Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1154

 

Р.Түвдэндоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/00992 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Түвдэндоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Цэцэгмаад холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Түвдэндорж,

Хариуцагч Т.Цэцэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.Түвдэндоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 1999 онд Т.Цэцэгмаатай гэр бүл болж, 2001 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Т.Хишигмаа, 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин Т.Буянхишиг, 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Т.Отгонтөгс нар төрсөн. Бид 2011 оноос тусдаа амьдарч эхэлсэн ба 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03533 дугаар шийдвэрээр гэр бүл цуцалсан. Шүүхийн шийдвэрээр охин Т.Хишигмаа, Т.Буянхишиг нарыг миний асрамжид үлдээсэн. Миний бие өөрийн асрамжид байгаа хоёр охиноо эх Т.Цэцэгмаатай байнга уулзуулдаг, гэтэл Т.Цэцэгмаа нь миний охин Т.Отгонтөгстэй 1 удаа л уулзуулсан, хоёр эгчтэй нь уулзуулдаггүй. Би цалингаас өөр орлогогүй, одоо айлын хашаанд хоёр охинтойгоо амьдарч байна. Охид маань өсөж том болж байгаа тул тэдэнд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Цэцэгмаагийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Миний бие 1999 онд Р.Түвдэндоржтой гэр бүл болсон. Бид гэр бүл болсноос хойш 2001 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Т.Хишигмаа, 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин Т.Буянхишиг, 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Т.Отгонтөгс нар төрсөн. 2011 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03533 дугаар шийдвэрээр гэр бүл цуцалсан. Шүүхийн шийдвэрээр охин Т.Хишигмаа, Т.Буянхишиг нар нь аавынхаа асрамжид, охин Т.Отгонтөгс ээжийнхээ асрамжид үлдсэн. Р.Түвдэндорж бага охиныхоо тэтгэлгийг өгөхөөс татгалзсан тул би хоёр охиноо өөр дээрээ авна. Биднийг хаяад явснаас хойш би аав, ээж, ах, эгчийнхээ тусламжаар хүүхдүүдээ өсгөж байсан. Иймд хүүхдүүдээ салгаж өгөх шаардлагагүй. Миний бие ажилгүй 2 нялх хүүхэдтэй гэртээ байгаа тул хоёр хүүхдийн тэтгэлэг өгөх ямар ч боломж байхгүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2001 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Т.Хишигмаа, 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Т.Буянхишиг нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол
18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх Т.Цэцэгмаагаар cap бүр
хүүхдийн тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлж,

            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан Т.Цэцэгмаагаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтнй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг зааж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Цэцэгмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Би эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй, өөрийн гэсэн өв хөрөнгөгүй учир 2 хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна. Одоогоор би бага насны 3 хүүхэдтэй, тэдний хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ. Харин хэргийг шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

 

Нэхэмжлэгч Р.Түвдэндорж нь хариуцагч Т.Цэцэгмаад холбогдуулан хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Гэрлэгчид 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд тэдний хамт амьдрах хугацаанд буюу 2001 оны 02 дугаар сарын 18-ны өдөр охин Т.Хишигмаа, 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдөр охин Т.Буянхишиг, 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр охин Т.Отгонтөгс нар төржээ. Улмаар гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 03533 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Т.Хишигмаа, Т.Буянхишиг нарыг эцэг Р.Түвдэндоржийн, охин Т.Отгонтөгсийг эх Т.Цэцэгмаагийн асрамжид үлдээсэн үйл баримт тогтоогджээ.

 

Дээрх шийдвэрээр эцэг Р.Түвдэндоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Т.Отгонтөгсийг 11 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд эх Т.Цэцэгмаагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь өөрийн асрамжид байгаа охин Т.Хишигмаа, Т.Буянхишиг нарт эх Т.Цэцэгмаагаас тэтгэлэг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй, өөрийн гэсэн өв хөрөнгөгүй учир 2 хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж маргаж байна.  

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. Гэрчлэгчид гэрлэлтээ цуцлуулсан нь үр хүүхдээ тэжээн тэтгэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Эх Т.Цэцэгмаагаас охин Т.Хишигмаа, Т.Буянхишиг нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боловч нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас нөхөн төлүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн заалтыг шүүх баримтлаагүйг залруулах нь зүйтэй юм.  

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/00992 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтын дараа 3 гэж нэмэн уг заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Т.Цэцэгмаагаас 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж нэмж,

шийдвэрийн тогтоох хэсгийн “3” дахь заалтыг “4” болгож, “4” дэх заалтыг “5” болгон  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                               ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                                Б.НАРМАНДАХ