Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн

хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2021/0002/Э индекстэй, эрүүгийн 2015000000246 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн ... суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Булган аймгийн ... сумын малын их эмч ажилтай, Булган аймаг ... од оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, З овогтой Д.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь /яллах дүгнэлтээр/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4-р багийн нутаг “Өлийн даваа” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **-** БУЛ улсын дугаартай Honda CRV загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн А дахь заалт, 12.2 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчиж замын хажуугийн жалга хэсэг рүү онхолдож зорчигч Б.А гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000000246 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:

Хохирогч Б.А гийн өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн төвөөс ... сум руу явах гэж ... сумын малын эмч Б ын машинд сууж ... явсан юм. Тэгээд Орхон сумын гүүр гараад замаас гарч 3 залуу ирж Б ыг гаргаж өгсөн ба 0.75 литрийн архи болон тал савтай вискийг хувааж уугаад хөдлөөд Хишиг-Өндөр сумын хойно ирээд сумаас хүн дуудаж 1 шил 0.75 литрийн архийг ХишигӨндөр сумын хойно уугаад 2020 оны 10 дугаар сарын 28-ны 20-21 цагийн үед ХишигӨндөр сумын хойно байрлах өндөр Д гаар гарч яваад уг машин нь хүч алдаж газрын уруу өнхөрч жалганд очиж зогссон. Хэд өнхөрснийг нь сайн санахгүй байна. Тухайн үед би зүүн урд талын суудал дээр сууж явсан. Миний өвөр дээр 5 настай хүүхэд сууж явсан. Уг тээврийн хэрэгслийг Б  согтуу жолоодож явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2629 дүгээр хуудас/,

Гэрч М.Б гийн өгсөн: “...... сум руу явж байгаад “Өлийн” Д  руу өгсөөд яг гарч явсан чинь уг машин нь хүч алдаад нэг донслох шиг болсон тэгээд нэг сэрсэн манай нөхөр Б  намайг сэрээрэй гээд дуудаж байсан. Бид нарын сууж явсан машин жалган дотор зогсож байсан ба уг машины салхины шил болон бусад эд анги эвдэрсэн байсан. Машинд А , Б , манай нөхөр Б , Д , манай зээ А , нэг танихгүй сургуулийн хүүхэд бид 7 явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б ын өгсөн: “...Өлийн даваа  руу өгсөөд яг гарч явсан чинь уг машин нь хүч алдаад нэг донслох шиг болсон. Тэгээд нэг сэрсэн чинь машин жалган дотор зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ө.Э ын өгсөн: “...Б  ах машиныхаа хурдыг нэмсэн чинь уг машин нь баруун гар тал руу унасан ба тухайн үед би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь машины зүүн талын 2 дугуй нь ус идсэн эрэг рүү ороод зогсож байсан ба би машинаас гараад Б , А  хоёрыг машинаас татаж буулгасан бусад хүмүүс нь машины зүүн хойд талын цонхоор гараад ... сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тухайн үед Булган эмч дуудлаганд ирж хүмүүсийг үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Х.Д гийн өгсөн: “... Хишиг-Өндөр сумын хойд талын даваа  давах гээд өгсөж байтал тухайн машин хүч алдаж хажуу тийшээгээ унаж нэг бүтэн эргэж машин 4 дугайн дээрээ буусан юм. Тэгээд машинаас буугаад ирсэн хүмүүсийн биеийг үзэхэд тухайн хүмүүсийн гэмтэл гайгүй байсан. Тэгээд ... сумаас эмч дуудаад сумын эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн №336 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.А гийн биед тархи доргилт, бүсэлхийн 3-р нугалмын зүүн хажуу талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй шугаман хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх бүсэлхийн 3-р нугалмын зүүн хажуу талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй шугаман хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл гэх /хх-ийн 64-67 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 10-12 дугаар хуудас/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б  нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4-р багийн нутаг “Өлийн даваа” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **-** БУЛ улсын дугаартай Honda CRV загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн А дахь заалт, 12.2 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчиж замын хажуугийн жалга хэсэг рүү онхолдож зорчигч Б.А гийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн №336 дугаартай дүгнэлтээр... Б.А гийн биед тархи доргилт, бүсэлхийн 3-р нугалмын зүүн хажуу талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй шугаман хугарал гэмтлүүд тогтоодсон зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.А гийн эрүүл мэндэд хохирол учирсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

  Шүүгдэгч Д.Б  нь “авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг” гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, хохирогч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Б т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З овогтой Д.Б ыг согтуугаар авто тээврийн хэрэгслийнхөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныгжурамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  3. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН