Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч Б.Оюунсайхан,

шүүгдэгч Ц.Лхавга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Цэндийн Лхавгад холбогдох эрүүгийн 2005033400010 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 04-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, тэтгэвэрт,  ам бүл ганцаараа Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн Нарангийн 10-р гудамжны 101 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь 2003 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял  шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1680 дугаарын тогтоолоор 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан  “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 9 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,  2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн  182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, /РД:ЙР59030477/, Чонос овогт Цэндийн Лхавга.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Ц.Лхавга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 10-р гудамжны 101 тоотод гэртээ хамтран амьдрагч Б.Оюунсайханы биед халдаж, зодож түүнд “баруун дээд, доод зовхи, баруун зүүн бугалга, зүүн шуу, хэвлий, баруун гуяанд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Лхавга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Энэ хэрэг гарах болох шалтгаан нь манай хүн Оюунсайхан гэртээ ирэхгүй 3 хоног айлд архи уусан. Тэгэхээр нь би уурлаад нэг удаа алгадаж 2 удаа өшиглөсөн нь үнэн. Миний буруу. Одоо Оюунсайхан бид 2 хамт амьдарч байгаа” гэв. 

Хохирогч Б.Оюунсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би айлд 3 хоног архи уугаад гэртээ ирж хоноогүй нь үнэн. Лхавга бид 2 одоо хамт амьдарч байгаа. Би мөрдөн байцаалтанд эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийг Лхавгаас нэхэмжилнэ гэж байсан боловч одоо нэг гэрт хамт амьдарч байгаа улс нэгнээсээ мөнгө нэхээд сууна гэж юу байхав. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Б.Оюунсайхан мөрдөн байцаалтад “Би 2015 оноос хойш Ц.Лхавга гэдэг хүнтэй Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн-Нарангийн 10-101 тоотод хамт амьдарч байна. 2020  оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Лхавга бид 2 гэртээ архи уусан. Архийг Лхавга авч ирсэн. Лхавга бид хоёр 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш байнга архи уусан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Лхавга гэртээ архи ууж байсан. Би их согтсон байсан, харин Лхавга намайг зодсон байсан. Лхавга миний нүд рүү баруун гараар цохиж, миний хоёр гарын бугалга хэсэг, мөн гуя хэсэг рүү гараараа цохиж зодсон. Бас гурилын ганжингаар цохиж зодсон. Лхавгаа ямар нэгэн зүйл хэлэлгүй намайг согтуу байхад зодсон байсан. Намайг хэр удаан цохиж зодсоныг би мэдэхгүй байна. Би маргааш өглөө нь босоод Лхавгад чи яагаад намайг ийм болтол зодож байгаа юм бэ гэж хэлсэн чинь Лхавга чи тэгээд цагдаадаа өгөхгүй юу гэж хэлсэн. Харин Лхавга намайг зодсон шөнө манай хүү Батболд руу утсаар яриад ээжийгээ ирж ав, энд хүн амины хэрэг гарах юм шиг байна гэж хэлсэн. Харин тэр шөнө манай хүү Батболд ирээгүй. Маргааш нь  буюу 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай хүү Батболд эхнэр Лхамсүрэнтэйгээ хамт ирсэн. Манай хүүхдүүд Лхавгааг та яагаад ээжийг ийм болтол нь зодож байгаа юм бэ гэж асуухад Лхавга согтуу яадаг юм би зодсон гэж хэлж байсан...Хэд хоногийн өмнө нь өдрийг нь сайн санахгүй байна. Манай хороололд байдаг 113 дугаар сургуулийн хойно байдаг 2 давхар шар байшинд байдаг Батбаяр гэрт Лхавга бид 3 гурван хоног архи уусан. Тэр үед Лхавга намайг согтуу байхад өшиглөж, цохиж зодсон байсан. Лхавга бид 2 тогтмол архи уудаг, мөнгөгүй болохоор архи уудаггүй, түүнээс биш байнга архи уудаг...Намайг Лхавгаас өөр зодох хүн байхгүй. Намайг Лхавга зодсон. Лхавга архи уугаад согтохоороо намайг гэртээ харь, зайл гээд зоддог болсон. Өмнө нь гайгүй байсан...Миний биеийн байдал сайнгүй байна. Толгой өвдөөд байгаа. Би Сити Амфат гэдэг хувийн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний 560.000 төгрөг болсон. Томографын зураг 480.000 төгрөгөөр гэмтэл дээр авхуулсан. Баримтаа аваагүй байгаа. Би гомдолтой байна эмчилгээний 1.400.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-9/,     

Гэрч Д.Батболд мөрдөн байцаалтанд “2020 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө унтаж байсан чинь манай эхнэр Лхамсүрэнгийн утас руу Лхавга залгаад манай эхнэртэй утсаар ярьж байгаад Лхавга ах согтуу байна, чи ярьдаа гэхээр нь Лхавга утсаар чи ээжийгээ ирж ав, хүн амины хэрэг гарахаас өмнө ээжийгээ ирж ав гэж ярьсан. Тухайн үед би юм бодоогүй. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны  23 цагийн үед эхнэр Лхамсүрэнгийн хамт Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн Нарангийн 10-101 тоотод Лхавга ахын гэрт очсон. Гэр нь гэрэлгүй харанхуй байхаар нь гэрт нь орсон чинь Лхавга гэрлээ асаасан. Лхавга ээж Оюунсайхан нар гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан. Ээж цаанаас нь  өндийгөөд босоод ирсэн. Ээжийн баруун нүд нь хөхөрсөн хавдсан байдалтай байхаар нь  ээж нүүр чинь яасан гэсэн чинь Лхавга согтуу би цохисон гэж байсан. Лхамсүрэн та одоо эмэгтэй хүнийг ийм болтол нь цохиж зодоод яаж байгаа юм бэ гэсэн, Лхавга ах би зодсон юм үнэн гэж хэлсэн. Ээж орноосоо босож ирсэн, богино ханцуйтай фудволк өмссөн байсан. Зүүн гарын шуун дээр хөхөрсөн байсан. Би ээжийг хувцаслаад аваад гараад явсан. Ээжийг гэрт авчраад хувцсыг нь тайлсан гар хамаг бие нь битүү хөхөрч хавдсан байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...Манай ээж Оюунсайхан Лхавга гэдэг хүнтэй 2016 оноос хойш цуг хамтран амьдрагчаар амьдарч байна. Энэ хугацаанд ээжийг Лхавга хааяа нэг зоддог байсан юм шиг байгаа юм. Ээж бид нарт нуугаад хэлдэггүй байсан юм шиг байна. Өмнө нь Лхавга зодож байсан талаар сайн мэдэхгүй. Энэ хамт амьдарч байгаа гэр нь Лхавга ахын гэр” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12926 дугаартай “Б.Оюунсайханы биед баруун дээд, доод зовхи, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн шуу хэвлий, зүүн, баруун гуянд цус хуралт, хамарт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шимэгдэж эдгэрч буй хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27/,

Яллагдагч Ц.Лхавга мөрдөн байцаалтанд “Би Нью План ХХК-нд гагнуурчин хийдэг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зайсанд очиж ажлаа өгсөн. Тэгээд манай ажлын залуучууд намайг гаргаж өгч 2 шил 0.5-тай Хараа архи авч өгсөн. Би хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ архиа хувааж ууж дуусгаад орой 22 цагийн үед гэр рүүгээ явсан. Замаараа Баянгол дүүргийн 10-р хороо Зүүн Нарангийн 3-р гудамж 20 а тоотод байдаг Батбаярын гэрээр орсон. Батбаярын гэрт Оюунсайхан архи уугаад байж байсан. Би тэр архинаас уусан. Батбаяр согтоод тасраад унасан байсан, Оюунсайхан Батбаяр хоёр гэрт 3 хоногт архи уусан. Би Оюунсайханыг 3 удаа гэртээ харих уу гэж хэлэхэд Оюунсайхан гэр рүүгээ явахгүй байхаар нь би гараараа Оюунсайханы нүүрэн тус газарт цохиж, нэг удаа өшиглөж зодсон. Би тухайн үед согтуу байсан болохоороо хаана нь хэдэн удаа цохиж зодсоноо сайн санахгүй байна. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед намайг гэртээ байхад гаднаас Оюунсайхан согтуу орж ирсэн. Би цай чанаж уух гээд байж байсан. Оюунсайхан согтуу халуун цай руу орчих гээд байхаар нь би Оюунсайханыг түлхсэн, газар унаад угаалгын машин мөргөсөн. Би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны 23 цагийн үед Оюунсайханы бэр хүүхэн Лхамаагийн 90182233 дугаартай утас руу нь залгасан. Лхамаа утсаа авахаар нь би ээжийгээ ирж ав, би хүн амины хэрэгт орох юм байна. Ээж чинь байнга архиа уугаад байна гэж хэлсэн. Лхамсүрэн, Батболд хоёр шөнө манайд ирж Оюунсайханыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/  зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

Шүүгдэгч Ц.Лхавга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 06-ны шөнийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 10-р гудамжны 101 тоотод хамтран амьдрагч Б.Оюунсайханыг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...би гараараа Оюунсайханы нүүрэн тус газарт цохиж, нэг удаа өшиглөж зодсон. Би тухайн үед согтуу байсан болохоороо хаана нь хэдэн удаа цохиж зодсоноо сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/, хохирогч Б.Оюунсайханы “...харин Лхавга намайг зодсон байсан. Лхавга миний нүд рүү баруун гараар цохиж, миний хоёр гарын бугалга хэсэг, мөн гуя хэсэг рүү гараараа цохиж зодсон. Бас гурилын ганжингаар цохиж зодсон. Лхавгаа ямар нэгэн зүйл хэлэлгүй намайг согтуу байхад зодсон байсан. Намайг хэр удаан цохиж зодсоныг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-9/, гэрч Д.Батболдын “...ээжийн баруун нүд нь хөхөрсөн хавдсан байдалтай байхаар нь  ээж нүүр чинь яасан гэсэн чинь Лхавга согтуу би цохисон гэж байсан...Лхавга ах би зодсон юм үнэн гэж хэлсэн. Ээж орноосоо босж ирсэн, богино ханцуйтай фудволк өмссөн байсан. Зүүн гарын шуун дээр хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/ шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн тухайд хамтран амьдрагч Ц.Лхавга, Б.Оюунсайхан нар архидан согтуурсанаас үүдэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ц.Лхавга хохирогч Б.Оюунсайханы бие махбодид халдаж “баруун дээд, доод зовхи, зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн шуу хэвлий, зүүн, баруун гуянд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн гэмтлийг гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр учруулжээ.  

Хяналтын прокуророос Ц.Лхавгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Лхавгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Ц.Лхавгыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Лхавгад шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, 62 настай хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Ц.Лхавга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, шүүгдэгч Ц.Лхавга цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Чонос овогт Цэндийн Лхавгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Ц.Лхавгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Лхавга цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Лхавгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ