Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Ц.Тэмүүжин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцэгмаагийн Тэмүүжинд холбогдох эрүүгийн 1805018620014 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эмээ, эгч, ах нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 32-р байр, 9 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй,  

2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн,

2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115 дугаар зүйлийн 115.1, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 653 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, /РД:ШУ91051911/ Боржигон овогт Цэцэгмаагийн Тэмүүжин.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Тэмүүжин нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аз” нэртэй цахим тоглоомын газарт “гар утсаар чинь яриад өгье” гэж Б.Чингүүний эзэмшлийн самсунг эс-8 плас маркийн гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:       

Шүүгдэгч Ц.Тэмүүжин шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Ломбардыг хохиролгүй болгож хохирогчийн гар утсыг биет байдлаар буцааж өгсөн.  Манай найз охин жирэмсэн. Би аав болох гэж байгаа тул хариуцлагатай зөв амьдарна.  Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Б.Чингүүн мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн зүс таних найз Тэмүүжинтэй 25-р эмийн сангийн урд тааралдаад юм яриад байж байтал бие засмаар санагдаад байхаар нь урд талын РС тоглоомын газар руу ороход Тэмүүжин нь РС тоглоомын газар байсан. Тухайн газар руу орохын өмнө Тэмүүжин намайг утсаа өгч бай нэг яриад өгье гэхээр нь би утсаа үлдээчихсэн. Тэгээд Тэмүүжинг ганцааранг нь гадаа үлдээх гэхээр утас аваад явчихмаар санагдаад байхаар нь би хамт орьё, би нойл яг хаана байдаг талаар сайн мэдэхгүй шүү дээ гээд Тэмүүжинтэй хамт РС тоглоомын газар руу орсон. Тэмүүжин өөрөө РС тоглоомын газрын зааланд үлдээд би нойлын өрөө рүү орсон. Удалгүй гараад ирэхэд Тэмүүжин РС тоглоомын газарт байхгүй болчихсон байсан...2017 оны шинэ жилээр манай ээж Ариунаа бэлэг гэж өгч байсан 2.800.000 төгрөгийн үнэтэй утас байгаа юм. Самсунг эс 8 маркийн урд тал нь хар ард талдаа саарал өнгийн гадуураа резинэн гэртэй баруун дээд буландаа бага зэрэг хагархай цууралттай утас байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24, 27-28/,

Гэрч Л.Энхсайхан мөрдөн байцаалтанд: “...би тэр өдөр гар утас уг ломбарданд тавьсан. Самсунг глакси эс-8 плас маркийн /өнгийг нь санахгүй байна хуучин л байсан байх дээд буландаа бага зэрэг цуурсан байсан/ гар утас байсан юм. Тэмүүжин ах намайг интернэт тоглоомын газарт байхад орж ирээд хоёулаа хамт энэ утсыг ломбардад тавьчихаад ирье гэж хэлсэн юм. Тэгээд би дагаж гараад уг ломбарданд утсаа тавих болоход Тэмүүжин ах бичиг баримт байхгүй гээд миний бичиг баримтаар тавьсан. Надад Тэмүүжин ах хэлэхдээ олсон гэж хэлж байсан шиг санагдаж байна буцааж авна шүү гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

"Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг Глакси эс-8 плас” маркийн гар утсыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 76-78/,

“Сэрүүн салхи” ХХК-ийн 1803273 дугаартай барьцаат зээлийн баримтын хуулбар /хх-ийн 107/,

Иргэний нэхэмжлэгч Н.Амарсайхан мөрдөн байцаалтанд: “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 6 дугаар байрны 39 тоотод Сэрүүн Салхи ХХК-ийн Компьютер барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байна. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр миний бие өөрөө ажил байгаагүй, Ж.Ганболд гэх хүн ажиллаж байсан. Тэгээд дараа нь хэд хоногийн билээ одоо санахгүй байна дээрх өдөр Л.Энхсайхан гэх хүн манай барьцаалан зээлдүүлэх газарт Самсунг Эс-8 плас загварын гар утсыг барьцаалсан байсныг цагдаагийн байгууллагаас хураан авсан. Сэрүүн салхи ХХК-ны 1803273 дугаартай зээлийн баримтыг харахад 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл Лхагвын Энхсайхан гэх хүний нэр дээр Самсунг Эс-8 плас загварын гар утсыг нийт 630.000 төгрөгөөр барьцаанд авсан байдаг. Уг барьцаалсан мөнгөний хүү алданги, үндсэн төлбөрөөс огт төлөгдөөгүй байна. Хүү алданги нийлээд 945.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105/

Яллагдагчаар Ц.Тэмүүжин мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Саппоро төвийн 21 дүгээр байрны орчимд явж байхад Б.Чингүүн миний гар утас руу залгаад хаана байгааг асууж намайг 21 дүгээр байрны гаднаас авсан. Чингүүн бид хоёр уулзаад тэндээсээ хамт Төмөр зам 25 дугаар эмийн сан явсан. Тэгээд Аз гээд цахим тоглоомын газарт очсон, Чингүүн надад хэлэхдээ нойл орж бие засах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд бид хоёр хамтдаа Аз цахим тоглоомын газарт хамт орсон. Аз цахим тоглоомын газарт хамт ороод би Б.Чингүүнээс гар утсаа өгчих утсаар чинь яриад өгье гэж хэлэхэд надад өгөхгүй чи миний хажууд ярьчих гээд байсан. Тэгээд би гар утсыг гуйсаар байгаад авсан. Б.Чингүүн цахим тоглоомын газарт нойл орох хооронд би утсыг аваад зөрөөд гарсан. Тэгээд би цахим тоглоомын газраас гараад Андууд төвийн орчимд явж байхад багадаа найзалж байсан Энхсайхан гээд найзтайгаа тааралдсан. Энхсайханд би Б.Чингүүний самсунг Эс-8 плас загварын гар утсыг өгөөд чи энэ гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад өгчих гээд өгсөн. Тэгээд бид хоёр хамтдаа Төмөр замын арктай шар байранд байдаг “Сэрүүн салхи ХХК”-ны барьцаалан зээлдүүлэх газарт очсон. Би барьцаалан элдүүлэх газрын гадаа байсан, харин Энхсайхан гар утсыг авч ороод гар утсыг 500.000 төгрөгөнд барьцаалсан. Энэ мөнгөнөөс би 40.000 төгрөг Энхсайханд өгсөн би өөрөө үлдэгдэл 50.000 төгрөг аваад өөртөө зарцуулсан. Энэ өдрөө би Энхсайханаар 70.000 төгрөг нэмж авхуулсан, дараа нь 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 30.000, 2018 оны 04 дүгээр сарын 01-нд 30.000 төгрөг нэмж Энхсайханаар авахуулсан ингээд нийт 630.000 төгрөгөөр утсыг барьцаалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 113/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Тэмүүжин  2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Аз” нэртэй цахим тоглоомын газарт” гар утсаар чинь яриад өгье” гэж Б.Чингүүний эзэмшлийн самсунг эс 8 плас маркийн гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ц.Тэмүүжингийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Б.Чингүүн цахим тоглоомын газарт нойл орох хооронд би утсыг аваад зөрөөд гарсан. Тэгээд би цахим тоглоомын газраас гараад Андууд төвийн орчимд явж байхад багадаа найзлаж байсан Энхсайхан гээд найзтайгаа тааралдсан. Энхсайханд би Б.Чингүүний самсунг Эс-8 плас загварын гар утсыг өгөөд чи энэ гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалаад өгчих гээд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/, хохирогч Б.Чингүүн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн  “.... Тэмүүжин өөрөө РС тоглоомын газрын зааланд үлдээд би нойлын өрөө рүү орсон. Удалгүй гараад ирэхэд Тэмүүжин РС тоглоомын газарт байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/, "Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 76-78/, “Сэрүүн салхи” ХХК-ийн 1803273 дугаартай барьцаат зээлийн баримтын хуулбар /хх-ийн 107/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Хохирогч Б.Чингүүний эзэмшлийн самсунг эс 8 плас маркийн гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан  эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Хяналтын прокуророос Ц.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцов.  

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Ц.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.          

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ц.Тэмүүжинд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Тэмүүжинд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.        

Ц.Тэмүүжингийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Тэмүүжин нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Тэмүүжин цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Цэцэгмаагийн Тэмүүжинг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Ц.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Ц.Тэмүүжин энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Тэмүүжинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ