| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2020/1020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Батнасан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн
иргэдийн төлөөлөгч Г.Буянхишиг
улсын яллагч А.Батнасан
шинжээч Ө.Сарангэрэл /онлайнаар/
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбат, түүний өмгөөлөгч П.Гансүх
шүүгдэгч Г.Баярсайхан, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түшээт овогт Гомбодоржийн Баярсайханд холбогдох эрүүгийн 2005021881158 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 02 дугаар сарын 19-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 2-5 дугаар гудамж 201-г тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд 1996 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 139 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өвчний улмаас хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ВЮ59021910/, Түшээт овогт Гомбодоржийн Баярсайхан.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Г.Баярсайхан нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо төмөр замын вокзалын замын хойд талын автобусны буудал дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан үедээ маргааны улмаас С.Болдоогийн нүүрэн тус газар нь гараараа цохиж газар унаган гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Баярсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би гэм буруу дээр маргахгүй. Хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би бол талийгаач С.Болдоогийн төрсөн дүү нь байгаа юм. Оршуулгын зардалд 4.470.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 2.470.000 төгрөгийг өнөөдөр Баярсайханы талаас өгсөн. Одоо үлдсэн 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.
Шинжээч эмч Ө.Сарангэрэл /онлайнаар/ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Талийгаачид учирсан гэмтлүүдээс үзэхэд амь нас нь аврагдах боломжгүй юм. Талийгаач гэмтэл авсан тэр дороо 1-2 үгийг зөөж хэлэх л боломжтой, ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийх боломжгүй. Гэмтлийн эмнэлэгт талийгаач 14 хоноход ухаан ороогүй, клиник үхлийн байдалд байсан байна.” гэв.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баярсайханыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Баярсайхан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын вокзалын замын хойд талын автобусны буудлын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “архи их, бага хийлээ” гэснээс маргалдаж С.Болдоогийн нүүрэн тус газарт гараараа цохиж газар унаган гавал тархины гэмтлүүд учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Уг газраас 2020 оны 7 дугаар сарын 04-ний өглөө 07.00 цагийн орчимд 103-ын яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэж амь насны заалтаар яаралтай мэс засал хийгдэж, мэс заслын дараа эрчимт эмчилгээний тасагт 2020 оны 7 сарын 4-нөөс 16-ны өдөр хүртэл эмчилгээ хийгдэж, 7 сарын 16-ны өдөр тархины гэмтлийн тасагт эмийн эмчилгээ хийж байх явцдаа биеийн байдал дээрдэхгүй амьсгалын дутагдал гүнзгийрч 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 03 цаг 20 минутанд “гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж дарагдаж” нас баржээ.
Эдгээр байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр вокзалын буудал буюу Тоса төвийн урд талын автобусны буудлын сүүдрэвчний хажуу талаас хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүн ухаангүй ГССҮТ-д хүргэгдсэн гэх. Дээрх хүн нь уг автобусны буудлаас ертөнцийн зүгээр баруун тийш 127 см зайд газраас дээш 40 см өндөртэй, урт нь 102 см, өргөн нь 46 см төмөр хийц бүхий хүн суух зориулалт бүхий сандлын ертөнцийн зүгээр хойд талд нь газар хэвтэж байсан гэх ба уг сандал болон сандлын ойр орчим хэрэгт ач холбогдол бүхий зүйл байгаа эсэхийг шалгахад уг сандлын дээд тавцангийн баруун хойд буланд цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон байсныг криминалистикийн шинжээч дэслэгч Б.Сумьяабазар 58 дугаарын тэмдэглэлээр тэмдэглэж Натри хлоридын 0,9 уусмал шингээсэн хөвөн толгойтой бамбараар дээж авсан ба уг сандлаас хойш 197 см зайд цагаан өнгийн салфетка хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай газар хэвтэж байсныг 56 дугаарын тусгай тэмдэгтээр тэмдэглэж дээрх салфетик байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэлд тусгав” гэжээ /хх-ийн 8-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-67/
Гэрч С.Болдбаяр мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны орой 21 цаг 30 минутаас Баянгол дүүргийн цагдаагийн гэзрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Сэржпүрэвийн хамтаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо вокзалын автобусны буудлаас зүүн тийш Барс зах хойд талын цэцэрлэг орчим явган эргүүлд ажилласан юм. Тэгээд ахмад Сэржпүрэвийн хамтаар 22 цаг 50 минутын үед явган эрүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Вокзалын автобусны буудал орчим байдаг ТҮЦ-нүүд хаагаагүй байсан тул ахмад Сэржпүрэв хаах тухай сануулаад явж байтал тэр автобусны буудлын хажуу талын сандал дээр хэдэн согтуу хүмүүс сууж байсан нэг ах сандлынхаа хажуу талд газар хэвтэж байсан. Харин нөгөө сандал дээр 2 хүн сууж байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс газар унасан байгаа хүнийг таних уу гэж асуугаад тэр хоёр хүнээр газар хэвтэж байсан ахыг өргүүлэн сандал дээр суулгуулсан. Тэгээд газар унасан ахаас...та харьж чадах уу... гэсэн чинь тэр ах харьж чадна гэхээр нь би... за тэгвэл болгоомжтой гэртээ хариарай... гэж хэлсэн. Тэр ах надад... за гэж хэлээд сандал дээр суугаад үлдсэн. Тэгээд би ахмад Сэржпүрэвтэй уулзаад эргүүлийн чиглэл рүү явсан...Миний харсанаар бол 5-6 хүн байсан. Харин тэр газарт хэвтэж байсан ах бол сандал дээр сууж байсан хүмүүсийн хажуухан талд газар хэвтэж байсан. Тэгээд би эхлээд сандал дээр байсан хүмүүсийг тараагаад дараа нь нөгөө газар хэвтэж байсан ах дээр очсон чинь нөгөө 5-6 хүн сууж байсан сандал дээр дахиж 2 хүн ирчихсэн сууж байсан. Тэгээд би тэр хоёр хүнийг дуудан газар хэвтэж байсан ахыг хамт өргөөд сандал дээр суулгасан...Тэр сүүлд ирсэн 2 хүн анх сандал дээр сууж байсан 5-6 хүний дунд байсан. Тэгээд намайг явуулаад байхад буцаад ирсэн байсан. Тэр газар хэвтэж байсан ахын духны баруун хэсэгт шалбараад тав тогтчихсон, бага зэрэг цус гарчихсан байсан. Бас тэр ахын хамарны баруун хэсэгт бага зэрэг цус болсон байсан. Тэр 2 хүн газар хэвтэж байсан хүнийг мэдэхгүй гэж байсан. Миний харсанаар бол эхлээд сууж байсан 5-6 хүний дунд нэг эмэгтэй хүн байсан. Харин сүүлд ирсэн хоёр хүн бол хөгшин ах нар байсан. Би тэдгээрт хүмүүсийн хувцас, царай төрхийг сайн харж чадаагүй. Би тухайн хүмүүсийн нэр, гэрийн хаяг, холбоо барих утасны дугаарыг нь тэмдэглэж аваагүй. Тэр хүмүүсийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай сууж байхаар нь зүгээр тараагаад явуулсан. Намайг очиход сандал дээр сууж байсан хүмүүс бол бөөндөө юм яриад сууж байсан. Харин нөгөө нэг ах болохоор тэр хүмүүсийн хажуухан талд ганцаараа газар хэвтэж байсан. Тэр газар хэвтэж байсан ахын хажууд болон хамт явж байгаа гэмээр хүн байгаагүй. Анх бол Сэржпүрэв бид хоёр тэр автобусны буудлын урд талын саадан дунд архи ууж байсан гурван хүнд хууль сануулаад Богд ар хороололд амьдардаг гэхээр нь ахмад Сэржпүрэв намайг тэр гурван хүнийг хойшоо зам гаргаад ир гээд өөрөө цүнхээ алдсан гээд нэг эмэгтэйн хамтаар үлдсэн. Тэгээд би тэр гурван хүнийг сааднаас гаргаад буцаад ахмад Сэржпүрэв рүү явж байтал автобусны буудал дээрх ТҮЦ-үүд хаагаагүй байхаар нь ТҮЦ болгоноор орж хаах тухай сануулчихаад гараад иртэл ТҮЦ-ийн хажуухан талд байдаг сандал тэр хүмүүс байхаар нь би тараах санаатай очсон. Тэр үед ахмад Сэржпүрэв сааданд цүнхээ алдсан гээд нэг эгчтэй хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/
Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: “2020 оны 7 дугаар сарын 03-ны өглөөний 9 цагаас 7 сарын 04-ний 09 цаг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 17, 18 дугаар хороонд Бэгэр-113 чиглэлд эрүүгийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.Мөнхзулын хамт үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 04-ний 05 цагийн үед байсан байх. Бэгэр 10 ерөнхий жижүүрээс Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, вокзалын хойд талын автобусны буудал дээр хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирлээ Бэгэр 116 дугаар чиглэл дуудлагатай байгаа учраас очиж шалга гэсэн юм. Ингээд өгсөн дуудлага мэдээллийн дагуу вокзалын автобусны буудал дээр 7 орчим минутын дотор очиход яг автобусны буудлын сандлын ертөнцийн зүгээр урд талд замын хашлага руу хөл нь нэлээн орчихсон биеийн хажуу хэсгээр хэвтчихсэн, толгой хацар хэсэг нь мөн газарт бүрэн хүрсэн цагаан саарал өнгийн малгайтай цамц, хар өмдтэй тэнэмэл амьдралтай бололтой 40 орчим насны хүн байсан. Тэгээд тэр иргэнийг очиж шалгахад зүүн хацраас цус гарч газарт тунарсан байдалтай, ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй ухаангүй байсан учраас шууд яаралтай түргэн тусламжийн төв рүү өөрийн 96990055 дугаараас дуудлага өгсөн. Нийслэлийн яаралтай түргэн тусламжаас 15 орчим минутын дотор эмч Г.Энхжин ирж үзлэг хийгээд толгойдоо хүчтэй цохиулсан бололтой байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явна гээд авч явсан. Ингээд дуудлага мэдээллийг 103 буюу эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэж шийдвэрлэлтээ хийж Бэгэр 10 ерөнхий жижүүрт танилцуулж илтгэх хуудсаа бичиж өгсөн...Тухайн үед унтаж байж магадгүй гэж бодоод хөөе босоорой, сэрээрэй гэж хэлсэн боловч хариу үйлдэл огт үзүүлэхгүй, зөвхөн амьсгалж байгаа нь мэдрэгдэж байсан. Мөн зүүн хацраас цус их гарч, хацар орчмын газарт цус тодорхой хэмжээнд тунарсан байсан учраас гэмтэлтэй байж магадгүй гэж бодоод шууд эмнэлгийн түргэн тусламжийн 103 төвд дуудлага өгсөн...Өглөө эрт байсан учраас ойр орчимд хүн байгаагүй. Хэрвээ хажууд нь болон тухайн хүнийг таньж мэдэж байж болох хүн, сэжигтэй хүн байсан бол шалгах байсан...Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч хацраас гарсан цусыг салфетикаар арчиж, зүрхний цохилтыг нь үзээд толгойдоо хүчтэй цохиулсан байна авч явах шаардлагатай гээд шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/
Гэрч Б.Нямдарь мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 7дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах вокзалын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-нд сууж байсан ба 22 цагийн орчимд тэр хавийн архи уудаг хүмүүс бөөгнөрөөд ТҮЦ-ний эргэн тойронд сууж байсан. Тухайн үед ямар нэгэн маргаан зодоон болоогүй, тэдгээр хүмүүс зодолдож нүдэлцэхээрээ их сүртэй орилж чарлаад бөөн юм болцгоодог юм. Тийм учраас ямар нэгэн зодоон болж байхад мэдэгдсэн юм. Миний хувьд тухайн үед ямар нэгэн зүйл ажилагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/
Гэрч Ч.Түмэнбаяр мөрдөн байцаалтанд: “С.Болдоо нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний 06 цагийн орчимд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн бөгөөд ирэх үед нь миний бие үзлэг хийсэн юм. С.Болдоо нь ухаангүй, комын байдалтай, биеийн ерөнхий байдал хүнд гэмтэлтэй, зүүн талд чамархай ясны хугаралтай, хатуу хальсан доорх их хэмжээний цус хуралттай, мөн ховил хоорондын цус хуралттай байсан. Уг онош компьютер томографын шинжилгээгээр оношлогдсон юм. Тухайн өдрөө яралтай хагалгааны мэс засалд бэлдэж орж тархи дарагдалтыг чөлөөлж эрчим эмчилгээний тасагт шилжүүлсэн юм...Амь хохирогч С.Болдоод учирсан гэмтлийн шалтгааныг би тодорхойлохгүй, оношийг тогтоож анхны тусламж үзүүлсэн юм...Амь насыг аврах хэцүү гэмтэл байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбат мөрдөн байцаалтанд“Би эхээс дөрвүүлээ бөгөөд би 3 дахь хүүхэд нь, манай төрсөн ах Содномпилийн Болдоо нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нас барсан үйлдэлд ар гэрийнхэнтэйгээ харилцан ярилцсаны үндсэн дээр хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. С.Болдоог 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвд бусдад зодуулсан байдалтай эмчлэгдэж байгааг мэдсэн юм. Ингээд эмнэлэг дээр очиход 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүргэгдэж ирээд тархины хагалгаанд орсон байсан. Эмчилгээ хийлгэж байх хугацаандаа ухаан ороогүй бөгөөд ухаангүй байж байгаад нас барсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/
Сэжигтэн Г.Баярсайхан мөрдөн байцаалтанд: 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр миний бие вокзалын дунд замд байрлах саадан дотор сууж байгаад Болдоо, Урнаа, Батчимэг нартай хамт 4-үүлээ нэг шил Ерөөл нэртэй 500 граммын савалгаатай архи хувааж уусан юм. Болдоо тухайн архийг аяглаж тойруулж байсан бөгөөд бид нарт аягалахдаа бага, багаар хийгээд байхаар нь би Болдоод хандаж "Наад архиа ахиухан хийгээд тойруул” гэхэд Болдоо миний хэлсэн үгийг үл тоогоод байсан. Тэгээд бид 4 тухайн архиа ууж дуусгаад сааднаас гараад вокзалын хойд талын автобусны буудал очоод Болдоо бид хоёр хэл амаараа маргалдаж байтал Болдоо миний цээж рүү хоёр гараараа түлхэхээр нь би зөрүүлээд Болдоогийн зүүн талын хацар руу нь зүүн гараараа нэг удаа цохитол Болдоо газар унаад өгсөн. Удалгүй Болдоо газраас босоод ирэхээр нь би Болдоогоос уучлалт гуйчихаад тэр гурвыг үлдээгээд яваад тэр чигээрээ гэртээ хариад амарсан...ерөөл нэртэй 500 граммын савалгаатай архийг 4-үүлээ хувааж уусан...Би тухайн архинаас 4-5 удаа татсан. Саарал өнгийн бүрх малгайтай, дээгүүрээ саарал өнгийн срочикон цамцтай. Доогуураа бор хүрэн өнгийн даавуун өмдтэй явж байсан...Болдоо архи аягалахдаа багаар хийгээд байхаар нь би Болдоод ахиухан хийгээд тойруул гэхэд миний хэлсэн үгийг үл тоогоод байсан. Тэгээд бид нар архиа ууж дуусгаад вокзалын автобусны буудал дээр очоод байж байтал Болдоо над руу уурлаад бид хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан. Би Болдоогийн зүүн талд нь зогсож байгаад зүүн талынхаа хацар руу нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Болдоо газар унаад өгсөн. Ноцтой халдаагүй. Миний цээж рүү хоёр гараараа нэг удаа түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-123/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...Г.Баярсайхан үзэгдэх орчин чөлөөтэй газар суулгаж явахад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Барс худалдааны төвийн хойд талд ногоон байгууламж бүхий сааданд хойд талаас орох явган хүний хаалгаар дотогш ороход баруунаас зүүн зүгт чигт гол хэсэгт явган хүний зам явах бөгөөд саадны гол хэсэгт цагаан хүрэн өнгөтэй тэмээний баримал хөшөө байх бөгөөд түүнээс зүүн зүгт 37.5 м зайд явган замын хойд талд модны хойно зүлгэн дээр архи уусан гэж заав. Уг газар архи уухдаа архийг их бага хийлээ гэсэн шалтгаанаас болж маргасан. Уг газар архийг ууж дуусгаад баруун зүгт явган алхаж байгаад нийтийн бие засах газрын зүүд урд ирж архи тойруулсан асуудлаас болж дахин маргаж байгаад С.Болдоо нь 2 гараараа миний цээж рүү түлхэх үед нь би зүүн гараараа С.Болдоогийн зүүн шанаа орчимд 1 удаа цохисон. Ингээд бид вокзалын хойд талын автобусны буудлын орчимд сандал дээр сууж байгаад би зүүн уд зүгт явган ганцаараа алхаж харьсан гэв. Алхаж харьсан гэх газар нь 2 тэмээний баримал хашаанаас зүүн урд зүгт 47 м зайд явган хүн гарах хаалга зэргийн орчны харьцуулсан зургийг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэжээ. /хх-ийн 136-141/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 7842 дугаартай “С.Болдоогийн биед суман заадлаас зүүн титэм заадал дайрсан хугарал, зүүн чамархай яснаас хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу хальсны доор цусан хураа, цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал /2020.7.04/, аалзавчийн доорх тархмал цус харвалт, духны дэлбэнгийн цусархаг няцрал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хацар, шанаа, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-47/
Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн байцаалтанд “С.Болдоод учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр бусад гараар толгойн зүүн хэсэгт болон зүүн зулай, чамархай хэсэгт хүч үйлчлэхэд үүсэж болохоор байна. Уг үйлчлэлийн улмаас гавал тархинд битүү гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1516 дугаартай “1.2.3 Талийгаачид хийсэн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, баруун зүүн дух, чамархайн суурийн хэсгийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархай зулай, дагз ясны цөмөрсөн болон шугаман хугарал, сагитал болон хөндлөн синусын урагдал, гавлын оройн шарх хальс, хуйханд цус хуралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн гавал тархины гэмтлүүд нь хүнд, баруун гуянд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж дарагдаж нас баржээ. Талийгаач нь 0/1/ бүлгийн цустай байна. Талийгаач нь 2020 оны 7 дугаар сарын 18-ны 03 цаг 20 минутад нас баржээ. Талийгаач нь эмнэлэгт 14 хоног хэвтэн мэс засал, сэхээн амьдруулалт, эрчимт эмчилгээ хийгдсэн тул химийн шинжилгээнүүд хийгдээгүй. Талийгаач нь зүрхний булчингийн томрол сорвижил өвчтэй байна. Яаралтай эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-62/
Шинжээч эмч Ө.Сарангэрэл мөрдөн байцаалтанд“...С.Болдоо нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан бөгөөд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр толгойн орой хэсэгт үйлчилсэн гэмтэл байна. Толгойн зүүн хэсэг буюу зулай, чамархай орчимд цохих үед нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой юм. Дээрх хүчин зүйлийн улмаас гавал тархины гэмтэлтэй холбоотой бөгөөд нэг дор үүссэн шинэ гэмтлүүд юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3891 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй саарал өнгийн цамцан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай ул мөр илрээгүй. Юүдэнтэй саарал өнгийн цамцан дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн хос оймс, саарал өнгийн хос оймс, хар саарал алаг өнгийн дотоожин дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 106-107/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 24866 дугаартай талийгаачийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 72-102/, эмч нарын зөвөлгөөний шийдвэр /хх-ийн 78-79/, мэс заслын өмнөх дүгнэлт /хх-ийн 79/, үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 80-81/, компьютерт томографи болон өвчний түүх /хх-ийн 92-103/ хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 152-169/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Г.Баярсайхан нь С.Болдоогийн нүүрэн тус газар гараараа цохиж, газарт унагаж амь нас нь аврагдах боломжгүй гэмтэл учруулсаны улмаас хүний амь нас хохирсон нь гэмт үйлдэл үхэл хоорондын шууд шалтгаант холбоотой байх бөгөөд түүний дээрхи үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдоно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас хохирсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт тус тус гаргалаа.
“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.
Хэргийн үйл баримтаас үзвэл Г.Баярсайхан нь С.Болдоогийн бие махбодид 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гавал тархины битүү гэмтлүүд учруулсанаас 2020 оны 7 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн үед гэмтлийн эмнэлэгт яаралтай түргэн тусламжаар ухаангүй байдалтай хүргэгдэж, тухайн өдрөө амь насны заалттай яаралтай мэс засал хийгдэж, эмчилгээ хийгдэж байгаад 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 03 цаг 20 минутанд гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи хавагнаж дарагдаж нас баржээ.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсоноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.
Иймд өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Г.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардалд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.Баярсайханаас 2.000.000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбатад олгохоор шүүх шийдвэрлэв.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатараас “хохирол төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл завсарлуулав.
Шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Г.Баярсайханд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорив.
Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд шүүгдэгч Ш.Баярсайханы талаас 2.000.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбатад өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцно.
Шүүгдэгч Г.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.
Г.Баярсайханд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатараас “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн санал гаргав.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.
Иймд хүний амь нас хохирсон, хохирол хор уршиг арилахгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
Шүүгдэгч Г.Баярсайханы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхэд халдаж хүний амь нас хохироосон хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал буюу /эрүүл мэндийн болон 62 настай/ зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Г.Баярсайханы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.
Хэргийн хамт ирүүлсэн сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн биологийн гаралтай зүйлээр бохирлогдсон 1 ширхэг салфетка, талийгаачийн өмсөж явсан хувцас болох юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Түшээт овогт Гомбодоржийн Баярсайханыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Г.Баярсайханы эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Г.Баярсайханы цагдан хоригдсон 8 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Г.Баярсайхан бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.
6. Хэргийн хамт ирүүлсэн сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан биологийн гаралтай зүйлээр бохирлогдсон 1 ширхэг салфетка, талийгаачийн өмсөж явсан хувцас болох юүдэнтэй цамц 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Баярсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ
ШҮҮГЧИД С.БОЛОРТУЯА
Г.ЗОЛБОО