Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 156/2017/00073/И |
Дугаар | 180 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 180
2017 оны 03 сарын 16 өдөр Дугаар 156/ШШ2017/00180 Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2017/00073/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгч Ж.Болдбаатар, Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, Амарсайханы Пүрэвдорж /РД: СТ 64072413/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Дулааны 09-06 тоотод оршин суух, Чойдогийн Будмаа /РД: СТ55012518/-д холбогдох,
"гэм хорын хохиролд 833 581 төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Пүрэвдорж, хариуцагч Ч.Будмаа, иргэдийн төлөөлөгч Ш.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Пүрэвдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2016 оны 09 сарын 23-нд манай ногооны хашаа руу Будмаа гуайн 30 орчим үхэр ороод, би хөөж гаргах гэсэн боловч ганцаараа дийлэхгүй, аймгийн төвөөс нэг найзыгаа дуудаад хамт хөөж гаргасан. Үхрийг нь хөөгөөд баруун урагшаа явж байтал Будмаа гуай өөдөөс ирсэн. Би Будмаа гуайг ногооны талбай руу авч очоод үхрийн идсэн байцааг харуулъя гэсэн боловч би дугуйнаас бууж чадахгүй, алхаж чадахгүй амьсгаадна, өнөөдөр байцааг чинь харах боломж байхгүй байна. Маргааш би гэрээсээ нэг хүн дагуулж ирээд болъё гэсэн. Тэгээд маргааш нь үдийн өмнө Будмаа гуай руу утасдахад чи өөрөө тоолчих гэхээр нь би “та өөрөө хамт байж, цуг тоололцох хэрэгтэй” гэсэн боловч Будмаа гуай ирээгүй. 09 сарын 26-нд дахиж эдний үхэр ногооны талбай руу орсон. Эднийх манайхаас хойш 3-4 километрт зусдаг. Манай тэрүүгээр байнга бэлчиж байдаг болохоор би үхрийнх нь зүсээр эдний үхэр байна гэж мэдсэн. 09 сарын 23-нд ширүүн бороотой байсан. 09 сарын 26-нд Будмаа гуайн 13
тооны үхэр ногооны талбай руу ороход цас орсон байсан. Тэгээд би Будмаа гуай руу дахиад утасдахад эхлээд утсаа авахгүй байсан. Дараа нь утсаа аваад дүү нь гэж нэг хүн ирсэн. Тэгээд би бас нөгөө найзыгаа аймгийн төвөөс дуудаж байж хөөж гаргасан. Хашаанд хөөцөлдөөд эхний үхрийг хөөж гаргаж байтал дүү нь ирээд, тэгээд бусад үхрээ хөөж гаргасан. Тэр даруй зураг авч баталгаажуулсан. Будмаа гуайн үхэр манай ногооны хашаанд орж 723 ширхэг байцаа идсэн ба үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээний дагуу 809 600 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжилж байгаа” гэв.
Хариуцагч Ч.Будмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2016 оны 09 сарын 23-ны өдөр бороо оронгуут эдний ногооны хашаанд манай үхэр орсон гэсэн. Эдний ногооны хашаа нь урд талдаа хашаагүй онгорхой, голоороо учраас мал орох бүрэн боломжтой байдаг. Манайх эднийхээс 12-13 километр зайд голын тохойд зусдаг. Би тэгээд үхрээ туугаад явж байтал Пүрэвдорж араас ирээд та үзэж хар гэхээр нь би маргааш үзье, хүүхдүүд ирэг гэж хэлсэн. Маргааш нь хүүхдүүдэд хэлэхэд таны үхэр идсэн гэж яаж мэдэж байгаа юм бэ, өөртөө тэгж лай хурааж яах гээд байгаа юм бэ гээд зөвшөөрөөгүй. Тэгээд би 09 сарын 24-ний өдөр Пүрэвдоржтой хоёулаа зохицъё, хүүхдүүд зөвшөөрөхгүй байна, хичнээн тооны байцаа идэж вэ, хэдэн төгрөг болох вэ гэж утсаар асуухад Пүрэвдорж 700 гаруй байцаа идчихсэн байна, 1 сая гаруй төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь би за за, ах нь төлж барахгүй юм байна гээд больсон. Ногооны хашаанд үхэр ороод л туугаад гаргах хооронд 20 гаруй тооны үхэр орсон гэж үзвэл 1 үхэр 30 гаруй байцаа идсэн гэсэн үг. Манайх 22 тооны үхэр л байгаа. Ширүүн бороо хэдхэн минут ороод л үхэр хөөгөөд гаргах хооронд нэг үхэр 30 гаруй байцаа иднэ гэж байхгүй гэж би бодож байгаа. Тэгэхээр 20-30 минутын хооронд 1 үхэр 25-30 байцаа идсэн байж таарах гээд байгаа юм. 09 сарын 26-нд цас ороод, хонь уруудаад би араас нь явчихсан байсан. Тэр хооронд гэрийн гадаа байсан үхрээс нэг хэсэг нь тасарч очоод эдний хашаанд орсон байсан. Пүрэвдорж над руу ярихаар нь би дүүгээ явуулсан. Манай дүүг очиход үхэр хашаанд байхгүй, хөөгөөд гаргачихсан байна гэж байсан. Эхний өдөр ороход л 700 гаруй байцаа идсэн гэж байсан, дараа нь мөн ороход нэмэгдсэн зүйл байхгүй байгаа. Би нэхэмжлэгч А.Пүрэвдоржид гэм хорын хохиролд 200 000 төгрөгийг өгч эвлэрэх хүсэлтэй байна” гэв.
Нэхэмжлэгч А.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би хариуцагч Ч.Будмаагийн хохиролд 200 000 төгрөгийг өгөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжлэлийн үлдэх хэсгээс татгалзаж хариуцагч Ч.Будмаатай эвлэрч байна” гэв.
Зохигчид шүүх хуралдаан дээр “гэм хорын хохиролд 200 000 төгрөгийг төлөх” нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсаныг уншиж сонсгов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Пүрэвдорж нь хариуцагч Ч.Будмаагаас гэм хорын хохиролд 833 581 төгрөгийг шаардсан байна.
Нэхэмжлэгч А.Пүрэвдорж, хариуцагч Ч.Будмаа нар шүүх хуралдаан дээр “гэм хорын хохиролд 200 000 төгрөг төлөх” нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж, гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна.
Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид маргаанаа эвийн журмаар шийдсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тэдэнд тайлбарлаж өгсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй, Ч.Будмаад холбогдох, “гэм хорын хохиролд 833 581 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчид 200.000 (хоёр зуун мянга) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч А.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж төлсөн 23 981 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Будмаагаас 6650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Пүрэвдоржид олгосугай.
3. Шүүхийн тогтоолыг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР
Л.ЦЭРЭНДУЛАМ