Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

 

 

 

 

 

    2021          03               09                                     2021/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.М хөтлөн,

улсын яллагч Г.Онон,

хохирогч Э.О,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Хөх овгийн Н-ийнГд холбогдох эрүүгийн 2105000000000 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар  хороо Цэргийн ангийн 00/00 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 4 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Хөх овгийн Н-ийнГ /РД:УУ0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Н.Г нь “2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 000-р байрны 000 тоотод хохирогч Э.Оийг зодож түүний биед тархи доргилт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Н.Г нь “2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Голден парк хотхоны 105-р байрны 000 тоотод хохирогч Э.Оийг зодож түүний биед тархи доргилт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.О: “...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н.Г гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Н.Г тогоо залгаж шатааснаас болоод бид хоёр маргалдсан. Бид хоёр маргалдаж байхад Н.Г миний нүүр рүү 2-3 удаа түлхсэн. Н.Г өмнө нь надад гар хүрч байгаагүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2105000000156 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Гтай 2019 оны 01 дүгээр сард танилцаж 2019 оны 11 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч байна. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагийн үед Н.Г гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирсэн. Бид хоёр хэд хоногийн маргалдсан байсан. Би барилгын засварын ажил хийгээд цалингаа авсан юм уу гэж асуухад “30.000 төгрөг аваад бичиг баримтаа барьцаанд тавьсан байсныг аваад үлдсэн мөнгөөр нь архи уусан” гэж хэлэхээр нь бид хоёр маргалдсан. Тэгээд намайг жижиг өрөөнд байхад миний үснээс гараараа 2-3 удаа зулгааж, нүүр хэсэг рүү гарынхаа алга хэсгээр дарж байгаад 2 удаа түлхсэн. Мөн намайг хөлөөрөө өшиглөх гэж байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 813 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Э.Оийн тархи доргилт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

 

Яллагдагч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн үед гэртээ ороход эхнэр Одончимэг ганцаараа байсан. Тэгээд би буцаад гарч яваад дэлгүүрээс 0.33 литрийн архи авч уугаад гэртээ 18 цагийн үед орсон. Гэртээ ороод бууз жигнэх гэж байгаад тогоогоо шатаагаад буузаа идэж байгаад хивсэн дээр аягатай хоолоо асгахад эхнэр “чи миний хөдөлмөрийг үнэлсэнгүй” гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би гарынхаа алга хэсгээр эхнэрийнхээ нүүр рүү 2-3 удаа түлхээд үснээс нь зулгаасан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийм үйлдэл гаргасан. Эхнэр Одончимэгийн биед өмнө нь гар хүрч байгаагүй, хааяа гэр бүлийн маргаан гардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Шүүгдэгч Н.Г-ын “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 68 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Н.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 43 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 46 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Н.Г нь “2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 105-р байрны 151 тоотод хохирогч Э.Оийг зодож түүний биед тархи доргилт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “...намайг жижиг өрөөнд байхад миний үснээс гараараа 2-3 удаа зулгааж, нүүр хэсэг рүү гарынхаа алга хэсгээр дарж байгаад 2 удаа түлхсэн. Мөн намайг хөлөөрөө өшиглөх гэж байсан. Тэгээд би цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг 813 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Э.Оийн биед “...тархи доргилт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал...” гэмтэл учирсан нь хэргийн 27-28 дахь талд авагдсан шинжээч эмчийн 813 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Н.Г хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Н.Г гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд Шүүгдэгч Н.Г-ын “2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 105-р байрны 151 тоотод хохирогч Э.Оийг зодож түүний биед тархи доргилт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Н.Г-гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Э.О нь шүүхэд “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хүсэлт гаргасан тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.Г нь “2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 105-р байрны 151 тоотод хохирогч Э.Оийг зодож түүний биед тархи доргилт, баруун хацар, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Гд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Э.Отэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна.

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.Гд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Г-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Хөх овгийн Н-ийн Г-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ