| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2018/0056/э |
| Дугаар | 372 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 372
О.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Бадрал,
хохирогч Д.О,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.Бт холбогдох 1706009480409 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бор адуу овгийн О.Б, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 1989 оны 12 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эхнэр нарын хамт амьдардаг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохион 15-8 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-495 тоотод түр оршин суух хаягтай,
2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: ............................/
О.Б нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-495 тоотод буюу гэртээ Д.Отэй маргалдаж улмаар түүний нүүр рүү аяга шидэж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж,
О.Бийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар О.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч О.Бээс 367,750 төгрөг гаргуулж хохирогч Д.От олгож, тэрээр цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжээч томилуулж, хохирогч миний хохирлыг үнэн зөвөөр тогтоолгож, барагдуулж өгнө үү.
2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр найз Чинцэцэгийн нөхөр бид гурав Баагий гэдэг айлд барилгын багаж авахаар очоод тэр хүмүүстэй архи уугаад Чинцэцэгтэй маргалдсан. Баагий гэгч нь Чинцэцэгийг өмөөрч санаатайгаар над руу аяга авч шидэн миний нүдний ухархайг сэт цохиж “хамар ясны хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал” үүссэн. Оёдлын ажил хийж байсан боловч энэхүү гэмтлээс болж ажлаасаа гарсан. Одоо нүүрний баруун тал чинэрч өвдөх болсон. Нүдний хараа муудаж оёдлын ажил хийхэд ч хүндрэлтэй болж байна. Нүүрэндээ сорвитой, баруун нүдний дээд зовхи сэтэрхий болсон учраас унжаад эвгүй харагдах боллоо. Шүүх эмнэлгийн зүгээс миний гэмтлийн зэрэгт эргэлзээтэй дүгнэлт гаргасан гэж үзэж анхан шатны шүүх хурал дээр хэлсэн боловч шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн баруун нүдний дээд зовхи сэтэрч доошоо унжсан нь миний гоо сайхан болон сэтгэл санаа, бие махбодид хүнд хохирол бөгөөд уг гэмтэл нь эдгэрэшгүй, засрашгүй гэмтэл гэдэг нь илт байсаар байхад шүүх шүүгдэгчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Одоо нүүрэндээ засрашгүй муухай оёотой явж байгаа нь таньдаг хүмүүстэй тааралдахад эвгүй, нүүрээ яагаа вэ гэсэн асуулт асууж, таагүй байдалд орж байна. Мөн гэрчүүд дандаа худлаа мэдүүлэг өгсөн. Хууль сануулсан боловч худал мэдүүлэг өгснийг шүүх авч хэлэлцээгүй. Хохирлыг огт барагдуулаагүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. О.Бийн эхнэр Бадамгэрэл гэгч нь би цагдаад ажиллаж байсан, энэ хэргийг яах ч үгүй зүгээр хаалгана гэж Чинцэцэгт утсаар ярьсан гэж Чинцэцэг мэдүүлсэн. “Би нөхөртэй, бага насны хүүхэдтэй” байж Чинцэцэг, О.Б, Бадамгэрэл нарын мэдүүлэгтэй зөрөлдөх янз янзаар ярих хүн биш. Хэргийг минь үнэн зөв шийдвэрлэж, хохирлыг барагдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолд хохирогч Д.Оийг цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
О.Б нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-495 тоотод буюу гэртээ Д.Отэй маргалдаж улмаар түүн рүү аяга шидэж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- хохирогч Д.Оийн “... 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дэнжийн 1000 ойролцоо Чинцэцэг, түүний нөхөр Баяраа нартай хамт Баагий гэх айлд очоод... Хараа нэртэй 0.75 литрийн архи 2 ширхэгийг уусан. Тэгээд би найз Чинцэцэгтэй маргалдсан. Тэгсэн чинь Баагий өмөөрөөд над руу аяга авч шидээд миний баруун талын нүд рүү оносон. Тухайн үед баруун талын нүдний доод хэсгээс цус их гарсан... Чинцэцэг намайг нөхөртэйгээ хардаад байсан ба нээх сүртэй маргалдсан асуудал болоогүй... тухайн үед Баагий гэх залуу бид хоёрын маргааныг буруугаар ойлгон Чинцэцэгийг өмөөрч над руу аяга шидсэн...” /хх-16-17, 30/,
- гэрч М.Чинцэцэгийн “... Тэр өдөр Баагийгийн гэрт манай нөхөр, Д.О бид гурав такси бариад очсон... архи, пиво уусан... бие засчихаад ороод иртэл Д.О гэрийн зүүн талын орон дээр суугаад доошоо тонгойгоод нүүрнээс нь цус гарсан сууж байсан. Очоод үзтэл Д.Оийн баруун нүд хамар хоёрын хооронд зүссэн байсан...” /хх-20/ гэсэн мэдүүлгүүд,
- хохирогч М.Чинцэцэгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8430 дугаартай дүгнэлт /хх-34/,
- О.Бийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 6 дугаар сарын 23-ны өглөө ажил дээрээ байхад М.Чинцэцэг эгч над руу залгаад “танай гэрт ирчихсэн байна, чи хүрээд ирэх үү” гэхээр нь ажлаасаа чөлөө аваад гэртээ очсон чинь М.Чинцэцэг эгч, түүний нөхөр Баяраа болон танихгүй нэг эгч байсан... М.Чинцэцэг эгч архи ууж байхад... нөгөө танихгүй эмэгтэй Баяраа ахыг дарж аваад үнсэлцээд байсан. М.Чинцэцэг эгч болон нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хоёр маргалдаад байсан. Манай гэрт М.Чинцэцэг эгчийн нөхөртэй үнсэлцээд байсан танихгүй эмэгтэй халууцаад хөөрсөн бололтой хамраас нь цус гараад эхэлсэн. Гэрт цус нөжөө гоожуулаад байхаар нь гэрээсээ хөөсөн боловч гарахгүй байхаар нь би цагаан өнгөтэй цайны аяга аваад шидчихсэн... тухайн үед биед нь ил харагдах гэмтэл харагдаагүй… шидсэн аяга нүүрэн тус газар нь оночихсон...” /хх-40-41/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэх боломжтой байна.
Анхан шатны шүүх, О.Бийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр хэргийг зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хууль буцаан хэрэглэх зарчимд нийцжээ.
Хохирогч Д.Оийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй, дахин гаргуулах шаардлагатай байдал тогтоогдсонгүй. Ялангуяа шинжээчийн дүгнэлт болон “Натур” эмнэлгийн Толгойн компьютерт томографийн зургийн хариунаас үзвэл хохирогчийн баруун талын нүдний ухархайн дотор хана 2,0 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,5 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугарал нь хуучин гэмтэл болох нь тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дахин гаргуулах шаардлагатай хэмээн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн хохирогч Д.Оийн давж заалдах гомдол үндэслэлгүй гарчээ.
Мөн шүүх хохирогч Д.Оийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гаргуулан шийдвэрлүүлэх эрхийг шийтгэх тогтоолд тодорхой зааж хохирогчийн эрхийг хамгаалсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
М.ПҮРЭВСҮРЭН