Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1049

 

                                

 

 

 

 

                                

 

   2020          12          18                                   2020/ШЦТ/1049

 

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Д.Агар

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ц-

шүүгдэгч Д.М- түүний өмгөөлөгч Г.Нацагдорж

шүүгдэгч А.Г- түүний өмгөөлөгч Д.Амаржаргал

гэрч Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М-,нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003001110142 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр зам ХХН-ийн Замын  дугаар ангийн засварын ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо  дугаар байрны  тоотод оршин суудаг,  улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ЗП0000000/, Д.М-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн Замын  дугаар ангийн ажилтай, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо Толгойтын  тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж,  оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /РД:ЧП0000000/, А.Г-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн засварын газрын дарга Д.М- нь ганцаараа

-2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5.363.664 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаагаар “Буянт-Идэр” ХХК-аас худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.827.268 төгрөг,

-2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5.363.664 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.827.268 төгрөг,

-2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5.382.43 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаагаар гэрээ байгуулан 1.823.514 төгрөг,

-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 539.243 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.823.514 төгрөг нийт 7.301.564 төгрөг,

-2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 6.943.42 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 300 ширхэг ирийг нэг бүрийг нь 14.500 төгрөгөөр “СОЭБ” ХХК-аас худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.831.974 төгрөг,

-2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 11.000 төгрөгийн үнэ бүхий 340 ширхэг замын ангид ашиглах шаардлагатай зам төмөр тастагч  ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр “Далайн оюун сувд трейд” ХХК-тай гэрээ байгуулан 1.190.000 төгрөг,

-Д.М- нь А.Г-той хамтран түүний нэр дээрх “Ган-Өндөг” ХХК-ны нэрээр худалдан авалт хийхээр урьдчилсан үгсэж худалдан авсан барааны үнийн дүнгийн 10 хувийг авахаар тохирч;

-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.382.43 төгрөгийн үнэ бүхий төмөр таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.533.514 төгрөгийг,

-2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 6.943.42 төгрөгний үнэ бүхий төмөр таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.221.316 төгрөг,

-2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 6.943.42 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.221.316 төгрөг,

-2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 7.040.66 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 350 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.945.769 төгрөг нийт 16.245.453 төгрөгийг завшсан,

 

А.Г- нь Д.М-тэй хамтран өөрийн нэр дээрх “Ган-Өндөр” ХХК-ны нэрээр худалдан авалт хийхээр урьдчилан үгсэж худалдан авсан барааны үнийн дүнгийн 10 хувийг авахаар тохирч;

-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5.382.43 төгрөгийн үнэ бүхий төмөр таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.533.514 төгрөгийг,

-2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 6.943.42 төгрөгний үнэ бүхий төмөр таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.221.316 төгрөг,

-2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 6.943.42 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 200 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.221.316 төгрөг,

-2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 7.040.66 төгрөгийн үнэ бүхий төмөр зам таслагч 350 ширхэг ирийг нэг бүрийг 14.500 төгрөгөөр худалдан авч байгаа мэтээр гэрээ байгуулан 1.975.769 төгрөг нийт 13.600.000 төгрөгийн үнийн дүнгийн 10 хувь болох 1.360.000 төгрөгийг завшсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

       

        Шүүгдэгч Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт: Би ямар нэгэн эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд биш.  Надад хуулийн этгээдтэй худалдан авах гэрээ байгуулах эрх байхгүй. Би ажлын байрны тодорхойлолтоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Төмөр таслагч ир ямар үнэтэйг би мэдэхгүй.  Би гэмт хэрэг үйлдээгүй гэв.

 

        Шүүгдэгч А.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: Надад шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Д.М- ах “байгууллагад төмөр таслагч ир хэрэгтэй байна, байгууллага хувь хүнээс худалдан авалт хийхгүй, чи компаниар гэрээ хийчих, чамд 10 хувийг нь өгье гэхэд нь  би зөвшөөрсөн” надад 10 хувь 1.360.000 төгрөг өгсөн.  Би 1.360.000 төгрөгийг Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн данс руу 2020 оны 12 дугаар сарын 16-нд шилжүүлсэн гэв.    

 

       Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ хэрэг гүйцэтгэх ажлын шугамаар илэрсэн.  Д.М- Замын 2 дугаар ангийн засварын газрын даргаар ажилладаг бөгөөд төмөр таслагч ир захиалж, төмөр таслагч ирийг чанарын шаардлага хангах эсэхийг сонгох эрх нь байдаг боловч өөртөө ашиг олох зорилгоор зах зээлийн үнээс дээгүүр үнээр төмөр таслагч ир авах сонголт хийж байгууллагад хохирол учруулж өөртөө ашиг олж байсан байна. Байгууллагад учруулсан хохиролыг тооцоолон гаргасан шинжээчийн хоёр дүгнэлт гарсан нь хоорондоо зөрүүтэй байна. Эхний шинжээчийн дүгнэлтээр 22.555.000 төгрөгийн хохирол, дараагийн шинжээчийн дүгнэлтээр 16.245.453 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан гэж гарсан байсан. Манай байгууллага 22.555.000 төгрөгийг Д.М-, А.Г- нараас гаргуулах хүсэлтэй байгаа бөгөөд үүнээс А.Г- байгууллагын дансанд 1.360.000 төгрөг дансаар шилжүүлсэнийг хасч тооцон үлдэх 21.195.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна гэв.

 

      Гэрч Ц.О- шүүхийн хэлэлцүүлэгт: Би Гермес төв дээр хувиараа бизнес эрхэлдэг. Д.М- өөрөө худалдах, худалдан авах гэрээ барьж ирээд надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед манай компани хэдэн ширхэг төмөр таслагч ир худалдсаныг одоо би санахгүй байна. Ямар ч байсан төмөр таслагч ир нэг бүрээс 3500 төгрөгийг Д.М-эд бэлнээр өгсөн гэв.    

 

        Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.М-, А.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.

 

Түүнчлэн тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдийн хувьд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, нягтлан бодогч, тэдгээрт үүрэг чиглэл өгөх төсвийн ерөнхийлөн захирагч, гадны халдлага осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул нар нь бусдын  өмчийг  итгэмжлэн хариуцсан этгээдэд хамаарна.

 

        Энэ хэргийн тухайд хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Д.М-, А.Г- нарын үйлдэл нь өөрсдийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй цалин хөлс авдаг албан байгууллагаа хуурч, залилсан гэж үзэхээр байна.

 

       Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Д.М-, А.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлснийг Шүүхээс мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэв.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар Д.М- Улаанбаатар төмөр зам ХНН-ийн  Замын 2 дугаар ангийн засварын газрын даргаар ажилладаг байх ба өөрийн ажилладаг байгууллагад “төмөр тасдагч ир” ажлын хэрэгцээнд ашиглагддаг байдлыг далимдуулан өөрийн хувийн ашиг хонжоо олох явцуу эрх ашгийн үүднээс зах зээлийн ханшаар зарагдаж буй үнээс дээгүүр үнээр өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй байгууллагадаа “чанар сайтай төмөр тасдагч ир”  гэх нэрээр худалдан авалт хийх сонголтыг хийж дундаас нь өөртөө ашиг олдог байсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

Мөн Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Замын 2 дугаар ангийн засварын газарт гагнуурчин ажилтай А.Г- нь Д.М-ийн хүсэлтээр  өөрийн нэр дээрхи “Ган-Өндөг” ХХК-ийн нэрээр өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй байгууллага болох Замын 2 дугаар ангийн засварын газарт “төмөр тасдагч ир” худалдах, худалдан авах гэрээ хийж барааны үнийн дүнгийн 10  хувь болох 1.360.000 төгрөгийг өөртөө ашиг болгож авсан хэргийн үйл баримт авагдсан байна.

 

       Дээрхи хэргийн үйл баримтууд нь мөрдөн байцаалтанд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ц-гийн мэдүүлсэн “2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10/492 дугаартай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын 2 дугаар ангийн албан тушаалтан нь зохиомол байдлыг  зориудаар бий болгож 2015 оноос 2019 он хүртэл нэр бүхий компаниудтай үгсэн тохиролцож зам төмөр тастагч материалыг зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авсан мэтээр санхүүгийн анхан шатны бичиг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж албан тушаалын байдлаа ашиглаж залилсан...Манай байгууллага хохиролын хэмжээгээ 2020 оны 3 дугаар 03-ны өдрийн Виннер Вей хөрөнгө үнэлгээний компанийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тулгуурлаад тооцож байгаа юм. Яагаад гэхээр манай байгууллагад /luga Abrasiv/ үйлдвэрийн 300х3, 0х32 мм хэмжээтэй “Зам төмрийн таслагч ир”-ийг яг хэдэн төгрөгөөр худалдан авна гэсэн тогтсон ханш байхгүй тул тухайн худалдан авах гэж байгаа ондоо зах зээлийн хувьд ямар үнэтэй байна түүнээс хэтрүүлэхгүй авах ёстой байдаг. Гэтэл Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн хувьд дээрх таслагчийн ирийг зах зээлийн хувьд ямар  үнэтэй байна түүнээс хэтрүүлж худалдан авч, зохиомол байдал үүсгэж манай байгууллагад хохирол учруулсан...Улаанбаатар Төмөр замын Замын даргын тушаалаар батлагдсан гэрээ байгуулах журамд 5.000.000 төгрөг хүртэл үнэтэй эд зүйлийг худалдан авахдаа тухайн байгууллагынхаа үнийн комиссоор орж хамгийн бага үнийн санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийг сонсгож худалдан, худалдан авах гэрээ байгуулдаг. Гэтэл Улаанбаатар Төмөр замын 2 дугаар ангийн засварын газрын дарга Д.М- нь тухайн гэрээ байгуулах журмыг зөрчөөгүй боловч өөрийн хамаарал бүхий компаниудаас хэт өндөр зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнийн санал ирүүлэн, тухайн компануудыг сонгож гэрээ байгуулсан. Үүнээс үзэхэд зах зээлийн үнийн дүнгээс 2-3 дахин илүү мөнгөөр /luga Abrasiv/ үйлдвэрийн 300х3, 0х32 мм хэмжээтэй “Зам төмрийн таслагч ир” худалдан авсан байгаа манай байгууллагад хохирол учруулсан гэж үзээд байна...” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 42-43, 44-49/

       Гэрч Н.Б- мэдүүлсэн “СОЭБ ХХК-ийг 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ээж Батын хамт үүсгэн байгуулж байсан. Анх үйл ажиллагаагаа хүнсний дэлгүүрээр явуулж байгаад 2013 оноос барилгын материал худалдан борлуулдаг байсан. Компанийн үйл ажиллагааг 2016 оноос хойш явуулахаа больсон байгаа. 2016 онд манай барилгын дэлгүүрээс гэрэл болон барилгын материалыг Улаанбаатар Төмөр замд ажилладаг нэг ах хүү байнга тогтмол авдаг байсан. 2017 онд над руу залгаад бараа материал авмаар байна. Танай компанийн дансаар мөнгө оруулаад гаргуулаад авчихъя гэж хэлсэн. Чи компанийнхаа тамга тэмдэгтэй ирээд гэрээ хийгээдэх гээд намайг өөрийн ажилладаг Замын 2 дугаар ангийн засварын газар дуудсан. Тэгээд очтол Д.М- гэдэг хүн байсан. Өрөөнд нь орсон чинь гэрээгээ бэлдсэн байсан. Тэгээд мөнгө орчихвол шилжүүлчихээрэй, бас 10 хувиа авчихаарай гэсэн. 2017 оны 11 дүгээр сар яг өдрөө сайн санахгүй байна, 4.350.000 төгрөг орж ирсэнийг би өгсөн данс руу нь шилжүүлсэн. Хуулга харахгүй бол яг ямар данс руу шилжүүлсэнээ мэдэхгүй байна...СОЭБ гэдэг компани албан ёсоор Замын 2 дугаар ангийн даргатай гэрээ байгуулаагүй. Д.М- гэдэг хүний өрөөнд орсон чинь гэрээгээ бэлдсэн байсан. Тэгээд би гэрээн дээр гарын үсэг тамга дараад нэхэмжлэх, зарлагын баримтан дээр бүгдэн дээр нь гарын үсэг, тамга дарсан...Улаанбаатар Төмөр замын 2 дугаар ангид манай компани болох СОЭБ нь зам төмөр тастагч ирийг нийлүүлээгүй гэж ойлгож болно...Д.М- нь компанийнхаа данс, тамгыг ашиглуулаад мөнгө гаргаад өгчих гэж гуйсан болон урьд өмнө таньдаг байсны үндэс дээр гуйлтыг нь биелүүлсэн...тухайн үед гэрээ хийгээд буцаад явсан. Миний хаан банкны 0000000000 дугаартай дансанд 4.350.000 төгрөг орж ирсэн. Миний 0000000000 тоот дансанд орж исрэн 4.350.000 төгрөгийн 10 хувь болон 435.000 төгрөгийг өөртөө авч үлдсэн 3.915.000 төгрөгийг Д.М-ийн 0000000000 тоот дансанд мобайлдаж шилжүүлсэн. Манай СОЭБ ХХК нь тастагч ир худалдан борлуулдаггүй. Манай СОЭБ ХХК нь Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид тастагч ир нийлүүлээгүй харин дансаа ашиглуулсан байгаа. Байгууллагын дансаар бэлэн мөнгө гаргуулсан гээд 10 хувийг авсан. Д.М- нь 10 хувийг өгөх талаар санал тавихад нь би зөвшөөрсөн. Би өмнө нь ийм байдлаар компанийн тамга тэмдэг, дансыг бусдад ашиглуулж байгаагүй ба Д.М-эд нэг удаа ашиглуулсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 50-51, 3 хх-ийн 145-148/

       Гэрч Ц.О-ын мэдүүлсэн“ Далай оюу сувд трейд” ХХК 2019 оны 8 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Тус компанийн захирал нь манай нөхөр болох А-. Би ерөнхий үйл ажиллагаа хариуцан явуулдаг. Одоо Гермес төв дээр хөдөлмөр хамгаалалтын гар багаж сэлбэг материал худалдан борлуулдаг. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зам төмөр таслагч ир 340 ширхэгийг нийлүүлж байсан ба 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр бодож нийлүүлсэн. Учир нь замын 2 дугаар ангид ажилладаг Д.М- нь надад төмөр тастагч хэрэгтэй байна чи олж өгч чадах уу гэж байсан. Тэгэхээр нь би 100 айлаас зам төмөр тастагч ирийг хайгаад олсон. Дээрх өдөр 8.000 төгрөгөөр зарагдаж байсан. Тэгээд би Д.М- рүү залгаад танай ангид 11.000 төгрөгөөр нийлүүлье гэхэд Д.М- “чи 14.500 төгрөгөөр нэхэмжлэх дээр бичээд өгчихөө үлдэгдэл 1 ширхэг тус бүрийн үнээс 3.500 төгрөгийг би авъя гэж хэлсэн. Тэгээд би Д.М-эд 1.190.000 төгрөгийг бэлнээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн...Манай компаниаас багаж бараа материал авдаг. Тэгээд танилцсан, дотно танихгүй, манай үйлчлүүлэгч гэдэг утгаар танина...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 53-54/

Гэрч Ю.А- мэдүүлсэн “Би өөрөө ганцаараа Буянт Идэр ХХК-ийг үүсгэн байгуулсан. Гадаад дотоод худалдаа, хүнсний дэлгүүр, газар тариалангаар гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Буянт Идэр ХХК-ийн үйл ажиллагааг 2017 оноос байхаа үйл ажиллагааг нь өөр хүнд шилжүүлж өгсөн. Миний танил болох замын 2 дугаар ангид ажилладаг Д.М- нь танай компанийн дансаар 2015 оны 9 дүгээр сард байх манай компанийн дансаар 2.900.000 төгрөг гаргуулж авсан. 2015 оны 11 дүгээр сард дахин 2.900.000 төгрөг гаргуулж авсан. 2016 оны 8 дугаар сар, 10 дугаар саруудад тус тус 2.900.000 төгрөг гаргуулж бэлнээр авч байсан. Манай “Буянт Идэр” ХХК нь албан ёсоор замын 2 дугаар ангид зам төмөр тастагч ирийг нийлүүлээгүй. Д.М-ийн гуйлтаар компанийн дансаараа мөнгийг оруулаад бэлэн гаргаад өгсөн. Тухайн үед Капитал банкны дансаар орлогодуулаад зарлагадаж Д.М-эд өгсөн байгаа. Д.М- нь компанийнхаа данс, тамгыг ашиглуулаад мөнгө гаргаад өгчих гэж гуйсан болохоор нь тусалсан юм” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 62-63/

Гэрч С.Т- мэдүүлсэн “Манай байгууллага нь 2007 оноос эхэлж одоог хүртэл зам төмөр тасдагч багажны ирийг худалдан борлуулж байгаа. 300х3х32 хэмжээтэйг 3.500 төгрөгөөр, 350х3х32 хэмжээтэйг 4.000 төгрөгөөр худалдан борлуулдаг. Улаанбаатар Төмөр замын 2 дугаар ангиас гээд нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг махлаг шар настай ах хүү тогтмол худалдан авч байсан. 2015-2016 оны үед манай компани 100 айлд барилгын материал зардаг газруудад /luga Abrasiv/ үйлдвэрийн 300х3, 0х32 мм хэмжээтэй  төмрийн таслагч ирийг нэг ширхэгийг нь 2800-3000 төгрөгийн хооронд зардаг байсан.  Харин 2017-2019 оны хооронд 3500 төгрөгөөр зардаг болсон доо. Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангид ажилладаг Нэргүй гэх нэртэй ах ирээд надаас удаа дараа 2012-2015 оны хооронд худалдан авч байсан. Би заримдаа ажил дээр нь очоод зардаг. Заримдаа өөрөө ирээд авчихдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 65-68/

        Гэрч Б.О- мэдүүлсэн “Д.М- гэдэг хүн намайг 100 айлд барилгын материалын зардаг байхад 100 айл дээр ирж янз бүрийн л юм худалдан авдаг байсан. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Төмөр замд ажилладаг гэдэг ах яваад байдаг...Би 2002 оноос эхлээд ээж аавтайгаа хамт нийлж 100 айл дээр барилгын материал зарж байгаад 2017 онд уг ажлыг больсон...Манай дэлгүүр уг /luga Abrasiv/ үйлдвэрийн 300х3, 0х32 мм хэмжээтэй төмөр тастагч ирийг зардаг байсан. Тамираа гэх хүнээс худалдан авч зардаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 104-106/

         Гэрч Г.Х- мэдүүлсэн “2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нийлүүлж байсан. Тухайн үеийг би сайн санахгүй байна. Нэхэмжлэх дээр бол зам төмөр тастагч ирийг бодит үнээс дээгүүр үнээр бичүүлсэн байгаа. Дээрх 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр замын 2 дугаар ангийн данснаас гантай таслагчийн ир 4.320.000 төгрөг орлогодож орж ирсэн. Тэгээд би 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 0000000000 дугаарын данс руу 3.720.000 төгрөг шилжүүлж өгсөн...400 ширхэгийг бол албан ёсоор нийлүүлээгүй. Тухайн үед би 610.000 төгрөгийг л авсан. Нэг ширхэгийг 5000 төгрөгний ханштайгаар худалдан борлуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 69-70/

Гэрч Ч.Б- мэдүүлсэн “Миний бие...2013 оны 9 дүгээр сараас одоог хүртэл Замын 2 дугаар ангийн аж ахуйн няраваар ажиллаж байна.  Сэлбэг бараа материалыг хүлээлгэн өгөхөд эхний ээлжинд хэсэг, цехүүд хэрэгцээтэй сэлбэг, бараа материалыг захиалгын хуудас нь бичиж дарга, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогчоор хянуулаад хангамжийн инженерт хүлээлгэн өгсөний дараа үнийн комисс хуралдаад шийдвэрлэсний үндсэн дээр худалдан авдаг. Захиалгын хуудас, зарлагын баримт, худалдан авч буй газрын нэхэмжлэх гэх санхүүгийн  анхан шатны баримтууд байдаг. Надад хүлээлгэж өгөхдөө хангамжийн инженер хүлээлгэн өгөх ёстой бөгөөд зарлагын баримттай хүлээлгэн өгөхөөр нь би бараа материал хүлээн авалтын акт үйлдэж сэлбэг, бараа материалаа хүлээн авдаг. 2015-2019 он хүртэл олон компаниас авсан байгаа. Жилдээ 2-4 удаа зам төмөр тасдагч ирийг 200-400 ширхэг хооронд авдаг.  Зам төмөр таслагч ир нь төмөр замын зам төмрийг таслах зориулалттай тогтмол үйл ажиллагаанд хэрэглэгддэг материал юм. Манай Замын 2 дугаар ангийн засварын газар болон 21 хэсэгт хэрэглэгддэг материал байгаа юм.

      2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Буянт Идэр ХХК-иас 1 ширхэгийг 14500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг одоо ажиллаж буй засварын дарга Д.М- хүлээлгэж өгч байсан. 2.900.000 төгрөг

      2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Буянт Идэр" ХХК-иас 1 ширхэгийг 14500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг мөн засварын дарга Д.М- хүлээлгэж өгч байсан. 2.900.000 төгрөг

      2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Буянт Идэр” ХХК-ниас 1 ширхэгийг 14500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг засварын дарга Д.М- хүлээлгэж өгч байсан. 2.900.000 төгрөг

      2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Буянт Идэр” ХХК-иас 1 ширхэгийг 14500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг засварын дарга Д.М- хүлээлгэжөгч байсан. 2.900.000 төгрөг

      2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр “Ган өндөг” ХХК-иас 1 ширхэгийг 14500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг засварын дарга Д.М- хүлээлгэж өгч байсан. 2.900.000 төгрөг

      2017 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр “Ган өндөг” ХХК-иас 1 ширхэгийг 14500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг засварын дарга Д.М- хүлээлгэж өгч байсан. 2.900.000 төгрөг

     2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Ган өндөг” ХХК-иас 1 ширхэгийг 14500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг засварын дарга Д.М- хүлээлгэж өгч байсан. 2.900.000 төгрөг

      2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Ган өндөг” ХХК-иас 1 ширхэгийг 14000 төгрөгөөр 350 ширхэгийг худалдан авсаныг засварын дарга Д.М- хүлээлгэж өгч байсан. 4.900.000 төгрөг

      2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Далайн оюу сувд трейд” ХХК-иас 1 ширхэгийг 14000 төгрөгөөр 350 ширхэгийг худалдан авсаныг хангамжийн инженер О- хүлээлгэж өгч байсан. 4.930.000 төгрөг

      Зам төмөр тасдагч ир нь 300х3,0х32-той хэмжээтэйг дээрх компани болон хувь хүмүүс нийлүүлсэн байгаа. Манай  анги болон 21 хэсэг маань тогтмол хэрэглэдэг. Ангид хэрэгцээтэй бараа материал сэлбэгийг ажлын байрны тодорхойлолтоороо хангамжийн инженер хүлээлгэж өгөх ёстой. Зарлагын баримтын хамт тухайн баримтан дээр нь тоо ширхэг, үнэ, компани, хувь хүний нэр, тамга тэмдэг гарын үсгийн хамт байх ёстой. Зам төмөр тасдагч ир нь зах зээл дээр хичнээн төгрөгийн үнийн дүнтэйг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг  /1 хх-ийн 84-85, 88/

      Гэрч Э.О- мэдүүлсэн“...хангамжийн инженерээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Нийтдээ замын 2 дугаар ангидаа 17 дахь жилдээ ажиллаж байна. Замын 2 дугаар анги нь сэлбэг төхөөрөмж авахдаа  сэлбэг тоног төхөөрөмж нь эвдэрсэн тохиолдолд нэгдүгээрт 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комиссийн гишүүд байгуулагдаж гэмтлийн актыг үйлдэнэ. Хоёрдугаарт гэмтлийн актыг үндэслэн 8 хүний гарын үсэгтэй захиалгын хуудсыг хангамжийн инженерт өгнө. Гуравдугаарт хангамжийн инженер худалдан авах судалгаа хийнэ. Ангийн даргын тушаалаар батлагдсан үнийн комисс хуралдсаны үндсэн дээр ХХК болон хувь хүнтэй заавал гэрээ байгуулж худалдан авна. Тэгээд худалдаж авсан сэлбэг тоног төхөөрөмж ирсэний дагуу хүлээн авалтын актыг нярав хангамжийн инженер болон тус сэлбэг тоног төхөөрөмжийн ажиллагааг нь шалгаж механик, засварын дарга нар тус тус шалгаж хүлээн авдаг. Замын 2 дугаар ангийн даргаар ажиллаж байсан Д- нь ав гэсэн сэлбэг бараа материалыг яагаад авахгүй байгаа юм, авч чадахгүй бол чи мэргэжлийн бус хүн, хийж чаддаг хүнийг чиний албан тушаалд тавимаар байна гэж дарамт маягийн  асуудал гаргадаг байсан. Миний бие зам төмөр тастагч ир гэсэн нийлүүлсэн компани нь мэдэгдэхгүйгээр их хэмжээгээр нь ирсэн байдаг. Тэгээд миний ажлын  байрны тодорхойлолтон дээр худалдан авч буй сэлбэг бараа материалыг судалсны үндсэн дээр үнийн комиссыг хуралдуулж аж ахуйн нэгжээс бараа материалаа аваад аж ахуй няравт хүлээлгэж өгч гарын үсэг зурж өгөх ёстой. Засварын дарга Д.М- зам төмөр таслагч ирийг худалдаж авах гэрээ байгуулдаг. Тухайн гэрээг надад мэдэгдэхгүй замын 2дугаар ангийн дарга байсан Д-гаар оруулж зуруулаад нярав Б- ахад хүлээлгэж өгсөн мэтээр гарын үсэг зуруулчихдаг байсан. Тэгээд надаар тухайн бүртгэлийн дэвтэрт нь хүлээлгэж өгсөн мэтээр гарын үсэг зуруулдаг байсан.” гэсэн мэдүүлэг  /1 хх-ийн 90-92/

Гэрч Б.Д-гийн мэдүүлсэн“ Би 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн даргаар ажилласан. Зам төмрийн хөрөөний ир нь манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Тухайн зам төмрийн хөрөөний ир шаардлагатай байгаа хэсэг, цехүүдийн мастер захиалга өгдөг бөгөөд уг захиалгын дагуу хангамжийн инженер нь материалаа олж нийлүүлдэг бөгөөд тухайн нийлүүлэх  компанитай гэрээний техникч уулзаад гэрээ хийдэг. Гэрээ хэлцэл хийхдээ холбогдох журмын дагуу худалдан авалт борлуулалтын алба болон байгууллагын үнийн комиссын үнийн дүнг хянуулж зөвшөөрүүлж нэхэмжлэх дээр гарын үсэг зуруулдаг. 2017-2019 оны хооронд  манай байгууллага дээр хангамжийн инженерээр О- гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд гэрээний техникчээр гэрээгээ хийснийхээ дараа батлуулахаар оруулж ирдэг. Би тэр гэрээг үзэж хараад гарын үсэг зурдаг. 2018 оноос хойш ерөнхий инженэрээр  ахалсан 5 хүний бүрэлдэхүүнтэй үнийн комисс байгуулсан тушаал гаргасан. Комисс шийдвэр гаргахдаа хурал хйигээд боломжит худалдагчийг сонгоод гэрээ байгуулахаар бэлдээд надад танилцуулдаг. Дор хаяж 3 компаниас дээш компанийн үнийн судалгааг авч сонгон шалгаруулалт хийдэг. Манай байгууллагад үнийн комисс байдаг тухайн үнийн комисс хуралдаад боломжит худалдан авалтаа хийдэг...Тухайн хөрөөний ир чанартай байж л төмөр зам таслахад илүү шаардлагатай болохоор манай байгууллага чанартайг нь бодож илүү үнэтэй худалдаж авсан байж таарна. Чанартай эд зүйл худалдаж авах талаас байгууллагаас үүрэг болгож өгдөг. Зах дээр зарж байгаа 3.500-4.000 төгрөгийн үнэтэй таслагч ир нь амархан эвдэрдэг тул ОХУ-аас чанартайг авна гээд тухайн үнийн хангамжийн инженер надад тайлбарлаж байсан. А.Г- гэдэг хүн манай байгууллагад гагнуурчин хийдэг. “Ган-Өндөг” ХХК-ийн захирал гэдэг талаар надад мэдэх зүйл алга байна. Би Ган-Өндөг” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийгээд эд зүйл аваад байна гэж бодож байснаас биш надад уг мөнгийг нь засварын дарга Д.М- ирээд бэлнээр аваад яваад байсан гэдгийг нь мэдэх зүйл алга байна.  Миний мэдэхээр засварын дарга Д.М- нь энэ төмөр зам таслагчийн ирийг байнга нийлүүлдэг байсан. Мөн нэг удаа ерөнхий инженер Бат-Эрдэнэ нийлүүлсэн санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 94-95/

       Яллагдагч А.Г-ын мэдүүлсэн “Манай “Ган өндөг" ХХК-ны дансыг ашиглаж Засварын дарга Д.М- 'таслагч ир” нэн даруй хэрэгтэй олдохгүй байна гэж надад хэлсэн. Хувь хүнээс гэхээр гэрээ хийхгүй гээд танай компанитай гэрээ хийе гэхээр нь би зөвшөөрч байгууллагын тамга тэмдэг гарын үсгээ ашиглуулсан. Тэгээд “Ган өндөг” ХХК-ний дансыг чинь ашиглаад зам “төмөр таслагч”-ийн ир авъя чамд 10 хувийг өгье гэхээр хүлээн зөвшөөрч замын 2 дугаар ангитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2.900.000 төгрөг орж 290.000 төгрөгийг бэлнээр нь өөрөө аваад үлдсэн “таслагч ир” зарсан 2.610.000 төгрөгийг Засварын газрын дарга Д.М-, Нэргүй хоёр Засварын даргын албан өрөөнд нь авч бэлнээр нь өгсөн. Д.М- нь Замын 2 дугаар ангийн засварын газрын дарга, намайг хариуцсан дарга байгаа юм. Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн Засварын дарга Д.М-, Нэргүй хоёрт 2016 оны 11 дүгээр сарын хэдний өдрийг сайн санахгүй байна өдрийн 12 цагийн орчим зам “таслагч ир” худалдан авсан мөнгө болох 2.610.000 төгрөгийг Засварын даргын албан өрөөнд гараашийн дарга Д.М-, Нэргүй хоёрт өгөөд би гараад явсан. Нэргүй гэдэг хүнд өгсөн манай засварын дарга Д.М- энэ Нэргүйд өгчих гэж надад хэлсэн. Тухайн мөнгийг би бэлнээр оруулж өгсөн. Өөр хүн мэдэж байгаа талаар мэдэхгүй. Засварын дарга Д.М- нөгөө мөнгө орчихлоо арван хувиа авч үлдээд мөнгийг аваад ажил дээр байвал ажил дээр нь машинтай явж байвал машин дотор нь авч очоод Нэргүй гэдэг хүнд нь өгсөн. Он сарыг сайн мэдэхгүй Д.М- дарга өөрийнхөө машинтайгаа Нэргүйтэй хамт ирээд Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг гэдэг байрны гадна тухайн өдрийн 16 цагийн орчим 4.410.000 төгрөгийг бэлнээр авч явсан. Намайг Д.М- дарга энэ хүнд өг гээд хэлэхээр Нэргүй гэдэг хүнд өгсөн, бид гурваас өөр хүн байгаагүй.  Банкнаас авсан боодолтой 5000,10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртээр өгдөг.  Д.М- даргад өрөөнд бэлэн мөнгөтэй ороод Д.М- даргад гарт нь бэлнээр өгч байгаагүй. Д.М- дарга энэ хүнд өг гэж хэлэхээр нь Нэргүй гэдэг хүнд өгөөд гараад явдаг байсан. Урд өмнө өгсөн мэдүүлэгт хамт байсан хүнд нь өгч байсан гэж хэлж байсан. Засварын дарга Д.М- 2016 онд хувь хүнтэй гэрээ хийдэггүй манай байгууллага зам төмрийн “таслагч ир” шаардлагатай байна. Танай “Ган Өндөг” ХХК дээр байгуулаад зам төмөр “Таслагч ир”-ний гэрээ хийх талаар ярихаар нь би хүлээн зөвшөөрч би өөрийн “Ган Өндөг” ХХК компани дээр арван хувийг авах саналыг хэлэхэд тэг тэг гээд хүлээн зөвшөөрсөн. Би он дарааллаар нь санахгүй байна. “Ган өндөг” ХХК-ний дансаа ашиглуулж 4 удаа мөнгө гаргаж өгсөн. Замын 2 дугаар ангийн засварын дарга Д.М-тэй Нэргүй гэдэг хүн хамт ирээд бэлнээр нь мөнгөө авдаг байсан. Засварын дарга Д.М- нь нөгөө шилжүүлсэн мөнгөө өгчихөө гээд авдаг байсан. Сүүлд нь болохгүй зүйл байна гэж мэддэг болсон. Би ямар нэгэн байдлаар “ таслагч ир” нийлүүлдэггүй байсан. Би 4 удаа арван хувь болох нийт 1.200.000 орчим мянган төгрөг авсан байх. Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн дарга Алтангэрэл нь “Ган өндөг" ХХК-наар дахиж танай компаниар юм шилжүүлж болохгүй гэж ярьсан. Өглөөний яриа дээр дарга нар  шаардлагатай материалын нэхэмжлэхийг олж ир гээд хүмүүсийг тэгээд байдаг юм. Манай засварын дарга, Д.М- нь бараа материал дутах үед хувь хүнтэй гэрээ хийхгүй гээд дандаа байгууллагын нэхэмжлэх авч ир гэж нэхдэг байсан. Тэгээд “Ган өндөг” ХХК-ны дансаа ашиглуулж 4 удаагийн худалдах худалдан авах гэрээ хийсэн.  Би шаардлагатай зам төмөр “ таслагч ир” авч байна гэж боддог байсан. Улаанбаатар төмөр замтай гэрээ хийхээр манай байгууллагад цаашид ашигтай юм болов уу гэж бодсон. Цаашид ер том байгууллагатай гэрээ хийхээр болж л байгаа юм байна гэж бодсон. Яагаад гэвэл би өөрөө төмөр зам “таслагч ир” нийлүүлдэггүй байж хувь таслагчийн ирийг  “Ган Өндөг” ХХК-ны дансыг ашиглаж нийлүүлсэн нь буруу юм. Мөн байгууллагын тамга, тэмдэг, гарын үсгээ ашиглуулсан. Компанийн гарын үсгээ зурчих гэсэн нь миний буруу үйлдэл байгаа юм. 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдаж байсан. Анх гагнуурын төрлөөр мөн карго ажиллуулах зорилгоор байгуулж байсан. Цаг тухай бүрт татвар төлдөггүй байсан. Сүүлд төлж эхэлж байгаа компани дээр тоног, төхөөрөмж авах гээд амжихгүй байсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 137-141, 4хх-ийн 123-125/

       Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дотоод аудит хяналтын албаны шалгалтын тайлангийн дүгнэлтэнд...Замын 2 дугаар ангийн Засварын газрын дарга Д.М- нь албан тушаалын байдлаа ашиглаж. анхан шатны баримт хуурамчаар бүрдүүлж таслагч хөрөөний ирийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр авсан үйлдэл нь УБТЗ ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 1 дэх хэсэгт "Ажилтан Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн Хөдөлмөрийн дотоод журам. Төмөр замын ажилтны сахилгын тусгай журам болон Нийгэмлэгт мөрдөгдөж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм, журам, зааврыг чанд мөрдөн ажиллах 8.2 2-т "...үнэнч шударгаар хөдөлмөрлөх...”түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.2-т “УБТЗ" ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журам. бусад холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж...хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана. 4.1.9 дэх хэсэгт ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх. 5 3 8 дахь хэсэгт "Өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан ажил олгогчид...мөнгө эд хөрөнгийн хохирол учруулсан...Төмөр замын ажилтны “сахилгын тусгай дүрэм' -ийн 5 дугаар зүйлийн 5в дэх хэсэгт байгууллагын хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээ албан тушаалын заавар, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргээ биелүүлэх 7 дугаар зүйлийн 76 дэх хэсэгт "шударга, ил тод байх зарчмыг, баримтлах” гэж заасныг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан байна. Д.М- нь дээрх үйлдэлдээ Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг бүртгэлтийн 2003000111 тоот дугаартай хэрэгт шалгагдан дуусаж мөрдөгчийн яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна...” гэжээ /2хх-ийн 6-10/

 

         Эдийн засагчийн мөрдөгч Замын 2 дугаар ангийн агуулахын бүртгэл багаж тоног төхөөрөмж 2015 он гэсэн цэнхэр өнгийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд;

         2015 оны  сарын 14-ний өдөр Буянт идэр ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв.

         2015 оны 11 сарын 11-ний өдөр Буянт идэр ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв”  /1 хх-ийн 128/

 

         2016 он гэсэн цэнхэр өнгийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд:

         2016 оны 8 сарын 24-ний өдөр Буянт идэр ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв.

2016 оны 10 сарын 25-ны өдөр Буянт идэр ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв.

2016 оны 11 сарын 07-ны өдөр Ган өндөг ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв /1 хх-ийн 124/

 

        2017 он гэсэн цэнхэр өнгийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд:

2017 оны 4 сарын 28-ны өдөр “Ган өндөг” ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 200 ширхэгйг худалдан авсаныг тэмдэглэсэн байв.

2017 оны 10 сарын 13-ны өдөр “Ган өндөг” ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 200 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв.

2017 оны 11 сарын 06-ны өдөр “СОЭБ” ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 300 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв.

2017 оны 11 сарын 16-ны өдөр “СОЭБ” ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 250 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв. /1 хх-ийн 125/

     

         2019 он гэсэн цэнхэр өнгийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэлд:

         2019 оны 3 сарын 01-ний өдөр “Ган өндөг” ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 350 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв.

         2019 оны 8 сарын 20-ны өдөр “Далайн Оюунсувд Трейд” ХХК-наас 1 ширхэгийг 14.500 төгрөгөөр 340 ширхэгийг худалдан авсаныг тэмдэглэсэн байв”  /1 хх-ийн 127/, Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 129-134/,  худалдах, худалдан авах гэрээнүүд, нэхэмжлэхүүд /1хх-ийн 140-225/,  харилцах дансны хуулгууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

  

        Тодруулбал, шүүгдэгч Д.М- Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Замын 2 дугаар ангийн засварын газрын даргаар ажилладаг байх ба албан ажлын хэрэгцээнд шаардагдах “төмөр тасдагч ир”-ийг өөрийн санаачилгаар  “Буянт-Идэр” ХХК, “СОЭБ” ХХК, “Далайн оюун сувд трейд” ХХК-иас тус тус худалдан авалт хийж байгаа мэтээр худалдах, худалдан авах гэрээ хийж, нэхэмжлэхийн үнийг дүнг зах зээлийн бодит үнээс дээгүүр үнээр бичүүлж, дундаас нь өөртөө ашиг хонжоо олох зорилгоор УБТЗ ХНН-ийн замын 2 дугаар ангийн засварын газарт 6 удаагийн үйлдлээр нийт 10.328.538  төгрөгийн хохирол учруулсан,

       мөн Д.М- албан үүргийн хувьд өөрийн удирдлага дор ажилладаг тус засварын газарт гагнуурчин ажилтай А.Г-той бүлэглэн түүний нэр дээрхи “Ган-Өндөг” ХХК-ний нэрээр “төмөр таслагч ир” өөрсдийн ажилладаг байгууллагад зах зээлийн бодит үнээс дээгүүр үнээр нийлүүлж дундаас нь ашиг хонжоо олох зорилгоор урьдчилан үгсэж, худалдах, худалдан авах гэрээ хийж, барааны үнийн дүнгийн 10 хувийг А.Г-од өгөхөөр тохирч 4 удаагийн үйлдлээр нийт 5.921.914 төгрөгийн хохирол учруулсан,

      шүүгдэгч А.Г- ажил үүргийн хувьд өөрийг нь удирдан ажилладаг Д.М-ийн дээрх саналыг хүлээн авч, Д.М-ийн болон өөрийн хууль бус ашиг сонирхлын үүднээс өөрийн нэр дээрхи “Ган-Өндөг” ХХК-ийн нэрээр УБТЗ ХНН-ийн замын 2 дугаар ангийн засварын газартай “төмөр таслагч ир”  нийлүүлж буй мэт худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийлүүлсэн барааны үнийн дүнгийн 10 хувийг  авахаар тохирч 4 удаагийн үйлдлээр өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй байгууллагыг залилж нийт 13.600.000 төгрөгийн 10 хувь болох 1.360.000 төгрөгийг өөртөө авч байгууллагад 1.360.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

        Шүүгдэгч Д.М-, Д.А.Г- нарын дээрхи үйлдлүүд нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” бүхий л шинжийг агуулж байна.

 

       Иймд шүүгдэгч Д.М-ийг дангаараа болон бусадтай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Г-ыг бусадтай бүлэглэж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

       Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.М-, Д.А.Г- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан оногдуулах нь зүйтэй.

 

      Шүүгдэгч Д.М-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч Д.А.Г- гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

       Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Д.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу /өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй, цалин хөлс авдаг байгууллагыг хуурч, нийлүүлэлт хийж буй мэтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бодит байдал дээр нэр дурдагдсан компаниудаас хохирогч байгууллагад төмөр таслагч ир нийлүүлэгдээгүй,  Д.М- өөрөө зах зээлд борлуулагдаж буй төмөр таслагч ирийг авч, зах зээлийн бодит үнээр бус түүнээс өндөр үнээр санхүүгийн нэхэмжлэх бичүүлж, хохирогч байгууллагаас компаниудын дансанд шилжиж орсон мөнгөнөөс  компанийн тамга тэмдэг, нэхэмжлэх, дансыг ашигласныхаа шан харамжинд тэдгээрт 10 хувийг өгч  байсан/ шүүгдэгч А.Г- мөн өөрийн ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй цалин хөлс авдаг байгууллагыг өөрийн нэр дээрхи “Ган-Өндөг” ХХК гэх үйл ажиллагаа, ашиг орлого нь тодорхой бус, татварын тайлан гаргадаггүй компанийн нэрээр төмөр таслагч ир нийлүүлж буй мэтээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Д.М-тэй нийлж мэдсээр байж залилсан гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад Д.М- 16.245.453 төгрөгийн, А.Г- 1.300.000 төгрөгийн учруулсан хохиролын хэр хэмжээ болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзав.

 

      Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  шүүгдэгч Д.М-ийг нэг жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Г-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

       Д.М-эд оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

       Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн шийдвэрээр “LUGA ABRASIV” брэндийн 300*3.0*32 мм хэмжээтэй “төмөр таслагч ир” 2015-2019 онуудад зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор эрх бүхий үнэлгээний байгууллагыг томилсон байна. 

       “Виннэр Вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “ Луга тасдагчийн ир (300х3,0х32мм) 2015 онд 3.500 төгрөг, 2016 онд 2.250 төгрөг, 2017 онд 3400 төгрөг, 2018 онд 3700 төгрөг, 2019 онд 3600  төгрөг” гэжээ. /1хх-ийн 15-28/

      “Файн эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэнд“ Үнэлэгдэж буй бүтээгдэхүүний өмнөх онуудын үнийн мэдээлэл олдох боломжгүй байгааг харгалзан үзээд тухайн онуудын үнэлгээний өдрөөрхи хаалтын ханшаар бодож зах зээлийн үнийг тогтоов. Худалдаачдын ярьж байгаагаас үзвэл өнөөдрийн байдлаар өмнөх онуудаас үнэ нэмэгдсэн байна.  Хүснэгтээр гаргасан дээрх үнэнд тээврийн зардал, гаалийн татвар болон НӨАТ зэрэг багтсан үнэ болно. Иймээс LUGA ABRASIV брэндийн 300*3.0*32 мм хэмжээтэй зам төмрийн таслагч ирний 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудын зах зээлийн дундаж үнэлгээг 6322.151667 /зургаан мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөг гэж тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байна” гэжээ. /3 хх-ийн 166-173/

 

       Хохиролын тооцоог мөрдөгч гаргахдаа Д.М-ийн 2015, 2016, 2017, 2019 онуудад 10 удаагийн үйлдлээр  нийт 2390 ширхэг “төмөр таслагч ир” нэг бүрийг 14.500 төгрөгөөр хохирогч байгууллагад нийлүүлснийг  үнэлгээний байгууллагын гаргасан “төмөр таслагч ир”-ний он, цаг хугацааны зах зээлийн дундаж үнэлгээгээр нэг бүрийн үнийг тооцож, зөрүү 16.245.453 төгрөгийг хохирол гэж тооцсон нь үндэслэлтэй.  

      Шүүгдэгч Д.М-ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 16.245.453 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллага Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Замын 2 дугаар ангид олгох нь зүйтэй.

      

      Шүүгдэгч А.Г- 1.360.000 төгрөгийн хохирлоо хохирогч байгууллагад нөхөн төлсөн нь шүүх хуралдаан дээр гаргасан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор нотлогдож  байх тул түүнийг бусдад  төлөх төлбөргүйд тооцов.

 

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.М-, А.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

       2. Д.М-ийг дангаараа болон бусадтай бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд,

            А.Г-ыг бусадтай бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг  нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

           шүүгдэгч А.Г-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

       4. Д.М-эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

       5. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг А.Г-од мэдэгдсүгэй.

 

       6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч А.Г- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

       7. Д.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

       8. Д.М-ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 16.245.453 төгрөг гаргуулж хохирогч байгууллага  Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Замын  2 дугаар ангид олгосугай.  

 

       9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Г-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлах арга хэмжээг, Д.М-ийг цагдан хорьсоныг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ