Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Гэрэлтуяа,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч П.М түүний өмгөөлөгч Э.Сайханаа,

хохирогч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт П-ийн Мт холбогдох эрүүгийн 2117000000013 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сум, 3 дугаар баг ............... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ш овогт П-ийн М, /РД:........................./

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч П.М нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Эвз гэх газар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн О.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу малын бэлчээрээс үүдэн маргалдаж түүний нүүрэн тус газар мод / уургаар/-оор цохиж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.М нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Эвз гэх газар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн О.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу малын бэлчээрээс үүдэн маргалдаж түүний нүүрэн тус газар уургаар цохиж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Дтай уулзаад адуугаа храаж авахаар болсон. Тэгээд Дагвыг мотоцикльтой хөдлөхөөр нь араас нь морьтойгоо хөдөлтөл түүний авч явсан шилбүүрний үзүүрт уясан шуудайнаас морь үргээд уургаараа түүнийг санамсаргүй цохисон. Тэгээд Д-н малгай нь газар унасан. Баруун нүдэн дээрээ хавдсан байсан. Санаатай бол цохиогүй гэв.

 

2. Хохирогч О.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр адуу нь манай бэлчээр рүү ороод ирсэн. Ах гэх хүнтэй нь уулзаад адуугаа ав гэж хэлсэн. Маргааш нь ахиад манай бэлчээр рүү адуу нь ороод ирсэн байсан тэр үед нь юм хэлээгүй өнгөрөөсөн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 29-ний орой адуу нь дахиад манай бэлчээр рүү ороод ирэхээр нь би мотоцикльтой явж очсон. Тэгсэн адуун дээрээ М байж байсан. Чи 3 хоног манай бэлчээр рүү адуугаа оруулж ирлээ одоо аваад яв гэж хэлсэн. Манай тэр хавьд Мын адуунаас өөр адуу байгаагүй. Би нэг шилбүүр авч явж байсан. Хөдлөөд эргэтэл уурга нь цохисон. Миний нүд булуу болтлоо хавдсан байсан. Тухайн үед гэрэл тусгаад харуулсан. Хамар хэсэгт цус гарч шалбарсан байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Морь булгиад цохисон гэдэг нь худлаа. Би өөрөө насаараа морь унасан хүн морь булгиад цохигдоход шүргээд өнгөрнө. Харин санаатайгаар хүчтэй цохисон болоод нүд хавдаж, хамар шалбарсан. Би бол санаатайгаар цохисон гэж үзэж байгаа гэв. 

 

3. Хохирогч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Би Сүмбэр сумын 6 дугаар баг Эвз гэх газар эхнэр А болон 2 настай зээ охины хамт мал маллаж амьдардаг юм. 2020 оны 12 дугаар сарын 27-ны орой Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас малаа оторлож байгаа гэх хүмүүс манай гэрийн гадаа шахам 300 орчим адуугаа бэлчээгээд байсан. Тэгээд би тэр отор хийж байгаа хүмүүс дээр очиход Доо гэх залуу байхаар нь энэ манай морины аргамжааны өвстэй газар байгаа юм та нар адуугаа аваад яваач гэхэд нөгөө залуу адуугаа тэр шөнөдөө хөөгөөд явсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 28-ны орой мөн л нөгөө хүмүүс манай гэрийн гадаа шахам адуугаа бэлчээгээд байхаар нь адуугаа авчих байх гээд тэр өдөртөө юм хэлээгүй. Тэгээд 12 дугаар сарын 29-ний орой 19-20 цагийн үед нөгөө хүмүүс мөн л адуугаа манай гадуур бэлчээгээд байхаар нь манай гэрээс 500 метр газарт байх адуун дээр нь очтол өөрийгөө М гэх залуу морь уначихсан гартаа 5 алд уурга барьчихсан ганцаараа байж байсан. Би тухайн үед өөрийнхөө мотоцикльтой ганцаараа очсон бөгөөд хажууд нь очоод мотоциклынхоо гэрэл болон мотоциклио унтраагаад тухайн залууд хандаад миний дүү одоо адуугаа аваад яв, одоо болоо юм биш үү 2-3 хоног манай гадуур идүүллээ шүү гэсэн утгатай үг хэлтэл тэр залуу одоо аваад явж байна гээд нилээн ууртайгаар хэлсэн. Тэгэхээр нь би дахин юм хэлэлгүйгээр мотоциклийнхоо гэрлийг асаатал тэдний адуу гэрлээс үргээд цаашаа ухасхийсэн. Би тухайн үед мотоцикльтойгоо зүүн хойшоо хараад зогсож байсан бөгөөд дөнгөж хөдөлтөл нөгөө залуу миний зүүн гар талд морьтойгоо зогсож байгаад миний араас хөөж, чи яасан их адуу хөөдөг пязда вэ гэж хэлээд уургаараа миний баруун нүд, хамар дээгүүр нэг удаа маш хүчтэй цохисон. Тухайн үед миний нүд маш их өвдсөн бөгөөд нүдээ нээхээр юм харж болохгүй байхаар нь нөгөө залууд хандан миний дүү яагаад намайг цохичихвоо гэж хэлтэл нөгөө залуу би цохиё гэж цохиогүй морины ам татах гэж байгаад санаандгүй цохичихлоо гээд байсан. Би өөрөө насаараа адуу мал малласан, уурга барьдаг байсан бөгөөд морины ам татахад санаандгүй цохих, санаатай цохих хоёрын ялгааг мэднэ. Хэрвээ морины ам татах гэж байгаад цохисон бол шүргээд л өнгөрөх байсан. Тэгээд миний нүд юм харж болохгүй байхаар нь мотоциклио асааж байгаад нөгөө залууд нүдээ харуулаад мориноосоо буугаад ир гэж хэлтэл нөгөө залуу мориноосоо бууж ирэлгүй гайгүй байна, жаахан бондойсон байна гэж хэлчихээд морьтойгоо адуугаа хөөгөөд явсан. Тэгээд би тэр шөнө гэртээ толгой, нүд лугшиж хоносон бөгөөд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чойрт ирж эмнэлэгт үзүүлсэн. Би гомдолтой байна. Мт цохиулснаас хойш миний толгой байнга өвддөг болсон. Би эмнэлэгт үзүүлэх, цагдаагийн байгууллагын дуудах үед өөрийнхөө машинаар явдаг бөгөөд Маас шатахууны үнэ болон эм тарианы мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21, 25-26/

 

4. Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би нөхөр Д-н хамт Сүмбэр сумын 6 дугаар баг Эвз гэх газар мал маллаж амьдардаг юм.  Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн манай гадуур их олон адуу манай хорооны гадна байгаад байсан. Тухайн үед манай нөхөр тэр адууны эзэнд адуугаа авах талаар хэлж байсан. Тэгтэл 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн л нөгөө адуу манай хорооны зүүн урд талд бэлчээгээд байсан. Тэгтэл манай нөхөр энэ адууны эзэнтэй уулзаж адуугаа манай хонь ямааны бэлчээрээс цаашлуул гэж хэлье гээд өөрийнхөө мотоцикльтой ганцаараа явсан. Д-ыг явахад 21 цаг болж байсан бөгөөд явснаасаа хойш нилээн удаж байгаад ирсэн. Д-н баруун талын нүдний доошоо унжаад хавдчихсан, хамрынхаа дээд хэсгээр хөндлөн зулгарсан шархтай түүнээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би нөхрөөсөө нүүр амаа яасан талаар асуутал адуун дээр байгаа залууг адуугаа цаашлуулаач  гэж хэлчихээд мотоцикльтойгоо хөдөлтөл нөгөө залуу барьж явсан уургаараа цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрийнхөө нүүр амыг цэвэрлэж өгөөд хавдсан хэсэгт нь төмсний хальс тавьж хонуулсан. Тэгээд өглөө нь бостол нүүрний хавдар нь улам ихсээд байхаар нь Д Чойрлуу ганцаараа явж нүд хамраа эмнэлэгт үзүүлчихээд, цагдаад гомдол гаргачихаад ирлээ гэсээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/

 

 5. Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би Сүмбэр сумын 6 дугаар баг Бөөвөр гэх газар мал маллаж өвөлжиж байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хамт мал оторлож явсан Дариймаа гэх эмэгтэй, Сүлдбаяр гэх хүүгийн хамт байж байтал манай гэрт /орой хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна/  харанхуй болсон хойно Д ирсэн.  Д ирэхдээ өөрийнхөө мотоцикльтой, нөмгөн дээлтэй бүсээ гартаа барьчихсан орж ирсэн. Тэгээд түүнийг хартал баруун талын нүд нилээн хавдаж хөхөрсөн, хамар нь дээд хэсэгтээ урагдсан байдалтай түүнээс нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би Дас юу болсон талаар асуухад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1 залуу адуу хөөлөө гээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед нь нэг их юм хэлээгүй бөгөөд Д манай гэрт жоол дулаацаж хоол унд идэж уучихаад гэрлүүгээ харина гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

 

6. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байтал өдрийн 11 цаг 15 минутын үед О.Д гэдэг хүн нүдний гэмтэл авсан гээд цаг аваад үзүүлэх гэж орж ирсэн. Би тухайн хүнд нүдний үзлэг хийхэд баруун нүдний ухархайн ирмэгээр эмзэглэлтэй, дээд зовхи хөхөрч хавдсан, нүдний салстын доор цус хурсан, хамрын нуруу хэсэгт шалбарсан шархтай, эмзэглэлтэй байсан. Түүнд үзлэг хийсний дараах онош: Баруун нүдний гэмтлийн дараах зөөлөн эдийн хяцралт, салстын доорх цус хуралт, ухархайн ханын хугарал байж болзошгүй гэсэн оноштойгоор ухархайн рентген зураг 2 талаас нь авахаар шинжилгээний бичиг хийж өгч явуулсан.  Тэгээд рентген зурагт хамрын таславч баруун тийш бага зэрэг мурийсан, хамрын хянга яс хугарч дотогшоо бага зэрэг зөрсөн, ухархайн ясанд өөрчлөлтгүй гэж рентгений эмч Тунгалагийн заалттай бичигдсэн байсан. Тухайн өвчтөнд эмчилгээ бичиж өгөхийн тулд рентген зургийг очиж харахад дээрхи гэмтлүүд бүгд байсан учраас эмчилгээ зааж өгч байсан. Мөн хамар хоолойн эмч болон гэмтлийн эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн. Тухайн үед юу болсон талаар асуухад 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөдөө гэрийнхээ ойролцоо 20 цагийн орчим хүнд зодуулсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

 

7. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Манай дүү П.М Дундговь аймгийн Гурвансайхан суманд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хувийн зан байдлын хувьд хүний үгнээс гардаггүй, даруу төлөв, ямар нэг догшин зан авир байхгүй хүүхэд байгаа юм. Хүн л юм асуугаад байхгүй бол дуугараад байдаггүй, найз нөхдийн хүрээлэл сайтай, хүнтэй зөв боловсон харилцаатай хүн байгаа юм. Манай ах Пунцагдорж 4  хүүтэй бөгөөд хүүхдүүд нь бүгдээрээ илүү дутуу зангүй төлөв даруу хүмүүс байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

 

8. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Хувийн зан байдлын хувьд хүнтэй зөв боловсон харьцаатай, ахын хувьд дүү нартаа зааж сургахдаа сайн хүн байгаа юм. Үг дуу цөөн талдаа, найз нөхдийн хүрээлэл сайтай гэж боддог. Манхбаяр ах хааяа архи дарс бага хэмжээгээр уудаг ч өөртөө тохируулан хэрэглэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/

 

9. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  • О.Д-н биед  хамрын хянга ясны зөрөөтэй хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээч эмч  Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 44-46-р тал/

 

10. Шинжээчээс 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авсан мэдүүлэгт: Магадлуулагчийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлд морь барихад зориулагдсан модоор хийсэн уурга хамаарна. О.Д-н биед учирсан баруун нүдний ухархайн дээд ирмэгээр тэмтрэхэд эмзэглэл ихтэй гэсэн нь ил харагдахгүй, ясанд гэмтэлгүй байсан, мөн гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй  учир дүгнэлт хэсэгт тусгадаггүй гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43-р тал/

11. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-р тал/,

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/

14. Хохирогч О.Д-н Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн амбулториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, /хх-ийн 04-07-р тал/

15. Хохирогч О.Д-н  хохиролын тооцоо, баримт /хх-ийн 08-09-р тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Д, гэрч Ц.А, Х.М,  Б.М нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №24 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.С нь шүүгдэгч П.Мт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч О.Д нь тухайн өдөр хэрүүл маргаан үүсгэж адуу малыг нь хөөж тууснаас болж хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Хохирогч тухайн өдөр шилбүүр барьж урд нь гялгар тааран шуудай хийж адуу хөөж байсан болох нь хэрэгт авагдсан байдаг. П.Мтай уулзаад эргэх үед шүүгдэгчийн унаж явсан морь үргэж барьж явсан уургаараа бусдын биед гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугүйгээр бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан. Шүүгдэгчийн өөрөөс нь шалтгаалахгүйгээр хохирогчийн буруутай үйлдлийн улмаас унаж явсан морь нь үргэж хяналтаа алдаж барьж явсан уурга нь бусдын биед хүрсэн  явдал болсон. Иймд П.Мт сонсгосон бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өнгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг” гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Д-ийн эрүүл мэндэд хамрын хянга ясны зөрөөтэй хугарал, хамрын нуруунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч П.Мын хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой, хууль зүйн хувьд эргэлзээгүй нотлогдсон байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн унаж явсан морь үргэсэн, догшин морь байсан талаар огт тогтоогдоогүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хууль сануулан өгсөн хохирогч О.Д-н “Би тухайн үед өөрийнхөө мотоцикльтой ганцаараа очсон бөгөөд хажууд нь очоод мотоциклийнхоо гэрэл болон мотоциклио унтраагаад тухайн залууд хандаад миний дүү одоо адуугаа аваад яв, одоо болоо юм биш үү 2-3 хоног манай гадуур идүүллээ шүү гэсэн утгатай үг хэлтэл тэр залуу одоо аваад явж байна гээд нилээн ууртайгаар хэлсэн. Тэгэхээр нь би дахин юм хэлэлгүйгээр мотоциклио асаагаад мотоциклийнхоо гэрлийг асаатал тэдний адуу гэрлээс үргээд цаашаа ухасхийсэн. Би тухайн үед мотоцикльтойгоо зүүн хойшоо хараад зогсож байсан бөгөөд дөнгөж хөдөлтөл нөгөө залуу миний зүүн гар талд морьтойгоо зогсож байгаад миний араас хөөж, чи яасан их адуу хөөдөг пязда вэ гэж хэлээд уургаараа миний баруун нүд, хамар дээгүүр нэг удаа маш хүчтэй цохисон.” /хх 20-26 дугаар тал/ мэдүүлэгээр шүүгдэгч П.М нь адуу мал хөөлөө гэсэн үндэслэлээр уурлаж мотоциклийн араас морьтойгоо хөөж очиж санаатайгаар уургаар цохисон болох нь гэрч Х.Мягмарсүрэнгийн “...түүнийг хартал баруун талын нүд нилээн хавдаж хөхөрсөн, хамар нь дээд хэсэгтээ урагдсан байдалтай түүнээс нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би Дас юу болсон талаар асуухад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1 залуу адуу хөөлөө гээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед нь нэг их юм хэлээгүй бөгөөд Д манай гэрт жоол дулаацаж хоол унд идэж уучихаад гэрлүүгээ харина гээд явсан...гэх мэдүүлэг” /хх-ийн 32-33-р тал/, гэрч Ц.Агийн “ Дг явахад 21 цаг болж байсан бөгөөд явснаасаа хойш нилээн удаж байгаад ирсэн. Тэгтэл Д-н баруун талын нүдний доошоо унжаад хавдчихсан, хамрынхаа дээд хэсгээр хөндлөн зулгарсан шархтай түүнээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би нөхрөөсөө нүүр амаа яачихваа гэж асуутал адуун дээр байгаа залууг адуугаа цаашлуулаач  гэж хэлчихээд мотоцикльтойгоо хөдөлтөл нөгөө залуу барьж явсан уургаараа цохичихлоо гэж хэлсэн...” гэх /хх-ийн 27-28-р тал/ мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол...”, 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” нь  дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох  шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр П.Мт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэлийг оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч П.Мын өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 2117000000013 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч эмчилгээний зардалд 599040 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 000 төгрөгөөр дизель түлш авсан боловч дахин 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой 42000 төгрөгөнд бензин АИ-92 авсан нь ойлгомжгүй байх тул 42000 төгрөгийн шатахууны баримтыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байх тул баримтаар нотлогдож байгаа шинжээч эмчид үзүүлсэн 8000 төгрөг, Монгол эм импексээс эм авсан 19040 төгрөг, 30000 төгрөгний дизель түлш, нийт 57040 төгрөгийг үнэлж, шүүгдэгчээс хохирол төлбөрт 57040 төгрөгийг гаргуулж хохирогч О.Дд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                   

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарга овогт П-ийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт  шүүгдэгч П.Маас 57040 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 6 дугаар баг Эвз гэх газар оршин суух  Мэргэд овогт О-ын Дд олгосугай.

6. Хохирогч О.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч П.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол П.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                        

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.АРИУНЖАРГАЛ