Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 148

 

 

 


2017 оны 03 дугаар сарын 07       Дугаар156/ШШ2017/00148                          Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00052/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1957 оны 02 дугаар сарын 14 өдөр төрсөн, эрэгтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт оршин суух, Боржигон овогт Жамсрангийн Төмөрхуяг РД:/ЖЗ57021411/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Төмөрхуяг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие 1973 оны 09 дүгээр сарын 01 өдрөөс 1975 оны 06 дугаар сард Дорнод аймгийн Техник мэргэжлийн сургуульд сантехник мэргэжил эзэмшиж, 1975 оны 06 дугаар сарын 30 өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 03 өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Техник туслалцаа, барилга трестэд сантехникчээр, 1988 оны 06 дугаар сарын 15 өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Дорнод аймгийн Нийтийн аж ахуй удирдах газрын хөдөө сумын нэгдэлд дизел, цахилгаан станц уурын зууханд механикаар, 1997 оны 10 дугаар сарын 21 өдрөөс 200 оны 05 дугаар сарын 30 өдрийг хүртэл Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар, 2002 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 2006 оны 06 дугаар сарын 30 өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Сэргэлэн сумын Хүн эмнэлгийн уурын зууханд механикаар тус тус ажилласан юм. 1997 оны 6 дугаар сарын 22 өдөр гэр маань шатахад миний бүх бичиг баримт шатсан юм. Одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтууд маань шатсанаас болж тэтгэвэрт гарч чадахгүй байгаа юм. Нийгмийн даатгалын газрын байцаагч намайг шүүхээр ажилласан байдлаа тогтоолго гэж хэлсний дагуу шүүхэд хандаж байна. Миний дээрх хугацаанд ажилаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3-6, 7-9, 10, 15-20/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Төмөрхуяг нь 1975 оны 06 дугаар сарын 30 өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30 өдрийг дуустал Дорнод аймгийн Техник туслалцаа, барилга трестэд сантехникчээр, 1988 оны 06 дугаар сарын 15 өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Дорнод аймгийн Нийтийн аж ахуйн газрын хөдөө сумын нэгдэлд дизель, цахилгаан станц, уурын зуухны механикчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Төмөрхуягийн ажиллаж байсан талаарх бичиг баримт байхгүйн улмаас ажиллаж байсан гэж үзэхэд хангалтгүй гэж нийгмийн даатгалын байгууллага үзсэн учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ж.Төмөрхуяг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 
Нэхэмжлэгч Ж.Төмөрхуяг нь 1975 оны 06 дугаар сарын 30 өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 03 өдрийг дуустал Дорнод аймгийн Техник туслалцаа, барилга трестэд сантехникчээр, 1988 оны 06 дугаар сарын 15 өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Дорнод аймгийн Нийтийн аж ахуйн газрын хөдөө сумын нэгдэлд дизель, цахилгаан станц, уурын зуухны механикчаар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.Дорнодын архивын тасгийн 2006 оны 09 сарын 04-ний өдрийн 1228, 1229, 1230, 1231 дугаартай албан бичиг, /хх 5-6/ 
2. Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт, /хх-ийн 4 тал/ нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 7-11/ 
 3. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, /хх 12/ 
6. 1972 оноос 1992 он хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын мал эмнэлэгт цэвэрлэгчээр ажиллаж байсан гэрч Т.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, /хх-ийн 23 тал/ 
7. 1961 оноос 1983 он хүртэл Хэнтий аймгийн Мөрөн суманд адуучнаар ажиллаж байсан гэрч Ц. Пүрэвийн мэдүүлэг, /хх 24/ 
8. Дорнод аймгийн архивын тасгаас ирүүлсэн Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн даргын 1978 оны 07 сарын 04 өдрийн 202, 1988 оны 06 сарын 03 өдрийн 187, Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцийн 1994 оны 12 сарын 12 өдрийн 221 дугаартай тушаалын хуулбарууд /хх 36-39/ зэрэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ж.Төмөрхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1975 оны 06 дугаар сарын 30 өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30 өдрийг дуустал Дорнод аймгийн Техник туслалцаа, барилга трестэд сантехникчээр, 1988 оны 06 дугаар сарын 15 өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Дорнод аймгийн Нийтийн аж ахуйн газрын хөдөө сумын нэгдэлд дизель, цахилгаан станц, уурын зуухны механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Ж.Төмөрхуяг нь “миний бие хөдөө амьдардаг тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.5-д зааснаар Боржигон овогт Жамсрангийн Төмөрхуягыг 1975 оны 06 дугаар сарын 30 өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 03 өдрийг дуустал Дорнод аймгийн Техник туслалцаа, барилга трестэд сантехникчээр, 1988 оны 06 дугаар сарын 15 өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01 өдрийг хүртэл Дорнод аймгийн Нийтийн аж ахуйн газрын хөдөө сумын нэгдэлд дизель, цахилгаан станц, уурын зуухны механикчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Төмөрхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.АРИУНАА