Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 273

 

 

 

    2021        03          04                                    2021/ШЦТ/273

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Ч.И /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0278 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Ч.И, 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Данзаанваанчиг гудамжны 11-09 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын Нэгдүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ,

Шүүгдэгч Ч.И нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны 401 тоотод согтуурсан үедээ М.Үнэнбаярын нүүр болон хүзүү тус газарт хутгаар зүссэний улмаас түүний биед баруун нүдний зовхины дотор булан, хоолойн зүүн урд хэсгийн шарх, баруун нүдний зовхи, нүдний алимны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч М.Үнэнбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Идэрээ гэнэт гартаа цэнхэр иштэй дунд зэргийн хутга бариад босч ирээд Баярбямба руу дайрахаар нь би Идэрээг яах гээд байна аа гээд араас нь татсан чинь тэр эргэж хараад миний хүзүү хэсгийг хутгаараа эхлээд нэг зүсэхээр нь би хойшоо матрас руу хазайсан чинь тэр дахиад миний хүзүүг зүссэн...тэрний хутгатай гарыг нь барьсан чинь тэр миний дээрээс хутгатай гараа дараад тэр хутганых нь үзүүр хэсэг нь миний баруун талын нүд хамарны завсар хэсгийг зүсч гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч Б.Баярбямба мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...И гартаа нэг юм бариад Үнэнбаяр руу чиглүүлээд гараа хажуу тийшээ болгоод гартаа байсан зүйлээрээ Үнэнбаярын нүүр хэсэг рүү нь нэг удаа хүргэх шиг болсон...тэгсэн чинь Үнэнбаярын нүүрний хэсгээс нь цус гоожоод гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/

Яллагдагч Ч.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би уг нь тэрнийг зүсэж гэмтээе гэж бодоогүй. Архи уугаад согтуу байснаас л ийм зүйл болчихлоо. Өс хонзонгийн асуудал байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тэрний биед учирсан гэмтлийн эмчилгээний зардлыг нь бүрэн төлж барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэээнгийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №1224 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. М.Үнэнбаярын биед баруун нүдний зовхины дотор булан, хоолойн зүүн урд хэсгийн шарх, баруун нүдний зовхи, нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.И нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны 401 тоотод согтуурсан үедээ М.Үнэнбаярын нүүр болон хүзүү тус газарт хутгаар зүссэний улмаас түүний биед баруун нүдний зовхины дотор булан, хоолойн зүүн урд хэсгийн шарх, баруун нүдний зовхи, нүдний алимны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч М.Үнэнбаярын: “...Идэрээ гэнэт гартаа цэнхэр иштэй дунд зэргийн хутга бариад босч ирээд Баярбямба руу дайрахаар нь би Идэрээг яах гээд байна аа гээд араас нь татсан чинь тэр эргэж хараад миний хүзүү хэсгийг хутгаараа эхлээд нэг зүсэхээр нь би хойшоо матрас руу хазайсан чинь тэр дахиад миний хүзүүг зүссэн...тэрний хутгатай гарыг нь барьсан чинь тэр миний дээрээс хутгатай гараа дараад тэр хутганых нь үзүүр хэсэг нь миний баруун талын нүд хамарны завсар хэсгийг зүсч гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Баярбямбын: “...И гартаа нэг юм бариад Үнэнбаяр руу чиглүүлээд гараа хажуу тийшээ болгоод гартаа байсан зүйлээрээ Үнэнбаярын нүүр хэсэг рүү нь нэг удаа хүргэх шиг болсон...тэгсэн чинь Үнэнбаярын нүүрний хэсгээс нь цус гоожоод гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Үнэнбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Ч.Ид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга устгахыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Иг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.Ид 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   Ч.И нь  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.И нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.И нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР