| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1694/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/198 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., 18.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/198
2021 02 04 2021/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Хохирогч О.Наранбаатар, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн /ҮД:1558/,
Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/,
Шүүгдэгч Б.О, О.Т, Б.Э, тэдний өмгөөлөгч Б.Ганбаатар /ҮД:1170/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө, Б.О нарыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э, О.Т нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 01782 2146 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, 2 дүү, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжны 136Д тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Бын Ө /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1996 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 519-26 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Бын О /РД: /,
3. Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 24 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Т овогт Оийн Т /РД: /,
4. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ахын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 10 дугаар гудамжны 623 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын Э /РД:УИ93052855/,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Ө, Б.О нар нь бүлэглэж иргэн О.Наранбаатарын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шунхлай шатахуун түгээх станцын орчим гээгдүүлсэн Голомт банкны картаас мөнгийг нь уншуулж завшсан,
О.Т, Б.Э нар нь бүлэглэж Б.О Б.Ө нарын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн улмаас олсон мөнгийг ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “Бид нар барилгын пассатны ажил хийдэг. Ажлын цалинг минь одоо болтол өгөөгүй байна. Би тэр үед 800.000 төгрөгийн цалин аваад 500.000 төгрөгийг өмгөөлөгчдөө өгсөн. Ажилд оруулдаг ах минь намайг ажилд авна гэсэн боловч аваагүй. Одоо ажил эхэлбэл 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Наранбаатарын өгсөн: “Би 02 дугаар сарын 14-ний өдөр шунхлай шатахуун түгээх газраар үйлчлүүлэхдээ картаа хаясан. Би цагдаад мэдэгдэж, мэдүүлэг өгч тэр өдрөө Өыг олж авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амаар маш олон удаа авсан зүйлийг нь хураан авч болохгүй юу гэсэн хүсэлт тавьж байсан. Хэрхэн карт олж авсан талаар тухайн байгууллагын бичлэгийг устахаас өмнө үзье гэж прокурор, мөрдөгчид олон удаа хүсэлт тавьсан боловч хэрэгжээгүй. Энэ хүмүүсээс би хохирлоо авбал надад хэлэх зүйл байхгүй. Хохирлыг яаралтай авах хүсэлтэй байна. Шүүгдэгч нар би ингэсэн, чи тэгсэн гэж уйлаад байдаг. Надад илүү хэцүү байна. Хэн нэгэн түлхүүр олоод хэн нэгний гэрээс орж, эсхүл машиныг хулгайлсан бол гээгдэл хөрөнгө ашигласан гэх гэмт хэрэг болох уу гэсэн асуулт байна. Миний картад 5.800 доллар буюу тухай үеийн ханшаар 16.300.000 төгрөг болсон, карт нь 10.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Наранбаатарын өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хоёр найзтай уулзаад машин дотор сууж байсан юм. Тэгээд удалгүй интернэт банкаар орж өөрийн эзэмшлийн 1205137549 дугаартай дансыг шалгатал миний данс 0 төгрөг гэж харагдсан. Дараагаар нь Голомт банкны лавлах дугаар луу залгаж байдлыг тодруулахад 5 долларын үлдэгдэлтэй байна гэж хэлэхээр нь шууд онгорхой Голомт банкны Хан-Уул дүүргийн И-март дэлгүүрт байрлах салбарт очиж дансны хуулга авсан. Тэгээд мөн зөвшөөрөгдөөгүй гүйлгээ, дэлгэрэнгүй лавлагааны хүсэлтийг тус тус өгсөн байгаа. Одоогоор надад нийтдээ 16 сая гаруй төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх.12-14/,
Иргэн О.Наранбаатарын Голомт банк дахь 1205137549 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.48-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.17/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.53,64,71,84/,
Хувийн байдлын талаарх баримтууд /хх.54,65,72,85,151-158/,
Банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.30-44,74-78/,
Хохирогч О.Наранбаатарын Голомт банк дахь 1205137549 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.48-51/,
Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаар шийдвэрлэсэн прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас /хх.82-83/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.О, О.Т, Б.Э нарын тус тус өгсөн мэдүүлгүүд /хх.94-110/,
Хохирлын тооцоо /х.120/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3486 дугаартай шүүх хуралдааны тэмдэгдэл дэх хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд /хх.162-181/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Ө, Б.О нар нь бүлэглэж иргэн О.Наранбаатарын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шунхлай шатахуун түгээх станцын орчим гээгдүүлсэн Голомт банкны картаас мөнгийг нь уншуулж завшин, Б.Ө 9.650.000 төгрөг, Б.О 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Т, Б.Э нар нь бүлэглэж Б.О Б.Ө нарын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн улмаас олсон мөнгийг ашиглаж, О.Т 1.330.000 төгрөг, Б.Э 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Наранбаатарын өгсөн: “... интернэт банкаар орж өөрийн эзэмшлийн 1205137549 дугаартай дансыг шалгатал миний данс 0 төгрөг гэж харагдсан. Дараагаар нь Голомт банкны лавлах дугаар луу залгаж байдлыг тодруулахад 5 долларын үлдэгдэлтэй байна гэж хэлэхээр нь шууд онгорхой Голомт банкны Хан-Уул дүүргийн И-март дэлгүүрт байрлах салбарт очиж дансны хуулга авсан... мөн зөвшөөрөгдөөгүй гүйлгээ, дэлгэрэнгүй лавлагааны хүсэлтийг тус тус өгсөн байгаа. Одоогоор надад нийтдээ 16 сая гаруй төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /хх.12-14/,
Иргэн О.Наранбаатарын Голомт банк дахь 1205137549 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.48-51/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Наранбаатарын өгсөн: “Би 02 дугаар сарын 14-ний өдөр шунхлай шатахуун түгээх газраар үйлчлүүлэхдээ картаа хаясан. Би цагдаад мэдэгдэж, мэдүүлэг өгч тэр өдрөө Өыг олж авсан... Миний картад байсан 5.800 доллар буюу тухай үеийн ханшаар 16.300.000 төгрөг болсон... карт нь 10.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө, Б.О, О.Т, Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ө, Б.О нарыг, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Т, Б.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Ө, Б.О нарыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Т, Б.Э нарыг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Б.Ө, Б.О, О.Т, Б.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Өаас 9.650.000 төгрөг, шүүгдэгч Б.Оаас 3.900.000 төгрөг, шүүгдэгч О.Тээс 1.330.000 төгрөг, шүүгдэгч Б.Эоос 1.500.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч О.Наранбаатарт олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Ө, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч О.Т, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Ө, Б.О, О.Т, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Ө, Б.О нарт нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.Т, Б.Э нарт хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Ө, Б.О, О.Т, Б.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Ө, Б.О нарт нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулах, шүүгдэгч О.Т, Б.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авахыг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар хүсэж байх боловч учруулсан хохирлоо нөхөн төлөхийг бодитой илэрхийлээгүй, мөн хохирлоос огт нөхөн төлөөгүй учир дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Б.Ө, Б.О нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тухайн шүүгдэгч нарт тус тус сануулах нь зүйтэй.
О.Т, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Х овогт Бын Ө, Ш овогт Бын О нарыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд, Т овогт Оийн Т, Б овогт Бын Э нарыг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, эд зүйлийг мэдсээр байж авч ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Б.Оад 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, Б.Э нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ө, Б.О нарт сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, О.Т, Б.Э нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. О.Т, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
6. Б.Ө, Б.О, О.Т, Б.Э нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өаас 9.650.000 төгрөг, шүүгдэгч Б.Оаас 3.900.000 төгрөг, шүүгдэгч О.Тээс 1.330.000 төгрөг, шүүгдэгч Б.Эоос 1.500.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч О.Наранбаатарт олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ө, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, О.Т, Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР