Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч С.Энхбат /томилолтоор/

шүүгдэгч Э.Гүнчин-Иш, түүний өмгөөлөгч И.Хонгор, Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гүнчин-Ишид холбогдох эрүүгийн 2002004970323 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүдний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх инсисутын Нүүр ам мэс засал судлалын 1 дүгээр дамжааны суралцагч, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55 дугаар байрны 2-32 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,  /РД:УХ90100658/ Тогтох овогт Энхсайханы Гүнчин-Иш.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Гүнчин-Иш 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 7.2685 грамм цэвэр жинтэй, шавар гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо өөрийн биедээ 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Гүнчин-Иш шүүх хуралдаанд “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би нэг удаа хэрэглэж үзсэн. Надад ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Би урьд нь энэ талаар сайн мэддэггүй байсан. Хэрэгт холбогдсоноос хойш энэ гэмт хэргийн талаар илүү ихийг судалж буруу зүйл юм байна гэж мэдээд хамаатан садны хүүхдүүддээ  сургалт зохион байгуулсан.” гэв.

Хавтаст хэргээс: Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...Э.Гүнчин-Иш таны биед ямар нэгэн хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байна уу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэхэд Миний өмсөж яваа хар өнгийн польтоны карманд хар тамхи, мансууруулах бодис байгаа би сайн дураараа гаргаж өгнө” гэснээр хар өнгийн куртикны баруун талын халааснаас зиплок түгжээ бүхий гялгар уутанд боосон бор өнгийн шавар мэт зүйл гаргаж өгснийг электрон хэмжүүр дээр жигнэж үзэхэд 8.4 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтон үзлэгийг эхэлж түүний бие, өмсөж яваа хувцсанд нэг бүрчлэн явуулахаар тогтов...THC хэсгийн С түвшинд 1 тод улаан зураас, Т түвшинд зураас илрээгүй эерэг /хэрэглэсэн/...ТНС төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07/,

Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5354 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Э.Гүнчин-Ишийн биед үзлэг хийж хурааж авсан 2020 оны 9 дүгээр сарын 28 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delya 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно. Э.Гүнчин-Ишийн биед үзлэг хийж хураан авсан 2020.9.28 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн гялгар ууттай үеийн жин нь 12.5026 г, цэвэр жин нь 7.2685 г байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 26-28/

Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5351 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Гүнчин-Иш 2020/09/28 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол  илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: “Монгол улсын иргэн Э.Гүнчин-Ишийн биед энэ оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хураан авч, шинжилгээнд хүргүүлсэн гялгар уутанд боосон бор өнгийн шавар мэт зүйлийн цэвэр жин 7.2686 граммыг эд мөрийн баримтаар тооцсугай. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудыг Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа болно ” гэжээ.  /хх-ийн 11/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 964 дугаартай “Н.Гүнчин-Иш нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Э.Гүнчин-Иш нь сэтгэцийн эмгэггүй байна. Э.Гүнчин-Иш нь сэтгэцийн эмгэггүй байна. Э.Гүнчин-Иш мөрдөн байцаалт болон болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Э.Гүнчин-Иш нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна. Э.Гүнчин-Иш нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Гүнчин-Иш нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Э.Гүнчин-Иш-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах  шаардлагагүй байна. Э.Гүнчин-Иш-д мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор илрэхгүй байна”   гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/

Яллагдагч Э.Гүнчин-Иш мөрдөн байцаалтанд: “2020 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Сүмбэр суманд очиж Сүмбэр сумын нэгдсэн эмнэлэгт байрлаж хүмүүсийн шүдийг янзалж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Би Төв аймгийн Сүмбэр суманд байхдаа эмнэлэгийн хашаанаас гялгар уутанд боосон бор өнгийн шавар шиг зүйлийг олж авсан. Би өмнө цахим орчноос мансууруулах төрлийн бодисын талаар мэдээлэл авч байсан. Тэгээд мансууруулах үйлчилгээтэй шавар нэршилтэй бодистой төстэй байхаар нь тамхины дүнстэй нь хольж байгаад татаж үзсэн чинь ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Ингээд Улаанбаатар хотод ирэхдээ Төв аймгийн Батсүмбэрээс ирэхдээ хар өнгийн польтоны карманд хийсэн байснаа мартчихсан байсан. Тэгээд  2020 оны 9 дүгээр сарын 28-ны оройны 20 цагийн орчим гэртээ байж байтал миний ажиллуулдаг Эдгэ шүдний эмнэлэгт хүн шүдээ үзүүлэх гэсэн юм гээд залгахаар нь яваад очтол цагдаагаас хүмүүс байсан. Тэгээд баригдаад цагдаад шалгуултал карманаас Төв аймагт байхад олсон шавар гарч ирсэн. Тэгээд шавар нэршилтэй мансууруулах бодисыг хураалгасан...Намайг тэр бодисыг олж авахад надтай хамт явсан хүн байгаагүй. Намайг шавар нэршилтэй бодис олж авах үед ойр хавьд ямар нэгэн хүн байгаагүй. Би тухайн үед хог гаргаж асгаж байгаад олж авсан. Цайны цагийн үе байсан юм...Манай найзууд дундаас мансууруулах бодис хэрэглэдэг хүн байхгүй. Манай гэрийнхэн намайг мансууруулах бодис хэрэглэдэг гэдгийг мэдэхгүй. Би нууцаар хэрэглэдэг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,

Байгаль орчин, аялал зуучлалын яамны, Монгол улсад ургадаг дэльта 9 тетрагидроканнабинол агууламж бүхий зэрлэг олсны ургамалын тархцын талаарх судалгаа /хх-ийн 75-78/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/,  ял шалгах хуудас /хх-ийн 69/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Гүнчин-Иш 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 7.2685 грамм цэвэр жинтэй, шавар гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо өөрийн биедээ 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Э.Гүнчин-Ишийн“...Би Төв аймгийн Сүмбэр суманд байхдаа эмнэлэгийн хашаанаас гялгар уутанд боосон бор өнгийн шавар шиг зүйлийг олж авсан. Би өмнө цахим орчноос мансууруулах төрлийн бодисын талаар мэдээлэл авч байсан. Тэгээд мансууруулах үйлчилгээтэй шавар нэршилтэй бодистой төстэй байхаар нь тамхины дүнстэй нь хольж байгаад татаж үзсэн чинь ямар нэгэн мэдрэмж төрөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/, шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5354 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Э.Гүнчин-Ишийн биед үзлэг хийж хурааж авсан 2020 оны 9 дүгээр сарын 28 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор өнгийн зүйлээс дэльта 9 тетрагидроканнабинол /delya 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 26-28/, Шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5351 дугаартай “Гүнчин-Иш 2020/09/28 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол  илэрч байна. Илэрсэн бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан. 

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авахыг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос Э.Гүнчин-Ишид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Э.Гүнчин-Ишийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хариуцлагын тухайд шүүхээс, шүүгдэгч Э.Гүнчин-Ишийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Гүнчин-Ишид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.         

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “шүүгдэгч Э.Гүнчин-Ишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулах” шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгороос  “хорих ял оногдуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, эсхүл зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт,  шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамираас “ Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн тул тэнсэж өгнө үү”  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтыг баримтлан тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.         

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, бусдад төлөх бодит хохиролгүй боловч олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай юм.  

Иймд өмгөөлөгч нарын гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дээрх санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.  

 Шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан шүүгдэгч Э.Гүнчин-Ишид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Э.Гүнчин-Ишид оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэргийн хамт ирүүлсэн сиди бичлэг нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн 7.2685 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөд бодисыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Тогтох овогт Энхсайханы Гүнчин-Ишийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Гүнчин-Ишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Э.Гүнчин-Ишид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Э.Гүнчин-Иш төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

5. Э.Гүнчин-Ишид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн 7.2685 грамм цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөд бодисыг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай. 

7. Эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Гүнчин-Ишийг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ