Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/201

 

 

 

 

 

 

2021         02          05                                      2021/ШЦТ/201

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Мд холбогдох 2106 00031 0088 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Химийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 9 дүгээр гудамжны 397а-2 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 45а байрны 1001 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ты М /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Т.М нь 2020 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Таун” хотхоны 45А байрны 1101 тоотод иргэн Д.Алтантуултай "амгалан тайван байдал алдагдуулж байна гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдож Д.Алтантуулын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мийн өгсөн: “Би тархины хавдар авхуулсан хүүхэдтэй. Хүүхэд маань эмчийн заалтаар нам гүн байдалд байх ёстой байдаг. Би гэр хороололд амьдардаг байхдаа 19 цаг гээд хүүхдээ унтуулчихдаг байсан. Тэр байранд орсноос хойш дээд айл маань байнгын шуугиан гаргадаг байсан. Би тухай бүрд нь тэсдэг байсан. Тэр өдөр дээд айлын дуу чимээнээс болоод хүүхэд маань сэрсэн. Дээд давхарт хавтан унах чимээ гарсан юм. Тэр чимээ нь яг хажууд байгаа мэт сонсогдож байсан. Хүүхэд маань цочиж сэрээд ээждээ та орж хэлэх үү гэсэн. Миний хүүхэд 11 настай. Би дээд айл руу ороод чимээгээ болиод өгөөч өвчтэй хүүхэдтэй гэж тайлбарлах гэхэд юу нь сүртэй юм. Бүх айл чимээ гаргадаг гэж хэлээд хаалгаа хаасан. Би дахиж хаалгыг нь тогшиж ороход над руу гутал шидээд маргаан үүссэн. Тухайн үед нэг их сүртэй зүйл болоогүй.” гэх мэдүүлэг,

Иргэн Д.Алтантуулаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн “... доод айлын хүн орж ирж намайг зодсон...” гэх зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Алтантуулын өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 11-ний 23 цагийн үед хаалга цохихоор нь онгойлгосон чинь нэг эмэгтэй зогсож байсан, “та хэн бэ” гэхэд “би доод айлын хүн байна танайх унтах болоогүй юм уу юм түжигнүүлж дуугаргаад байхаар чинь унтаж чадахгүй байна” гэхээр нь “манайх гал тогооны тавилгаа угсарсан юмаа, одоо больё уучлаарай” гээд хаалгаа хаах гэсэн чинь хаалгахгүй алдалж зогсоод байсан. Тэгэхээр нь би цааш түлхэж хаалгаа хаах гэсэн чинь үснээс татаж гэрээс чирэхээр нь үсээ тавиулах гэж ноцолдож байхад манай нөхөр бид хоёрын голоор орж салгаж намайг гэр лүү авч орсон. Удалгүй гэрийн хаалга хүчтэй цохиод байхаар нь онгойлгосон чинь нөгөө эмэгтэй нөхрийн хамт манайх руу орох гэж дайраад байсан. Би “оруулахгүй, яах гээд байгаа юм” гэхэд нөгөө эмэгтэй нэг гараараа миний баруун гарын хуруунуудыг хойш дарж нөгөө гараараа миний үснээс татаж нүүр урсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Лхагвадоржийн өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн үед манай дээд талын 1101 тоотод оршин суудаг айлын хүмүүс түжигнүүлээд цахилгаан өрөм дуугаргаж барилгын ажил хийж амгалан тайван байдал алдагдуулж байсан, тэгээд би эхнэр Т.Мд” чи гараад хэлээч, нэг биш удаа ингэж чимээ гаргаж байна” гэхэд эхнэр Т.М 1101 тоотод оршин уудаг эмэгтэйн гарыг хойш нь дарсан нөгөө эмэгтэй үснээс нь татсан бие биеэ элдэв бусаар хэлээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай:

          “1. Д.Алтантуулын биед баруун гарын дунд, ядам хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, хамрын зүүн угалзны дор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадврыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Мийн яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00 цагийн үед манай дээд талын 1101 тоотод оршин суудаг айлын хүмүүс түжигнүүлээд цахилгаан өрөм дуугаргаж барилгын ажил хийж амгалан тайван байдал алдагдуулж байсан. Тэгээд би цаг харсан чинь шөнө 00 цаг өнгөрч байсан учраас дээд айл руу орж чимээгүй байхыг шаардахад хажуу дээд, доод айлын хүмүүс “чимээ гаргаж л байдаг биз дээ, юун сүртэй юм” гэж уурлан хаалгаа хаасан. Би дахин хаалгыг нь нүдэхэд нөгөө эмэгтэй онгойлгож “чи нөхөртэйгөө архи ууж чимээ гаргаад байдаг биз дээ” гэж доромжлон маргалдаж байхад нөхөр нь цаанаас гарч ирээд “одоо больё” гэж хэлээд намайг түлхэн хаалгаа хаахаар татсан, тэгэхээр нь би хаалгыг нь татаж нээхэд цаанаас эхнэр нь над руу гутал авч шидсэн, би зөрүүлээд гутал авч шидсэн чинь над руу гүйж ирээд цохих гэхээр нь хоёр гарыг нь барьсан чинь миний салтаа руу өшиглөхөөр нь уур хүрээд алгадах гэтэл гар хүрээгүй хамрынх хажуугаар шүргэсэн юм. Тэгээд бид хоёр үсдэлцэн ноцолдож байхад нөгөө эмэгтэйн нөхөр болон манай нөхөр салгасан. Нөгөө эмэгтэй цагдаа дуудаж цагдаа нар ирсэн. Д.Алтантуул бид хоёр харилцан ноцолдох үед хоёр гараас нь барьсан, юунаас болж гэмтсэн болохыг мэдэхгүй байна. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Т.М нь 2020 оны 12 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Таун” хотхоны 45А байрны 1101 тоотод иргэн Д.Алтантуултай “амгалан тайван байдал алдагдуулж байна” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнтэй харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэн Д.Алтантуулаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн “... доод айлын хүн орж ирж намайг зодсон...” гэх зөрчлийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Алтантуулын өгсөн: “... Би оруулахгүй яах гээд байгаа юм гэхэд нөгөө эмэгтэй нэг гараараа миний баруун гарын хуруунуудыг хойш дарж нөгөө гараараа миний үснээс татаж нүүр урсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Лхагвадоржийн өгсөн: “... эхнэр Т.М 1101 тоотод оршин уудаг эмэгтэйн гарыг хойш нь дарсан нөгөө эмэгтэй үснээс нь татсан бие биеэ элдэв бусаар хэлээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай:

          “1. Д.Алтантуулын биед баруун гарын дунд, ядам хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, хамрын зүүн угалзны дор зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадврыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.21-22/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Мийн яллагдагчаар өгсөн: “... хоёр гарыг нь барьсан чинь миний салтаа руу өшиглөхөөр нь уур хүрээд алгадах гэтэл гар хүрээгүй хамрынх хажуугаар шүргэсэн юм. Тэгээд бид хоёр үсдэлцэж ноцолдож байхад нөгөө эмэгтэйн нөхөр болон манай нөхөр салгасан...” гэх мэдүүлэг /хх.51/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Т.Мийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.Алтантуул нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Т.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Т.Мийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.М нь хохиролд 130.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Д.Алтантуул нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Т.Мийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Т.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Ты Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Т.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Мд сануулсугай.

5. Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 130.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Алтантуул нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР