Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч У.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005000001404 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 01-нд Хөвсгөл аймгийн Их уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Их-Уул сум, 5 дугаар баг, Сэлэнгэ гэх газарт оршин суух хаягтай, урьд нь 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, /РД:ТЯ93070111/, Үхэр-Онход овогт Улаанхүүгийн Пүрэвсүрэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

У.Пүрэвсүрэн нь учрах саадыг арилгах зорилгоор О.Оюунболдын эзэмшлийн 73-88 УБЕ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ерөнхий боловсролын  78 дугаар сургуулийн авто зогсоолд байрлуулсан хохирогч К.Жанботагийн эзэмшлийн 94-44 УНН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн яндаг хулгайлан авч, хохирогчид 730.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохиролоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ “Би өөрийн гэм буруу дээр маргахгүй. Хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Xавтаст хэргээс хохирогч К.Жанбота мөрдөн байцаалтанд “2020 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө гэрээсээ гараад ажилдаа явчихаад ажлаа хийж байгаад орой 23 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн 94-44 УНН улсын дугаартай приус 20 маркийн автомашинаа байрныхаа урд талын 78 дугаар сургуулийн байрлуулж тавиад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө эхнэртэйгээ ууланд алхах гээд 06 цаг 10 минутын үед машиндаа суугаад машинаа асаасан чинь хүнгэнээд трактор шиг дуугарсан тэгэхээр нь доогуур нь тонгойж хартал яндан алдагдсан байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд ойр орчимоор нь камер хайж байтал эсрэг талын байрнаас 50 орчим насны эмэгтэй хөөе залуу гэхээр нь яасан гэсэн чинь та хоёртой сая зөрсөн залуу үүрээр машины доороос урт төмөр аваад чиний машин байрлуулсан газрын ойролцоо нэг цагаан өнгийн Истана машинд хийчихээд өөрөө буугаад явчихсан гэж хэлсэн удалгүй цагдаа нар ирсэн. Намайг ойр орчимд хяналтын камер шүүгээд явж байтал 78 дугаар сургуулийн урд талын шар өнгөтэй байрны 6 давхараас 50 орчим насны эмэгтэй хүн болкон дээрээсээ та хоёртой сая зөрдөг хүн машин доороос чинь урт төмөр аваад машин байрлуулсан зогсоол дээр чинь байсан цагаан өнгөтэй микронд хийгээд өөрөө хоосон гарч ирээд алхаад яваад өгсөн гэж хэлсэн. Эхнэр бид хоёрыг машин руугаа очиход цагаан юүдэнтэй цамцтай 30 орчим насны залуу байсан царай зүсийг нь бол сайн хараагүй. Би автомашиныхаа нүүрсэн янданг 800.000 төгрөгөөр үнэлж байна.  ” гэсэн мэдүүлэг/хх-ийн 34-35/

Гэрч Б.Пүрэвдагдан мөрдөн байцаалтанд “2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гадуур ажилтай явж байгаад 00 цагийн үед байрныхаа ойролцоо 78 дугаар сургуулийн ойролцоо 63-95 УНК улсын дугаартай автомашинаа байрлуулж тавиад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Бат-Эрдэнэ машин авч явна гээд машины түлхүүр аваад гарсан юм. Тэгээд нээх удалгүй над руу ээж машины цонх хагарсан дотор нь байсан эд  зүйл алдагдсан байна гэж хэлсэн, тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан Тэгээд гэртээ амарч өнгөрөөд маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө би 06 цаг 40 минутын үед сэрээд өчигдөр машиныхаа цонхыг хагалуулсан болохоор гадаа гэгээ орж байсан болохоор одоо нөгөө хулгайч нар яг явж байгаа байх гэж бодоод босоод болкон дээрээ гараад урагшаа 78 дугаар сургуулийн зогсоол руу хартал цагаан өнгийн микро шиг машинаас саарал хувцастай залуу бууж ирээд зогсоолын ойр орчимд сэжигтэй алхаад байсан. Тэгэхээр нь би энэ арай хулгайч биш байгаадаа гэж хартал нөгөө залуу зогсоол дээр байрлуулж тавьсан нэг саарал өнгөтэй приус машины доогуур тонгойгоод харж байснаа гэнэт юм нүдээд байхаар нь арай дугуйг нь сугалж байгаа юм болов уу гэж бодтол нэг урт төмөр бариад шууд анх бууж ирсэн микро руугаа хийсэн. Тэгээд би нөгөө залууг ойролцоогоор 5 минут нүд салгалгүй харсан. Гэтэл нөгөө залуу удалгүй машинаасаа хувцсаа солиод саравчтай малгай өмсөөд гарч ирээд гудамж руу алхаж байсан. Тэр үед эрэгтэй эмэгтэй хоёр хүн үүргэвч үүрээд нөгөө залуугийн хажуугаар зөрөөд нөгөө залуугийн ухаад байсан саарал өнгөтэй приус машин руу очоод суучихсан. Би ажиглаад хартал нэг их  удалгүй нөгөө хоёр эрэгтэй эмэгтэй хоёр машинаасаа буугаад машин доогуураа хараад байсан. Тэгэхээр нь би нөгөө залууд хөөе хоёроо сая та хоёртой зөрөөд алхсан залуу та хоёрын машинаас чинь нэг урт төмөр аваад наад зогсоол дээр чинь байгаа цагаан өнгөтэй микро шиг машин руу хийгээд хувцсаа солиод явчихсан гэж хэлсэн. Тэгээд нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/

Гэрч О.Оюунболд мөрдөн байцаалтанд: “2005-2009 он хүртэл Технологийн их сургуульд хамт сурч  байхдаа Түвшинтөр гэх залуутай танилцаж нөхөрлөсөн түүнээс хойш хоорондоо бие биетэйгээ холбоотой байдаг байсан би өөрийн эзэмшлийн 73-88 УБЕ улсын дугаартай Ssyong цагаан өнгийн истана маркийн автомашинаа 2017 онд Түвшинтөрд 4.000.000 төгрөгөнд зарсан хоорондоо гэрээ огт шилжүүлээгүй одоог хүртэл явж байгаа юм. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Е март худалдааны төв дээр ажлаа хийж байгаад найз Түвшинтөрийн 88138888 гэсэн дугаар руу өөрийн 91321912 гэсэн дугаараас залгаад хөгшөөн би одоо удахгүй тарах гэж байна чи манайд хүрээд ирээч хоёулаа манай гэрт ганц хоёр лааз пиво ууя гээд ярилцсан. Тэгээд би ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед таараад замын урд талд байрлах Дүүхээ худалдааны төв ороод ойр зуурын хоолны хүнс мөн 6 шил сэнгүр нэртэй пиво аваад гэр рүүгээ харьсан. Тэгээд байж байтал орой 23 цагийн үед Түвшинтөр над руу залгаад хөгшин нь танай гэрийн гадаа бараг ирж байна захих юм байна уу гэхээр нь би захих юм байхгүй гэж хэлээд утсаа тасалтал удалгүй Түвшинтөр манай гэрийн хаалгыг тогшоод орж ирээд шөнө 01 цаг хүртэл дэлгүүрээс авсан 6 шил пиво хувааж уугаад юм ярьцгааж сууж байгаад унтацгаасан. Тэгээд маргааш буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө Түвшинтөрийн гар утас руу цагдаагаас яриад байсан удалгүй Түвшинтөр манай гэрээс гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч У.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтанд: “2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр яг цагийг нь санахгүй байна, нутгийн ах Түвшинтөрийн 88138888 гэсэн дугаар руу залгаад хаана байгаа талаар нь асуусан чинь ах нь гэртээ байна гадаа гарч машинаа янзална чи завтай бол хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би тэгье гээд 10 дугаар хороололд Түвшинтөр ахтай Ssyong Истана маркийн автомашиныг нь хамт янзлаад дууссаны дараа орой 20 цагийн үед би Түвшинтөр ахаас би гэрээ нүүлгэх гэсэн юм аа та надад машинаа өгөөч гэж хэлээд машиныг нь гуйж авч яваад Жуков руу амьдарч байгаа гэртээ очоод ажлын муу хувцас аваад орой 23 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад приус машины яндан тайлж авна гэж бодоод хороололын эцэст явж байтал миний унаж явсан цагаан өнгийн истана маркийн автомашины аккумльятор нь суучихсан. Тэгээд би машинд хоноод өглөө гэгээ орох үед өөр машинтай хүн гуйж байгаад чирүүлж асаагаад явж байтал дахиад унтарчихсан. Тэгэхээр нь дахиж хүн гуйлгаж асаагаад хорооллын эцсийн доошоо уруудаад өнхрүүлж асаагаад нэг сургуулийн хойд талын шороон зогсоол дээр байрлуулж тавиад хэсэг байж байгаад асаах гэтэл дахиад аккумльятор нь суучихсан. Тэгээд би тэндээ өдөржингөө машин дээр нь байж байгаад орой машин тэрэг тэрүүгээр явахаар нь асаах санаатай гуйсан боловч асаагүй. Тэгээд хартал гадаа саарал өнгийн приус 20 байхаар нь данхраадаад түлхүүр багаж ашиглаад боолтыг нь тайлаад суллаж аваад машиндаа хийгээд машин дотор байсан янданг оронд нь боож тавих гэтэл саарал приус машины эзэн нь гэх залуу гараад ирэхээр нь би шууд машинаа орхиод зугтаачихсан. Би тухайн приус автомашины янданг авч цаашаа фейсбүүкээр зарна гэж бодож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15, 18/

Кости Эстимэйт ХХК-ны автомашины үнэлгээний тайлан “О.Оюунболдын өмчлөлийн 73-88 УБЕ улсын дугаартай, Солонгос улсад үйлдвэрлэсэн, Ssangyoug Istana маркийн бага оврын ачааны микро автомашины зах зээлийн өнөөгийн үнийг эдэлгээний норм, норматив, эдлэгдсэн байдал, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзан 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгөөр тогтоов” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 48-51/ 

Дамно хөрөнгийн үнэлгээний “2008 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монголд орж ирсэн Toyota Prius 20 маркийн автомашины нүүрсэн яндан 730.000 төгрөг” гэсэн тайлан /хх-ийн 41-42/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор  ял шалгах хуудас /хх-ийн 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Пүрэвсүрэн 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар сургуулийн авто зогсоолд байрлуулсан хохирогч К.Жанботын эзэмшлийн 94-44 УНН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 730.000 төгрөгийн хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор О.Оюунболдын эзэмшлийн 73-88 УБЕ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ мэдүүлсэн У.Пүрэвсүрэнгийн “...гадаа саарал өнгийн приус 20 данхраадаад түлхүүр багаж ашиглаад боолтыг нь тайлаад суллаж аваад машиндаа хийгээд машин дотор байсан янданг оронд нь боож тавих гэтэл саарал приус машины эзэн нь гэх залуу гараад ирэхээр нь би шууд машинаа орхиод зугтаачихсан. Би тухайн приус автомашины янданг авч цаашаа фейсбүүкээр зарна гэж бодож байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

хохирогч Жанботагийн “...2020 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө эхнэртэйгээ ууланд алхах гээд 06 цаг 10 минутын үед машиндаа суугаад машинаа асаасан чинь хүнгэнээд трактор шиг дуугарсан тэгэхээр нь доогуур нь тонгойж хартал яндан алдагдсан байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд ойр орчмоор нь камер хайж байтал эсрэг талын байрнаас 50 орчим насны эмэгтэй хөөе залуу гэхээр нь яасан гэсэн чинь та хоёртой сая зөрсөн залуу үүрээр машины доороос урт төмөр аваад чиний машин байрлуулсан газрын ойролцоо нэг цагаан өнгийн Истана машинд хийгээд өөрөө буугаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч Пүрэвдагдангийн “...гараад урагшаа 78 дугаар сургуулийн зогсоол руу хартал цагаан өнгийн микро шиг машинаас саарал хувцастай залуу бууж ирээд зогсоолын ойр орчимд сэжигтэй алхаад байсан тэгэхээр нь би энэ арай хулгайч биш байгаадаа гэж хартал нөгөө залуу зогсоол дээр байрлуулж тавьсан нэг саарал өнгөтэй приус машины доогуур тонгойгоод харж байснаа гэнэт юм нүдээд байхаар нь арай дугуйг нь сугалж байгаа юм болов уу гэж бодтол нэг урт төмөр бариад шууд анх бууж ирсэн микро руугаа хийсэн. Тэгээд би нөгөө залууг ойролцоогоор 5 минут нүд салгалгүй харсан. Гэтэл нөгөө залуу удалгүй машинаасаа хувцсаа солиод саравчтай малгай өмсөөд гарч ирээд гудамж руу алхаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15, 18/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

У.Пүрэвсүрэнгийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл  байна.       

 Шүүгдэгч У.Пүрэвсүрэн нь 24-ийн түлхүүр, 12-ын түлхүүр, нугастай торцовыг гэмт хэрэг үйлдэх зорилгоор зориудаар  ашигласаны  үр дүнд машины янданг тайлж авч, өөрийн жолоодож явсан О.Оюунболдын эзэмшлийн 73-88 УБЕ улсын дугаартай Истана маркийн автомашинд хийсэн байх тул түүнийг гэмт үйлдлээ түргэсгэх, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч У.Пүрэвсүрэнг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” үйлдсэн гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон У.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг  баримтлан хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч У.Пүрэвсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдсан байдал,  гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээг зэргийг харгалзан үзэв.  

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Ц.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн хохиролоо нөхөн төлсөн бол ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 Иймд шүүгдэгч У.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.   

Шүүгдэгч У.Пүрэвсүрэн урьд нь 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг биелүүлээгүй нь шүүгдэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 04/1915 дугаартай албан бичгээр /хх-ийн 70/ нотлогдож  байна.

Түүний энэ байдал нь Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан хууль зүйн үр дагаврыг бий болгож байна.

 Иймд У.Пүрэвсүрэнд өмнөх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож  37 хоног буюу 1 сар 7 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сар 7 хоногийн  хугацаагаар хорих ялаар тогтоов.

 Шүүх, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ болон  үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохиролын тухайд хохирогч К.Жанботагийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн автомашины 730.000 төгрөгийн үнэлгээ бүхий яндан биет байдлаар буцаан олгогдсон байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

У.Пүрэвсүрэнгийн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  О.Оюунболдын эзэмшлийн 73-88 УБЕ улсын дугаартай Истана маркийн автомашиныг  битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлж О.Оюунболдод олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгч У.Пүрэвсүрэнгээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 24-ийн түлхүүр, 12-ын түлхүүр, нугастай торцов тус бүр нэг ширхэгийг устгаж, шүүгдэгч У.Пүрэвсүрэнгийн Samsung маркийн гар утас, яндан тус бүр нэг ширхэгийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус  удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Үхэр-Онход овогт Улаанхүүгийн Пүрэвсүрэнг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн  6.7 дугаар  зүйлийн  1 дэх хэсгийн 1.3-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч У.Пүрэвсүрэнд  өмнөх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож  37 хоног буюу 1 сар 7 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 1 сар 7 хоногийн  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. У.Пүрэвсүрэнгийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Пүрэвсүрэнгийн цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. У.Пүрэвсүрэн бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 24-ийн түлхүүр, 12-ын түлхүүр, нугастай торцов тус бүр нэг ширхэгийг устгаж, У.Пүрэвсүрэнгийн Samsung маркийн гар утас, яндан тус бүр нэг ширхэгийг өөрт нь буцаан олгосугай.

8. О.Оюунболдын эзэмшлийн 73-88 УБЕ улсын дугаартай Истана маркийн автомашиныг  битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж О.Оюунболдод олгосугай.

9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгч У.Пүрэвсүрэнгээс гаргуулж  улсын төсөвт  шилжүүлсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.     

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Пүрэвсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

  

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ