Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 160

 

 

 

 

2017 оны 03 сарын 13 өдөр     Дугаар 156/ШШ2017/00160    Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00045/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум, 8 дугаар баг, Тахилгат тосгонд оршин суух Даваагийн Жагваралдоржид холбогдох, 
1 216 000 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг, Тэмүүжингийн 48Б-15 тоотод оршин суух Дамдинжавын Батмөнхийн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09 өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 16 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Би 2015 оны 9 дүгээр сард Д.Жагваралдоржтой тоглож байгаад 12.8 граммын алтан бөгжөө 200 000 төгрөгөнд тооцож үлдээсэн. Би Д.Жагваралдоржийг аймаг руу орж ирэхдээ бөгжийг маань аваад ирээрэй ах нь 200 000 төгрөгөө өгнө гэж хэлж байсан юм. 2016 оны 09 дүгээр сард уулзаад бөгжөө авах тухай хэлэхэд Д.Жагваралдорж нь ... дүү ломбарданд тавьсан байгаа, удахгүй мөнгөтэй болоод аваад өгье гэж хэлсэн. Үүнээс хойш утсаар удаа дараа нэхэж залгаж хэлсэн боловч өгнө гэж хэлээд сүүлдээ утсаа авахаа больсон. Алтан бөгж маань 12.8 грамм жинтэй дээр үеийн хийцтэй бөгж юм. Одоогийн зах зээлийн ханш нь 1 грамм алт 95 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа тул 12.8*95 000 төгрөг нийт 1 216 000 төгрөг болсон байна. 
Иймд Д.Жагваралдоржоос дээрх мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Жагваралдорж нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Би Д.Батмөнхийн нэхэмжилсэн 1 216 000 төгрөгөөс 2015 онд зээлүүлсэн мөнгийг хасаж тооцон үлдэгдэл 933 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Батмөнх нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагаа 283 000 төгрөгөөр багасгаж 933 000 төгрөгийг авахаар байна. Өмнө нь 283 000 төгрөг зээлсэн нь үнэн” гэжээ.
                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батмөнх нь хариуцагч Д.Жагваралдоржид холбогдуулж 1 216 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 283 000 төгрөгөөр багасгаж 933 000 төгрөгийг авахаар болжээ.
Хариуцагч Д.Жагваралдорж нь нэхэмжлэлийн шаардлага 1 216 000 төгрөгөөс өөрийн нэхэмжлэгчид зээлсэн мөнгийг хасаж 933 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч Д.Батмөнх нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байна. 
Иймд шүүх зохигчдын эвлэрлийг баталж хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Д.Батмөнхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Жагваралдоржид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Батмөнхийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Жагваралдоржид холбогдох 933 000  /есөн зуун гучин гурван мянган/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зохигчид төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 33 800 төгрөгийн 50 хувь 16 900 төгрөгийг улсын төсвөөс, 16 900 төгрөгийг хариуцагч Д.Жагваралдоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Д.Жагваралдоржид мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА