| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0229/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/01 |
| Огноо | 2020-12-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/01
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох 2015000000242 дугаартай, 163/2019/0229/Э индекстэй эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн ... суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... их сургуулийн 3-р дамжааны оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт Булган аймгийн ...од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Б.Б //.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, эрүүгийн 2015000000242 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын сүүлээр Булган аймгийн ... ийн “Д” гэх газарт сүргээсээ тасарсан байсан 55 тооны хонь, ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж тууж айлын өвөлжөөнд хашиж өөрийн дураар захиран зарцуулж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж завшсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Ц.Т ын өгсөн: “Булган аймгийн ... ийн “Х” гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манайхаас 100 гаран тооны хонь, ямаа алдагдсан. Тэгтэл уг малыг манай нутгийн Б , А гэж дууддаг Э нар авсан байсан. Тэгээд манайд өөрсдөө ирж уулзаад хохирол гэж 10.000.000 төгрөг өгсөн. Хохирлыг барагдуулсан тул гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14 тал/,
Гэрч Т.Э гийн өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 05-06-ны үед санагдаж байна, яг өдрийг нь сайн санахгүй байна. Ц.Б миний ******** дугаарын утасруу өөрийнхөө ******** дугаарын утаснаас 20 цагийн орчим залгасан. Тухайн үед манай гэр Булган аймгийн ... сумын “Бумбан толгой” гэх газарт нүүгээд бууж байсан ба Б “хонь зарах гэсэн юм ачаад өгөөч” гэхээр нь би “гэрээ барьж байна” гээд өөр юм хэлээгүй. Тэгтэл 22 цагийн орчим ганцаараа манайд ирээд “та явах юмуу” гэхээр нь би гэртээ орж гэрийнхэндээ “Ц.Б ын машиныг татаж өгөөд ирье” гэж хэлээд явсан. Ц.Б өөрийнхөө улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикпьтой явсан, мотоцикпоо манай гадаа үлдээгээд миний өөрийн хөх өнгийн **-** УНК улсын дугаартай “Портер 2” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд Булган аймгийн ... сумын “Саадаг” гэх газарт Б гэх айлын өвөлжөөнд хашсан хонь байснаас 21 ямаа, 4 хонь байсныг ачаад Булган аймгийн Дашинчилэн суманд оруулж мал мах авдаг Б гэх хүнд зарсан. Тухайн үед 01 цаг болж байсан, тэгээд 1 ямааг тус бүрт нь 80,000 төгрөгөөр, 4 хонийг тус бүрт нь 120,000 төгрөгөөр зараад шууд манай гэрт ирээд Ц.Б мотоциклио аваад харьсан. Тухайн малнуудыг Б ын өөрийнх нь л мал гэж бодсон, Б өөрийнхөө малнаас зарж байгаа гэсэн нарийн учрыг нь асуугаагүй. Би Ц.Б тай хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Б хонь, малтай учраас өөрийнхөө л малыг зарж байгаа гэж бодсон. Малаа ченжид зарсан. Надад тээврийн хөлс төлсөн. Дараа нь сонсоход тэдгээр хонинууд хүнийх гэж сонссон. Би Т ын хонь гэж сонсоод би ачиж өгсөн болохоор буруудах байх гэж бодоод Б ай цуг хохирогчтой очиж уулзсан. Б 10.000.000 сая төгрөг хохирогчид өгсөн” гэх мэдүүлэг /хх-17-19 тал/,
Гэрч Ц.Б ы өгсөн: “...Тэгэхээр нь Э гээс асуухад Б нэлээн олон хонь ачиж зарсан талаар хэлсэн. Тэгээд Б ыг авсан байх гэж бодсон. Тэгтэл Б буруугаа хүлээж хохирлоо төлсөн сураг сонссон. Б уулын оройд хэдэн хонь, ямаанууд тасарсан байхад нь Б гэдэг айлын өвөлжөөнд хашиж байгаад машинд ачиж малын ченжид зарсан талаар сонссон. Б хулгай хийх хүүхэд биш. Эзэнгүй явж байхад нь авсан байх...” гэх мэдүүлэг /хх-22-24 тал/,
Гэрч М.Б ийн өгсөн: “...Гэрийн гадаа ирлээ гэж хэлэхээр нь яваад очтол хөх өнгийн өөрийнхөө портер машинд 14 эр хонь ачсан ирсэн. Тэгээд тус бүрийг нь 190000 төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс дахиж хонь аваагүй” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,
Алдагдсан малын зах зээлийн үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХКний шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №210516 дугаартай: “хязаалан хонь 10-150000=1500000, бүдүүн хонь 20-120000=2400000, бүдүүн эр ямаа 25-120000=3000000, нийт 6900000 төгрөг” гэх дүгнэлт /хх-27-32 тал/,
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №210516 дугаартай: “бүдүүн морь нэг, 850000 төгрөг” гэх дүгнэлт /хх-31 тал/,
Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын сүүлээр байх өдрийн сайн санахгүй байна. Отроос бууж яваад Булган аймгаас ... “Д” гэх газарт сүргээсээ тасарсан тавь гаран тооны хонь, ямаа байхаар нь туугаад Б гэх айлын өвөлжөөнд аваачиж хашсан. Би Э ахад хэлээд Дашинчилэн суманд байдаг Б гэх хүнд 21 ямаа, 4 хонь аваачиж зарсан. Үлдсэн 30 хонийг нь Ц ахад өгсөн. Сүргээсээ тасарсан гэмээр орой уулын бэлд бэлчиж байсан. Би тухайн үед мэдээгүй, 4-5 хоногийн дараа Б ахаас мэдсэн. Дээрх тавь гаран тооны хонь, ямаа нь Т эгчийн хонь, ямаа байсан. Тэр хавиар отрын айл их байсан болохоор отрын хүмүүсийн мал байж магадгүй гэж бодсон юм. Хар зүсмийн уналгын мориор туусан. Тухайн үед би морьтой явж байсан. Хохирогч алдсан малаа тоолоод нийт 10.000.000 төгрөг нэхэмжилсэн, би Т эгчид 10.000.000 төгрөгийг нь өгч хохиролгүй болгосон.Э , Ц нарт өөрийнхөө малыг гэж хэлсэн. Энэ хоёрт ямар ч хамаагүй юм” гэх мэдүүлэг /хх-43- 44 тал/ зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Т , гэрч Т.Э , М.Б , Ц.Б нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэДт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Б ын үйлД идэвхтэй, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийнх юм шиг захиран зарцуулж байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйл үгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 4/93 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
“Алдуул мал завших” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож шилжсэн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй байгаа малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар үйлД нь идэвхтэй, ухамсартай, уг бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Т д 6.900.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирлыг мөнгөн хэлбэрээр 10.000.000 төгрөгийг хохирогчид төлж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Б ын алдуул мал завшсан гэм буруутай үйлД нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 35-39 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Багийн засаг даргын тодорхойлолт, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар урьд ял шийтгүүлж байгаагүй, аав, ээжийн хамт Булган аймгийн ... сумын 6 дугаар багт амьдардаг зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б ын гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж хэрэгт мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн хар зүсмийн 9 настай, зөв талын гуян дээрээ ширээтэй чандман тамгатай морь, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмээл, хазаар, цулбуур зэрэг нь түүний аав Д.Б.өмчлөл эзэмшилд байгаа нь тогтоогдож байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигч Д.Б д үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: