Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2017/00017/И |
Дугаар | 122 |
Огноо | 2017-03-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******, Б.*******
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,243,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Б.*******, хариуцагч Л.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Л.*******, М.******* нар нь тус банктай 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ЗГ-RCC2014012916-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г, 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр БГ-RCC2014012916-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 67,158,000.00 (жаран долоон сая нэг зуун тавин найман мянган) төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8-н хувийн хүүтэй, 240-н сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Л.*******, М.******* нар нь ЗГ-11СС2014012916-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч Л.*******гийн өмчлөлийн 000227607 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1105002764 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 34 дүгээр байрны 1-10 тоот хаягт байрлах 79.95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээл болох 67,158,000.00 (жаран долоон сая нэг зуун тавин найман мянган) төгрөгөөс 2,468,773.44 (хоёр сая дөрвөн зуун жаран найман мянга долоон зуун далан гурван төгрөг, дөчин дөрвөн мөнгө) төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 14,882,322.17 (арван дөрвөн сая найман зуун наян хоёр мянга гурван зуун хорин хоёр төгрөг, арван долоон мөнгө) төгрөгөөс 9,337,786.88 (есөн сая гурван зуун гучин долоон мянга долоон зуун наян зургаан төгрөг, наян найман мөнгө) төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь ЗГ-11СС2014012916-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй таиаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйл, мөн ЗГ-ЯСС2014012916-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9.2-д заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Иймд Зээлдэгч Л.*******, М.******* нартай байгуулсан ЗГ-RCC2014012916-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж байгаа тул үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 70,243,262.00 (далан сая хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуун жаран хоёр) төгрөгийг зээлдэгч Л.*******гээс гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Хариуцагчийн гаргаад байгаа хүсэлтийг хүлээж авах боломжгүй. Яагаад гэвэл зөрчил гаргасан 8 сая төгрөгийг төлөх шаардлагыг олон удаа хэлж анхааруулсан боловч төлөөгүй хугацаа хэтрүүлсэн учраас хариуцагчийн саналыг хүлээн авах боломжгүй, нэмж хэлэх тайлбар байхгүй. Эвлэрэх боломжгүй.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эвлэрэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Хариуцагч Л.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын / Далан / 3-р баг 34-р сууцны 5 тоотод оршин суугч Лувсан овогтой *******, эхнэр Мандах овогтой ******* бид *******наас 2014 оны 2 дугаар сарын 20 нэ өдөр ЗГ- RCC2014012916-1 тоот гэрээ байгуулан 67,158,000 /Жаран долоон сая нэг зуун тавин найман мянган/ төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 8% хүүтэй 240 сарын хугацаатайгаар авсан. Авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг 34 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах 79,95м2 талбайтай сууцыг 1м-ийг нь 1,200,000 төгрөгөөр буюу нийт 95,940,000 төгрөгөөр худалдан авч Л.Амартувшин миний өмчлөлд Улсын бүртгэлийн Ү-1105002767 дугаарт бүртгүүлэн гэрчилгээг гаргуулан авч зээлийн барьцаанд барьцаалуулсан болно. Зээлийг төлбөрийн хуваарийн дагуу төлж явсан боловч 2015 оноос улс орны эдийн засаг хямарч, уул уурхайн бүгээгдэхүүний үнэ унаснаас үйлчлүүлэгч, худалдан авагч байгууллага хүмүүсийн төлбөрийн чадвар буурч миний эрхлэж байсан /авто сэлбэгийн худалдаа, авто угаалга/ бизнес доголдон орлого муудаж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Иймд “Арвин сан” ХХК-ийн худалдаа үйлчилгээний төвийн 2-р давхарт 42 м2 талбайг түрээсийн төлбөргүйгээр ашиглахаар тохирч бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулах зориулалтаар хана, хувцасны өлгүүр, тавиур тавилга, хувцас солих кабин, тавцан зэргийг мэргэжлийн интериер дизайнераар зураг эскиз гаргуулан өнгөт хавтангаар хийлгэж тохижуулан дэлгүүр нээн ажиллуулж эхэлж байсан. 2014 оны эцсээр “Арвин сан” ХХК-ийн Худалдаа Үйлчилгээний барилгыг Худалдаа Хөгжлийн банк хураан авч доторхи эд хогшил, тоног төхөөрөмж, тавилгыг нүүлгэн гаргах явцдаа 2-р давхарт байсан манай дэлгүүрийн тавиур тавилга, хувцас солих кабин, тавцан, ханын өлгүүр зэргийг хагалах, хугалах, холбоосуудыг угсрах аргагүй болгож сэтлэн салган бүгдийг эвдэлж дахин ашиглах аргагүй болгон нүүлгэн шилжүүлсэн байсан нь хүлээн авах үед илэрсэн учраас дахин дэлгүүрээ нээн ажиллуулах бололцоогүй болж орлого олох зээлээ төлөх боломж эх үүсвэргүй болсон. 2015 оны эхээр дэлгүүрийн тавилгыг тус банкнаас хүлээн авахаар болж авах гэтэл дээрхи эвдрэлтэй байсны улмаас авах боломжгүй болж учирсан хохирлоо яах тухай асуухад ямар хохирол учирсан тухайгаа бичээд Худалдаа Хагжлийн банкинд явуул учирсан хохирлыг барагдуулах болно гэж Худалдаа Хөгжлийн банкны тусгай активийн ажилтан Баяр-Эрдэнэ, Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч ******* нар хэлсэн учир үүний дагуу Худалдаа Хөгжлийн банкнаас учирсан хохирол болох 5500,0 мянган төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгөөрөө бас нэг хэдэн сарын зээлийн төлбөрөө төлөх бололцоотой болох байсан боловч энэхүү хохирлыг барагдуулалгүй одоог хүргэснээс зээлийн хугацаа хэтрэлт үргэлжилсээр байгаа болно. *******ны Өмнөговь салбарын зүгээс надад учруулсан хохирол нь миний зээлийг 10 cap төлөх хэмжээний хохирол бөгөөд тавилга тоног төхөөрөмжгүй болсон, үүнээс улбаалан бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулах бололцоогүй байдалд хүрч цаашдын орлогын эх үүсвэр бүрэн хаагдсан болохыг ч мөн харгалзахгүй байж болмооргүй байна. Нэг зээлдэгчээс болж бусад зээлдэгчээ давхар хохиророл учируулж бизнесийг нь унагасан гэдгээ банк ухамсарлахгүй байна гэж бодохгүй байна. Энэ нь тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн хариуцлага, ухамсар, ажил үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёс зүйгээ хэрхэн баримталсан, бусдад хандах хандлага хир зэрэг хүнлэг байгаа зэрэгтэй зайлшгүй холбоотойгоор үүссэн явдал бөгөөд иймэрхүү ажиллагсад нь банк бүхнийг чадна, дийлнэ гэдэг хандлага гаргах нь үнэхээр байж болшгүй явдал юм. 2016 он гарсаар Л.******* миний бие нь өөрийн аав Д.Лувсангийн хамт Таван толгойн уурхайн нүүрс экспортлох үйл ажиллгаа явуулахаар гэрээ хэлцлээ хийсэн бөгөөд нүүрс экспортын үйл ажиллагаа /одоогоор худалдан авагч тал БНХАУ-ын цагаан сарын баяр болж/ түр хугацаагаар хойшлоод байна. Энэ үйл ажиллагаа яваад эхлэснээр тогтмол орлогын эх үүсвэртэй болж зээлийн зөрчлөө арилган цаашид хэвийн төлөөд явах бололцоотой болох бөгөөд энэхүү байдлыг харгалзан үзэж хэргийг шүүхээр хянагдаж байх явцад эвлэрэх бололцоо олгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 8 сая гаруй төгрөгийг бүрэн барагдуулаад үндсэн зээлээ хугацаанд нь хуваарийн дагуу төлөөд явах боломжтой. Нийт гэрээний хугацаа 20 жил буюу 240 сар үргэлжлэх боломжтой.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ны Өмнөговь салбар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 64,689,227 төгрөг, үндсэн хүү 5,528,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,201 төгрөг, нотариатын хураамж 9,500 төгрөг нийт 70,243,262 төгрөгийг хариуцагч Л.*******гээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хавтаст хэрэг дэх орон сууцны зээлийн гэрээ /хх-8-10/-нээс үзэхэд зээлдүүлэгч /ХХБанк/, зээлдэгч /Л.*******/ нарын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, ... зээл олгох гэрээгээр банк, /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсэн заалттай нийцэж байна. Тухайлбал зээлийн гэрээний 1.1-т “энэ гэрээгээр банк нь зээлдэгчид орон сууцны зээл олгох, түүний хугацаа, хүүгийн хэмжээг тогтоох”, 2.3-т “нэмэгдүүлсэн хүү ... төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцүү байна”, 5.2-т “зээлдэгч зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх ... хуваарийг ... банктай тохиролцов.” гэж тус тус заажээ.
Зээлдэгч /хариуцагч/ Л.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчсөн болох нь хариуцагчийн “2015 оноос ... миний эрхэлж байсан /авто сэлбэгийн худалдаа, авто угаалга/ бизнес доголдон орлого муудаж зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн” гэх /хх-33/ тайлбар, Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан бичиг /хх-19-20/ зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч дээрх байдлаас шалтгаалж орон сууцны зээлийн гэрээний 9.2.2, 9.2.5-д /хх-9/ заасны дагуу гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 70,243,262 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага /хх-2/ гаргажээ. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээг дуусгавар болгох хүсэл зориг адилхан агуулагддаг бөгөөд нэхэмжлэгч тал гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь нэхэмжлэлийн шаардлагаас харагдаж байна. Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйлээр гэрээг цуцлах үндэслэл, журмыг зохицуулдаг бөгөөд 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл ХХБанкны Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан бичиг /хх-19-20/-ээр үүрэг гүйцэтгэгч /Л.*******/-д зээлээ төлөхийг сануулсан байгаа нь зээл төлөх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэжээ. Гэрээний нэг тал болох зээлдэгч /Л.*******/ нь 2015 оны 11 дүгээр сараас хойш зээл, зээлийн хүүгээ төлөөгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болохоо зөвшөөрсөн тайлбар /хх-33/ гаргасан байх тул гэрээний нөгөө тал болох зээлдүүлэгч /банк/ учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг шинжлэн судлахад тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээнд тавигдах шаардлага, бүрдүүлбэрийг хангаж байна. Барьцаалагч /банк/ нь орон сууцны зээлийн гэрээний /хх-8/ үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор барьцаалуулагч /Л.*******/-ын өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, 3-р баг 34-р байр 1-10 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 79.95 мкв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “ ... үл хөдлөх эд хөрөнгө ... барьцааны зүйл байна.” гэсэн заалттай нийцэж байна. Мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг ... гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч ... барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.” гэжээ. Өөрөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч /Л.*******/ өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа тул банк /барьцаалагч/ нь барьцааны зүйл болох орон сууцны үнээс шаардлагаа буюу өгсөн зээлээ хангуулах эрх зүйн үндэстэй байна.
Хариуцагч Л.******* “Таван толгойн уурхайн нүүрс экспортлох гэрээ ... хийсэн бөгөөд ... энэ үйл ажиллагаа эхэлснээр орлогын эх үүсвэртэй болж зээлээ ... хэвийн төлөөд явах бололцоотой ... “ гэж тайлбар гаргадаг боловч тайлбараа нотолсон баримт /гэрээ гэх мэт/ шүүхэд ирүүлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.
Дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч ХХБанкны Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Л.*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 64,689,227 төгрөг, үндсэн хүү 5,528,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,201төгрөг, нотариатын хураамж 9,500 төгрөг нийт 70,243,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэгчийн итгэмжлэл /хх-6,7,14,48,49/, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, ЗГ-RCC2014012916-1 тоот орон сууцны зээлийн гэрээний хуулбар, БГ-RCC2014012916-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар /хх-8-13/, 000227607 дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 34-р байрны 1-10 тоотод байрлах 79,95 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-18/, ******* ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын “үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай” 7-414/24 дүгээр, 7/414/45 дугаар албан бичгийн хуулбар /хх-19-20/, Нотариатчийн нэхэмжлэх /хх-21/ зэргийг нотлох баримтаар үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Харин зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-15-17/, зээлийн дансны хуулга /хх-35/ зээлийн гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар /хх-37-40/ зэрэг баримтууд нь шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх хуулийн шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул ХХБанкны Өмнөговь салбарын нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,168 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гээс 509,168 төгрөгийг гаргуулан ХХБанкны Өмнөговь салбарт олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ХХБанкны Өмнөговь салбар нэхэмжлэлдээ /хх-2/ “зээлийн батлан даагчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ. Хавтаст хэрэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан зээлийн батлан даагчтай байгуулсан гэрээ гэх баримт авагдаагүй байх тул дээрх хүсэлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгайлан заах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.*******гээс үндсэн зээл 64,689,227 төгрөг, үндсэн хүү 5,528,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,201 төгрөг, нотариатын хураамж 9,500 төгрөг нийт 70,243,262 төгрөгийг гаргуулан *******ны Өмнөговь салбарт олгосугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Л.******* үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-1105002764 дугаартай, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 34 дүгээр байр, 1-10 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 79.95 мкв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан худалдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар *******ны Өмнөговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 509,168 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******гээс 509,168 төгрөгийг гаргуулан *******ны Өмнөговь салбарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.ЭНХТӨР