Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Хонгорзул

хохирогч Ж.Сайнбаяр, Т.Мөнхгэрэл

шүүгдэгч Ц.Банзрагч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголоо овогт Цэвээннямын Банзрагчид холбогдох эрүүгийн 1805058711337 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа эрх зүйн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтансан хотхоны 2-207 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь;

 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  /РД:УШ92090311/ Монголоо овогт Цэвээннямын Банзрагч.  

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Банзрагч нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүслэн” гэх нэртэй авто угаалгын орчимд иргэн Т.Мөнхгэрэлээс БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хэлэн өөрийн Хаан банкны 5006682366 дугаарын дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлж авсан,

-2018 оны 02 дугаар сард Т.Мөнхгэрэлийн нөхөр болох Ж.Сайнбаярт мөн БНСУ-ын виз гаргаж өгнө гэж итгүүлэн түүний нэр дээр байсан 17-68 УНР улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ж.Сайнбаярт Хонда фит загварын тээврийн хэрэгслийг авч өгөхөөр тохиролцон 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006682366 дугаарын дансаар шилжүүлж авсан,

-2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн паркт байрлах Парк пицца гэх газрын хоолны зөвшөөрлийн авч өгнө гэж итгүүлэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006682366 дугаарын дансаар шилжүүлэн авч зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон, итгэлийг урвуулан ашиглаж иргэн Т.Мөнхгэрэлд 3.500.000 төгрөгийн хохирол, иргэн Ж.Сайнбаярт 4.800.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Банзрагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ж.Сайнбаяр шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: “Намайг Солонгос явуулна гэж хэлээд увуулж, цувуулж авсаар байгаад нийт 6.000.000 орчим төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс хасагдсан. Дансаар орсон мөнгөө хассан. Солонгос явуулна гэж 3.500.000 төгрөг, машин авна гэж 800.000 төгрөг, хоолны зөвшөөрөл гаргаж өгнө гэж 500.000 төгрөг өгсөн. Нийт 4.800.000 төгрөгийг хохирол учирсан. Ц.Банзрагч хохиролыг бэлнээр нөхөн төлсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч Т.Мөнхгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Банзрагч миний 3.500.000 төгрөгийн хохиролыг бүрэн төлж  барагдуулсан тул гомдол саналгүй” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Ж.Сайнбаяр мөрдөн байцаалтанд: “Гончигдорж, Өнөржаргал бид гурав Солонгос улсын гэрээний ажилчин бүртгүүлж явуулна, манай ээжийн таньдаг хүн байгаа гэж хэлэхээр нь Тоёота приус 20 маркийн 17-68 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10.500.000 төгрөгөөр тооцож 2018 оны 02 дугаар сард өгөөд Солонгос улсын виз гаргуулахаар тохирсон юм. Тэгэхэд ойролцоогоор 3 сар орчим болно, тэгээд бүтнэ гэж хэлж байсан. Ээжийнх нь компанийн хүмүүс байдаг найдвартай гаргадаг юм гэж хэлж авсан юм. Одоо Өнөржаргал нь солонгос улсад ажил хийж байгаа, харин Гончигдорж нь Улаанбаатар хотод байгаа, мөнгөө нэхэмжлэхгүй гэж хэлж байсан. Үүнд 3.500.000 төгрөг. 2017 оны 9 дүгээр сард Ц.Банзрагч нь Төрийн банканд ажилладаг байхдаа би танай байрыг 0.5 хувийн зээлэнд хамруулаад зээл аваад өгье гэж хэлсэн бөгөөд тухайн үед бид нар Ц.Банзрагчийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Гэтэл Ц.Банзрагч нь Амарболд гэх хүнд барьцаалж зээл аваад тэр хүн нь мөнгөө өгөхгүй болохоор нь "Рояал Файнд” ББСБ-д барьцаалж мөнгөө асан тиймээс  ББСБ-ын төлбөрийг төлбөр төлөөгүй учраас хураагдах гэж байна шүү гэж Амарболд гэх хүн нь ирж хэлсэн юм. Уг асуудлаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байгаа. “Фүжи капитал” ББСБ-д 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрээ хийж 4.500.000 төгрөгийн зээл аваад тухайн мөнгөнөөс би 2.500.000 төгрөгийг авсан, харин Ц.Банзрагч нь 2.000.000 төгрөгийг нь аваад бид хоёр 12 сарын хугацаатай зээлээд эхний 6 сарын төлбөрийг Ц.Банзрагч төлөх ёстой байснаас нэг ч удаа төлөөгүй бөгөөд надад болж төлж байгаа гэж хэлж байсан. Д.Эрдэнэсүрэн, Ц.Банзрагч нартай хамт уулзахад Д.Эрдэнэсүрэн, Ц.Банзрагч хоёр хоорондоо тохирч, П.Эрдэнэсүрэнгийн Хонда фит загварын тээврийн хэрэгслийг 1.000.000 төгрөгөөр зарахаар болоод приус 30 загварын тээврийн хэрэгсэл авч өгөхөөр болсон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг намайг 1.000.000 төгрөгөөр авах уу, мөнгөө Ц.Банзрагчийн данс руу шилжүүлчих гэхээр нь би Ц.Банзрагчаас авах ёстой мөнгөө аваад 800.000 төгрөг шилжүүлсэн юм. Гэтэл Ц.Банзрагч нь Д.Эрдэнэсүрэнд приус 30 маркийн тээврийн хэрэгслийг огт авч өгөөгүй бөгөөд түүнээс болж би 800.000 төгрөгөөр хохирч байна. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Парк дээр Пицца гэх нэртэй газар нээсэн бөгөөд анх хоолны зөвшөөрөл авах гэж байхад Ц.Банзрагчийн эгч нь Чингэлтэй дүүргийн Мэргэжилийн хяналтын газар ажилладаг, чи 1.000.000 төгрөг шилжүүлчих тэгээд асуудалгүй хоолны зөвшөөрөл гаргаад өгье гэж хэлж байсан. Гэтэл тэр талаар ямар нэгэн зөвшөөрөл гаргаж өгөөгүй бөгөөд би тухайн мөнгийг 500.000 төгрөгөөр 1 удаа шилжүүлсэн юм. Ц.Банзрагч нь анхнаасаа надад зөвшөөрөл гаргаж өгөх бодолгүй байсан бөгөөд намайг хуурч надад хохирол учруулсан юм. Харин наадмаар хүй 7 худаг юм уу, стадион дээр зөвшөөрөл гаргаж өгнө гэж ярьж байсан ч надаас ямар нэгэн мөнгө аваагүй. Үүнээс 500.000 төгрөг. 2017 оны миний 700D маркийн гэрэл зургийн аппаратыг авч байсан. Тухайн үедээ надад хэд хоног хэрэгтэй байна гэж хэлээд авсан бөгөөд сүүлд надад миний гэрэл зургийн аппаратыг авч ирж өгсөн юм. Тиймээс энэ асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй. Одоо надад 4.800.000 төгрөгийн хохирол учирсан байна. Би өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна...Бид хоёр оюутан байх үеэс эхлээд байнгын холбоотой байж байсан бөгөөд мөнгө өгөлцөж авалцдаг байсан. Тэгээд 2018 оноос хойш авсан мөнгөө буцаан өгөхөө больсон юм...одоо бусад бүх хүмүүс нь хохиролоо аваад шүүх, цагдаагаар яваад дуусчихсан. Энэ асуудлаар Банзрагч 2 удаа ял авчихсан. Тиймээс одоо ганцхан манай асуудал байгаа юм. Бусад хүмүүс нь хохиролгүй болсон гэж байсан. Би Банзрагчид өгсөн 4.800.000 төгрөгөө буцаан авмаар байна. Банзрагч нь намайг урьдын харилцааны явцад бий болсон итгэлцэл дээр тулгуурлаж хуурч мөнгө аваад өгөхгүй залилсан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55/,

Хохирогч Т.Мөнхгэрэл мөрдөн байцаалтанд: “2018 оны 01 дүгээр сард манай нөхрийн найз болох Банзрагч нь манай ажиллуулдаг караокед ирэхдээ би Солонгос руу гэрээт ажилтнаар найдвартай явуулна таньдаг ах маань виз гаргаж өгдөг гэхээр нь нөхөр бид 2 явахаар шийдээд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бичил хорооллын хажууханд Хүслэн нэртэй авто угаалгын газрын гадна Банзрагчийн 5006682366 гэсэн данс руу 3.500.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж өгсөн. Банзрагч манай нөхөр бид 2-ыг 2018 оны 5 дугаар сард явуулж өгнө гэсэн. Тэгээд 5-р сар болоход эрүүл мэндийн шалгалтанд хүмүүс орж байгаа чиний виз дарагдчихсан байгаа 6 дугаар сард явуулна гэсэн. Тэгээд 6 дугаар сар болоход гэрээний ажилтан явуулахгүй байгаа хүлээж бай гээд тэгээд сүүлдээ хугацаагаа сунгаад байхаар нь мөнгөө авья гэсэн чинь би хүнд хулхидуулчихсан мөнгийг чинь 10 дугаар сард өгье гэсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/,

Яллагдагч Ц.Банзрагч мөрдөн байцаалтанд “Би Сайнбаяр, Мөнхгэрэл нарыг өмнө нь таньдаг байсан бөгөөд Сайнбаяртай багаасаа найзалсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар Хүслэн авто угаалгын төвд байхад Мөнхгэрэл уулзаад надад 3.500.000 төгрөгийг шилжүүлээд БНСУ-руу явуулж өгөх хүнд хэлж өгье гэж хэлсэн юм. Тэгээд мөн тус сард 17-68 УНР улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 10.500.000 төгрөгөөр тооцож Гончигдорж, Өнөржаргал нарын хамт БНСУ-руу явуулахад хөөцөлдөж өгье гэсэн юм. Түүнээс одоо 3.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...Би Эрдэнэсүрэнтэй уулзахад намайг Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл аваад өг гэж хэлээд миний данс руу Сайнбаяраар 800.000 төгрөг хийлгэсэн. Би Эрдэнэсүрэнд чи энэ 800.000 төгрөг дээр мөнгө нэмж байгаад машин авахуулчих, миний дансанд байж байг гэж хэлсэн. Гэтэл Эрдэнэсүрэн нь Сайнбаяртай машинаа худалдахаар тохирсон байсныг би мэдээгүй, тэгээд Эрдэнэсүрэн надад өгөх ёстой машины мөнгөө ч өгөлгүй Сайнбаярт өгөлгүй алга болчихсон юм. Мөнхгэрэл Сайнбаяр нар нь 2018 онд Үндэсний Соёл амралтын хүрээлэнд паркийн Пицца ажиллуулах гэсэн юм чи зөвшөөрөл аваад өгөөч гэхээр нь би тухайн газрын үйл ажиллагааг нь асуудалгүй болгож өгье гээд одоог хүртэл пиццаны газар нь ямар нэгэн асуудалгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Одоо би Сайнбаяр болон Мөнхгэрэл нарт нийт 8.300.000  төгрөгийн өглөгтэй байгаад үүнээс 2.250.000 төгрөгийг Сайнбаярын данс руу шилжүүлсэн юм. Би одоо 6.050.000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Би өөрөө ерөнхийдөө байнга бэлэн мөнгөтэй явж байдаг байсан учраас тухайн хэлж авсан мөнгөө хүмүүст бэлнээр өгөөд, өөрийн дансанд байгаа мөнгөө хувьдаа ашиглачихдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224-225/,

Ц.Банзрагчийн 5006682366 дугаарын ХААН банкны дансанд Т.Мөнгэрэлээс 3.500.000 төгрөгийг munhgerel гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн орлогын баримт /хх-ийн 158/,

 Ж.Сайнбаяраас 99014836 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 800.000 төгрөгийн орлогын баримт /хх-ийн 159/,

 Ж.Сайнбаяраас гэрчилгээний үнэ гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 500.000 төгрөгийн орлогын баримт /хх- ийн 160/,

Ц.Банзрагчаас Ж.Сайнбаярын 5954155691 дугаарын дансанд 999.999,99, 750.000, төгрөгийг Банзрагч Цэвээнням гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн зарлагын баримт /хх-ийн 204/,

Ж.Сайнбаярын дансанд орлого гэх гүйлгээний утгатай 250.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн зарлагын баримт /хх-ийн 159/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 131/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотлосон ял шалгах хуудас /хх-ийн 132/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Банзрагч нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүслэн” гэх нэртэй авто угаалгын орчимд хохирогч Т.Мөнхгэрэлээс БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хэлж өөрийн Хаан банкны 5006682366 дугаарын дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлж авсан,

-2018 оны 02 дугаар сард хохирогч Т.Мөнхгэрэлийн нөхөр Ж.Сайнбаярт мөн БНСУ-ын виз гаргаж өгнө гэж итгүүлэн түүний нэр дээр байсан 17-68 УНР улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ж.Сайнбаярт “Хонда фит” маркийн тээврийн хэрэгслийг авч өгнө гэж хэлж 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006682366 дугаарын дансаар шилжүүлж авсан,

-2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн паркт байрлах Парк пицца гэх газрын хоолны зөвшөөрлийн авч өгнө гэж итгүүлэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006682366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Банзрагчийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...одоо би Сайнбаяр болон Мөнхгэрэл нарт нийт 8.300.000 төгрөгийн өглөгтэй байгаад үүнээс 2.250.000 төгрөгийг Сайнбаярын данс руу шилжүүлсэн юм. Би одоо 6.050.000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа. Би өөрөө ерөнхийдөө байнга бэлэн мөнгөтэй явж байдаг байсан учраас тухайн хэлж авсан мөнгөө хүмүүст бэлнээр өгөөд, өөрийн дансанд байгаа мөнгөө хувьдаа ашиглачихдаг байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 224-225/, хохирогч Т.Мөнхгэрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн  “...Банзрагч нь манай ажиллуулдаг караокед ирэхдээ би Солонгос руу гэрээт ажилтнаар найдвартай явуулна таньдаг ах маань виз гаргаж өгдөг гэхээр нь нөхөр бид 2 явахаар шийдээд...Банзрагчийн 5006682366 гэсэн данс руу 3.500.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58/, хохирогч Ж.Сайнбаярын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Би Банзрагчид өгсөн 4.800.000 төгрөгөө буцаан авмаар байна. Банзрагч нь намайг урьдын харилцааны явцад бий болсон итгэлцэл дээр тулгуурлаж хуурч мөнгө аваад өгөхгүй залилсан юм” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55/, Ц.Банзрагчийн 5006682366 дугаарын хаан банкны дансанд Т.Мөнхгэрэл, Ж.Сайнбаяр нараас мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх-ийн 159-160/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.Банзрагч  нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Т.Мөнхгэрэлээс 3.500.000 төгрөгийг  БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хэлж өөрийн дансаар шилжүүлж авсан, хохирогч Ж.Сайнбаяраас мөн БНСУ-ын виз гаргаж өгнө гэж итгүүлэн түүний нэр дээр байсан 17-68 УНР улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Ж.Сайнбаярт “Хонда фит” маркийн тээврийн хэрэгслийг авч өгнө гэж хэлж 800.000 төгрөгийг шилжүүлж авсан,  Хүүхдийн паркт байрлах Парк пицца гэх газрын хоолны зөвшөөрлийг авч өгнө гэж итгүүлэн 500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан” нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан  эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Хяналтын прокуророос Ц.Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцов.  

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Ц.Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.          

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Банзрагчид шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Ц.Банзрагч урьд нь 2 удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 417 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсэн, 

2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.  

 Шүүгдэгч Ц.Банзрагч хохирогч Т.Мөнхгэрэл,  Ж.Сайнбаяр нарыг залилсан үйлдэл нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс  2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Ц.Банзрагч урьд нь шүүхээр 2 удаа залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарах үйлдлүүд байна.

Өөрөөр хэлбэл дээрхи шүүхийн шийтгэх тогтоолууд гарахаас өмнөх үйлдлүүд шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан эрх зүйн үр дагаврыг бий болгохгүй юм

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Банзрагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тайлбар, санал дүгнэлт гаргалаа.

Шүүгдэгч Ц.Банзрагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.       

Ц.Банзрагчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын шинж чанар, хувийн байдалд хамаарах эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг шүүх хүлээн авав.      

Шүүхээс шүүгдэгч Ц.Банзрагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 1 /нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Сайнбаяр, Т.Мөнхгэрэл нар “хохиролоо авсан, гомдол саналгүй” гэж тус тус мэдүүлсэн нь шүүгдэгч Ц.Банзрагчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

Ц.Банзрагч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Монголоо овогт Цэвээннямын Банзрагчийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ц.Банзрагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Банзрагчид оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Ц.Банзрагч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Банзрагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ