Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 182

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр     Дугаар 156/ШШ2017/00182    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00038/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сум, 4 дүгээр багт оршин суух, Агваансодовын Ганбаатар /РД: СБ91051517/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багт оршин суух, Базарын Хосбаяр /РД: СЖ92022118/-д холбогдох,

"2 500 000  төгрөг гаргуулах” тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогзолмаа, гэрч Д.Хоролсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Энхзул нар оролцов.  
                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2013 оны 11 сард Хосбаяр нь Ганбаатар руу яриад адуу зарна. Чи авах уу бүдүүн гүүг 600 000 төгрөг, 1 байдсан гүүг 500 000 төгрөг гэж байгаа гэхээр нь авахаар тохиролцоод Хосбаярын дансанд нь эхлээд 600 000 төгрөг, 400 000 төгрөг, 200 000 төгрөг нийт 1 200 000 төгрөгийг Ганбаатар төлсөн байдаг. Ганбаатар уг мөнгийг Улаанбаатар хотод байдаг Жавзмаа гэдэг хүнээс зээлж авсан. Ингээд Хосбаяраас адуугаа авъя гэж очиход Хосбаяр адуу тууж авчираад Ганбаатар тэр адуунаас нь 2 тооны адуугаа авсан. 
2013 оны 12 сарын 18-ны өдөр дахин мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 1 500 000 төгрөг өгөөд 4 тооны адуу авсан. Уг авсан адуунаас нь адуу нь гүйчихсэн гэсэн. Тэр адууны оронд өгсөн хар азрагыг нядлаад зарсан байсан. Миний үйлчлүүлэгч Ганбаатар нь мөнгөө эхлэж өгсөн. Тэгэхдээ хулгайн мал авна гэж хэлээгүй. Дараа нь энэ нь хулгайн мал болох нь мэдэгдсэн. Ингээд шийтгэгдээд Ганбаатар нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, Хосбаяр нь хулгайн хийсэн гэж ял шийтгүүлсэн. Энэ мөнгийг яагаад өнөөдөр нэхэмжилж байна вэ гэхээр адуу өгнө гэж худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан. Худалдаж байгаа тал ямар нэгэн доголдолгүй бараа өгөх ёстой байсан ч хулгайн мал өгсөн байгаа. Үүгээрээ энэ хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл учраас Ганбаатарын хувьд худалдаж авсан адууныхаа 2 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-д зааснаар нэхэмжилж байгаа” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгтуяа болон хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогзолмаа нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
“2013 онд Ганбаатар нь Хосбаярыг гэртээ байхад машин эвдэрчихлээ чиний машинаар сэлбэгэнд Улаанбаатар хот явъя гээд 200 000 төгрөгөөр бинзен хийгээд авч явсан. Тэр хоёр Улаанбаатар хотод очоод 200 000 төгрөгийг хэрэглэсэн гэдэг. Нэг адуу өгнө гэж хэлээд 600 000 төгрөг авсан,  1 000 000 төгрөг хэрэглэсэн юм билээ. 
1 000 000 төгрөгтөө 2 адуу өгсөн гэсэн. Манай адуу Хоролсүрэн гуайнд байсан юм. Дараа нь 11 сарын 20-ны өдөр манай хүү Улаанбаатар хот руу машин эвдэрчихлээ гэж яваад Ганбаатараас мөнгө авъя гэхэд Ганбаатар Бат-Эрдэнэ гэдэг хүний эхнэрээс очоод 1 500 000 төгрөгийг ав гэж хэлсэн гэсэн. Тэгээд очиж аваад манай хүү Хосбаяр нь Ганбаатарт нийт 2 500 000 төгрөгийн өртэй болсон. 
Тэгээд өрөндөө 2-3 тооны адуу өгнө гэсэн чинь Ганбаатар нь 8 тооны адуу авна гээд Ганбаатарт өөрийнхөө адууг өгөх гэтэл голоод аваагүй бөгөөд Хоролсүрэнгийн адуунаас авсан юм билээ. 
 Ганбаатар хулгайн адуу гэдгийг нь мэдсээр байж Хоролсүрэнгийн адуунаас 6 тооны адуу авсан гэсэн. Манайх Ганбаатарын махалж бусдад зарсан хар азарганы оронд 2 000 000 төгрөгт тооцож хязаалан эр үхэр, хязаалан гүү мөн 200 000 төгрөгийг бэлнээр Хоролсүрэн гуайд төлөөд гомдолгүй гэсэн бичгийг би авч байсан. 
Хэрвээ Ганбаатар үнэхээр хохироод байгаа бол манайхаас 500 000 төгрөг өгье гэж хэлж байсан. Гэтэл нэхэмжлэгч  тал тохиролцоогүй” гэв. 
 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан /хх 8-9, 12, 20/ бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ганбаатар нь хариуцагч Б.Хосбаяраас зургаан адуу худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж 2 500 000 төгрөг шаардаж байх ба хариуцагч тал 500 000 төгрөг төлөе, үлдсэнийг нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  
Зохигчид зургаан адуу худалдах, худалдан авахаар тохиролцсон нь нотлогдохгүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Харин хариуцагч Б.Хосбаяр нь нэхэмжлэгч А.Ганбаатараас 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг зээлж авсан, хожим уг мөнгөндөө адуу өгөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Уг зээлсэн мөнгөний төлбөрт хариуцагч Б.Хосбаяр нь хулгайн адуу өгсөнийг А.Ганбаатар авсан байх ба Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14 өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Б.Хосбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан, нэхэмжлэгч А.Ганбаатарыг  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хуульд заасан ялыг оногдуулсан байна. 
Иймд зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой байх ба Иргэний хуулийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлээ буцаан шаардах эрхтэй.
Б.Хосбаяр нь уг эрүүгийн гэмт хэргийн хохирогч Д.Хоролсүрэнд хязаалан үхэр, гүү өгсөн болох нь хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбар, гэрч Д.Хоролсүрэнгийн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байна. Эдгээр баримтыг тооцож үзэхэд 1 800 000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол төлсөн байна. 
Нэхэмжлэгч А.Ганбаатарын гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хар морийг урьдчилан амлалгүйгээр авч махалсан гэмт үйлдлээс үүссэн хохирлыг хариуцагч Б.Хосбаяр нь хохирогч Д.Хоролсүрэнд төлсөн, хохирогч уг морио гоёлын морь байсан гэж 3,5 сая төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Хоролсүрэнгийн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байна.  
Иймд хариуцагч Б.Хосбаяраас хохиролд өгсөн хязаалан эр үхэр, хязаалан гүүг үнэлгээг /хх 46/ үндэслэн 1 800 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох, үлдэх 700 000 /долоон зуун мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч А.Ганбаатарт олгох үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч А.Ганбаатар нь улсын тэмдэгтийн хураамжид 54 950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг төлөх байтал 70 950 /далан мянга есөн зуун тавин/ төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 16 000 /арван зургаан мянган/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаах, хариуцагчаас 700 000 /долоон зуун мянган/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 21 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Хосбаяраас 700 000 /долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас         1 800 000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 16 000 төгрөгийг нэхэмжлэгч А.Ганбаатарт буцаан олгож, 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид   олгосугай. 
3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Э.АРИУНАА