёр хамт унтсан. Өглөөд нь Баяраа гэр рүүгээ явсан. М.Тэлмэнсайхан нь надтай унтах гэж дайраад байхаар нь чи баярын өдөр ганц усанд яваад өгчихгүй байж ямар нүүрээрээ ингэдэг байна гээд нүүр рүү нь алгадтал үснээс зулгааж ор руу шидээд нүүр рүү гараараа цохиод газар залгасан тенээр миний нуруу руу 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 1-3/,  гэрч Д.Оюунсайхан мөрдөн байцаалтанд “...2020 оны 02 дугаар сарын 20-ны  өглөө цагдаагаас над руу залгаад Х.Хуланг зодуулсан байна гэсэн. Би тухайн үед ажилтай байсан учир ах Ганхуягийг нь явуулсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 242-243/,  М.Тэлмэнсайханы үйлдлийн улмаас Х.Хулангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2862 дугаартай “Х.Хулангийн биед тархи доргилт, баруун хацар, баруун бугалга, тохой, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /3хх-ийн 10-11/, Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн М.Тэлмэнсайхан мөрдөн байцаалтанд “2020 оны 02 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хуурай дүү Мөнгөнбаярын 2 найзтай хамт Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 23-918б тоотод хамт пиво ууцгаасан. Мөнгөнбаярын 2 найз үүрээр шахуу яваад бид 3 үлдээд юм яриад сууж байтал Хулан мөнгө хулгайлсан гэж хардсан. Мөнгөнбаяр хайж байгаад мөнгийг нь олсон. Тэгээд сууж байхдаа гэнэт юунаас болсныг санахгүй байна бие бие рүүгээ пивоны хуванцар сав шидээд нэг нэг рүүгээ орилж хашхирч байгаад нэг нэгнийгээ цохиод зодолдсон. Уурандаа би зурагт руу өшиглөчих шиг болсон. Гарахдаа гараараа хаалганы хажуу талын толийг цохиж хагалаад гараад явсан. Би толь хагалахдаа гараа зүсчихсэн учир хувцас цус болчихсон байсан. Буцаад явж байхдаа Мөнгөнбаяртай таартал Хулан эгч цагдаа дуудчихсан гэхээр нь би буцаад очлоо гээд гэрт иртэл Хулан байхгүй хаалга онгойхгүй байхаар нь гутал янзалдаг төмрөөр хаалгаа цохиж байгаад орж чадалгүй буцаад явсан. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баяраа гэх найзтайгаа Хулан дээр очиж хоноод Баяраа өдөр нь гэр рүүгээ явсан. Хулан мартын 8-ны мэнд хүргэсэнгүй гэж уурлаад бид 2 хэрэлдэж байгаад хоорондоо зодолдсон. Хулан миний куртикийг гал руу хийгээд шатаасан. Мөн хайч бариад над руу дайрахад нь хөнжлөөр ороож автал заазуур бариад дайрч байгаад газар унахад нь би хутгыг нь аваад хураасан. Би хоолоо хийгээд зогсож байтал Хулан гарч шээгээд ирье гээд нүцгэн бие дээрээ дан куртик өмсөөд гарсан. Удаад байхаар нь би гараад хартал хашааны хаалганы хажууд зогсож байхаар нь би оръё гэтэл орохгүй гээд зууралдаад байсан. Би түрүүлээд гэр рүүгээ ортол араас орж ирээд түлхүүр авч гараад намайг гаднаас түгжчихээр нь би хаалгаа өшиглөж байгаад гараад иртэл урдаас цагдаа ирээд намайг бариад явсан. Бид 2 мэдүүлэг өгчихөөд гэр рүүгээ хариад орой нь 22 цаг өнгөрч байхад уулзаад өнөөдрийг хүртэл хамт явж байсан юм. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хулан охинтойгоо уулзъя гэхээр нь би гэр рүү орж охиноо аваад оёдолчин дотор уулзуултал Хулан над руу охин бид хоёрыг тоохгүй байна гэр рүүгээ ороод гарч ирэхээр 2 нүүртэй болчихдог гээд уурлаад орилж хашхираад над руу дайрч байгаад хүүхдээ газар унагачихсан. Миний гарнаас хазаад зууралдаад байхаар нь би харилаа гээд гэр рүүгээ явтал араас такситай ирчихсэн байсан. Бид 2 үүдэнд Хулан хүүхдээ авч явна гээд би өгөхгүй гээд маргаж байтал дүү Төгөлдөр гарч ирээд охиныг аваад орсон. Хулан бид 2 гэрийн хонх дараад хоорондоо маргаад зогсоод байсан. Би гадаа гараад цонхоор орж хувцсаа авъя гэж байгаад гэр рүүгээ ортол дүү Төгөлдөр охиныг өгөхгүй гэж уурлаад дүүтэйгээ маргаж байгаад гарч иртэл Хулан охиныг авч гарч ирсэнгүй гэж уурлаад өөрсдөө явъя гэтэл Хулан заавал авч явна гээд байсан. Би Хуланг тэврээд аваад гартал гадаа гараад орилж хашхираад явахгүй гээд зууралдаад байсан. Би Хуланг явъя гээд хөлнөөс чирээд цээжнээс чиртэл явахгүй байсан. Би тэгээд хаячихаад  гүйгээд явтал араас өөрөө хамт  явья гээд гүйгээд ирэхээр нь би тэг тэг гээд Модны 2-ын голын зам дээр зууралдаад байтал цагдаа ирээд бид хоёрыг машинд суулгаад аваад явж байтал Хулан бид 2 дахиж маргатал Хулан миний чихнээс хазчихсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 244- 245/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хэргийн тухайд:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч М.Тэлмэнсайхан, хохирогч Х.Хулан нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.   

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбодь, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

 Шүүгдэгч М.Тэлмэнсайхан, хохирогч Х.Хулан нар хамт нэг гэрт амьдардаг, хамтран амьдрагч нар болох нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба,  хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэйгээр шүүгдэгч М.Тэлмэнсайхан хоёр удаагийн үйлдлээр хохирогч Х.Хулангийн бие махбодид халдаж зодож, эд зүйлээр цохих зэргээр хүч хэрэглэж хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.  

Тав.  Шүүгдэгч М.Тэлмэнсайхан 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ти Жи Ай Си коммуникэшн” ХХК-ийн эзэмшлийн Huawei Y-7 /Хуавэй вая-7/ загварын 669.000 төгрөгийн үнэ бүхий гар утасны дохиоллын утсыг хайчаар тасалж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 105/,

Хохирогч Б.Одмаа мөрдөн байцаалтанд “2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед манай ажилтан Пунсалдулам над руу залгаад үзүүлэнгийн утасны дохиололын утас тасарчихлаа гэж гар утас үзэж байсан хүн хэлээд байна гэж хэлэхээр нь үзүүлэнгийн гар утасны дохиолол тасрах ёсгүй, тасалсан хүнийг байлгаж бай гэж хэлээд Номин их дэлгүүрийн 3 давхарт байх салбар дээрээ очиход гар утасны дохиолол салгасан хүн байхгүй байхаар нь тухайн дохиололын утас тасалсан хүн хаана байна гэж асуухад тухайн залуу зугатаахаар нь араас манай ажилтан Пунсалдулам гүйж очоод барьж авсан гэж хэлж байсан. Тэгээд би Мобикомын салбарынхаа хяналтын камер шүүж үзэхэд гар утасны дохиололын утсыг нэг залуу таслаж байгаа үйлдэл нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгээд тухайн гар утасны дохиолол тасалсан залуу Номин их дэлгүүрийн хамгаалалтын өрөөнд байх үед очиж уулзахад би таслаагүй, тийм юм бол тасалсан бичлэгээ үзье, надад харуулчих гэж урдаас хэлээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллага Мобиком корпорацитай гэрээ байгуулж, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулдаг Huwai Y-7 загварын гар утсыг манай компани Мобиком корпорациас худалдаж аваад зарж борлуулж байсан юм. Тухайн тасарсан дохиололын утас болон Huwai Y-7 загварын гар утас нь манай “Ти Жи Ай Си Коммуникэшн” ХХК-ийн өмч юм...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 114-116/, гэрч Г.Пунсалдулам мөрдөн байцаалтанд “Би 18 цаг өнгөрч байх үед ажлаа хийгээд үйлчлүүлэгчтэй харилцаад сууж байх үед хажуу талын ажилтан байхгүй ширээний урд нэг залуу гар утас үзэж сонирхоод сууж байсан юм. Тэгтэл гэнэт гар утасны мэдрэгчийн дохиолол дуугарахаар нь босоод тухайн залуугийн үзэж байсан гар утсыг очиж үзтэл дохиоллын утас нь тасарсан байсан. Тэгээд би ямар учраас тасарсаныг асуухад би цэнэглэгчийг нь салгасан гэж урдаас хэлэхээр нь тухайн гар утсаа аваад дохиоллын утсыг нь хартал хурц иртэй зүйлээр тасалсан юм шиг жигд ташуу тасарсан байсан. Тэгээд би тухайн залууд чи энийг тасалсан байна гэж хэлэхэд үгүй би таслаагүй энэ өөрөө тасарсан гэж надад хэлэхээр нь хариуцсан менежер Б.Одмаа гэх хүн рүү залгаад болсон явдлыг хэлээд тухайн залууг өөрийнхөө урд талын сандал дээр суулгатал нөгөө залуу надаас гар утасны дугаарын төлбөр төлнө гэж хэлснээ нэг гар утасны дугаар хэлтэл нөгөө дугаар нь буруу дугаар байсан. Тэгээд би хамгаалагч дуудах гэтэл ойр хавьд хамгаалагч байхгүй байсан.  Нөгөө залуу босоод миний дуудсан эмэгтэйг дуудах гэж байгаа юм шиг жүжиглээд цаашаа зугтаахаар нь би араас нь хөөж гүйж байгаад наад хүнээ бариад аваарай гэж орилтол шатан дээр явж байсан хоёр залуу зугтаадаг залууг барьж аваад зогсоосон...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 119-120/, гэрч Д.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд “...Мобикомын теллер дээр нь очоод уулзахад нэг гар утас дохиололоосоо тасарсан байдалтай ширээн дээр байсан. Тэгээд би энэ залууг дагуулаад шатаар буугаад доошоо бууж байхад миний дагуулж явсан залуу хайчаа шатан дээр унагаагаад явсан байсныг араас гарахын шалган дээр ажилладаг Оюун гэдэг нэртэй эмэгтэй ажилтан авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 123-124/, гэрч Г.Оюун мөрдөн байцаалтанд “...Чулуун шатаар доош уруудаж бууж байх үед шатны дунд хэсэгт баруун гар талд шар өнгөтэй шинэ хайч газар шатан дээр хэвтэж байхаар нь би камерын өрөөнд оруулаад шатан дээр энэ хайч байна гэж хэлээд Эрдэнэбилэгт өгсөн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 127-129/, Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 720/218 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утсыг 669.000 мянган төгрөгөөр үнэлсэн. /3хх-ийн 139-141/, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 149-191/, Яллагдагчаар М.Тэлмэнсайханы “...Би нийт 6 гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаа мэдэж байна. Би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 3-4/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч М.Тэлмэнсайхан “Номин” их дэлгүүрийн 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ти Жи Ай Си коммуникэшн” ХХК-ийн эзэмшлийн үзүүлэнгийн Huawei Y-7 /Хуавэй вая-7/ загварын 669.000 төгрөгийн үнэ бүхий гар утасны дохиоллын утсыг хайчаар тасалж, шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч өөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэргээ төгсгөж чадалгүй баригдсан байна.

Шүүгдэгч М.Тэлмэнсайханы мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ болон тээврийн хэрэгсэлд хадгалсан,  хохирогч Э.Дөлгөөний өмчлөлийн Huawei Y-6 /Хуа вэй вая-6/ загварын гар утсыг “...утсаар чинь яриад өгье...” гэж худал хэлж авсан, хохирогч П.Бадамцэцэгийн өмчлөлийн Самсунг эс-8 плас загварын гар утсыг “...Фэйсбүүкийн мессенжер ороод чатаа нэг шалгачихаад өгье...” гэж худал хэлж авсан, насанд хүрээгүй хохирогч Б.Сондорын Самсунг эс-8 плас загварын гар утсыг гараас нь шүүрч зугатаасан, хамтран амьдрагч Х.Хуланг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, “Ти Жи Ай Си коммуникэшн” ХХК-ийн эзэмшлийн үзүүлэнгийн Huawei Y-7 /Хуавэй вая-7/ загварын гар утасны дохиоллын утсыг хайчаар тасалж авахыг завдсан тус бүрийн үйлдлүүд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргүүдэд тооцогдоно.

Иймд хяналтын прокуророос М.Тэлмэнсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнээд;

шүүгдэгч М.Тэлмэнсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэгт,

мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахыг завдсан”  гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч М.Тэлмэнсайханд эрүүгийн хуулийн гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хуулийн үндэслэлтэй.

М.Тэлмэнсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Тэлмэнсайханы хэд хэдэн буюу нийлмэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд                                                                                                               

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял,

 -мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Тэлмэнсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл,  хэмжээг 3 (гурван) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч М.Тэлмэнсайханы эдлэх ялыг үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч М.Тэлмэнсайхан өмчлөх эрхийн эсрэг залилах, дээрэмдэх гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо цагдаагийн байгууллагад хохирогч нар гомдол мэдээлэл өгсний дараа биет байдлаар өмчлөгч, эзэмшигч нарт буцаан өгсөн,  хохирогч Х.Хулан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн зэрэг нь  шүүгдэгч М.Тэлмэнсайханыг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бор эрээн өнгийн гялгар ууттай 0,4 грамм жинтэй Каннабис өвс болон хөх өнгийн бариултай хайч, Voyage бичигтэй хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаасыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,  AU0460378 серийн дугаартай 50 төгрөгийн хуйлсан дэвсгэртийг  Монгол банкинд шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

Хэрэгт ирүүлсэн сиди 2 ширхэг, флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  шар өнгийн иштэй хайч 1 ширхэг, дохиоллын тасарсан утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Тэлмэнсайхан, С.Анужин нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс С.Анужинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Анужинг цагаатгасугай. 

2. Шүүгдэгч Дэлдгэр галзууд овогт Мөнхнарангийн Тэлмэнсайханыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт,  

“Бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт,

“Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэгт,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт,

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж авахыг завдсан”  гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч М.Тэлмэнсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Тэлмэнсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг  3 (гурван) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

5.  М.Тэлмэнсайханы эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. М.Тэлмэнсайхан бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тэлмэнсайханы цагдан хоригдсон 156 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бор эрээн өнгийн гялгар ууттай 0,4 грамм жинтэй Каннабис өвс болон хөх өнгийн бариултай хайч, Voyage бичигтэй хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаасыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, AU0460378 серийн дугаартай 50 төгрөгийн хуйлсан дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

9. Хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхэг, флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шар өнгийн иштэй хайч 1 ширхэг, дохиоллын тасарсан утсыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Анужинд авсан хувийн баталгаа гаргах, М.Тэлмэнсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ