Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/112

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2005033000021 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэрэгжилтэй, Нийслэлийн ******* газрын данснаас хасагдсан хөрөнгийн хөдөлгөөний төвийн ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *******, *******ны *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ШБ*******/ ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

М.******* нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” төвийн гадна г “манай найзыг зодлоо” гэх шалтгааны улмаас зодож биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, дух хацар, хамарт зулгаралт, баруун зүүн өгзөгт цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн болчимгүй үйлдлээс ийм зүйл боллоо. Хохирогчид 1 сая төгрөг өгсөн. Хохирогч Одсүрэн бид хамт нэг газар ажилладаг. ” гэв.      

Хавтаст хэргээс хохирогч мөрдөн байцаалтад “2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн 4 давхарт байрлах биллиарданд ажлын газрын жолооч бид хоёр хамт орж, биллиард тоглосон юм. Тэндээ 0.5 литрийн нэрийг нь мэдэхгүй архийг бид хоёр ууж байхад гадна *******, , *******ын найз нь гээд нэг залуу орж ирсэн юм. Ингээд яваад бид дөрөв тоглоод үлдсэн бөгөөд дахиад 0.5 литрийн архи нэмсэн юм. Улмаар цаг нь дуусаад гартал ХХК-ны байрны гадна би *******ын найз гэх залуутай тааралдсан бөгөөд бид 2 биллиард ингэж цохидоггүй юм гэж ярьж байгаад муудалцан заамдалцсан юм. Энэ үед *******, Энхбаатар 2 бууж ирсэн бөгөөд ******* нь шууд миний ам хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний үүдэн 1 шүд унасан бөгөөд *******тай барьцалдаж аваад, зодолдсон юм. ******* нь миний нүүр хэсэг рүү олон удаа цохисон, би хэдэн удаа яаж цохисон талаар нь сайн хараагүй, харанхуй байсан. Ингээд Тайван бид хоёрыг салгаад цагдаад дуудлага өгсөн байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,     

Гэрч Ц.Энхтайван мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төв дотор биллиард тоглож байгаад гарч ирэхэд надтай цуг ажилладаг Одсүрэн ахыг миний найз ийн найз гэх намхан залуу заамдаад шатан дээр зогсож байсан юм. Тэгэхээр нь би шууд гүйж очоод салгасан юм. Намайг салгах үед Одсүрэн ахын  үүдэн шүд нь хугараад нүүр ам нь цус болчихсон байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/

Гэрч мөрдөн байцаалтанд “ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний бие нь Завхан аймгаас Улаанбаатар хотод орж ирсэн бөгөөд 2019 онд танилцаж байсан найз *******тай 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн орчимд уулзсан юм. Тэгээд хамт байж байгаад бид хоёр 20 цагийн орчимд нэрийг нь сайн мэдэхгүй байна. Биллиардны газар бид 4 нийлээд хамт биллиард тоглож, архинаас нь 1-2 удаа уусан. Ингээд биллиардны цаг нь дуусах гээд байж байхад би түрүүлээд гараад тэр байрны үүдэнд нь байж байхад араас Одсүрэн гэх залуу нь гарч ирээд надад хандаж Чи ер нь пээдгэр байна, пээдийгээд байна, чамд тамхи байна уу гэж асуухаар нь би надад тамхи байхгүй гэдгийг хэлсэн. Тэгтэл намайг чамайг шаачих уу гэж хэлэхээр нь би юм бодолгүй байж байтал Одсүрэн миний уруул руу нэг удаа цохихоор нь би Одсүрэнтэй барьцалдаж авсан юм. Ингээд Одсүрэнг дийлэхгүй байсан бөгөөд тус байрнаас гараад зууралдаад байж байтал  ******* болон нөгөө хоёр залуу гарж ирээд салгасан юм. Тэгэхээр нь би зугтаагаад явчихсан юм. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байгаа бөгөөд би Одсүрэнг цохиж, зодсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/        

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12455 дугаартай “гийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний булгарал, дух, хацар, хамарт зулгаралт, баруун зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувь нөлөөлнө.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/,

Яллагдагч М.******* мөрдөн байцаалтанд “2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд намайг Морингийн даваан дээр явж байхад манай ажлын газрын найз болох гэсэн өөрийнхөө дугаараас миний эзэмшлийн дугаарын утас руу залгаад гын биллиардан дээр хүрээд ир, Одсүрэн бид хоёр байна, биллиард тоглоё гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах биллиардан дээр өөрийн найз Төрөө, менежер Төмөрийн хамтаар очсон юм. Төмөр нь Төрөө бид хоёрыг хүргэж өгчихөөд яваад өгсөн юм. Тухайн биллиардан дээр Одсүрэн, нар нь байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай биллиард тоглож байсан. Ингээд би тухайн газраас 0.5 литрийн нэртэй архи худалдаж аваад, Одсүрэн, Төрөө хоёр түрүүлээд гадагшаа гарсан юм. Тэгээд юм бодолгүй байж байгаад цаг дуусаад бид хоёр тооцоогоо хийгээд араас нь гараад очтол ХХК-ийн гадна харанхуйд Одсүрэн нь манай найз Төрөөтэй зодолдоод, маргалдаад, зууралдсан байдалтай зогсож байсан юм. Ямар шалтгааны улмаас тэр хоёр муудалцсан талаар мэдэхгүй юм. Тэгэхээр нь манай найзыг зодлоо гээд Одсүрэнд миний уур хүрээд очиж салгаж Одсүрэнтэй би зодолдсон бөгөөд би Одсүрэнг 7-8 удаа цохисон. Хаашаа нь хэдэн удаа цохисон, хааш нь цохисон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/  зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

Шүүгдэгч М.******* нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” төвийн гадна хохирогч г  “манай найзыг зодлоо”  шалтгааны улмаас зодож биед нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, дух хацар, хамарт зулгаралт, баруун зүүн өгзөгт цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...Тэгэхээр нь манай найзыг зодлоо гээд Одсүрэнд миний уур хүрээд очиж салгаж Одсүрэнтэй би зодолдсон бөгөөд би Одсүрэнг 7-8 удаа цохисон. Хаашаа нь хэдэн удаа цохисон, хааш нь цохисон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, хохирогч гийн “...******* нь шууд миний ам хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний үүдэн 1 шүд унасан бөгөөд *******тай барьцалдаж аваад, зодолдсон юм. ******* нь миний нүүр хэсэг рүү олон удаа цохисон, би хэдэн удаа яаж цохисон талаар нь сайн хараагүй, харанхуй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/, гэрч Ц.Энхтайвангийн “...намайг салгах үед Одсүрэн ахын  үүдэн шүд нь хугараад нүүр ам нь цус болчихсон байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12455 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн тухайд М.*******, Ц.Энхтайван, Г.Одсүрэн, нарын архидан согтуурсанаас үүдэлтэй байх бөгөөд шүүгдэгч М.******* хохирогч Г.Одсүрэнгийн бие махбодид халдаж “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, дух хацар, хамарт зулгаралт, баруун зүүн өгзөгт цус хуралт” бүхийн хөнгөн гэмтлийг гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр учруулжээ.  

Хяналтын прокуророос М.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч М.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх ба хохирогч Г.Одсүрэн эмчилгээтэй холбогдох болон энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч М.*******т шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд  зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хохирогч Г.Одсүрэн эмчилгээтэй холбогдох болон энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ