Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/200

 

 

 

 

 

 

    2021        02         04                                     2021/ШЦТ/200

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Оюунжаргал,

Шүүгдэгч Э.Ү, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ /ҮД:0690/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Үт холбогдох 2006 04042 0016 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл шинжлэлийн мэргэжилтэн, “Нарантуул илч” ХХК-д хяналтын ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамжны 98Б тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчоо дэнжийн 2 дугаар гудамжны 16 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Эын Ү /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Ү нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул зөрлөгийн 2-7 тоотод эхнэр болох Ц.Оюунжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу хэсэг рүү төмөр ус буцалгагч авч шидэн эрүүл мэндэд нь “бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Үын бичгээр гаргасан: “Э овогтой Ү миний бие дараах мэдүүлгийг бичгээр гаргаж байна.

1. Тухайн өдөр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр миний бие Ц.Оюунжаргалтай ямар нэгэн байдлаар хэрэлдсэн, зодолдсон, цохисон, унагаасан, хүч хэрэглэсэн үйлдэл байхгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг миний бие учруулаагүй юм. Би өглөө сэрээд Ц.Оюунжаргалыг сэрээчихгүй яасан юм бэ гээд цаг хартал 09:00 өнгөрч байсан. Гал тогооны өрөө лүү орж гар нүүрээ угаагаад том өрөөнд орж хувцсаа өмссөн. Энэ үед Ц.Оюунжаргал нь хэрүүлийн чанартай зүйл хэлж амандаа үглээд яваад байсан. 2 хүүхдээ харахад гаднах хувцсыг нь орон дээр өмсөхөд бэлдээд тавьсан, бусад хувцсыг нь хүүхдүүддээ өмсүүлсэн гарах гэж байгаа байдалтай байсан. Энэ үед би юм дуугараагүй. Ингээд гал тогооны өрөө рүү ус уух гэж орсон, ус буцалгагчийг ус уух зорилгоор авсан, дотор нь ус байгаагүй учир нь би нүүрээ угаахдаа усыг нь угаалтуур луу хийснээ гэнэт санасан. Ингээд би ажилдаа явах гээд яарч байсан учир өөртөө бухимдаж ус буцалгагчийг ширээ рүү шидсэн. Ширээн дээр ус буцалгагч ёроол хэсгээр унасан. Тэгээд ус буцалгагч газарт унахыг нь хараад гарсан. Тэр үед Ц.Оюунжаргал угаалтуурын өмнө дээшээ хараад зогсож байсан. Буцаж гал тогооны өрөөнд ороод гар утасныхаа симээ солиход Оюунжаргал надад юу ч хэлээгүй. Ийм үйл явдал болсон.

2. Шинжээчийн мэдүүлэгт хохирогчид учирсан гэмтэл нь мод, төмрөөр цохиход үүссэн байх боломжтой, уналтаас үүсэх боломжгүй. Энэ гэмтлийг авсан даруйдаа хөдөлж чадахгүй гэж мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь тэр өдөр Ц.Оюунжаргал нь өглөө сэрээд хүүхдүүдээ хувцаслаад явах зорилготой байсан. Явахдаа гэрээ маш сайн цэвэрлээд явсан байсан. Энэ гэрээ цэвэрлээд явсан зургийг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Ц.Оюунжаргал нь өөрөө гэрээ цэвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь далд байсан бүх юмыг ялгаад, өөрийн гэсэн бүх юм аа аваад явсан байсан. Ингээд гэрээ цэвэрлэх үедээ унасан байх боломжтой, эсвэл Оюунжаргалын мэдүүлгээр хэрэг болохоос өмнө унасан, унахдаа нуруугаа гэмтээсэн эсвэл өмнөх гэмтлээ гэр цэвэрлэж байхдаа дахин хөндсөн гэж бодож байна.

Учир нь Ц.Оюунжаргал нь 103-н түргэн тусламжийн анхны дуудлага өгөхдөө би ширээн дээрээс унасан гэж дуудлага өгсөн, мөн дуудлагын эмчид ширээн дээрээс унасан гэж хэлсэн байсан. Мөн гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхдээ мөн л ширээн дээрээс унасан гэж бүртгүүлсэн байсан. Хэрэг болсон гэх  цаг хугацаанаас хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14:50 цагт Ц.Оюунжаргал манай ажил дээр ирээд надтай уулзаад явсан. Энэ үед зүгээр хөдөлж явж байсан. Мөн тэр өдрөөс хойш удаагүй бага хүүгээ тэврээд вакцин хийлгэнэ гээд би 3 банкин дээр уулзсан. Ажил дээр уулзсан камерын бичлэг байгаа.

 Эндээс Ц.Оюунжаргалын биед учирсан гэмтлийг үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Харин шинжээч эмч гэмтэл авсан даруйдаа хөдөлж чадахгүй гэснийг үгүйсгэж энэ мэдүүлгийг өгч байна. Нэмж хэлэхэд Ц.Оюунжаргал нь надад хэлэхдээ чамайг анхнаасаа цагдаад өгөх зорилгогүй байсан. Ар гэрийн хүмүүсийн ятгалгаар өгсөн. Мөн хадам ээжид дургүйцсэн учраас энэ хэргийн гол буруутан нь хадам ээж байсан гэж хэлсэн. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Оюунжаргалын өгсөн: “Тухайн өдөр ус буцалгагч шидэж байгааг нь хараагүй. Би цаашаа хараад зогсож байсан. Яагаад над руу шидэх болсныг мэдээгүй. Би гомдолгүй байна. Би урьд мэдүүлэг өгсөн учраас одоо мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Оюунжаргалын өгсөн: “... Би 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ нөхөртэйгөө байрнаас болж маргалдаад унтацгаасан. Маргааш өглөө нь манай нөхөр Ү сэрэлгүй ажлаасаа хоцроод надад “чи намайг сэрээхгүй яасан юм, би ажлаасаа хоцорчихлоо” гэж хэлээд ширээн дээр байсан ус буцалгагчийг авч шидэж миний нуруу хэсэгт оносон. Тэгээд ажилдаа гараад явсан. Үыг гарч явсны дараа би түүний утас руу залгаж “миний нуруу хөдөлж болохгүй болчихлоо” гэж хэлтэл Ү ирээгүй. Тэгээд би ээжийгээ дуудаж эмнэлэгт очиж үзүүлсэн... Би гэрийнхээ угаалтуурт цаашаа хараад шүдээ угаагаад байж байхад миний араас ус буцалгагч шидсэн... Ү өмнө нь намайг цохиж зодож байгаагүй... Үын шидсэн ус буцалгагч нурууны доод хэсэгт шүргэсэн, тухайн үедээ өвдөхгүй байсан боловч 30 минутын дараа гуя, бүсэлхий орчмоор бадайрч өвдсөн. Манай ус буцалгагч пластик суурьтай, төмөр жижиг ус буцалгагч байсан... Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлийг миний биед манай нөхөр Ү учруулсан...” гэх мэдүүлгүүд /хх.6-7,10,11-14,15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Нарантуяагийн өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн үед Оюунжаргалын нөхөр Ү миний утас руу залгаад “Оюунжаргал таныг залга гэж байна” гэж надад хэлсэн. Тэгээд би охин Оюунжаргалын утас руу залгах гээд утсаа хартал 09 цагийн үед манай бага охин Оюунжаргал миний утас руу хэд хэдэн удаа залгасан байсан. Би тэр үед Налайхад ажилтай байсан болохоор утсаа хараагүй юм. 12 цагийн үед дунд охин Наранжаргал залгаад “Оюунжаргалыг нөхөр нь зодчихсон юм шиг байна, та яваад оч” гэж хэлэхээр нь би Налайхаас гараад Туул зөрлөгт байдаг бага охин Оюунжаргалын гэрт очсон. Гэрт нь ортол манай бага охин Оюунжаргал 2 хүүхэдтэйгээ хамт гурвуулаа байсан. Оюунжаргалын “нуруу нь хөдөлж болохгүй байна” гээд уйлаад байж байсан. Оюунжаргал өөрөө түргэн дуудсан юм байна лээ, намайг очихын өмнөхөн эмнэлгийн машин ирээд Оюунжаргалын биеийг үзээд явсан гэж хэлсэн. Тэгээд би Оюунжаргалыг эмнэлэгт аваачиж үзүүлэх гээд дунд охиныхоо нөхөр Түвшинхишигт, бага хүү Отгонбаяр нарыг дуудсан. Удалгүй тэр хоёр ирээд бид нар бүгдээрээ Гэмтлийн эмнэлэг рүү явсан... Оюунжаргал “нөхөр Ү нь өглөө дуудаж босгосонгүй гэж дотроо устай ус буцалгагч авч шидсэн. Оюунжаргал газар унахад нь Ү юм хэлэлгүй гараад явсан” гэж Оюунжаргал надад хэлсэн. Би ус буцалгагчийг нь харахад төмөр ус буцалгагчийн хуванцар суурь нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Даваа-Эрдэнийн өсгөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дуудлага мэдээллийн дагуу Оюунжаргалын оршин суух Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төмөр замын 2-7 тоотод ороход 5 сартайгаас 2 насны 2 хүүхдийн хамт байсан ба Оюунжаргал “нуруу өвдөөд босож чадахгүй байна” гээд хэвтэж байсан... анхан шатны үзлэгт нуруу орчимд ил харагдах шархгүй дарж үзэхэд өвчлөл ихтэй байсан... нуруу нь өвчлөл ихтэй байсан учир 13А маягт бичиж өгөөд гэмтлийн эмнэлэг явах хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед хэн ирж байгаа талаар тодруулахад ээж ирж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түвшинхишигтийн өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагийн орчимд Ц.Оюунжаргалын гэрт хадам ээж Нарантуяа, дүү Отгонбаяр нарын хамт очсон. Бид нарыг гэрт ороход хувцсаа цүнх, чемодандаа хийсэн байдалтай, 2 хүүхэдтэйгээ орон дээрээ сууж байсан. Яасан талаар асуухад “манай нөхөр Ү над руу ус буцалгагч аваад шидсэн, тэгээд нуруу өвдөөд байна” гэж надад хэлсэн. Оюунжаргал нь зовуурьтай байдалтай алхаж байсан. Гэрээсээ гарах үедээ дүү Отгонбаяраар түшүүлээд гарсан. Бид нарыг ирэхээс өмнө түргэн тусламжийн 103 ирээд явсан гэж байсан. Тухайн үед Оюунжаргал нөхөртэйгөө муудаж маргалдсан, одоо сална гэх зүйл яриад өөрийн төрсөн ээж Нарантуяагийн гэрт хувцсаа үлдээгээд миний машинтай ээж Нарантуяа, дүү Отгонбаяр, Оюунжаргалын 2 хүүхдийн хамт Гэмтлийн эмнэлэг явж эмнэлэгт очиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсний дараа Үтай уулзахаар Хан-Уул дүүрэгт байрлах ажлын байран дээр нь очоод 99710810 дугаарын утас руу би өөрийн болон Оюунжаргалын утсаар олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Ажлын байранд нь орж уулзах гэсэн боловч оруулахгүй байсан тул уулзаж чадаагүй... Оюунжаргал “нөхөр Ү ус буцалгагч шидээд гэмтээсэн” гэж хэлж байсан, Үынх төмөр замын ажилчдын байранд амьдардаг, байр орноо томруулъя гэж хэлэхэд нөхөр Ү нь “чи яагаад ингэж даварч байдаг юм бэ” гэх зүйл ярьж улмаар маргалдсан гэж ярьж байсан... намайг гэрт нь ороход ойролцоогоор 2 орчим литрийн төмөр хүрээ бүхий хар пластик суурьтай ус буцалгагч хажуу /бөөр/ хэсэг нь баг зэрэг дотогшоо цөмөрсөн байдалтай ширээн дээр байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Наранжаргалын өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр С.Оюунжаргал өөрийн 80859085 дугаарын утаснаас ойролцоогоор 13 цагийн орчимд над руу холбогдож “нуруу өвдөөд босож чадахгүй байна, түргэн дуудсан байгаа” гээд уйлаад утсаа салгасан, дахиж залгахад утсаа авахгүй байсан тул Оюунжаргалын нөхөр Үын 99710810 дугаарын утас руу “Оюунжаргал нуруугаа гэмтээсэн гэж байна, чи хаана байгаа вэ?” гэж өөрийн 88824161 дугаарын утаснаас мессеж бичсэн. Тэгээд ээж Нарантуяад утсаар холбогдож “Оюунжаргал нуруу нь гэмтсэн гээд уйлаад байна, түргэн дуудсан гэж байна” та утсаар холбогдоорой гэж хэлсэн. Ээж Оюунжаргалтай утсаар холбогдсоныхоо дараа над руу холбогдоод “нөхөр нь зодсон юм шиг байна” гэж хэлсэн тул би нөхөрт Түвшинхишигтэй холбогдож манай нөхөр Оюунжаргалын гэр лүү явсан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11327 дугаартай:

“1. Ц.Оюунжаргалын биед бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн өгсөн: “... Ц.Оюунжаргалын зүүн тохойд үүссэн зулгаралт шүүх эмнэлэгт үзүүлэхээс 2-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Учир нь зулгаралт, цус хуралт зах хэсгээсээ шимэгдэн эдгэрэлт явагдаж байсан. Нуруунд үүссэн гэмтлийн хувьд шарх, зулгаралт байхгүй тул хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, бороолж эдгэрсэн зүйлгүй тул шинэ үүссэн гэмтэл байна. Зүүн тохойн зулгаралт, нурууны хугарал үүссэн гэмтлүүдийг 1 цаг хугацаанд үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй... нуруунд үүссэн гэмтлийг авсан даруйд өвдөлт өгдөг, биеийн жингээр унах үед нурууны хөндлөн сэртэнгийн хугарал үүсэх боломж багатай, аливаа гадна хүчний нөлөөгөөр буюу мод, төмөр зэрэг эд зүйлээр цохих, дэвсэх, өшиглөх үед үүсэх боломжтой. Хохирогчийн нуруунд үүссэн гэмтэл шинэ гэмтэл, цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй... Хохирогчийн биед учирсан гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр гадна хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл төмөр ус буцалгагч шидэх үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.48/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх.1/,

Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоол /хх.2/,

Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх.3/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх.4/,

Зөрчлийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.5/,

Эмнэлгийн дуудлага өгсөн талаарх бүртгэлийн хуулбар /хх.34-35/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх.37/,

Прокурорын хариу мэдэгдэх хуудас /хх.49/,

Хохирогч Ц.Оюунжаргалын гаргасан хүсэлт /хх.52-54/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.55-56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Үын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд/ хх.17-18,19-22,58/,

Шүүгдэгч Э.Үын ажил байдлын тодорхойлолт /хх.72/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх.73/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх.74-45/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.77/,

Яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.55-56/,

Хувийн байдлын талаарх баримтууд /шинээр гаргасан 36 хуудас / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Ү нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул зөрлөгийн 2-7 тоотод эхнэр болох Ц.Оюунжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу хэсэг рүү төмөр ус буцалгагч авч шидэн эрүүл мэндэд нь “бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Оюунжаргалын өгсөн: “... Би гэрийнхээ угаалтуурт цаашаа хараад шүдээ угаагаад байж байхад миний араас ус буцалгагч шидсэн... Үын шидсэн ус буцалгагч нурууны доод хэсэгт шүргэсэн, тухайн үедээ өвдөхгүй байсан боловч 30 минутын дараа гуя. бүсэлхий орчмоор бадайрч өвдсөн. Манай ус буцалгагч пластик суурьтай, төмөр жижиг ус буцалгагч байсан... Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлийг миний биед манай нөхөр Ү учруулсан...” гэх мэдүүлгүүд /хх.6-7,10,11-14,15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Нарантуяагийн өгсөн: “... Оюунжаргалын “нуруу нь хөдөлж болохгүй байна” гээд уйлаад байж байсан... Оюунжаргал “нөхөр Ү нь өглөө дуудаж босгосонгүй гэж дотроо устай ус буцалгагч авч шидсэн” гэж Оюунжаргал надад хэлсэн. Би ус буцалгагчийг нь харахад төмөр ус буцалгагчийн хуванцар суурь нь хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Даваа-Эрдэнийн өсгөн: “... Оюунжаргал “нуруу өвдөөд босож чадахгүй байна” гээд хэвтэж байсан... анхан шатны үзлэгт нуруу орчимд ил харагдах шархгүй дарж үзэхэд өвчлөл ихтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түвшинхишигтийн өгсөн: “... “манай нөхөр Ү над руу ус буцалгагч аваад шидсэн, тэгээд нуруу өвдөөд байна” гэж надад хэлсэн. Оюунжаргал нь зовуурьтай байдалтай алхаж байсан. Гэрээсээ гарах үедээ дүү Отгонбаяраар түшүүлээд гарсан... намайг гэрт нь ороход ойролцоогоор 2 орчим литрийн төмөр хүрээ бүхий хар пластик суурьтай ус буцалгагч хажуу /бөөр/ хэсэг нь баг зэрэг дотогшоо цөмөрсөн байдалтай ширээн дээр байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Наранжаргалын өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр С.Оюунжаргал өөрийн 80859085 дугаарын утаснаас ойролцоогоор 13 цагийн орчимд над руу холбогдож “нуруу өвдөөд босож чадахгүй байна, түргэн дуудсан байгаа” гээд уйлаад утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх.30-31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11327 дугаартай:

“1. Ц.Оюунжаргалын биед бүсэлхийн 1, 2, 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн тохойд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.39-40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн өгсөн: “... Ц.Оюунжаргалын зүүн тохойд үүссэн зулгаралт шүүх эмнэлэгт үзүүлэхээс 2-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Учир нь зулгаралт, цус хуралт зах хэсгээсээ шимэгдэн эдгэрэлт явагдаж байсан. Нуруунд үүссэн гэмтлийн хувьд шарх, зулгаралт байхгүй тул хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, бороолж эдгэрсэн зүйлгүй тул шинэ үүссэн гэмтэл байна. Зүүн тохойн зулгаралт, нурууны хугарал үүссэн гэмтлүүдийг 1 цаг хугацаанд үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй... нуруунд үүссэн гэмтлийг авсан даруйд өвдөлт өгдөг, биеийн жингээр унах үед нурууны хөндлөн сэртэнгийн хугарал үүсэх боломж багатай, аливаа гадна хүчний нөлөөгөөр буюу мод, төмөр зэрэг эд зүйлээр цохих, дэвсэх, өшиглөх үед үүсэх боломжтой. Хохирогчийн нуруунд үүссэн гэмтэл шинэ гэмтэл, цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй... Хохирогчийн биед учирсан гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр гадна хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл төмөр ус буцалгагч шидэх үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.48/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Оюунжаргалын өгсөн: “Тухайн өдөр ус буцалгагч шидэж байгааг нь хараагүй. Би цаашаа хараад зогсож байсан. Яагаад над руу шидэх болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Э.Үын “би гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулгатай мэдүүлгүүд, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээтэй гэсэн үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, тэдгээр мэдүүлгээс ноцтой зөрүүгүй гэрч нарын мэдүүлгүүд, шинжээч эмчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар илт үгүйсгэгдэн няцаагдана.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Үыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Э.Үын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Ц.Оюунжаргал нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Үаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Үт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Үын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдэв.

Э.Үт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Үт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Э.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. С овогт Эын Үыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Үт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Үт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Үт сануулсугай.

5. Э.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Ц.Оюунжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Үаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Үт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР