Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

         

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005022260042 дугаартай хэрэгт ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 24-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  ганцаараа Баянгол дүүргийн ******* *******ны *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:АЮ*******/, ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:   

Д.******* нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрт орхисон *******ийн эзэмшлийн самсунг нөт-8 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, завшсаны улмаас 612.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:        

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргахгүй. Хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хавтаст хэргээс насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн байцаалтанд "2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг 00 минут орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхишигт нэртэй дэлгүүрт гар утсаа мартаж гараад 10 минут орчмын дараа санаад тус дэлгүүр лүү ороод асуусан чинь мэдэхгүй гэсэн тэгээд би найзууд болон багшийн хамт хяналтын камерыг шүүж үзэхэд тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан эмээ миний утсыг аваад гараад явсан. Миний гар утас Самсунг нөт 8 нэртэй цэнхэр өнгөтэй. Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Миний гар утсыг 20 орчим хоногийн өмнө Америкаас аав маань явуулсан хэдэн төгрөгөөр авсаныг нь мэдэхгүй байна. Миний гар утасны имай код нь гэсэн кодтой” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21/

Гэрч мөрдөн байцаалтанд “2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээ охин багш гийн утаснаас залгаад гар утсаа дэлгүүрт мартаж гараад буцаад орсон чинь алга болчихлоо гээд уйлаад ярьсан. Тэгээд чи цагдаад өргөдөл өгчхөөд мартаж гарсан гэх дэлгүүрт нь очоод камерын бичлэг шүүгээд дээгүүрээ цэнхэр өнгийн хувцастай ахимаг насны таягтай эмэгтэй хоёр тийшээ хүн харж байгаад зээ охины минь утсыг аваад гараад явсан. Манай зээ охин нь Монголын сурагчдын хорооны сургалтад явж байсан. тэр өдөр утсаа алдсанаа мэдээд сургуулийнхаа ойролцоо явж байсан учраас багшид хэлээд цуг тэр дэлгүүр лүү орсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/

“Дамно” ХХК-ний үнэлгээгээний тайланд“...Самсунг нөт 8 маркийн гар утасны зах зээлийн үнийг одоогийн байдлаар 612.000 /зургаан зуун арван хоёр мянган төгрөг/-өөр тогтоолоо...”  гэжээ. /хх-ийн 27/

Яллагдагчаар Д.******* мөрдөн байцаалтанд “2020 оны 7 дугаар сарын 02-ны үеэр Гандангийн ард бөс бараа үзэх гээд дэлгүүр орсон. Хүүхэдтэй ярих гээд утас болохгүй болохоор нь худалдагчид нь утсаа үзүүлсэн чинь би болохгүй байсан. Тэгээд лангууны хажууд хүн байхгүй худалдагч нар нь цаашаагаа явчихсан. Тэгээд лангуун дээр нэг гар утас байхаар нь аваад гараад ирсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/

Яллагдагч Д.*******гийн “миний бие нь хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа сайн дураар хүлээж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-ийн 75/

Насанд  хүрээгүй хохирогч *******ийн хууль ёсны төлөөлөгч “хохирлыг бүрэн барагдуулж авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 73/

Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдалтай холбоотой  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                                                                                                                   

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” дэлгүүрт үлдээсэн *******ийн эзэмшлийн самсунг нөт 8 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, завшсаны улмаас 612.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.*******гийн“...Тэгээд лангуун дээр 1 гар утас байхаар нь аваад гараад ирсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/ насанд хүрээгүй хохирогч *******ийн “...Баянхишигт нэртэй дэлгүүрт гар утсаа мартаж гараад 10 минут орчмын дараа санаад тус дэлгүүр лүү ороод асуусан чинь мэдэхгүй гэсэн тэгээд би найзууд болон багшийн хамт хяналтын камерыг шүүж үзэхэд тус дэлгүүрээс үйлчлүүлж байсан эмээ миний утсыг аваад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,  гэрч ы “...цагдаад өргөдөл өгчихөөд мартаж гарсан гэх дэлгүүрт нь очоод камерын бичлэг шүүгээд дээгүүрээ цэнхэр өнгийн хувцастай ахимаг насны таягтай эмэгтэй хоёр тийшээ хүн харж байгаад зээ охины минь утсыг аваад гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/ болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас Д.*******г “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 612.000 төгрөгийг хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Д.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.*******г “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж” бусдад 612.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /дөрвөн зуун тавин нэгжтэй/ тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

Шүүгдэгч Д.******* нь насанд хүрээгүй хохирогч *******ийн эзэмшлийн “Самсунг нөт 8” загварын 612.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.                                                                                         

2. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Д.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ