| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0778/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 10.1.2.6., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Б.Гүнсэл, иргэдийн төлөөлөгч У.Ганбат, хохирогч Ш.С-, шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар шүүгдэгч Б овогт Д-ын М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000558 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
10.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 дугаар сарны 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Д-ын М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 718 дугаар байрны орчим явж байсан Л.М-ын цээжний зүүн тал хэсэгт 2 удаа хутгалж, амь насыг хохироосон, мөн цуг явж байсан Ш.С-гийн хэвлий хэсэгт 1 удаа хутгалж алахыг завдсан,
Мөн Д.М- нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотоос иргэн Д.М-ын савхин куртик, гар утас, бэлэн 30,000 төгрөг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 394,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Ш.С-: “...Тухайн өдөр талийгаач бид хоёр хамт явж байсан, талийгаач бид хоёр архи уух нь уусан, энэ залуутай огт маргалдаагүй, талийгаачийг энэ залуу Хөдөөнөө, Хөдөөнөө гээд дуудсан, тэр үед талийгаачаас та таньдаг юм уу гэхэд тийм гэж байсан. Талийгаачийг таньдаг гэж ойлгосон. Ямар нэгэн маргалдсан зүйл болоогүй байхад талийгаачийг цохиод авах шиг болсон, талийгаач газар унахаар нь би настай хүнийг яаж байгаа юм бэ гээд очиход намайг шууд хутгалсан. Одоо миний шарх нь аньсан, биеийн эрүүл мэндийн байдал гайгүй байгаа, Д.М-аас нэхэмжлэх зүйл байхгүй, хутгалуулаад группэд орсон, хэрэг гарснаас хойш Д.М-аас мөнгө цаас аваагүй, хагалааны төлбөрийн баримтаа хаясан, одоо байхгүй. Талийгаач энэ хоёр хоорондоо ярилцсан зүйл байхгүй, талийгаачийг цохих шиг болсон, чи яаж байна аа, настай хүнийг гэж хэлэхэд намайг мөн хутгалсан...” гэв.
Шүүгдэгч Д.М-: “...Талийгаачийг хутгалж алсан, мөн энэ ах хүүг хутгалсан, айлаас эд зүйл хулгайлсан нь үнэн. Хэрэг болохоос 4 хоногийн өмнө Буян-Ухаагийн автобусны буудал дээр талийгаачтай танилцсан, тэгээд тэр үед муудалцсан, дараа тааралдахад талийгаач надтай “энүүгээр явдаг хүн болгон татвар төлдөг” гээд надаас мөнгө нэхээд бид хоёр маргалдсан, хутгыг хогийн цэгэн дотор байхад нь авсан, хогийн цэгээс хутгыг аваад талийгаачийг цаашаа хараад явж байхад дуудаад араас нь хутгалсан. Хэрэг гарах үед архи уусан, согтуу байсан, талийгаачид болон энэ ах хүүд мөнгө төгрөг өгөөгүй, ажил хийгээд хохирлыг барагдуулах болно...” гэв.
Шүүхийн хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч У.Ганбат: “...Нэг хүний амь нас хохирч, нэг хүний биед гэмтэл учирсан, Д.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ш.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М- бид хоёр хорооллын ар талын завсараар дээшээ өгсөөд явж байхад Б блокын 718 дугаар байрны хойд талд байдаг хог хаях контейнерын хажуугаар явж байхад энэ ногоон контейнерын хаалга онгорхой дотор нь нэг эрэгтэй хүн тонгойсон, хог ухаж байсан. М- бид хоёр юу ч хэлэлгүй цаашаа өнгөрөөд явж байсан чинь энэ контейнерын хог хаядаг жижиг цонхноос энэ эрэгтэй хүн “хөдөөнөө, хөдөөнөө” гэж дуудаад байсан. М- шар торгон дээлтэй явж байсан болохоор хөдөөний хүн гэж бодоод тэгж хэлсэн байх гэж бодож байна. М- бид хоёр эргээд харж зогсоод би М- тэр хэн юм гэхэд талийгаач Чингис гэж хэлсэн. Бид хоёр цаашаа алхаад явж байсан чинь араас нөгөө эрэгтэй ирж байсан. М- уулзах гээд зогссон. Би М-аас 3 метрийн зайтай хараад зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй хүн ирээд баруун гараараа М-ын зүүн талын хавирга орчим цохих шиг болсон. Энэ үед М- газарт баруун талаараа хагас суугаад дараа нь зүүн талаараа газарт унасан. Би нөгөө цохисон хүнийг чи яаж байгаа юм бэ, настай хүнийг гээд дөхөөд очиход энэ эрэгтэй хүн намайг баруун гартаа барьсан хутгаар миний баруун хөхний доор нэг удаа хутгалчхаад цаашаа яваад өгсөн. Би энэ хүн гартаа хутга барьсныг өөрийгөө хутгалуулсны дараа л мэдсэн. Тэр хавиар явж байсан хүмүүс цагдаа дуудсан. Яагаад хутгалсныг би мэдэхгүй байна, бид нарын хооронд тэр үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, огт яриагүй, юу ч хэлээгүй. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд 9 хоног хэвтэн эмчлүүлж, хутгалуулсан өдөр мэс заслын хагалгаанд орж элэгээ оёулж амьд үлдсэн. ...Хөдөөнөө гэж дуудаад бид хоёр зогсох үед араас гүйж ирээд шууд хутгалсан...” /1-р хх-ийн 45-47, 50-51/ гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач М- бол миний төрсөн аав. ...Сүүлийн арван хоног тасралтгүй архи уусан. 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээс гараад эргэж ирээгүй. ...Талийгаачийн оршуулгын зардалд 4,983,682 төгрөг гарсныг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 57-59/ гэсэн,
Хохирогч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр М- гэдэг хүн залгаад байхаар нь Сансарын шатахуун түгээх станцаас очиж аваад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгайд байрлах Оюунжаргалын гэр лүү дагуулаад очсон. Би айлд сууж байх үедээ түр зүүрмэглэх зуур миний булган үстэй савхин куртик болон халаасанд нь байсан 30.000 төгрөг, гар утас зэргийг аваад явсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” /1-р хх-ийн 52-53/ гэсэн,
Насанд хүрээгүйг гэрч М.Есүхэй мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 24-ний орой 18 цаг 10 минутын үед ах Хангайбазартай хамт тоглохоор гэрээсээ гарсан. ...Хогийн пункер лүү хог хаях гээд явж байхад нэг ахын хашгирах чимээ сонсогдсон. Ах бид хоёр зогсоод эргээд харахад бид хоёрын зогсож байсан газраас зүүн тийшээ Буянт-Ухаа 1 хорооллын 718 дугаар байрны хойд талын нарийн завсарт 3 хүн байсан. Нэг ах туслаарай гээд байхаар нь ах бид хоёр яваад очсон. Бид хоёрын зогсож байсан газартай их ойрхон байсан. Нэг ах дээлтэй байсан, бид хоёрыг очсоноос хойш нөгөө дээлтэй ах гурван удаа ханиалгасан, тэгэхэд амнаас нь цус юм шиг улаан өнгөтэй зүйл гараад байсан. Тэрнээс хойш дахиж ханиагаагүй, хөдөлгөөнгүй дээшээ хараад хэвтээд байсан. Мөн юм дуугараагүй, тэр хөдөлгөөнгүй хэвтэж байсан ахын нуруунаас цус гараад байсан, бага зэрэг хажуу талаараа хэвтэж байсан болохоор харсан. Хажууд нь бас дээгүүрээ хар өнгийн куртиктэй ах баруун талын хавирга хэсгээ бариад сууж байсан. Тэр ахын баруун талын хавирга хэсгээс цус гараад байсан. Хангайбазар ах бид хоёр нөгөө танихгүй гурван ахын хажууд очоод зогстол дээгүүрээ сааралдуу өнгийн желетктэй, цамц нь нэг сонин цагдаагийн хувцас шиг ногоон цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар гуталтай ах гартаа барьсан хутгаа энгэр рүүгээ хийчхээд бид хоёртой зөрөөд яваад өгсөн...” /1-р хх-ийн 60/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч О.Хангайбазар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Орой Цэлмэг дэлгүүрийн баруун хажууд байрлах хог хийдэг контейнерт эвдэрсэн хувцас хатаагч төмрийг хийх гээд Есүхэй бид хоёр очсон. Хогийн контейнерын дотор талаас нэг танихгүй ах гарч ирээд 718 дугаар байрны хойд талын нарийн завсраар явсан. Энэ хүн нарийн завсрын цаана төмөр хашааны тэнд зогсож байсан дээлтэй хүнийг түлхэж унагаасан. Газарт унасан хүн шар билүү, улбар шар өнгийн монгол дээлтэй эрэгтэй хүн байсан. Энэ хүн хогийн цэгээс гараад газарт унасан хүн дээр очоод зүгээр үү гэж асуусан, дүү бид хоёр очоод юу болсон бэ гэхэд цагдаа цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэсэн. Газарт хэвтэж байсан хүн хөдлөөгүй хэвтэж байсан, хэвтэж байсан газарт цус цацарсан байсан. Нөгөө гараа боосон хүний зүүн цээжинд цус болсон байсан, гараа боосон хүнээс та ч гэсэн хутгалуулсан юм уу гэхэд хутгалуулсан, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөрэй гэж хэлсэн. Нөгөө түлхэж унагаасан хантаазтай хүн эргэж ирээгүй тэр чигээрээ явсан...” /1-р хх-ийн 61-62/ гэсэн,
Гэрч Д.Жавхлантөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ...хоёр хүүхдээ хайж гараад байрны зүүн талд очиж бага хүүхдээ ор гэж хэлээд том хүүхдээ хайгаад баруун талд ирэхэд ...контейнерын хойд талаас 2 эрэгтэй хүн баруун талаас зүүн тийш явж өнгөрсөн. Тэгсэн контейнер дотор байсан хүн нөгөө хоёр хүнийг “хөдөө” гээд 3-4 удаа дуудаад байсан. Тэгээд би хүүхдээ хайж яваад 718 дугаар байрны зүүн талд очиход тэнд тоглож байсан хүүхдүүд хүн хутгалчихлаа гээд орилолдоод байхаар нь очиж харахад нэг цээжээ бариад зогсож байсан, нөгөө нь хэвтэж байсан...” /1-р хх-ийн 63-64/ гэсэн,
Гэрч Г.Амгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг өнгөрч байхад ...контейнерын хажуугаар тойрч дэлгүүрийн шатаар өгсөж байхад тэнд байсан хүүхдүүд эгчээ энд хүн хутгалчихлаа, эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь худлаа ч юм уу гэж бодоод хүүхдүүдийн заасан газарт очиход 718 дугаар байрны хойд талд төмөр хашаа хоёрын завсарт согтуу хүн байсан. Монгол дээл өмссөн хүн газарт хэвтэж, хоёр дахь эрэгтэй хүн газарт сууж байсан. Сууж байсан хүн нь бид хоёрыг хүн хутгалчхаад яваад өглөө гэхээр нь би өөрийн утаснаас 102 руу залгаж дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 65-66/ гэсэн,
Гэрч С.Чойжил мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 719 дүгээр байрны хойно ирэхэд хогийн цэгийн хажууд Мийгаа эвхэрсэн, Жонжоо суучихсан байсан. Би Жонжоогоос юу болсон талаар асуухад хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь ...би айсандаа тэндээс явсан...” /1-р хх-ийн 67-68/ гэсэн,
Гэрч Д.Адилбиш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М-ыг бид Номин-Эрдэнэ гэж дууддаг байсан. Төрсний гэрчилгээ авахдаа М- гэж бичигдээд тэрүүгээрээ явдаг болсон. ...М- хүн зодсон хэргээр шалгагдаж байгаад Дорнодоос зугтаж хотод баригдаад ял авсан. Тэрнээс хойш М-тай уулзаагүй олон жил болж байгаа. М- нь түргэн ууртай, бага байхад тийм түргэн уур уцаартай, сүр сар хийсэн тийм ааштай байсан. Уурласан үед хүнтэй хэрэлдэж бариад байдаг. Хотод ирээд зодоон цохион хийдэг болсон гэж сонссон. Хэзээнээс архины хамааралтай болсныг мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 78-79/ гэсэн,
Шүүгдэгч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Буянт-Ухаа-1 хорооллын хогийн пункерын хажуугаар явж байсан чинь байшингийн ар талд байсан хоёр нөхөр намайг дуудсан. Тухайн үед Ш.С- энэ юун залуу юм бэ гэхэд талийгаач нь би энэ залуугаас татвар авдаг, архины мөнгө байнга авдаг юмаа, хамжаад ганц шил архи уучих уу гэхээр нь тал шиг архи л байна энийг хуваагаад уучих уу гэхэд Ш.С- наад залуугийнхаа архийг шууд булаагаад авчхаач дээ, юун сүртэй юм гэж хэлсэн. ...Одоо энэ залуучууд ямар хамаатай юм бэ, архийг нь аваад ийшээ гараад уучих уу, өчнөөн залуугийн архийг булааж уудаг байж, чи энэ залуугийн архийг булааж ууж чадахгүй байна уу гэж Ш.С- хэлсэн. Талийгаач нь надад пизда минь чи муу хар ус харамлаад гэж дайраад байсан. Би зүгээрээ хоёрын хооронд зодоон цохион хийхгүй гэсэн. ...Би буцаж явангуутаа хогийн пункерт орсон чинь хогийн жинлүүр хутга, заазуур тавьсан байсан. ...Би хогийн цэгээс хутга авч очоод ...муудалцаад яах вэ гэсэн чинь талийгаач чи наад хутгаараа яах гэж байгаа юм бэ, чи чадахгүй дээ, чаддаг юм бол шаачих л даа гэсэн. Дээлтэй ах цохих гээд ирсэн. Би хутга барьсан байсан, би алья гэж бодоогүй, сүрдүүлж, айлгах гэж хутга барьсан байсан. Дээлтэй ах хүн миний хоёр талаас бариад өөр рүүгээ татсан. Талийгаач татахад миний хутгатай гарт өөрөө ороод ирсэн. Дээлтэй ах хүн хутгалуулсан гэх газраа бариад ёооё гээд унаад өгсөн. Би одоо яах вэ, цагдаа, түргэн дуудах уу, яах уу, та өөрөө хутганд орчихлоо гэж хэлсэн. Та өөрөө харсан биз дээ гэсэн чинь одоо Ш.С- ах нь арыг чинь даана, яв бай одоо чи зугтаачих гээд хэлсэн. Би явж байсан чинь Ш.С- араас том чулуугаар шидээд ...ах нь амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг ахыгаа хатгачих гэсэн. Би тэгээд хавирга хавьцаа хутгаар хатгасан. Би хутгаа хаясан байсан чинь хутга чинь тэр байна гэсэн. Тэгээд би хутгаа аваад хатгасан юм. Тэгээд би урагш яваад өгсөн. ...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна.
...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Д.М-тай утсаар залгаж яриад Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудал дээр уулзаад ...нэг шил архи уугаад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоотын тэнд очсон. Улмаар гэрт нь ороод дахин 0,75 литрийн архи уусан. ...23 цагийн үед бүгд унтахаар хэвтсэн. Би иргэний үнэмлэхээ авах гэж байгаад хар савхин куртикийг авсан, куртик дотор нь утас байсан...” /1-р хх-ийн 186-187, 2-р хх-ийн 67-68, 133-135/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №1167 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Талийгаач Л.М-ын цогцост цээжний зүүн талын далны шугамаар 6, 7-р хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус алдалт /2.0 литр/, цээжний зүүн талын суганы дунд шугамаар 8, 9-р хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн өрц гэмтээсэн зүсэгдсэн шарх, зүүн бугалга /2 ширхэг/, зүүн тохойд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Уг цээжний зүүн талын далны шугамаар 6, 7 дугаар хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн зүсэгдсэн шарх цээжний зүүн хөндий дэх цус алдалт /2.0 литр/, цээжний зүүн талын суганы дунд шугамаар 8, 9-р хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн өрц гэмтээсэн зүсэгдсэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд, харин зүүн бугалга хоёр ширхэг, зүүн тохойд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтлүүд нь ямар байрлалд үүсгэгдсэн болохыг тогтоох боломжгүй. Талийгаач нь цээжний зүүн талын далны шугамаар 6,7-р хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.
3. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.
4. Хоёрдугаар бүлгийн харьяаллын цустай байна. НР60100873 регистрийн дугаартай 59 настай байна.
5. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02 цаг 45 минутын цогцосны анхны үзлэгээр нас бараад 6-8 цаг орчим болсон байна.
6. Талийгаач нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ...” /1-р хх-ийн 84-91/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №6458 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ш.С-гийн биед хэвлийн хөндийг нэвтэрч, элэгний 4-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 100-101/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №3038 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2 ширхэг хөвөн бамбарт шингээсэн арчдас улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Арьс илрээгүй.
2. 2 ширхэг хөвөн бамбарт шингээсэн арчдас дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц Л.М-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна....” /1-р хх-ийн 140-142/ гэсэн,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №637 тоот дүгнэлтэд: “...1. Д.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Д.М- нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
3. Д.М- нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4. Д.М- нь юмыг зөвөөр тусгай ойлгож мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Д.М- нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна.
6. Д.М- сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
7. Д.М-ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /1-р хх-ийн 169-170/ гэсэн дүгнэлтүүд,
- Цагдаагийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 8-10, 2-р хх-ийн 44-45/,
- Мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 12/,
- Илтгэх хуудас /1-р хх-ийн 13, 2-р хх-ийн 46/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-24/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25, 27-29/,
- Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 30-34/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 39-40/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн болон химийн шинжилгээний хариу /1-р хх-ийн 92-94/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2634, №2635, №3036, №3035, 3037 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 111-116, 122-130, 147-149, 150-162/,
- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 136/,
- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 248-250, 2-р хх-ийн 1-29/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-57/,
- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2-р хх-ийн 131/,
- Шүүгдэгч Д.М-ын хувийн байдалтай холбоотой гэрч Д.Номингийн мэдүүлэг /1-р хх-ийн 80-81/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 191/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 193/, төрөл садангийн лавлагаа /1-р хх-ийн 194-196/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 204-220, 2-р хх-ийн 71-77/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 05 дуаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороллын 718 дугаар байрны орчим ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр явж байсан Л.М-ын цээжний зүүн талд хоёр удаа хутгалж, амь насыг хохироосон, мөн цуг явж байсан Ш.С-гийн хэвлийнд нэг удаа хутгалж алахыг завдсан,
2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганцын задгай тоотоос иргэн Д.М-ын савхин хүрэм, гар утас, бэлэн 30,000 төгрөг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 394,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ш.С-гийн “...М- бид хоёр хорооллын ар талын завсараар дээшээ өгсөөд явж байхад Б блокын 718 дугаар байрны хойд талд байдаг хог хаях контейнерын хажуугаар явж байхад энэ ногоон контейнерын хаалга онгорхой, дотор нь нэг эрэгтэй хүн тонгойсон, хог ухаж байсан. М- бид хоёр юу ч хэлэлгүй цаашаа өнгөрөөд явж байсан чинь энэ контейнерын хог хаядаг жижиг цонхноос энэ эрэгтэй хүн “хөдөөнөө, хөдөөнөө” гэж дуудаад байсан. М- шар торгон дээлтэй явж байсан болохоор хөдөөний хүн гэж бодоод тэгж хэлсэн байх гэж бодож байна. М- бид хоёр эргэж хараад зогссон, би М-аас тэр хэн юм гэхэд талийгаач Чингис гэж хэлсэн. Бид хоёр цаашаа алхаад явж байсан чинь араас нөгөө эрэгтэй ирж байсан. М- уулзах гээд зогссон. Би М-аас 3 метрийн зайтай хараад зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй хүн ирээд баруун гараараа М-ын зүүн талын хавирга орчим цохих шиг болсон. Энэ үед М- газарт баруун талаараа хагас суугаад дараа нь зүүн талаараа газарт унасан. Би нөгөө цохисон хүнийг чи яаж байгаа юм бэ, настай хүнийг гээд дөхөөд яваад очиход энэ эрэгтэй хүн намайг баруун гартаа барьсан хутгаар миний баруун хөхний доор нэг удаа хутгалчаад цаашаа яваад өгсөн. Би энэ хүн гартаа хутга барьсныг өөрийгөө хутгалуулсаны дараа л мэдсэн. Энэ хавиар явж байсан хүмүүс цагдаа дуудсан...” /1-р хх-ийн 45-47, 50-51/ гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-н “...Талийгаач М- бол миний төрсөн аав. ...Сүүлийн арван хоног тасралтгүй архи уусан. 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээс гараад гэртээ ирээгүй. ...Талийгаачийн оршуулгын зардалд 4,983,682 төгрөг гарсныг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 57-59/ гэсэн, хохирогч Д.М-ын “...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр М- гэдэг хүн залгаад байхаар нь Сансарын шатахуун түгээх станцаас очиж аваад Оюунжаргалын гэрт дагуулж очсон. Би айлд сууж байхдаа түр зүүрмэглэх зуур миний булган үстэй савхин куртик болон халаасанд нь байсан 30.000 төгрөг, гар утас зэргийг аваад явсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” /1-р хх-ийн 52-53/ гэсэн, насанд хүрээгүйг гэрч М.Есүхэйгийн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний орой ...Буянт-Ухаа 1 хорооллын 718 дугаар байрны хойд талын нарийн завсарт 3 хүн байсан. Нэг ах туслаарай гээд байхаар нь ах бид хоёр яваад очсон. Бид хоёрын зогсож байсан газартай их ойрхон байсан. Нэг ах нь дээлтэй байсан, бид хоёрыг очсоноос хойш нөгөө дээлтэй ах гурван удаа ханиалгасан, тэгэхэд амнаас нь цус юм шиг улаан өнгөтэй зүйл гараад байсан. Тэрнээс хойш дахиж ханиагаагүй, хөдөлгөөнгүй дээшээ хараад хэвтээд байсан. Мөн юм дугараагүй, тэр хөдөлгөөнгүй хэвтэж байсан ахын нуруунаас цус гараад байсан, бага зэрэг хажуу талаараа хэвтэж байсан болохоор харсан юм. Хажууд нь бас дээгүүрээ хар өнгийн куртиктэй ах баруун талын хавирга хэсгээ бариад сууж байсан. Тэр ахын баруун талын хавирга хэсгээс цус гараад байсан. Хангайбазар ах бид хоёр нөгөө танихгүй гурван ахын хажууд очоод зогстол дээгүүрээ сааралдуу өнгийн желетктэй, цамц нь нэг сонин цагдаагийн хувцас шиг ногоон цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар гуталтай ах гартаа барьсан хутгаа энгэр рүүгээ хийчхээд бид хоёртой зөрөөд яваад өгсөн...” /1-р хх-ийн 60/ гэсэн, насанд хүрээгүй гэрч О.Хангайбазарын “...Хогийн контейнерын дотор талаас нэг танихгүй ах гарч ирээд 718 дугаар байрны хойд талын нарийн завсраар явсан. Энэ хүн нарийн завсрын цаана төмөр хашааны тэнд зогсож байсан дээлтэй хүнийг түлхэж унагаасан. Газарт унасан хүн шар билүү, улбар шар өнгийн монгол дээлтэй эрэгтэй хүн байсан. Энэ хүн хогийн цэгээс гараад газарт унасан хүн дээр очоод зүгээр үү гэж асуусан, дүү бид хоёр очоод юу болсон бэ гэхэд цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэсэн. ...Нөгөө түлхэж унагаасан хантаазтай хүн эргэж ирээгүй тэр чигээрээ явсан...” /1-р хх-ийн 61-62/ гэсэн, гэрч Д.Жавхлантөгсийн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ...би хүүхдээ хайж яваад 718 дугаар байрны зүүн талд очиход тэнд тоглож байсан хүүхдүүд хүн хутгалчихлаа гээд орилолдоод байхаар очиж харахад нэг цээжээ бариад зогсож байсан, нөгөө нь хэвтэж байсан...” /1-р хх-ийн 63-64/ гэсэн, гэрч Г.Амгалангийн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг өнгөрч байхад ...контейнерын хажуугаар тойрч дэлгүүрийн шатаар өгсөж байхад тэнд байсан хүүхдүүд эгчээ энд хүн хутгалчихлаа, эмнэлэг цагдаа дуудаад өгөөч гэхээр нь худлаа ч юм уу гэж бодоод хүүхдүүдийн заасан газарт очиход 718 дугаар байрны хойд талд төмөр хашаа хоёрын завсарт согтуу хүн байсан. Нэг монгол дээл өмссөн байсан хүн газарт хэвтэж, хоёр дахь эрэгтэй хүн газарт сууж байсан. Сууж байсан хүн нь бид хоёрыг хүн хутгалчхаад яваад өглөө гэхээр нь би өөрийн утаснаас 102 руу залгаж дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 65-66/ гэсэн, гэрч С.Чойжилын “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 719 дүгээр байрны хойно ирэхэд хогийн цэгийн хажууд Мийгаа эвхэрсэн, Жонжоо суучихсан байсан. Би Жонжоогоос юу болсон талаар асуухад хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь ...би айсандаа тэндээс явсан...” /1-р хх-ийн 67-68/ гэсэн, гэрч Д.Адилбишийн “...М-ыг бид Номин-Эрдэнэ гэж дууддаг байсан. Төрсний гэрчилгээ авахдаа М- гэж бичигдээд тэрнээс хойш М- гэж явдаг болсон...” /1-р хх-ийн 78-79/ гэсэн, шүүгдэгч Д.М-ын “...Дээлтэй ах цохих гээд ирсэн, би хутга барьсан байсан. Би алах гэж бодоогүй, сүрдүүлж, айлгах гэж хутга барьсан байсан. Дээлтэй ах миний хоёр талаас бариад өөр рүүгээ татсан. Талийгаач намайг өөр рүү гээ татахдаа миний хутгатай гарт өөрөө ороод ирсэн. Дээлтэй ах хүн хутгалуулсан гэх газраа бариад ёооё гээд унаад өгсөн. Би одоо яах вэ цагдаа, түргэн дуудах уу, яах уу, та өөрөө хутганд орчихлоо гэж хэлсэн. Та өөрөө харсан биз дээ гэсэн чинь одоо Ш.С- ах нь арыг чинь даана, явж бай, одоо чи зугтаачих гэж хэлсэн. Би явж байсан чинь Ш.С- араас том чулуугаар шидээд ...ах нь амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол гэдэг ахыгаа хатгачих гэсэн. Би тэгээд хавирга хавьцаа хутгаар хатгасан. Би хаясан байсан хутга чинь тэр байна гээд би хутгаа аваад хатгасан юм.
...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр утсаар залгаж яриад Сансарын шатахуун түгээх станцын автобусны буудал дээр М- гэх ахтай уулзаад ...нэг шил архи уугаад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоотын тэнд очсон. Улмаар гэрт нь дахин 0,75 литрийн архи уусан. ...23 цагийн үед бүгд унтахаар хэвтсэн. Би иргэний үнэмлэхээ авах гэж байгаад хар савхин куртикийг авсан, куртик дотор нь утас байсан...” /1-р хх-ийн 186-187, 2-р хх-ийн 67-68, 133-135/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2020 оны №1167 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: Талийгаач Л.М-ын цогцост цээжний зүүн талын далны шугамаар 6, 7-р хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус алдалт /2.0 литр/, цээжний зүүн талын суганы дунд шугамаар 8, 9-р хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн өрц гэмтээсэн зүсэгдсэн шарх, зүүн бугалга /2 ширхэг/, зүүн тохойд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Уг цээжний зүүн талын далны шугамаар 6, 7 дугаар хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн зүсэгдсэн шарх цээжний зүүн хөндий дэх цус алдалт /2.0 литр/, цээжний зүүн талын суганы дунд шугамаар 8, 9-р хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн өрц гэмтээсэн зүсэгдсэн шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд, харин зүүн бугалга хоёр ширхэг, зүүн тохойд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Дээрх гэмтлүүд нь ямар байрлалд үүсгэгдсэн болохыг тогтоох боломжгүй. Талийгаач нь цээжний зүүн талын далны шугамаар 6,7-р хавирганы завсраар хатгагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсэн зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ...” /1-р хх-ийн 84-91/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны №6458 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ш.С-гийн биед хэвлийн хөндийг нэвтэрч, элэгний 4-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 100-101/ гэсэн,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны №3038 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 2 ширхэг хөвөн бамбарт шингээсэн арчдас улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Арьс илрээгүй. 2 ширхэг хөвөн бамбарт шингээсэн арчдас дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц Л.М-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна....” /1-р хх-ийн 140-142/ гэсэн дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны №637 тоот дүгнэлт /1-р хх-ийн 169-170/, цагдаагийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 8-10, 2-р хх-ийн 44-45/, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 12/, илтгэх хуудас /1-р хх-ийн 13, 2-р хх-ийн 46/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-24/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25, 27-29/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 30-34/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 39-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн болон химийн шинжилгээний хариу /1-р хх-ийн 92-94/, мөн хүрээлэнгийн №2634, №2635, №3036, №3035, 3037 тоот дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 111-116, 122-130, 147-149, 150-162/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 136/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 56-57/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2-р хх-ийн 131/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заажээ.
Хохирогч Ш.С-гийн “...Тэгсэн чинь нөгөө хүн ирээд баруун гараараа М-ын зүүн талын хавирга орчим цохих шиг болсон. Энэ үед М- газарт баруун талаараа хагас суугаад дараа нь зүүн талаараа газарт унасан. Би нөгөө цохисон хүнийг чи яаж байгаа юм бэ, настай хүнийг гээд дөхөөд яваад очиход тэр хүн намайг баруун гартаа барьсан хутгаар миний баруун хөхний доор нэг удаа хутгалчхаад цаашаа яваад өгсөн...” /1-р хх-ийн 45-47, 50-51/ гэсэн, насанд хүрээгүйг гэрч М.Есүхэйгийн “...Дээлтэй ах гурван удаа ханиалгасан, тэгэхэд амнаас нь цус юм шиг улаан өнгөтэй зүйл гараад байсан. Тэрнээс хойш дахиж ханиагаагүй, хөдөлгөөнгүй дээшээ хараад хэвтээд байсан. Хажууд нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй ах баруун талын хавирга хэсгээ бариад сууж байсан. Тэр ахын баруун талын хавирга хэсгээс цус гараад байсан...” /1-р хх-ийн 60/ гэсэн, насанд хүрээгүй гэрч О.Хангайбазарын “...Тэр хүн төмөр хашааны тэнд зогсож байсан дээлтэй хүнийг түлхэж унагаасан. Хамт явж байсан нөгөө хүн хогийн цэгээс гараад газарт унасан хүн дээр очоод зүгээр үү гэж асуусан, дүү бид хоёр очоод юу болсон бэ гэхэд цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэсэн...” /1-р хх-ийн 61-62/ гэсэн, гэрч Д.Жавхлантөгсийн “...Тэнд тоглож байсан хүүхдүүд хүн хутгалчихлаа гээд орилолдоод байхаар очиж харахад нэг цээжээ бариад зогсож байсан, нөгөө нь хэвтэж байсан...” /1-р хх-ийн 63-64/ гэсэн, гэрч Г.Амгалангийн “...Тэнд байсан хүүхдүүд эгчээ энд хүн хутгалчихлаа, эмнэлэг цагдаа дуудаад өгөөч гэхээр нь очиход дээл өмссөн хүн нь газарт хэвтээд, хоёр дахь эрэгтэй хүн газарт сууж байсан. Сууж байсан хүн нь бид хоёрыг хүн хутгалчхаад яваад өглөө гэхээр нь би дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 65-66/ гэсэн, гэрч С.Чойжилын “...Хогийн цэгийн хажууд Мийгаа эвхэрсэн, Жонжоо суучихсан байсан. Би Жонжоогоос юу болсон талаар асуухад хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь ...би айсандаа тэндээс явсан...” /1-р хх-ийн 67-68/ гэсэн мэдүүлгээс шүүгдэгч Д.М- нь хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж шүүх үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр ба түүнээс дээш хүнийг алсан бол...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Д.М-ын нэг хүнийг санаатай алсан, нэг хүний санаатай алахыг завдсан үйлдэл нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь нэг хүнийг алсан, нэг хүнийг алахыг завдсан бөгөөд түүний эдгээр үйлдлийг тус тусад нь гэмт хэрэгт тооцож, зүйлчлэхгүйгээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж хүнд зүйл хэсгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хувьд шүүгдэгч Д.М- гэм буруугийн болон бусад байдлаар маргаагүй болно.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Иймд шүүгдэгч Д.М-ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М-ын үйлдсэн хүнийг санаатай алах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэний улмаас Л.М-ын амь нас хохирсон, хохирогч Ш.С-гийн эрүүл мэндэд хэвлийн хөндийг нэвтэрч, элэгний 4-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхийн хүнд хохирол,
бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас Д.М-ын эд хөрөнгөд 394,000 төгрөгийн хохирол тус тус учирсан.
Амь хохирогч Л.М-ын хууль ёсны төлөөлөгч М.Н- оршуулгын зардалд 4,983,682 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг дүгнэхэд 4,020,716 төгрөгийн баримт /1-р хх-ийн 248-250, 2-р хх-ийн 01-28/-ууд авагдсан, мөрдөн шалгах, прокурор, шүүхийн шатанд хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.М-аас нийт 4,414,717 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-д 4,020,716 төгрөгийг, хохирогч Д.М-д 394,000 төгрөгийг тус тус олгох, хохирогч Ш.С- гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой нотлох баримтууд байхгүй, гээсэн, Д.М-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн тул түүнд гаргуулах хохиролгүй байна.
Шүүгдэгч Д.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 14 жилийн хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор заасан тул шүүхээс шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 14 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг 14 /арван дөрөв/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор заасан, шүүгдэгч Д.М-ын 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс /1-р хх-ийн 175, 233/ өнөөдрийг хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 249 /хоёр зуун дөчин ес/ хоног, 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл баривчлагдсан 2 хоног /2-р хх-ийн 49-50/, нийт 251 /хоёр зуун тавин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 2010000000558 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэг, хөвөнтэй мод хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, нэг ширхэг хутга, шар хээтэй бор дээл нэг ширхэг, хар өнгийн даавуун цамц нэг ширхэг, ногоон өнгийн футболка нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.М-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Б.Баттулгаас “...Хоёр хүнийг алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй, нэг хүнийг алсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлж, хуульд заасны дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх дээрх үндэслэлээр хүлээн аваагүй, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч У.Ганбат “...Шүүгдэгчийг нэг хүнийг алсан, нэг хүний биед гэмтэл учирсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэснийг хүлээн авч, хүний биед гэмтэл учруулсан гэж үзсэн дүгнэлтийг мөн дээрх үндэслэлээр хүлээн аваагүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ын М-ыг хүнийг санаатай алсан, хүнийг санаатай алахаар завдсан гэмт хэргийг,
бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Д-ын М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Д.М-ын нийт биечлэн эдлэх ялыг 14 /арван дөрөв/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ад оногдуулсан 14 /арван дөрөв/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 251 /хоёр зуун тавин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 4,414,717 /дөрвөн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга долоон зуун арван долоо/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н--д 4,020,716 /дөрвөн сая хорин мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг, хохирогч Д.М-д 394,000 /гурван зуун ерэн дөрвөн мянга төгрөг/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Ш.С- нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн 2010000000558 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэг, хөвөнтэй мод хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, нэг ширхэг хутга, шар хээтэй бор дээл нэг ширхэг, хар өнгийн даавуун цамц нэг ширхэг, ногоон өнгийн футболка нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн 2010000000558 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.М-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧИД С.БАЗАРХАНД
Б.БАТБОЛОР