Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

        Г.Тт холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Л.Б даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор М.Цэнд-Аюуш,

            шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

            хохирогч Д.Д,  

            иргэний нэхэмжлэгч “Тайган булаг” ХХК-ийн төлөөлөгч Т.Багахүү,  

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Нийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор М.Цэнд-Аюушийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.Тт холбогдох 201525011931 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Хотгойд овгийн Гантөмөрийн Г.Т, 1985 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 15/1 байрны 28 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива Сити” хорооллын М-5-3-5 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000000000000/

Г.Т нь 2015 оны 1 дүгээр сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Эад “баригдаж байгаа орон сууцнаас байр авч өгнө” гэж хуурч мэхлэн 62,000,000 төгрөг авсан,

2015 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бумбат” барилгын материалын дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг Л.Бэс “холбоо дохиолол, барилгын цахилгааны материал зээлээр авна” гэж хуурч мэхлэх, илтэл эвдэх аргаар 10,980,000 төгрөг бараа, материал авсан,

2015 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний орчим хохирогч Э.Мын эзэмшлийн “Ланд круйзер-80” загварын, 88-54 УБГ улсын дугаартай автомашиныг “7 хоног хэрэглээд өгье” гэж хуурч мэхлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж 16,000,000 төгрөгийн,

2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эы эзэмшлийн 81-18 ӨМӨ улсын дугаартай, “Ланд круйзер-76” загварын автомашиныг “Хятадуудад зарж мөнгө өгнө” гэж хуурч мэхлэх аргаар залилан авч 66,000,000 төгрөгийн,

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр хохирогч Д.Дээс “барилга бариулж байгаа, мөнгө нь орж ирэхээр үнийг нь төлнө” гэж хуурч мэхлэх аргаар “Toyota Harrier” загварын автомашиныг залилан авч 26,000,000 төгрөгийн,

2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Нийн 93-31 УНЯ улсын дугаартай, “Тоёота Тундра” загварын  автомашиныг “худалдаж авна” гэж хуурч мэхлэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч, барьцаалан зээлдүүлэх газар зээлийн барьцаанд тавьж 17,500,000 төгрөгийн хохирол учруулж, давтан үйлдлээр залилан мэхэлж бусдад нийт 198,480,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн сэжигтнээр тооцогдож, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 128 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Г.Тт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Г.Тийн С.Э, Ж.Н, Л.Б, Э.Ма нарыг залилан мэхлэсэн гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос Г.Тт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилж, Г.Тийг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Г.Тийн урьд цагдан хоригдсон 254 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 3810 нэгж буюу нийт 3,810,000 төгрөгийг торгуулын ялаас хасч, түүний торгох ялыг 6,190,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Г.Т болсон үеэс эхлэн 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 81-18 ӨМӨ улсын дугаартай, “Ланд круйзер-76” загварын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Бямбажаргалд, “Тоуота Наrriеr” загварын 32-20 УБП улсын дугаартай автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Э.Чүлтэмдоржид тус тус буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Тийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс нийт 90,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Эд 66,000,000 төгрөг, хохирогч Д.Дт 24,000,000 төгрөгийг тус тус олгуулж,

иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэчимэг, иргэний нэхэмжлэгч “Тайган булаг” ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ж.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хохирогч миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял завших боломж олгожээ. Тухайлбал прокурорын байгууллага намайг хохирогчоор тогтоосон байтал шүүгдэгч Г.Ттэй хамтран гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэнд миний бие гомдолтой байна. Учир нь шүүгдэгч Г.Т нь миний эзэмшлийн “Тоёота Тундра” загварын автомашиныг зээлээр худалдан авна гэж итгэл үнэмшил төрүүлэн барьцаалан зээлдүүлэх газар тавиулж 12,000,000 төгрөг авсан бөгөөд Г.Т өөрөө захиран зарцуулсан нь гэмт хэргийн замаар олсон мөнгө эд хөрөнгийг захиран зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Тт залилан мэхлүүлсэн бусад хохирогчдын адил миний бие өөрийн эд хөрөнгөө залилан мэхлүүлсээр байтал хохирогч биш гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолын Э.Ж.Н надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэжээ.

 

Прокурор М.Цэнд-Аюуш бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтаас үзэхэд ялтны гэр бүлийн нийт гишүүдийн эд хөрөнгөнөөс үү, эсвэл гэр бүлийн нийт гишүүдийн эд хөрөнгийн ялтанд ногдох хэсгээс нь гаргуулан хохирогчийн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ар гэр гэсэн хууль зүйн нэр томъёо байхгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “Гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, мөн зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ гэж тодорхойлжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч нарын хохирлыг барагдуулж байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх хэсэгт “Ар гэр” түүнд оногдох хөрөнгөөс гаргуулах гэдэгт эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин Ж.Н нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр Г.Ттэй хамт очиж автомашинаа барьцаалан зээлдэх газарт тавьсан. Өөрөө ч гэсэн тодорхой хэмжээний мөнгийг авч хэрэглэсэн байдаг. Г.Т нь Ж.Нид “надад нэг ажил байгаа юм. Үүнийг хийхэд мөнгө хэрэгтэй байна” гэхэд “чи энэ машиныг 45,000,000 төгрөгөөр ав. Дараа нь мөнгийг нь өгөөрэй. Чи одоохондоо ломбардад тавина уу чиний өөрийн эрхийн асуудал” гэсэн тохиролцоо байгуулсан. Иймд Ж.Нийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Тт оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Гомдол гаргаагүй учир нь Г.Тийг хохирлоо барагдуулах болов уу гэж харсан. Энэ хугацаанд 1,000,000 төгрөг өгсөн. Сүүлийн хэдэн хоног утсаа авахгүй байж байгаад өчигдөр орой холбогдсон. Цаашдаа төлж барагдуулна гэж хэлж байгаа болохоос мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Хохирлоо яаж барагдуулах нь тодорхойгүй байгаа учир түүнд оногдуулсан ял хөнгөгдсөн гэж үзэж байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “Тайган булаг” ХХК-ийн төлөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Ж.Нийн гомдолтой холбоотойгоор тухайн автомашиныг барьцаалан зээл авч байх үед хохирогч Ж.Н, Г.Т нар цуг барьцаалсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч 2,700,000 төгрөг авсан тухай хэлсэн. Тухайн зээлийн хугацаа дуусахад гэрээнд бичигдсэн утас хаяг руу “Тайган булаг” ХХК мэдэгдэх хуудас илгээсэн. Тухайн мэдэгдэх хуудсын дагуу хохирогч Ж.Н нь хариу бичиг явуулсан. Ж.Н нь тухайн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг түр хүлээж байгаач, мөнгөө төлж барагдуулна гэж хугацаа авсан. Хэрвээ мэдэгдэх хуудсын дагуу мөнгөө төлж барагдуулаагүй байсан бол 2016 оны 1 сард Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах боломжтой байсан. Мөн энэ хэрэгт камерын бичлэг авагдсан байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар Ж.Н, Г.Т, “Тайган булаг” ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь иргэний журмаар шийдвэрлэгдэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн тухайн автомашин битүүмжлэгдсэн. Анхан шатны шүүх, шийтгэх тогтоолд битүүмжлэлээс чөлөөлөх эсэх талаар дурдаагүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Г.Т нь 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Эы эзэмшлийн 81-18 ӨМӨ улсын дугаартай, “Ланд круйзер-76” загварын автомашиныг “Хятадуудад зарж мөнгө өгнө” гэж хуурч мэхлэн залилан авч 66,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр хохирогч Д.Дийн эзэмшлийн “Toyota Harrier” загварын автомашиныг “барилга бариулж байгаа, мөнгө нь орж ирэхээр үнийг нь төлнө” гэж хуурч мэхлэн залилан авч 26,000,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 92,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- хохирогч Д.Дийн “... 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Toyota Harrier” загварын автомашиныг Г.Т гэх манай дүүгийн найз ирээд 26,000,000 төгрөгөөр зээлээр авна, 2015 оны 7 дугаар сарын 16-нд 6,000,000 төгрөг өгнө үлдсэн мөнгийг нь 2015 оны 7 дугаар сарын 20-нд эхнэрийн зээл бүтэхээр өгнө гээд авсан. Уг  машин нь хүрэн улаан өнгөтэй, 2005 оны 11 дүгээр сард үйлдвэрлэгдсэн, Монголд 2015 оны 7 дугаар сарын 6-нд орж ирсэн автомашин байсан... Г.Т Таравлан хотхонд ажлын гүйцэтгэлийн мөнгө авахаар таны мөнгийг өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн. Сүүлдээ зугтаагаад утсаа авахгүй байгаа... Г.Т надаас авсан машиныг Чүлтэмдорж гэх залууд шилжүүлсэн байсан... миний машин Монгол Улсад яваагүй дөнгөж орж ирээд 4 хонож байсан, одоо номер аваад хуучраад зарим хэсгээрээ шүргэлцсэн байна лээ. Г.Т 2015 оны 11 дүгээр сараас хойш оргоод алга болсон... Г.Т нэг “Тундра” загварын машиныг нэр дээрээ шилжүүлчихсэн, унаад явж байсан ба би энэ машиныг ломбарданд тавиад мөнгийг чинь өгнө, та наад машинаа Лувсанчүлтэмд өгчих, эхнэр нь бөөн юм болоод мессеж бичээд байна гээд буцаагаад авч яваад нөгөөдөр нь Ж.Н гэдэг хүнээр 2,000,000 төгрөг өгүүлээд ор сураггүй алга болсон...” /1-р хх-13, 85-86/,

мөн түүний “... Г.Т нь надаас машин аваад одоо 24,000,000 төгрөг өгөх дутуу байгаа...” /3-р хх-184/,

- хохирогч Ц.Эы “... 2015 оны 3 дугаар сарын үеэр өөрийн найз С.Эаар дамжуулан Г.Ттэй танилцсан юм... би өөрийн унаж байсан “Ланд круйзер 76” загварын, 81-18 ӨМӨ гэсэн улсын дугаартай машинаа зарах санаатай гэдгээ хэлж байсан чинь 2015 оны 6 дугаар сард Г.Т надтай уулзаад “би хятадуудтай нэг ажил хийж байгаа юм, тэр хятадууд машин авах гээд байна, би чиний машиныг зараад өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Г.Т “энэ хятадууд итгэхгүй байна, чи машинаа над руу шилжүүлээд өгчих, би тэгээд нотариатаар орж худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээгээ үзүүлж байгаад мөнгөө аваад чамд өгье” гэхээр нь худалдах, худалдан авах гэрээ хийж машинаа 65,000,000 төгрөгөөр зарахаар болсон. Тэгтэл мөнгө нь ирэхгүй байсан, хятадууд бэлнээр мөнгө авч ирэх гээд байна, би машиныг чинь Эрээн хот руу унаад явчихаад ирье гээд аваад явсан. Би шууд Өмнөговь аймаг руу яваад өгсөн юм. Тэрнээс хойш “мөнгө аваад Эрээн хотоос гарч байна” гэж яриад байснаа сүүлдээ дундын дансанд хийж байгаад мөнгөө өгнө гээд байна гэсэн. Тэгж байгаад алга болчихсон. Хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад наадмын үеэр над руу өөрөө холбогдоод “машин чинь надад миний нэр дээр байгаа асуудалгүй” гэхээр нь одоо машин хаана байна гэхэд Завхан аймгийн Ургамал суманд хятадууд унаад явж байгаа гэж хэлсэн. Мөнгө төгрөгөө яасан гэхэд “чи түр хүлээж бай, би бүтээж өгнө асуудалгүй” гэж хэлээд дахин алга болоод 2015 оны 8 дугаар сарын 5-наас 6-ны үеэр манай найз С.Э Г.Тийг хайсаар байгаад олоод над руу ярьсан. Тэгэхэд Г.Т машин өнөөдөр Ургамал сумаас ирж байгаа гээд хүлээлгээд байсан. Орой болоод машин ирэхгүй байхаар нь манай найз С.Э машин яасан байна гээд сураглаад байсан чинь миний машин аль хэдийн өөр хүнд зарагдаад, өөр улсын дугаартай болсныг мэдсэн. Тэгээд Г.Т өөрөө би чиний машиныг хүнд өгчихсөн, асуудалгүй зохицуулаад өгнө гээд л дахин сураггүй алга болсон... Би машинаа 65,000,000 төгрөгөөр үнэлнэ. Би 2011 оны 11 дүгээр сард өөрийн машинаа “Бодь автоматив” ХХК-иас шинээр нь 93,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Машинаа л авах хүсэлтэй байна...” /1-р хх-153/,

- гэрч Э.Чүлтэмдоржийн “... Би хуучин машинаа зараад “Toyota Harrier” загварын автомашин авах гэхэд мөнгө хүрээгүй. 2015 оны 5 дугаар сард өөрийн хамаатны ах Лувсанчүлтэмд 13,000,000 төгрөг бэлнээр зээлсэн. Тэгээд уг мөнгийг буцааж авах гээд асуухад Лувсанчүлтэм ах надад нэг он залуу “Toyota Harrier” автомашин байгаа мөнгө нэмээд авах уу гэхээр нь би 2015 оны 7 дугаар сард үзээд таалагдсан. Тэгэхэд ахын найз Г.Т ирсэн. Би ах Лувсанчүлтэмд 6,000,000 төгрөг зээлээд, өөрийн сая төгрөгийг нэмээд 11,000,000 төгрөг Г.Тт өгөөд нэрээ шилжүүлж авсан. Би ахаас авах ёстой байсан 13,000,000 төгрөгийг оролцуулаад авсан... Би Г.Тийг ах Лувсанчүлтэмийн найз гэдгээр нь таньдаг. Мөн ажлын шугамаар мэддэг юм. Лувсанчүлтэм ах Г.Т хоёр хоорондоо ямар наймаа хийсэн талаар мэдэхгүй. Би Лувсанчүлтэм ахаас мөнгөө авах хэрэг боллоо гэхэд “чи ийм машин авах уу” гэхээр нь би үзээд авсан. Миний авсан машин “Toyota Harrier” загварын, хослосон хайбрид хөдөлгүүртэй, улаан хүрэн өнгөтэй, 32-20 УНЭ улсын дугаартай, 2005 оны автомашин байсан...” /1-р хх-14/,

- гэрч Б.Зулзаяагийн “... өвс хадлангийн тоног төхөөрөмжтэй байсан болохоор тариалангийн ажил хийхэд хөдөө гадаа явна гэж төлөвлөөд “Ланд круйзер” загварын машин худалдаж авахаар интернетээс зар хараад хайж байсан. 2015 оны 6 дугаар сарын сүүлчээр захын нэг ченж машин зарна гэж байна лээ гэхээр нь тэр утас руу залгаад нөхөртэйгээ 3, 4 дүгээр хороололд машиныг нь очиж үзээд таалагдаад авсан. Тэр үед машины эзэн нь Г.Т гэж 20 гаран насны туранхай залуу байсан... гайгүй машин байна гээд шууд авахаар тохирч 38,500,000 төгрөгөөр авсан санагдаж байна. Маргааш нь нотариатын газар худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгөө өгчихөөд шууд Авто тээврийн газар очоод шилжүүлэг хийлгэсэн... Г.Т гэж залуу өөрийнхөө машин л гэж байсан. Мэдээж өөрийнх нь нэр дээр байсан болохоор асуудал байхгүй байсан...” /1-р хх-154-155/,

- иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргалын “... 2015 оны 6 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байнаа би машин авах гээд “Да хүрээ” зах дээр явж байтал “Ланд круйзер 76” загварын хар саарал өнгийн машин зарна гэсэн нэг утасны дугаар байхаар нь тэр дугаар руу залгахад... 45,000,000 төгрөгт зарна гэсэн. Г.Т гэж өөрийгөө танилцуулсан залуу “Ланд круйзер 76” загварын хар саарал өнгийн автомашин үзүүлсэн... 45,000,000 төгрөгт зарна гэхээр нь 38,700,000 төгрөгт авъя, хэрвээ өгөхөөр бол яриарай гээд утасны дугаараа орхиод явсан. Маргааш нь Г.Т яриад “39,000,000 төгрөгт авчих” гэхээр нь наймаа дундаа хийгээд 38,500,000 төгрөгөөр авахаар тохирсон. Тэгээд Модны 2-ын хажуу талын нотариатаар орж гэрээ хийгээд банк орж мөнгө авч өгөөд автомашиныг авсан...” /1-р хх-177/,

- гэрч С.Эын “... Би Ц.Этай Удирдлагын академид суралцаж байхдаа танилцсан найзууд байгаа юм. Г.Тийг 2008 оноос ОХУ-аас зуух оруулж ирж зардаг байхдаа Г.Төөр реклам хийлгэх гээд анх танилцсан. Тэрнээс хойш Г.Т хаяа надаас мөнгө зээлээд буцаагаад өгдөг их итгэлтэй найз болчихсон байсан... 2014 оны 11 дүгээр сард Г.Т надад нэг ажил хийж байгаа түүнийхээ оронд байр авч байгаа намайг авах уу гэж ярьсан. Тэгэхээр нь би тухайн үед байраа томруулах гэж байсан болохоор Г.Төөс 3 өрөө байр авахаар яриад 42,000,000 төгрөг өгсөн. Гэтэл Г.Т нь надад худлаа ярьсан болж таараад миний мөнгийг буцааж өгөхгүй байсан. 2015 оны 4 дүгээр сард Ц.Э төмөр замд байдаг 3 өрөө байраа зарна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Г.Ттэй яриад би төмөр замд байр авахаар боллоо мөнгөө буцааж авъя гэж хэлсэн. Тэр үед Г.Т за мөнгийг чинь буцааж өгье, түр хүлээж бай гэж хэлсэн. Би 2015 оны 4 сард Ц.Эаас байрыг нь аваад... Ц.Э, Г.Т хоёрыг хооронд нь танилцуулаад Г.Тийг надаас авсан мөнгөө Ц.Эд өгчихөөрэй гэж хэлээд явсан. 2015 оны 6 сарын эхээр намайг Дорнодод байхад Ц.Э над руу яриад миний “Ланд круйзер 76” загварын автомашиныг Г.Т зараад өгье гээд нэр дээрээ шилжүүлж авч яваад утсаа авахгүй болчихлоо гэж хэлсэн... 2015 оны 7 сард Г.Т, Ц.Э бид гурав хотод уулзаад Г.Төөс Ц.Эы машиныг яасан талаар асуухад Завхан аймаг руу ажилд явуулчихсан гээд худлаа яриад байсан. Ц.Э бид хоёр автомашиных нь арлын дугаараар Авто тээврийн газраар шүүлгүүлэхэд 14-88 гэсэн дугаартай болчихсон эзэмшигч нь 88001488 гэсэн дугаарын утастай хүн байна гэж хэлсэн. Уг дугаар руу утасдаж асуухад нэг ах би зар дээрээс уг машиныг олж 38,500,000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлсэн. Энэ явдлын дараа Г.Т алга болчихсон...” /1-р хх-175/ гэсэн мэдүүлгүүд,

- “Toyota Harrier” загварын, 32-20 УБП улсын дугаартай автомашины үнэлгээ /1-р хх-6, 131/,

- “Toyota Land cruiser-76” загварын, 14-88 УБП улсын дугаартай автомашины үнэлгээ /3-р хх-179-182/,

- Г.Т, Э.Чүлтэмдорж нарын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Toyota Harrier” загварын, MHU380032545 аралын дугаартай автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-70-71/,

- Г.Т, Ц.Э нарын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Toyota Landcruiser-76” загварын, 81-18 ӨМӨ улсын дугаартай автомашиныг 65,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-147-148/,

- Г.Т, Б.Бямбажаргал нарын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Toyota Land cruiser-76” загварын, 80-41 УБК улсын дугаартай автомашиныг 38,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-182/,

- “Toyota Land cruiser-76” загварын, 81-18 ӨМӨ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-163/,

Г.Тийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулжээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Г.Т нь хохирогч С.Э, Ж.Н, Л.Б, Э.Ма нарыг залилсан гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарчээ. Өөрөөр хэлбэл хохирогч нарыг хуурч мэхэлсэн, зохиомол байдлыг зориуд бий болгосон, төөрөгдүүлсэн, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан байдал тогтоогдсонгүй. Энд нэр нь дурьдагдаж буй хохирогч нар нь Г.Тт мөнгө, эд хөрөнгөө шилжүүлэн өгөхдөө юунд зарцуулах, ямар зориулалтаар ашиглах гэж байгааг мэдэж байсан тул Г.Тийн эдгээр үйлдэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангахгүй.

 

Хохирогч С.Э, Ж.Н, Л.Б, Э.Ма нар Г.Тт шилжүүлэн өгсөн мөнгө, эд хөрөнгөө иргэний журмаар нэхэмжлэн шийдвэрлүүлж, эрхээ хамгаалуулах нь зүйтэй.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргосон” үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх, Г.Тийг “хохирогч Ц.Э, Д.Д нарын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан холбогдох хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирчээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Хохирогч Ж.Нийн эзэмшлийн 93-31 УНЯ улсын дугаартай, “Тоёота Тундра” загварын автомашиныг өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр барьцаалдан зээлдүүлэх газарт барьцаалан зээл авч, уг зээлийн тодорхой хэсгийг Ж.Н өөртөө авсан хэргийн нөхцөл байдлаас үзвэл залилан мэхлэх гэмт хэргийн гол шинж байхаар хуульчлагдсан “хохирогчийг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсэн, итгэлийг эвдсэн” гэх байдал шүүгдэгч Г.Тийн энэ үйлдэлд тогтоогдоогүй болно.

 

Харин анхан шатны шүүх Г.Төөс хохирол гаргуулахдаа түүний “... ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс...” гэж бичснээс хохирлыг ар гэрээс нь үү, эсхүл шүүгдэгчийн хөрөнгөөс үү гэдэг нь ойлгомжгүй байна гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчийн гэр бүлийн хөрөнгөөс гаргуулах мэтээр ойлгогдохоор заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчиж байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс нөхөн төлүүлэх” гэсэн байдлаар өөрчлөх нь зүйтэй байна.  

 

Мөн хохирогч Ж.Нийг залилсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа “Тоёота Тундра” загварын 93-31 УНЯ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн тогтоол /3-р хх-48-49/-ыг хөндөлгүй орхисон байх тул үүнийг давж заалдах шатны шүүх нөхөн шийдвэрлэв.

 

Иймд шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлт оруулж, хохирогч Ж.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Хохирогч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Г.Төөс хохиролд 1,000,000 төгрөг хүлээн авсан гэснийг магадлалд дурьдав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтын “... Г.Тийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс...” гэснийг “...Г.Тийн хувьд ногдох хөрөнгөөс...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Тоёота Тундра загварын, 93-31 УНЯ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Ж.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Г.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хохирогч Д.Дт 1,000,000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.Л.Б

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН