Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/221

 

                                             

 

 

 

 

 

 2021        02          23                                       2021/ШЦТ/221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Төд холбогдох 2006 02457 0048 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Хужиртын 2В-13 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 25 дугаар гудамжны 1198 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгийн торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 оны 01-ний өдрийн 701 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн, Х овогт Чийн Т /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.Т нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэ,р 1000 оюутны байрны орчимд Ө.Бямбацогтын халааснаас ХААН банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Бямбацогтын өгсөн: “... Би сэрээд “миний гинж болон цаг хаана байна” гэхэд Т “цагийг нь мэдэхгүй, харин гинж болон сахиус чинь надад байна” гэж хэлсэн. Би тэндээ машиндаа унтсан бөгөөд өөрийнхөө утсыг шалгахад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 14:21 минутад 500.000 төгрөг бэлнээр, мөн 14:29 минутад 50,000 төгрөг 5270572370 тоот дансанд шилжүүлсэн байсан. Миний цагийг хүн авсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонбаатарын өгсөн: “... Бид хэд уул руу очиж архи уусан бөгөөд Бямбацогт гэнэт “миний гинж, бугуйн цаг байхгүй байна” гэж хэлэхэд Т “гинж чинь надад байна байгаа, цагийг чинь мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь Бямбацогт над руу залгаад “миний картаас 550.000 төгрөг гарсан байна, мөн миний гинж, цаг, сахиус маань байхгүй” гэж хэлсэн. Сүүлд нь Тийг сураглаж байгаад Ттэй утсаар ярихад Т надад хэлэхдээ “мань чинь Бямбацогтын мөнгийг нь авчихсан, Бямбацогттой ярьчихсан байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонболдын өгсөн: “... Отгонбаатар машины жолоочтой маргалдаж зодолдоход тэр үед жолооч залуугийн гинж нь тасарсан бөгөөд нөгөө залуу гинжээ аваад Төд өгч байсан. Т жолоочид гинжийг нь буцаан өгч байгаа харагдаагүй. Тэр хэд буудал орно гээд байхаар нь би ахынх руугаа явчхаад ирье гэж яваад удаагүй буцаж ирэхэд буудлын гадна Отгонбаатар болон машины эзэн хоёр унтаж байсан бөгөөд Т гээд залуу нь ATM ороод ирлээ гээд ирж байсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Тийн яллагдагчаар өгсөн: “... Виза картыг нь авч мөнгө авсан нь бол үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.81-82/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.36-38/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.Т нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 оюутны байрны орчимд Ө.Бямбацогтын халааснаас ХААН банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Бямбацогтын өгсөн: “... Би сэрээд “миний гинж болон цаг хаана байна” гэхэд Т “цагийг нь мэдэхгүй, харин гинж болон сахиус чинь надад байна” гэж хэлсэн. Би тэндээ машиндаа унтсан бөгөөд өөрийнхөө утсыг шалгахад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 14:21 минутад 500.000 төгрөг бэлнээр, мөн 14:29 минутад 50,000 төгрөг 5270572370 тоот дансанд шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Отгонбаатарын өгсөн: “... Бид хэд уул руу очиж архи уусан бөгөөд Бямбацогт гэнэт “миний гинж, бугуйн цаг байхгүй байна” гэж хэлэхэд Т “гинж чинь надад байна байгаа, цагийг чинь мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь Бямбацогт над руу залгаад “миний картаас 550.000 төгрөг гарсан байна, мөн миний гинж, цаг, сахиус маань байхгүй” гэж хэлсэн. Сүүлд нь Тийг сураглаж байгаад Ттэй утсаар ярихад Т надад хэлэхдээ “мань чинь Бямбацогтын мөнгийг нь авчихсан, Бямбацогттой ярьчихсан байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонболдын өгсөн: “... Отгонбаатар машины жолоочтой маргалдаж зодолдоход тэр үед жолооч залуугийн гинж нь тасарсан бөгөөд нөгөө залуу гинжээ аваад Төд өгч байсан. Т жолоочид гинжийг нь буцааж өгч байгаа харагдаагүй. Тэр хэд буудал орно гээд байхаар нь би ахынх руугаа явчхаад ирье гэж яваад удаагүй буцаж ирэхэд буудлын гадна Отгонбаатар болон машины эзэн хоёр унтаж байсан бөгөөд Т гээд залуу нь ATM ороод ирлээ гээд ирж байсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Тийн яллагдагчаар өгсөн: “... Виза картыг нь авч мөнгө авсан нь бол үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.81-82/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.36-38/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Ч.Тийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Ч.Т нь хохиролд 550.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ө.Бямбацогт нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийг улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Ч.Төд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Тийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд нь мөн хулгайн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс удаа дараа ял шийтгэгдэж байсан шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ч.Төд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн  Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Х овогт Чийн Тийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ч.Төд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

          4. С.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Шүүгдэгч С.Т нь хохиролд 550.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.Бямбацогт нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Төд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР