| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1929/Э |
| Дугаар | 256 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 256
2021.03.03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Б.У /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ут яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2720 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.У, 1996 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 22 дугаар хороо, Хилчингийн 68-54а тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /,
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн О.Ганхуягийн приус загварын автомашиныг цохих, өшиглөн зэргээр гэмтээж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг нөхөн төлнө” гэв.
Хохирогч О.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би тухайн 3 залууд яагаад машины шил хагалж байгаа юм гэж асуухад бид 3 хагалаагүй гээд нэг залуу нь зугтаагаад явчихсан. Нөгөө 2 залуу нь зугтаасан залуугаа хагалсан гээд буруугаа чихээд байсан. Тэгээд мөнгийг нь чинь төлнө та дуудлагаа буцаачих гэж хэлчихээд зугтаах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Гэрч Х.Бум-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би цааш нь аваад явж байтал Б.У нь нэг юм өшиглөх чимээ гарахаар нь хартал Б.У 56-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд нь зогсч байсан. Тэгээд Б.Уыг аваад булан эргэж байтал нэг ах араас дуудаад та нар машин эвдсэн байсан гэсэн. Тэгээд машин дээр нь очтол урд талын салхины шил хагарчихсан байсан. Тэгтэл нөгөө ах цагдаа дуудлаа гэтэл Б.У тамхи аваад ирье гээд алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Яллагдагч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгэхээр нь уурандаа хажууд байсан цагаан өнгийн приус-20 маркийн салхины шил болон баруун талын их гэрлийг гараараа цохиж хагалсан. Хүмүүс цагдаа дуудах гээд байхаар нь би яваад өгсөн. Манай найз А.Гантулга, Х.Бум-Эрдэнэ нар эрүүлжүүлэх байранд хоносон. Би тухайн үед нилээд согтуу байсан. Согтуу явж байхдаа 4 залуутай маргалдаж байгаад уурандаа тээврийн хэрэгслийн эд ангийг цохиж гэмтээсэн байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Дамно ХХК–ний хөрөнгийн үнэлгээний 310.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 23-24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.У нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн О.Ганхуягийн приус загварын автомашиныг цохих, өшиглөн зэргээр гэмтээж 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч О.Ганхуягийн: “...Тэгээд би тухайн 3 залууд яагаад машины шил хагалж байгаа юм гэж асуухад бид 3 хагалаагүй гээд нэг залуу нь зугтаагаад явчихсан. Нөгөө 2 залуу нь зугтаасан залуугаа хагалсан гээд буруугаа чихээд байсан. Тэгээд мөнгийг нь чинь төлнө та дуудлагаа буцаачих гэж хэлчихээд зугтаах гээд байсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Бум-Эрдэний: “...би цааш нь аваад явж байтал Б.У нь нэг юм өшиглөх чимээ гарахаар нь хартал Б.У 56-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд нь зогсч байсан. Тэгээд Б.Уыг аваад булан эргэж байтал нэг ах араас дуудаад та нар машин эвдсэн байсан гэсэн. Тэгээд машин дээр нь очтол урд талын салхины шил хагарчихсан байсан. Тэгтэл нөгөө ах цагдаа дуудлаа гэтэл Б.У тамхи аваад ирье гээд алга болсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ут бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.У нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байх тул “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 310.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Ганхуягт олгохоор шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ут хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Уыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Ут 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Уын урьд цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч /112 цаг/, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх цагийг 288 /хоёр зуун наян найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Уаас нийт 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Ганхуягт олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР